| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/03119/И |
| Дугаар | 2819 |
| Огноо | 2017-10-25 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 2819
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г.Б
Хариуцагч: З.Э
23.066.645 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Б, хариуцагч З.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: З.Эд 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс орон сууцаа хөлслүүлсэн. Түрээсийн төлбөрийг 1 сарын 600.000 төгрөгөөр тохирсон. Энэ хугацааны байрны хөлсөө төлөөгүй. 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр З.Этэй гэрээ байгуулж уг гэрээгээр 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хөлслөх гэрээг нөхөж хийсэн. Гэрээгээр хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор болсон. Байрыг чөлөөлж өгөхийг мэдэгдсэн боловч одоог хүртэл хариу өгөөгүй. Байрандаа очиход байх ёстой хүмүүсээс хэт давсан 7-8 хүн байсан. Гаднах хаалгыг хонхойлгосон байсан учир хаалга солих зардалд 3.000.000 төгрөг нэхэмжилнэ. Хаалгыг ижил бүргэд хаалгаар сольж өгнө гэснийг зөвшөөрөхгүй. Иймд 2016 оны 02 дугаар сарын 15-наас 2017 оны 02 дугаар сарын 15-ныг хүртэл түрээсийн төлбөр 7.200.000 төгрөг, алданги 3.600.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 15-наас 2017 оны 09 дүгээр сарын 13-ныг хүртэлх түрээсийн төлбөр 4.780.000 төгрөг, алданги 2.391.000 төгрөг, хаалганы мөнгө 3.000.000 төгрөг нийт 20.971.000 төгрөгийг З.Эээс гаргуулж өгнө үү. Мөн орон сууцыг чөлөөлүүлж өгнө үү гэв.
Хариуцагч З.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2016 оны 02 дугаар сарын 15-наас 2017 оны 09 дүгээр сарын 13-ныг хүртэлх түрээсийн төлбөр 12.000.000 төгрөгийг төлнө. Алданги нь үндсэн төлбөрийн 50 хувиас хэтэрсэн байгаа. Хаалга нь анх бүргэд хаалга байсан тул хаалгыг адил хаалгаар нь шинэчилж сольж өгнө. Иймд хаалганы үнэ 3.000.000 төгрөг, алдангийг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Б нь шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ хариуцагч З.Эээс 23.066.645 төгрөг гаргуулахыг шаардсан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж 20.971.000 төгрөг гаргуулахыг шаарджээ.
Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь орон сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр заажээ.
Хариуцагч З.Э нь нэхэмжлэгч Г.Бийн өмчлөлийн Баянгол дүүрэг 11 дүгээр хороо 4 дүгээр хороолол 43 дугаар байр 62 тоот 2 өрөө орон сууцыг 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс хөлсөлж, 1 сарын хөлс 600.000 төгрөг төлөхөөр тохиролцсон боловч хариуцагч нь 1 жилийн хугацааны орон сууцны хөлс 7.200.000 төгрөгийг төлөөгүй тул зохигч харилцан тохиролцож 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулж, гэрээгээр орон сууцыг 2016 оны 02 дугаар сарын 15-наас 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар хөлслүүлэх, хөлслөгч нь 1 сарын төлбөр 600.000 төгрөгийг сар бүрийн 15-ны өдрийн дотор хөлслүүлэгчид төлөх, хөлслөгч орон сууц хөлсөлсний төлбөрийг хөлслүүлэгчид огт төлөөгүй тул 2016 оны 02 дугаар сарын 15-наас 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх нийт төлбөр 7.200.000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 15-наас 2017 оны 05 дугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд тус тус 2.400.000 төгрөгөөр төлж барагдуулах, энэ хугацаанд 7.200.000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй мөнгөний үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг хөлслүүлэгчид төлөхөөр тохиролцжээ.
Нэхэмжлэгч нь 2016 оны 02 дугаар сарын 15-наас 2017 оны 02 дугаар сарын 15-ныг хүртэлх хугацааны төлбөр 7.200.000 төгрөгийг алдангийн хамт гаргуулахыг шаардсан боловч тухайн үед Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар анзын гэрээг бичгээр байгуулаагүй тул нөхөж хийсэн энэ гэрээгээр алданги тооцох боломжгүй. 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээгээр өмнөх 1 жилийн орон сууцны төлбөр 7.200.000 төгрөгийг энэ гэрээгээр тохирсон хугацаанд барагдуулаагүй тохиолдолд 7.200.000 төгрөгний үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлөхөөр гэрээ байгуулсан байна.
Талууд 2017 оны 02 дугаар сарын 07-ноос 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх орон сууц хөлслөх гэрээг бичгээр байгуулж, гэрээгээр 2016 оны 02 дугаар сарын 15-наас 2017 оны 02 дугаар сарын 15-ныг хүртэлх хугацааны орон сууцны хөлсийг алдангийн хамт төлөх тохиролцоог баталгаажуулсан байх тул нэхэмжлэгч нь 2017 оны 02 дугаар сарын 07-ноос 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны орон сууцны төлөөгүй хөлсний алдангийг энэ гэрээгээр шаардах эрхгүй байна.
Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3-т зааснаар нэхэмжлэгч нь өөрт учирсан хохиролд орон сууцны хаалгыг сольж шинэ хаалга худалдан авахад 3.000.000 төгрөг шаардлагатай гэж тайлбарлан Амин гүүр ХХК-ийн нэхэмжлэхийг ирүүлсэн боловч нэхэмжлэхийн дагуу мөнгийг төлсөн баримтгүй тул энэ шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Хариуцагч З.Э нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2, Орон сууц хөлслөх гэрээний 1.2-т заасан хугацаанд орон сууцны хөлсийг төлөх үүргээ биелүүлээгүйгээс гэрээ дуусгавар болсон, тэрээр Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5-д зааснаар орон сууцыг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж хүлээлгэн өгөх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн өөрийн өмчийн байрыг чөлөөлүүлэх шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох нь зүйтэй байна.
Иймд хариуцагч З.Эд Баянгол дүүрэг 11 дүгээр хороо 4 дүгээр хороолол 43 дугаар байр 62 тоот 2 өрөө орон сууцыг чөлөөлөхийг даалгаж, түүнээс 2016 оны 02 дугаар сарын 15-наас 2017 оны 09 дүгээр сарын 13-ныг хүртэлх орон сууцны хөлс нийт 11.400.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Бид олгож, үлдэх 9.571.000 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчээс хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрөөс илүү төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгож, үлдсэнийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 288 дугаар зүйлийн 288.2.3, 289 дүгээр зүйлийн 289.1.5-д зааснаар Баянгол дүүрэг 11 дүгээр хороо 4 дүгээр хороолол 43 дугаар байр 62 тоот 2 өрөө орон сууцыг чөлөөлөхийг хариуцагч З.Эд даалгаж, түүнээс 11.400.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Бид олгож, үлдэх 9.571.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын төсвийн 2602002965 тоот данснаас 70.200 төгрөг, хариуцагч З.Эээс 197.350 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Бид олгож, нэхэмжлэгчийн төлсөн үлдэх 273.283 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА