Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2017/02515

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч Баянгол дүүрэг, 6-р хороо, Сайхан булган хотхон, 34-р байрны 1-р орцонд байрлах, Булган СӨХ-ны нэхэмжлэлтэй,

хариуцагч-Баянгол дүүрэг, 6-р хороо, 10-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө, Сайхан булган хотхон, 34-р байрны 45 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЧЖ78062416, Бар овогт Базаррагчаагийн Өлзий-Оршиход холбогдох,

орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 643 880 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Булган СӨХ-ны гүйцэтгэх захирал Г.Эрдэнэчимэг, хариуцагч Б.Өлзий-Орших, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. Туул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч хариуцагчаас орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний 2015 оны 04 сараас 2017 оны 07 сарыг дуустал хугацааны зардалд 643 880 төгрөгийг гаргуулахаар шаардсныг хэлэлцлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Манай байгууллага нь Сайхан булган хотхоны оршин суугчдын санаачлагаар байгуулагдаж, Баянгол дүүргийн Засаг даргаас 2012 оны 06 сарын 07 өдөр 164 тоот гэрчилгээг авч, тус хотхоны 168 өрхийг хариуцан ажиллаж байна. Булган СӨХолбоо нь сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгө, цэвэр бохир ус тараалтын болон цахилгааны шугамыг хамгаалан, элэгдэж хуучирсан даруйд солих, эвдэрсэн эд хөрөнгийг хугацаа алдалгүй засварлах, орц, хонгил, гараажийн гэрэлтүүлэг, нийтийн эзэмшлийн зам талбай, орцны цэвэрлэгээг тогтмол хийж, тохижуулан оршин суугчдын ая тухтай аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэн камержуулалт, кодтой хаалгатай байлгаж, нийт оршин суугчдын эрх ашгийг хамгаалан хууль тогтоомжид заасны дагуу үйл ажиллагааг явуулдаг.

Хариуцагч Б.Өлзий-Орших нь СӨХ-ны төлбөрийг тогтоосон хугацаанд төлж барагдуулах үүрэгтэй бөгөөд төлбөрийг цаг хугацаанд нь төлөөгүйгээс гэрээт байгууллагад өр үүсч, СӨХ-н хэвийн үйл ажиллагааг доголдуулаад байна. СӨХ-ны байцаагч төлбөрөө төлөх талаар хууль ёсны шаардлага, мэдэгдэл удаа дараа хүргүүлээд байхад нийтийн зориулалттай орон сууцны нэг нэгээсээ хамааралтай байдлыг ашиглан үйлчилгээг үнэгүй авч, нийт суугчдыг эрх ашгийг хохироож байна. Хариуцагч Б. Өлзий- Орших нь Монгол Улсын Иргэний хуулийн 147 дугаартай зүйлийн 147.1, 148 дугаартай зүйлийн 148.2.3, 148.3 дахь хэсэг, Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалтай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.2, 13.2.3, 16 дугаар зүйлийн 16.1,16.2 дахь заалтуудыг зөрчиж байгаа тул 2015 оны 4-12 сарууд, 2016 оны 1-12 сарууд, 2017 оны 1-7 саруудад орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардалд 643 880 төгрөгийг түүнээс гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

Хариуцагч тайлбартаа: Миний бие 2009 оны 10 сарын 16 өдөр Баянгол дүүргийн 6-р хороо, 10-р хороолол, Энх тайван өргөн чөлөө, 34-р байрны 2 орц 3 давхрын 45 тоотод байрлалтай 2 өрөө орон сууцыг Сайхан булган ХХК-иас худалдан авсан. Тус байрыг худалдан авснаас хойш 2012 оны 06 сарыг хүртэлх хугацаанд тус компанид дундын өмчлөлтэй холбоотой төлбөрүүдийг төлж ирсэн. 2012 оны 06 сараас эхлэн Булган СӨХ байгуулагдаж үйл ажиллагаагаа эхэлсэн ба СӨХ-ны төлбөрүүдийг Төрийн банк ХХК-иар дамжуулан төлж эхэлсэн. Миний бие тухайн үедээ СӨХ байгуулагдсан болохоор байрны орчин болон бусад дундын өмчлөлийн асуудал хүүхдийн талбай, байрны тохижилт, орцны цэвэрлэгээ, үйлчилгээ сайжрах болов уу гэж бодож СӨХ-ний төлбөрүүдийг 2012 оны 06 сараас 2015 оны 03 дугаар сарын хооронд нийт 34 сарын төлбөрт 641 100 төгрөг төлсөн байна. Засвар үйлчилгээ 7740 төгрөг, баримт 150 төгрөг, лифт 3600 төгрөг, хог 2000 төгрөг, жижүүр 2000 төгрөг, орцны гэрэл 1000 төгрөг, цэвэрлэгээ 2000 төгрөг, насосны цахилгаан 3870 төгрөг, нийт 22,360 төгрөгийг сар бүр төлсөн.

Гэвч Булган СӨХ байгуулагдсанаас хойш байдал огт сайжрахгүй байсан бөгөөд оршин суугчдаас авсан СӨХ--ны төлбөрийг огт үндэслэлгүй, юунд яаж зарцуулж байгаа нь тодорхой бус, нүдэнд харагдахуйц нэг ч зүйл хийгээгүй байж оршин суугчдаас их хэмжээний төлбөр авч байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Булган СӨХ нь огт жижүүргүй байж сар бүр 2000 төгрөг нэхэмжилдэг бөгөөд энэ жижүүрт 2012 оны 06 сараас 2015 оны 03 сарын хооронд 34 сард сар бүр 68 000 төгрөгийг төлсөн. Өнөөдрийн байдлаар мөн огт жижүүр байхгүй бөгөөд 2015 оны 04 сараас 2016 оны 10 дугаар сарын хооронд нийт 19 сард сар бүр 38 000 төгрөгийг нэхсэн байна. 2016 оны 11 дүгээр сараас эхлэн жижүүрийн төлбөр нэхэмжлэхээ больж оронд нь БОНЗ нэртэйгээр сард 2000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сар хүртэл нийт 8 сард сар бүр төлбөр 16 000 төгрөг, 2017 оны 07 сараас эхлэн 3500 төгрөг болж нэмэгдсэн бөгөөд нийт 19 500 төгрөгийг нэхсэн байна. Огт жижүүргүй байсан 1 жишээ бол 2013 онд орон сууцны гадаа машинаа тавьж байгаад цонхоо хагалуулж эд хөрөнгүүдээ алдаж миний бие хохирч байсан бөгөөд тухайн үедээ Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гомдол гаргаж, шалгуулж байсан. Мөн манай байрны гаднаас маш олон машин хулгайд өртөж оршин суугч нар эд хөрөнгөөрөө хохирч байсныг хэлэх нь зүйтэй. Орцны гэрэл нэртэй төлбөрийг сар бүр 1000 төгрөг нэхэмжилдэг бөгөөд нийт 34,000 төгрөгийн төлбөрийг төлсөн. 2015 оны 4 сараас эхлэн 2017 оны 5 сарын хооронд нийт 26 сард сар бүр 1000 төгрөг нийтдээ 26 000 төгрөг болон 2017 оны 06 сард нэмэгдэж 2000 төгрөг болсон ба нийт 28,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь байр ашиглалтад орсноос хойшхи хугацаанд манай орц ямар ч гэрэлгүй байсан бөгөөд СӨХ-ноос нэг ч удаа гэрлийн шил сольж байгаагүй юм. Манай давхрын гэрэл, гэрийн хаалганы хажууд байдаг бөгөөд би дандаа өөрөө лампаа сольдог байсан. Лифт нэртэй сар бүр 3600 төгрөг нэхэмжилдэг бөгөөд нийт 34 сард нийтдээ 111 600 төгрөгийг төлсөн. Манайх 3 давхарт байрладаг тул лифтний хэрэглээ бусад 5-9 давхрыг бодвол харьцангуй бага, байнга ашиглаад байдаггүй. Лифт удаан учраас дуудаж хүлээхээс илүү алхах нь хурдан байдаг юм. Мөн лифт ашигласан тохиолдолд ч 3 давхар луу лифтээр гарах 5-9 давхар луу лифтээр гарах хоёрын цахилгаан зарцуулалт болон ашиглалт нь өөр тул 3-н давхрын айлуудаас 5-9 давхрын айлтай тэнцүү хэмжээний мөнгө суутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. 2015 оны 4 дүгээр сараас 2017 оны 06 дугаар сарын хооронд 27 сарын төлбөрт нийтдээ 97 200 төгрөг болон 2017 оны 7 сард нэмэгдэж 5000 төгрөг нийтдээ 102 200 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Засвар үйлчилгээ нэртэй сар бүр 7740 төгрөг нэхэмжилж, нийт 34 сарын хугацаанд 278 640 төгрөгийг төлсөн. Тус засвар үйлчилгээ нэртэй төлбөрөөр ямар засвар хийсэн, зарцуулсан нь тодорхойгүй бөгөөд 2015 оны 4 дүгээр сараас 12 сар хүртэл нийт 9 сард нийтдээ 69,660 төгрөгийг, 2016 оны 1 дүгээр сараас эхлэн сард 11 610 төгрөг болж нэмэгдсэн байх бөгөөд 2017 оны 7 сар хүртэл 19 сард нийтдээ 220 590 төгрөгийг нэхсэн байна. Нэг айлаас сард 11 610 төгрөг авч байгаа бол манай Сайхан булган хотхоны 168 айлаас сард 1 950 480 төгрөг, жилд 23 405 760 төгрөг авч байгааг яг юунд зарцуулагдаж байгаа, ямар засвар хийгдсэн нь тодорхой бус байгаа юм. Оршин суугчдаас жилд ийм хэмжээний төлбөрийг зөвхөн засвар үйлчилгээ нэртэйгээр авч байгааг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. 2017 оны 5, 6 дугаар сард секурит нэртэй төлбөр сард 6700 нийт 13 400 төгрөгийг нэхэмжилсэн байна. Тус СӨХ нь оршин суугчдынхаа санаа бодлыг үл харгалзан, хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийн төлөө дур мэдэж харуул хамгаалалтын компани хөлслөн тухайн харуул хамгаалалтын хамгаалагч нар нь оройн цагаар гарч ирдэг бөгөөд байрны дундах машин зохицуулах, хашаанд хаалт татах ажил хийдэг, өдрийн цагаар огт байдаггүй. Энэхүү дур мэдэн шийдсэн шийдвэр нь оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарч 1 сарын дараа больсон юм. Иймд энэ нэхэмжилсэн 13 400 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. 2017 оны 5, 6 дугаар сард ХҮТ-14 УС нэртэй сард 500 төгрөг, 7 сард 1000 төгрөг нэхэмжилсэн байдаг. Нийт 2000 төгрөг нэхэмжилсэн байгаа бөгөөд ХҮТ-14 бол манайхыг хариуцсан контор юм. Конторт айл өрх бүр хэрэглээний халуун, хүйтэн, цэвэр, бохир усны төлбөрөө хэрэглэсэн хэмжээгээр төлдөг тул энэ 2000 төгрөгний төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй болно.

Тус Булган СӨХ нь засвар үйлчилгээ огт хийдэггүйг зөвхөн манай давхрын зургаас харж болно. Хана нь хөгц мөөгөнцөр ургаж эхэлсэн, цахилгаан шитний түгжээ эвдрээд 5 жил болж байхад нэг ч удаа засаагүй. Мөн тус орцны тог хэсэгчилж байнга тасардаг бөгөөд сүүлийн үед 1-3 давхрын тог орой болгон тасардаг болсон. 1-3 давхрын айлууд цахилгаанчинг байнга дуудаж холбуулж янзлуулдаг бөгөөд энэ 9 дүгээр сарын эхэнд оршин суугчид хоорондоо ярьж байгаад айл өрх болгоноос 5000 төгрөг хураан уг тогоо засуулж шинэ сэлбэг авч тавиулсан болно. Булган СӨХ нь айл өрхүүдээс ямарч хамааралгүй мөнгө нэхэмжилдэг бөгөөд манайхаас гараажийн төлбөр гэж сард 10 000 төгрөгийг 2017 оны 8 сард нэхэмжилсэн байна. Манайх тус байранд гарааж, зогсоол эзэмшдэггүй. Зөвхөн энэ нэхэмжлэлээс харахад тус СӨХ нь ямарч судалгаа байхгүй, гараажтай айлуудаа ч мэдэхгүй, мөнгө л нэхэж байвал болдог нь харагдаж байгаа юм. Булган СӨХ нь сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15.1.1 дэх хэсэгт заасан шатны хонгил, хог зайлуулах хоолойг дур мэдэн өөрчилж, хог зайлуулах бункерийг авч түүний оронд өрөө гарган хүн амьдруулж байгаа. Уг өрөөгөө түрээслэдэг гэдэг бөгөөд тус орлого нь хаашаа юунд зарцуулагддаг нь тодорхой бус байгаа. Манай орцны 2 болон 3 давхрын дунд байрлах ийм өрөөнд тус СӨХ-ийн цэвэрлэгч амьдардаг, оройн цагаар хоолны элдэв муухай үнэр маш ихээр гарч оршин суушчдыг тав тухтай амьдрах орчинд шууд нөлөөлж биднийг хохироож байна. 2015 онд ажиллаж байсан цэвэрлэгч нь архи уудаг байсан төдийгүй улмаар шөнө дунд агсам согтуу тавьж орилж хашгирах, зодоон хийх, дуу дуулах зэрэг оршин суугчдын амгалан тайван байдлыг удаа дараа алдагдуулж байсан. Тухайн үед манайх нялх хүүхэдтэй байсан ба энэ байдал нь бараг 6 сар орчим үргэлжилсэн бөгөөд тухайн үед СӨХ-н ажилтан болон даргад удаа дараа хэлсэн боловч ямар ч үр дүнд хүрээгүй. Тухайн үед маш олон хоног нойр дутуу амгалан тайван амьдрах, амрах орчныг удаа дараа алдагдуулж байсан төдийгүй 2 болон 3 давхрын айлуудыг сэтгэл санааны хохиролд оруулсан. СӨХ-ноос нэхэмжилж буй 643 880 төгрөгөөс 493 350 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн урьдын саруудад төлөх ёсгүй зардалд төлсөн жижүүрийн төлбөр 68 000 төгрөг, орцны гэрэл 34 000 төгрөг, лифт 111 600 төгрөг, засвар үйлчилгээ 278 640 төгрөг, нийтдээ 492 240 төгрөгийг ирээдүйд нэхэмжлэх СӨХ-ны төлбөрөөс хасч тооцуулах хүсэлтэй байна. Мөн 2,3 давхрын хооронд амьдардаг цэвэрлэгчийг өөр газарт амьдруулахыг шаардаж байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

            ҮНДЭСЛЭХ НЬ: 

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Булган СӨХ 2012 оны 06 сард Баянгол дүүргийн 6-р хороонд байрлах 33, 34 дүгээр байрны сууц өмчлөгчдийн хурлаас байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж байгаа байх бөгөөд хариуцагч А.Өлзий-Орших тус СӨХ-ны харьяалан ажилладаг Сайхан булган хотхон, 34-р байрны 45 тоотод орон сууцны өмчлөгч болох нь зохигчийн тайлбар, бичмэл нотлох баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч Б.Өлзий-Орших 2015 оны 04 сараас эхлэн Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасны дагуу тус СӨХ-д төлөх нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд сар бүр оролцох үүргээ биелүүлээгүй болохоо хүлээн зөвшөөрч байгаа байх бөгөөд нэхэмжлэгч 2017 оны 07 сарыг дуустлах хугацааны үүргийг шаардсныг хариуцагч биелүүлэхээс татгалзсан байна.

Хариуцагч СӨХ муу ажилладаг, 2012 онд хууль бусаар байгуулагдсан,2015 оны 03 сараас өмнө хугацаанд төлсөн зардлын зарцуулалтыг гаргаж өөртөө танилцуулдаггүй, өөрийнхээ оршин суугаа орцонд засвар үйлчилгээ хийгээгүй, орцны жижүүргүй зэрэг шалтгаан зааж, нэхэмжлэлээс татгалзаж байгаа байх боловч энэ хугацаанд үйлчлэгч болон жижүүр ажилласан, лифт ажилласан зэрэг нь түүний тайлбараар тогтоогдож байна.

 

Мөн 2012 оны 06 сараас 2015 оны 03 сарыг дуустал хугацаанд СӨХ-д төлсөн төлбөрөөс заримыг нь буцааж шаардаж буй тайлбарыг хариуцагч гаргасан боловч тэрээр сөрөг нэхэмжлэлийг хуульд заасан хэлбэрээр шүүхэд гаргаагүй учир шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд гаргасан тайлбар гэж үзлээ.

 

168 сууц өмчлөгчтэй тус СӨХ-ны бусад гишүүдийг хариуцагч төлөөлөхгүй бөгөөд нэхэмжлэлээс татгалзаж байгаа дээрх үндэслэл нь түүнийг Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт заасан үүргээс чөлөөлөх, уг үүргээсээ татгалзах үндэслэл болохгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Монгол улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгч 35 566 төгрөгийг төлөх үүргээс төлсөн 19 966 төгрөгийг улсын орлогод үлдээж, түүнээс нэмж 15 600 төгрөгийг улсын орлогод төлүүлж, хариуцагчаас 35 566 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,