Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 85

 

Ш.Б-д холбогдох эрүүгийн

                                                                            хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Эсэн,

хохирогч Б.Энхболдын өмгөөлөгч П.Еркебулан,

шүүгдэгч Ш.Б-гийн өмгөөлөгч Б.Цэцэнбилэг,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 538 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Ш.Б-гийн өмгөөлөгч Б.Цэцэнбилэгийн гаргасан давж заалдах гомдлоор Ш.Б-д холбогдох эрүүгийн 1810002840243 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Очир овгийн Ш.Б-, 1968 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            Ш.Б- нь 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд Мед” эмнэлэгт Б.Энхболдыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ш.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ш.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, уг ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ш.Б- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар Ш.Б-гаас 438.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Энхболдолд олгож, Ш.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ш.Б-гийн өмгөөлөгч Б.Цэцэнбилэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 181001273 дугаартай прокурорын тогтоолоор “Б.Энхболд нь Ш.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Прокурор энэ зүйлд заасны дагуу эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах тухай үндэслэл бүхий шийдвэр гаргана” гэж заасныг удирдлага болгон тусгаарласан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно” гэж зааснаас үзэхэд, прокурор зөвхөн зарим яллагдагчид холбогдох хэргийг хуульд заасан журмын дагуу тусгаарлахаар зохицуулсан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Энхболдыг яллагдагчаар огт татаагүй бөгөөд түүнд холбогдох хэргийг шалгуулах хүсэлтээ прокурорт гаргасныг хангаж шийдвэрлэсэн боловч цаашид хэргийг огт шалгаагүй. Дээрх тусгаарлах тогтоол гарах үед Б.Энхболд нь Ш.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчоор оролцож байсан юм. Ийнхүү яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлах зохицуулалтыг зөрчиж, хохирогчоор оролцож байсан этгээдийн хэргийг тусгаарлаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болно. Түүнчлэн прокурор яллах дүгнэлт үйлдсэний дараа дээрх тогтоолыг танилцуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын шийдвэрт гомдол гаргах эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

2. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд “...Б.Энхболдын биед тархи доргилт, хамар уруул орчимд цус хуралт, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо... цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэжээ. Уг дүгнэлтэд дурьдсан гэмтлийн шинжүүд нь Гэмтлийн зэрэг тогтох журмын 2.6-д заасан шинжүүд байх бөгөөд эдгээр шинжүүд илэрсэн, хөдөлмөрийн чадвар алдагдаагүй байхад гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулан дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Мөн Б.Энхболдод хийсэн ямар үзлэг, шинжилгээний үр дүнд тархи доргилттой гэж дүгнэсэн нь тодорхойгүй, түүний биед учирсан гэмтэл нь нийт биеийн 1 хувь хүрэхгүй талаар шинжээч шүүх хуралдаанд мэдүүлсэн байдаг. Хэдийгээр хохирогч “газар мөргүүлсэн, хамар луу цохисон” гэж мэдүүлдэг боловч маргаан болсны дараа гэрч А.Одтой уулзахад ямар нэгэн хавдсан, хөхөрсөн шинж тэмдэг ажиглагдаагүй байдаг тул гэмтлийг хэзээ авсан талаарх нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай.

Эдгээр үндэслэлээр давж заалдах гомдлоо гаргасан боловч давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах явцад, Ш.Б-д холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймээс хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогч Б.Энхболдын өмгөөлөгч П.Еркебулан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурьдсан асуудлаар талууд шүүхийн хэлэлцүүлэгт хангалттай мэтгэлзэж, улмаар шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Хэрэгт авагдсан гэрч, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр Ш.Б- нь Б.Энхболдыг зодсоноос эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон. Хэдийгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ш.Б-д холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан боловч түүний гэм буруу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул энэ талаар магадлалын тодорхойлох хэсэгт тусгаж өгөхийг хүсье. ...” гэв.

Прокурор Г.Эсэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Энхболдын гаргасан гомдлын дагуу Ш.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ш.Б-г яллагдагчаар татсан бөгөөд тэрээр Б.Энхболдтой харилцан зодолдсон хэмээн мэдүүлж, өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулсан байдаг. Болсон хэргийн талаар тодорхой ажиллагааг явуулж, гэрчүүдээс мэдүүлэг авахад Б.Энхболд нь Ш.Б-г зодсон гэх нөхцөл байдал тогтоогддоггүй. Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорилтын хүрээнд Б.Энхболдын үйлдлийг тусгаарлаж, тусад нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Энэ нь хууль зөрчөөгүй. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, Ш.Б-д холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэсэн саналтай байна. ...” гэв.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Ш.Б- нь 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гранд Мед” эмнэлгийн 6 дугаар давхрын 604 тоотод буюу өөрийн хэвтэн эмчлүүлж байсан өрөөнд, Б.Энхболдтой хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар нүүрэн тус газарт цохих, хөлөөрөө хавирч унагаах зэрэг байдлаар хүч хэрэглэсний улмаас эрүүл мэндэд нь “тархи доргилт, хамар уруул орчимд цус хуралт, баруун, зүүн мөрний үений мөрний зөөлийн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

Харин энэхүү үйл баримтаас өмнө болон дараа нь Б.Энхболд бусадтай маргалдсан, цохиулж зодуулсан, өөр бусад хүчин зүйлийн нөлөөллөөр биедээ дээрх гэмтлийг авсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хохирогч Б.Энхболд нь тухайн газар, цаг хугацаанд болсон үйл явдал, Ш.Б-тай маргалдах болсон шалтгаан, өөрийн биед учирсан гэмтлийн талаар /хх-ийн 54-58, 180/ тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь гэрч А.Од /хх-ийн 85-86/, А.Энхтунгалаг /хх-ийн 12-13/, шинжээч Т.Сэлэнгэ /хх-ийн 182-183/ нарын мэдүүлэг, “Гранд Мед” эмнэлгийн 6 дугаар давхрын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 91/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 1620 дугаартай дүгнэлт /хх-ийн 16/ зэргээр давхар нотлогдсон байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад, прокурор 1810002840243 дугаартай уг хэргээс Б.Энхболдын “Ш.Б-гийн биед хөнгөн хохирол учруулсан” гэх үйлдлийг тусгаарлаж шийдвэрлэсэн нь Ш.Б-гийн гэм бурууг хянан хэлэлцэхэд саад болох шалтгаан үндэслэл болохгүй юм.

Хохирогч Б.Энхболдын эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 1620 дугаартай дүгнэлтийг түүний биеийн хэсэг газарт хийсэн үзлэгийн үр дүн болон компьютер, томографийн шинжилгээний онош, рентген зураг зэрэгт үндэслэн гаргасан байх ба уг дүгнэлттэй холбогдуулан шинжээч Т.Сэлэнгээс шүүхийн хэлэлцүүлэгт үндэслэл бүхий тайлбар, мэдүүлгийг өгсөн тул дээрх шинжээчийн дүгнэлтийг үнэн зөв гэж үзэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүхээс түүний гэм буруу, хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж, тухайн зүйлд зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь үндэслэлтэй болжээ.

Гэвч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ялын төрөл, хэмжээг, мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...энэ хуулийн тусгай ангид зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй.”, 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно.” гэж гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа, түүнийг тоолох журмыг тус тус тогтоосон байх ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Ш.Б-д холбогдох дээрх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр Ш.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, эрүүгийн хэргийг тусгаарласан прокурорын шийдвэр, шинжээчийн гаргасан дүгнэлттэй холбогдуулан маргасан шүүгдэгч Ш.Б-гийн өмгөөлөгч Б.Цэцэнбилэгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 538 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Очир овгийн Шинэсамбуугийн Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх заалтыг тус тус хүчингүй болгож,  бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч Ш.Б-гийн өмгөөлөгч Б.Цэцэнбилэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

                                          ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

                                          ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН