Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2017/ШЦТ/718

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

 

нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,

 

улсын яллагч Ч.Батбаяр,

 

шүүгдэгч Д.Х-, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Х-т холбогдох эрүүгийн 2017 2501 0666 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1960 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Жаргалант суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо, Сурагчийн 00 дугаар гудамжны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, регистрийн дугаар хх0000000, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Д-ийн Х.

 

 

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.Х- нь давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 5 дугаар хэсгийн 83 дугаар гудамжны 2402 тоотод оршин суух иргэн Б.М-гийн гэрээс “Aйсер” маркийн иж бүрэн компьютер хулгайлж 480.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

мөн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Цээний 2 дугаар гудамжны 43 тоотод оршин суух иргэн Ш.Б гийн гэрээс монетин гинж, “Самсунг Эс-2” маркийн гар утас, пүүз, архи, аяга зэрэг эд

 

2

 

зүйл хулгайлж 641.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Х- мэдүүлэхдээ: “Би эд зүйлсийг хулгайлсан нь үнэн. Мөрдөн байцаалтад тодорхой ярисан тул нэмж мэдүүлэх зүйлгүй бөгөөд хохирогч нарт хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би дахиж ийм үйлдэл хийхгүй. Надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Би Төв аймагт очиж мал маллаж амьдарна. Тэнд очвол нэр хүндтэй, надаар мал маллуулах хүн байгаа.” гэв.

 

 

 

Мөн мөрдөн байцаалтад эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-6/, хохирогч Б.М-гийн өгсөн мэдүүлэг /хх-13-14/, эд зүйлийн үнэлгээ /хх-15/, шүүгдэгч Д.Х-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-40-44, 93-94/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-45/, шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-46/, Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-60/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-64-66/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-67-68/, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-71/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-72/, хохирогч Ж.Баярмаагийн өгсөн мэдүүлэг /хх-74-75/, гэрч Д.Олягийн мэдүүлэг /хх-76-77/, эд зүйлийн үнэлгээ /хх-95/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Прокуророос шүүгдэгч Д.Х-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь заасан гэмт хэрэгт холбогдуулах яллах дүгнэлт үйлдэж хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.

 

 

 

Шүүгдэгч Д.Х-ийн үйлдсэн гэмт хэрэг нь тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулан тодорхойлогдож байна.

 

 

 

Гэвч 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах

 

3

 

ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...”, “…үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэж тус тус тодорхойлж өгчээ.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Х-ийн үйлдсэн гэмт хэргийг 2015 онд шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар зүйчлэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байна гэж үзэв.

 

Хэдийгээр 2015 онд шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт оногдуулах хамгийн хүнд төрлийн ял болох хорих ялын дээд хэмжээ ихэссэн боловч 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “давтан үйлдлээр орон байранд нэвтэрч” гэсэн хүндрүүлэх шинжээр нь шүүгдэгчийг яллах нь эрх зүйн байдлыг нь дордуулахаар байна.

 

Учир нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг тул дээрхи байдлаар нь “давтан үйлдлээр” хэмээн яллах нь эрх зүйн байдалд нөлөөлнө.

 

Шүүгдэгч Д.Х- нь хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

 

 

Шүүгдэгч Д.Х- нь дээрхи гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудад үндэслэгдэж байна. Үүнд:

 

 

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.М-гийн өгсөн: “2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр нөхөр хүүхдийн хамтаар гэрээсээ 11 цаг 30 минутын үед гараад хорооны өрхийн эмнэлэг ороод 30 минутын дараа буцаад гэртээ иртэл манай гэрийн хаалга дэлгээтэй онгорхой байхаар нь дотор нь орсон чинь манай гэрийн хойморт байдаг “Aйсер” брэндийн компьютер иж бүрдлээрээ байхгүй байхаар нь цагдаад дуудлага өгөөд өөрсдөө гудамжаар гараад хайж байтал манай гэрт байдаг цэнхэр өнгийн даавуун уутыг нэг хүн үүрээд явж байхаар нь очоод хартал дотор манай компьютерийн иж бүрдэл байсан. Тэгээд тэр хүнийг барьж аваад цагдаад өгсөн. 50-60 орчим насны намхан бөгтөр хар бараан хувцастай саравчтай малгайтай эрэгтэй хүн байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Алдсан эд зүйлсээ тухайн үед бүгдийг нь бүрэн бүтэн хүлээж авсан.” /хх-13-14/ гэх мэдүүлэг,

 

4

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Баярмаагийн өгсөн: “Би 2017 оны 5 дугаар сарын 18-ны өглөө гэрээсээ 9 цаг өнгөрч байхад гараад явсан. Харин манай хүүхдүүд бүгдээрээ хичээлтэй учир өглөөний 06 цаг 40 минутын үед автобусанд суугаад явчихдаг юм. Тэгээд намайг ажил дээрээ буюу “Нарантуул” зах дээр байж байтал манай хажуу айлын эмээ Д.Оля гэгч нь надтай утсаар холбогдож “танай гэрт хулгай орчихлоо, чи хурдан хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд би сандраад маш хурдан такси хөлсөлөөд гэртээ иртэл манай гэрийн гадаа цагдаа нар ирчихсэн хажуу ойр хавийн хүмүүс манай тэнд шавчихсан хараад байж байсан. Тэгээд цагдаа нартай цуг цагдаагийн газар ирээд мэдүүлэг өгөөд манай гэрээс алдагдсан эд зүйлсийг хүлээж аваад гэртээ харьсан юм. Манай гэрээс гар утас, гар утасны гэрэн дотор байсан монет нь гинж, пүүз, 2 шил архи, 6 ширхэг шаазан аяга зэрэг эд зүйлс алдагдсан” /хх-74-75/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Олягийн өгсөн: “2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 11 цаг 42 минутын үед манай хөрш айлаас нэг зүс үл таних 60-аад насны эрэгтэй хүн гараад ирсэн юм. Тэгэхээр нь надад сэжиг төрөөд “хөөе чи юун хүн бэ” гэхэд тэр эрэгтэй хүн гүйгээд явчихсан. Тэгэхээр нь би бушуухан хөрш айлын хашаа руу ороход цоож нь эвдэрчихсэн байдалтай байсан орж шагайж үзтэл авдар нь онгойчихсон байдалтай байсан. Тэгэхээр нь буцаж сандарч гүйж гараад “хулгайчийг бариад аваарай, хулгайч явж байна” гэж орилоод нөгөө хүний араас гүйсэн. Тэгтэл манай тэр хавийн хүмүүс хөгшин залуугүй араас нь хөөсөөр байгаад бариад авсан. Тэгээд тэр хүнийг бид нар манай хороон байцаагч Даваадоржид хүлээлгэн өгсөн. Чухам тэр хүнийг юу юу хулгайлаад явж байсныг сайн мэдэхгүй байна. Тэр хүн хавтгай жижиг хар өнгийн цүнх үүрчихсэн байсан. Тэгээд бас хар өнгийн жижгэвтэр цүнх гартаа барьчихсан байсан. Ямар ч байсан залуу хүн байгаагүй. Хөгшин сүүвийсэн туранхай эрэгтэй хүн байсан. Ямар ч байсан зураг үзүүлэх юм бол тэр хүнийг таньж хэлээд өгөх байх” /хх-76-77/ гэх мэдүүлэг,

 

 

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Х-ийн яллагдагчаар өгсөн: “…Миний нүд өвдөөд эмнэлэгт үзүүлэх мөнгөгүй байсан тул хэдэн төгрөг ольё гээд гарсан. Тэгээд автобусанд суугаад Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбуланд буугаад хойшоо нилээн алхаж байгаад жалга өнгөрөөд шар төмөр хаалгатай банзан хашаа байхаар нь завсраар нь харахад монгол гэртэй үүдний амбаар нь цоожтой байхаар нь давж ороод алхаар цоожийг нь цохиж гэрт нь ортол баруун хойд талд компьютер байхаар нь орон дээр байсан даавуун цэнхэр билүү цагаан өнгийн уутанд хийгээд аваад гарсан. Тэгээд уг хашаанааас гараад 200 орчим метр газар явж байхад араас эзэн нь хүрч ирээд намайг барьж аваад цагдаа дуудсан.”

 

гэх мэдүүлэг,

 

 

 

Мөн түүний дахин өгсөн: “...Би тэр шар өнгийн гинжийг хулгайлаагүй. Тэр гинж миний хулгайлсан эд зүйлс дотор байсан гар утасны гэрэнд байсан гэж яриад байгаа юм. Би тэрийг л ойлгохгүй байна. Бусад эд зүйлс миний хулгайлсан эд зүйлс мөн байна.” /хх-40-41, 93-94/ гэх мэдүүлэг,

 

5

 

 

 

 

-Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-6/,

 

-Эд зүйлийн үнэлгээ /хх-15, 95/,

 

-Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-45/,

 

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-46/,

 

-Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-60/,

 

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-64-66/,

 

-Гэрэл зургийн үзүүлэлт /хх-67-68/,

 

-Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-71/,

 

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-72/ зэрэг болно.

 

 

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Д.Х- нь хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

 

 

Хохирогч Б.М-, Ш.Б  нар гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч Д.Х-ийн бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

 

Шүүх Д.Х-т ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин шүүгдэгч Д.Х-т хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлыг төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж эрүүгийн хуульд заасан хорих ял шийтгэхээр тогтов.

 

6

 

Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.Х-ийн цагдан хоригдсон 64 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Х- нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

 

  1. Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Х-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж шүүхэд ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар зүйлчилсүгэй.

 

 

 

  1. Шүүгдэгч Б овогт Д-ийн Хийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 

 

  1. Эрүүгийн хуулийн /2015/ ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

 

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Д.Х-т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

 

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Х-ийн цагдан хоригдсон 64 /жаран дөрөв/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
 

7

 

 

 

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгүй, Д.Х- нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

  1. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Д.Х-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Х-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

 

ШҮҮГЧ              Э.ЧИНГИС