| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2017/0366/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/326 |
| Огноо | 2017-08-22 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Б.Уранчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/326
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Буманбаяр,
улсын яллагч Б.Уранчимэг,
шүүгдэгч Х.М , М.У , тэдгээрийн өмгөөлөгч Н.Жамъяндорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зэлмэ овгийн Х.М , Боржигон овгийн М.У нарт холбогдох эрүүгийн 201725031089 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Зэлмэ овогт Х.М , 1992 оны 3 дугаар сарын 22-нд Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хэнтий аймаг, Хэрлэн сум, 4 дүгээр баг, Цацалын 5а-6 тоотод суух хаягтай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.
2. Боржигон овогт М.У , 1993 оны 1 дүгээр сарын 12-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамж, 940а тоотод суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.
Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/;
Шүүгдэгч Х.М , М.У нар нь 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Согоот-118 авто эргүүлийн чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дэслэгч Б.Э , Ө.Л нарын хууль ёсны дагуу тавьсан шаардлагыг эсэргүүцэж, тэдгээрийг зодож, албаны дүрэмт хувцсыг урж, хууль сахиулах албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Х.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч нарын хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан...” гэв.
Шүүгдэгч М.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж, өөрийн гэм бурууг ойлгож байна. Хохирогч болох цагдаагийн албан хаагч нарын хохирлыг нөхөн төлж барагдуулсан...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Б.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2017.5.18-ны өдөр хэрэг бүртгэгч, цагдаагийн дэслэгч Ө.Л ын хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Согоот-118 чиглэлд авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 20:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нарантуул-2 худалдааны төвийн баруун талын зам дээр үл таних согтуу гурван залуу нэг эмэгтэйг хоргоогоод байж байсан. Тэгэхээр нь эмэгтэй хүнийг зодох гэж байна гэж бодоод очиж юу болж байна гэхэд эмэгтэйг заамдаж татаж чангааж доромжилж байсан. Мөнхбаяр гэгч залуу хэрэг бүртгэгч, цагдаагийн дэслэгч Ө.Л ын хууль ёсны шаардлага тавихад би эхнэрийгээ ална уу? байна уу? та нарт хамаагүй гэж хэлээд зүүн гараараа дэслэгч Ө.Л ын нүүрэн тус газарт нь цохисон. Энэ үед Мөнхбаяртай хамт явж байсан эмэгтэй нь түүнийг салгах гэхэд дийлэхгүй дайраад үгэнд нь орохгүй байсан. Тэгээд уг хүн Ө.Л ыг заамдан авахад нь салгах гэхэд хамт явж байсан найз Уранбилгүүн гэгч нь ирээд намайг миний нүүр рүү мөргөж миний хувцаснаас татаж өмсөж байсан цагдаагийн дүрэмт хувцсыг урж гараараа миний толгой хүзүү баруун шанаа орчимд 2 удаа цохихоор нь гарыг нь тавиулж та ингэж болохгүй гэж сануулахад уг Уранбилгүүн гэгч нь дахин намайг гараараа миний цээж хэвлий орчимд 2-3 удаа цохиж миний нүүр рүү мөргөхөөр нь өөрийн албандаа хэрэглэдэг ИЖ79-8 маркийн хийн буугаар анхааруулж 3 удаа дээш хий буудахад Уранбилгүүн гэгч нь миний гараас барин авч миний хөлрүү өшиглөхөөр нь би түүнийг газарт унагаасан. Тэгэхэд уг хүн миний гуянаас базаад байхаар нь гарыг нь тавиулан гавлах гэхэд уг хүн нь миний буруу би зүгээр явъя гэсэн. Тэгэхээр нь аваад явах гэхэд уг хүн цагаан өнгийн машинд ороод суусан. Тэр үед нэмэлтээр Согоот-112 ирж хууль ёсны шаардлага тавьж Уранбилгүүн гэгчийг машинаас нь буулгахад дахин шаардлага эсэргүүцэж хувцаснаас зуурахад нь гарыг нь өчиж гавлаад цагдаагийн машиндаа суулгасан. Тэгээд түүнийг авч явж байхад Уранбилгүүн гэгч нь миний буруу би буруугаа мэдэж байна намайг буулга хэрвээ буулгахгүй бол та нарыг боож ална шүү гээд намайг жолоо барьж байхад миний хоолойг боох гэж оролдсон. Тэр үед Ө.Л уг хүний цээжин дээрээс нь түлхэж авч явж саатуулах байранд хүргэсэн. Албадан саатуулах байрны үүдэнд ирэхэд Мөнхбаяр гэгч нь ахлах дэслэгч Батсайхан бид хоёр руу дайрч цохих гэхээр нь болиулж хоёр талаас нь барьж саатуулах байранд саатуулсан...” гэжээ /хх-10-12/.
Хохирогч Ө.Л мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Цагдаагийн байгууллагын ахлагч бүрэлдэхүүний дунд зохион байгуулагдах “ЦАГДАА ТАНЫ ТӨЛӨӨ” зөвлөгөөний үеэр Чингэлтэй дүүргийн 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрийг хариуцан ажиллахаар болсон юм. Тухайн үед хэлтэст үлдсэн офицер бүрэлдэхүүн ахлагч нарын өмнөөс гарч ажилласан ба 2017.5.17-ны өглөөний 07 цагаас оройн 19 цагийн хооронд, 2017.5.18-ны оройн 19 цагаас 2017.5.19-ний өглөөний 07 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 12, 13 дугаар хороо хариуцсан Согоот-118 авто эргүүлийн чиглэлд тус хэлтсийн хэв журмын офицер, цагдаагийн дэслэгч Б.Э ын хамт үүрэг гүйцэтгэх хуваарийн дагуу ажиллаж байсан. 2017.5.18-ны оройн 20 цагийн үед цагдаагийн дэслэгч Б.Э ын хамт Нарантуул-2 худалдааны төвийн баруун талд зам гүүрийн автобааз руу өгсөх чиглэлд хяналт тавьж байхад ертөнцийн зүгээр замын зүүн талд нэг эмэгтэй /Даш-Эрдэнэ/-г нэг эрэгтэй /Мөнхбаяр/ нь түлхээд заамдаж татаад нүүр тулан чанга чанга орилж дайраад тэр эмэгтэйг хоргоогоод байсан. Тэр хоёр хүний цаана мөн нэг эрэгтэй /Уранбилгүүн/ байсан хажууд нь маркийг нь мэдэхгүй нэг автомашин зогсож байсан. Тэгээд би тэр эрэгтэй /Мөнхбаяр/-д хандан “Залуу юу болсон юм бэ? Яагаад эмэгтэй хүн явуулахгүй дайрч давшлаад байгаа юм бэ” гэхэд тэр залуу /Мөнхбаяр/ нь “Би эхнэрийгээ яахаа өөрөө мэдье пизда минь чи хэн юм бэ?, наашаа хүрээд ир” гэсэн. Тэгээд би цагдаагийн дэслэгч Энхбаярын хамт тэр залуу /Мөнхбаяр/ дээр очиход “Яасан пизда минь чи яах юм” гэж хэлсэн. Тэгээд би тэр залуу /Мөнхбаяр/-д хандан “та ингэж болохгүй та биднийг дагаад явна уу” гэж хэлээд машин дээрээ ирээд тэр залуу /Мөнхбаяр/-д та энд сууна уу гээд Согоот-118 чиглэлийн автомашины арын хаалгыг онгойлгоход тэр залуу “май пизда минь би энд суухгүй чи яахын намайг” гэж хэлэн салаавч гаргаад шууд нүүрэн тус газарт зүүн гараараа цохисон. Тэгээд тэр залуу /Мөнхбаяр/ миний хувцаснаас зуурч намайг заамдаж авсан. Энэ үед би тэр залуу /Мөнхбаяр/-ын зүүн мөрний орчмоос барьж машин руу оруулах гэхэд эхнэр гэх эмэгтэй /Даш-Эрдэнэ/ голоор ороод нөхөртөө хандаж “чи хүүхдээ бодохгүй байна уу? Болиоч” гэж орилоод тэр залуу /Мөнхбаяр/-г машинд суулгахад саад болсон. Энэ үед цагдаагийн дэслэгч Б.Э надтай нийлж Мөнхбаяр гэх залууг машинд суулгах гэхэд тэд нартай цуг явж байсан Уранбилгүүн гэх залуу дэслэгч Б.Э тай зууралдаж байсан ...Б.Э бид хоёр тэр хоёр залууг цагдаагийн машинд суулгах гэж хэсэг юм болсны дараа арай хийж тэр хоёрыг машинд суулгаж Дэнжийн 1000-д байрлах Албадан саатуулах төвд хүргэж түр саатуулсан...” гэжээ /хх-23-24/.
Гэрч Ц.Чинхуяг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2017.5.18-ны өдөр шиг санаж байна, намайг их сургуулийн найз болох М.У , Х.М нар нь ирж машин бариадах гэж дуудсан юмаа. Тухайн үед намайг Хангай хотхоны ойролцоо байдаг М.Уранбилгуүний авто засвар дээр дуудахаар нь ирсэн, намайг очиход М.У , Х.М нар нь нилээн согтуу байдалтай, тэр хоёрын хамт Х.М ын эхнэр Даш-Эрдэнэ байсан бөгөөд машины хойд талын суудлын хэсэгт Алтан түрүү нэртэй 0.75 литрийн 2 ширхэг архины хоосон шил харагдаж байсан. Би машиныг нь бариад М.Уранбилгуүний гэр лүү явсан очиход М.У д гэрийнхэн нь түлхүүр байхгүй гэрт нь цуг амьдардаг Зоригоо гэх хүнд түлхүүр нь байгаа гэхээр тэр хүнтэй нь утсаар яриад Даш-Эрдэнэ бид хоёр Баянбүрд рүү явахаар болсон. М.У , Х.М нарыг гэрийнхэн гудамжинд нь орхиод явсан, тэгээд Баянбүрд рүү Даш-Эрдэнэ бид хоёр орчихоод буцаад М.У ий гэр лүү явж байтал М.У , Х.М нар нь баазаас уруудаад Хүчит шонхор тал руу явж харагдсан Нарантуул-2 автобусны буудлын ойролцоо юм байна. Тэгээд тэр хоёрыг Даш-Эрдэнэ бид хоёр харчихаад машинаа зогсоогоод аваад явах гэтэл Даш-Эрдэнэ лүү Х.М нь уурлаад агсан тавиад байсан тэгж байхад нь хоёр цагдаагийн албан хаагч машинтайгаа ирээд яагаад байгаа талаар нь асуухад Х.М нь чамд хамаагүй гэх утгатай юм хэлж байсан. Би машинд дотор сууж байсан болохоор гадаа болсон зүйлийг сайн хараагүй, цагдаагийн албан хаагч нар байсан болохоор машиндаа суугаад явчих байх гэж бодсон. Тэгтэл Х.М цагдаа нартай маргалдаад байсан, цагдаагийн албан хаагч нар машиндаа суулгах гэтэл Х.М машинд суухгүй гээд байсан. Тэрнээс өөр болсон зүйл байхгүй ээ...” гэжээ /хх-21/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ¹6646 дугаар актын:
“1. Б.Э ын биед хүзүүнд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэжээ /хх-31/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ¹6647 дугаар актын:
“1. Ө.Л ын биед гэмтэл тогтоогдсонгүй” гэжээ /хх-37/,
Хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 18-19/.
Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 67-68/,
Хохирогч Ө.Л ын “…Х.М , М.У нарт ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй…” гэх хүсэлт /хх 84/ зэргийг яллах болон өмгөөлөх талууд уншиж сонсгох замаар шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн тухайн хэргийг шүүхээс хянан шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна.
Шүүгдэгч Х.М , М.У нар нь 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Согоот-118 авто эргүүлийн чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дэслэгч Б.Э , Ө.Л нарын хууль ёсны дагуу тавьсан шаардлагыг эсэргүүцэж, тэдгээрийг зодож, албаны дүрэмт хувцсыг урж, хууль сахиулах албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Х.М , М.У нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Э , Ө.Л нарын мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Э , Ө.Л нар нь гомдол, саналгүй гэх бөгөөд хохирол нэхэмжлээгүй байна. Иймд шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.
Шүүх, шүүгдэгч нарт Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тэдгээрийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч гомдол, саналгүй гэснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.
Шүүгдэгч Х.М , М.У нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөн тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан оногдуулах хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Зэлмэ овгийн Х.М , Боржигон овгийн М.У нарыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М , М.У нарыг тус бүр 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М , М.У нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М , М.У нарт оногдуулсан хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг тус тус хүлээлгэсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.М , М.У нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН