Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2019/ШЦТ/893

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Энхтуул хөтлөн

улсын яллагч Г.Ганхөлөг

шүүгдэгч Б.Г

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *** дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-нд Хөвсгөл аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, Монголит ХХК-д менежер, ам бүл 7; эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүрэг 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 61 дүгээр байр, ** тоотод оршин суух, ялгүй, ** дугаарын регистртэй, Ховогт Б-ийн Г

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Б.Г 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” захын орчимд хохирогч Э.Гтай маргалдаж, улмаар түүний биед хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөвөөр мэдүүлсэн, гэм буруугийн талаар маргахгүй тул дахин мэдүүлэхгүй. Би хохирогч Ганхуягийн данс руу 128.000 төгрөг шилжүүлсэн.

Хойшид өөртөө анхааралтай байх нь зүйтэй юм байна гэдгийг ойлгосон. Прокурорын ялын саналын талаар хэлэх тайлбар байхгүй гэв.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Э-ийн Г  “... Приус маркийн 91-92 УБЦ улсын дугаартай автомашины жолооч намайг 2 дугаар эгнээнээс урдуур дайрч мөргөх шахам орж ирээд явж байхад дахин 3 дугаар эгнээ рүү дайран орохоор нь тухайн үед бага зэргийн түгжрэлтэй байсан болохоор араас нь 2 дугаар эгнээгээр явсаар байгаад уг машины жолоочид хандан эхнэр хүүхэдтэй явж байж томоотой яваач ээ эвгүй явж байгаад сая мөргөх шахлаа гэж хэлсэн чинь Приус-ын жолооч миний хажууд миний хажууд сууж явсан охин Мөнгөнцэцэгийг харснаа би чам шиг янхан суулгаж яваагүй байна гээд урдаас салаавч гаргахаар нь 32 дугаар байрны урд байрлах гүүрний хэсэг дээр Приус маркийн машинтай зэрэгцэн явж байсан болохоор би Приус маркийн машиныг шахаад зогсоод бууж очоод жолоочийг нь чи миний охиныг янхан гэж дууддаг хэн бэ, янхан байна уу, хүүхэд байна уу гэж хэлээд яваад очиход Приус маркийн машины жолооч 40-45 насны эрэгтэй хүн машинаас бууж ирээд үгийн зөрөөгүй заамдаж хоолой боож баруун гараараа зүүн талын нүд рүү 3-4 удаа цохисон. Тэгэхээр нь зөрүүлж зууралдаад арайхийж тавиулахад Приус маркийн машин дотор сууж байсан эхнэр нь болиоч ээ пизда минь гэж орилоод байсан. Зугтаад алга болж магадгүй гээд машины түлхүүрийг нь аваад цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн” /хх-н 39-39/ гэж,

яллагдагч Б-ийн Г “... Хархорин захын хойно байрлах гүүрний ойролцоо явж байхад нөгөө цагаан өнгийн кровнтой залуу миний машинтай зэрэгцэж ирээд цонхоо онгойлгоод эхнэр хүүхдээ суулгачихаад аятайхан яваач банди минь пизда минь гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөрүүлээд чи ямар ядаргаатай юм бэ янхан суулгачихсан юм шиг яасан хараал ерөөл хэлдэг юм бэ одоо болихгүй юм уу гэж хэлсэн чинь тэр залуу машинаараа миний машины урдуур шахаж ирээд машинаасаа буугаад ирэхээр нь би бас машинаасаа буугаад тэр залуу бид хоёр харилцан заамдалцаад бараг барилдсан. Бид хоёр хоёулаа газар хэд хэдэн удаа өнхөрч унасан Шинжээчийн дүгнэлтэнд Э.Гийн биед тогтоогдсон зүүн нүдний зовхи, алим, зулайн хуйх зүүн чихний ар, хоолойнд цус хуралт, шалбаралт бүхий хөнгөн гэмтлүүдийн зүүн чихний ар хоолойнд цус хуралт гэмтлийг бол учруулсан. Зүүн нүдэнд нь бол хүрээгүй” /хх-н 34-35/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч Э.Гийн гэмтэлтэй холбоотойгоор ... Э.Гийн биед зүүн нүдний зовхи, алим, зулайн хуйх, зүүн чихний ар, хоолойд цус хуралт шалбаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй гэсэн 7599 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 30/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Б.Гыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Гад ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Тухайлбал, шүүгдэгч Б.Г тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцож байх явцдаа бусадтай маргалдсан, энэ нөхцөл байдлын улмаас өөр гэмт хэргийн шинжтэй үйлдэл үүсэх боломжтой байсныг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, үр дагавар гэж ойлгож болно.

Шүүгдэгч Б.Г бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч Э.Г “... төлбөр болох 128.000 төгрөг авч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй боллоо. Гтай сайн дурын үндсэн дээр эвлэрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг прокурорт хүргүүлсэн байна. /хх-н 62/

 

Шүүгдэгч Б.Г цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Г шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Ховогт Бажигийн Гыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Гыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Б.Г торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Б.Г цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.Г гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Гад урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ