Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2014/0340

 

2014 оны 08 сарын 14 өдөр                    Дугаар 340                               Улаанбаатар хот

Ё.Б-гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Т, нэхэмжлэгч Ё.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц, гуравдагч этгээд Ч.Т нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 40 дүгээр шийдвэртэй, Ё.Б-гийн нэхэмжлэлтэй, Д аймаг дахь Орон сууц хувьчлах товчоо, Улсын бүртгэлийн хэлтэст тус тус холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Ё.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний аав Н.Ё насаараа Х сумын бүтээн байгуулалтад оролцож “Х” САА гэж байгуулагдсан цагаас эхлэн тракторчинаар ажиллаж байгаад 2005 онд өвчний улмаас нас барсан. Аав маань энэ суманд ажиллаж байх үедээ буюу 1994 онд Орон сууц хувьчлах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар Х суманд сууц өмчлөх тухай шийдвэр гарахад нь Хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн ягаан тасалбараар 1 дүгээр багийн 11 дүгээр байрны 2 дугаар орцны 15 тоот 2 өрөө байрыг хувьчилж авсан юм. Тухайн үед байр өмчлөгчийн гэрчилгээ өгнө гэж байсан боловч өгч, авч чадахгүй байсаар аав маань бие нь муудаж хэвтэрт орсон учир авсан байрандаа Намсрай гэдэг хүнийг түр хөлсөөр суулгаж байсан. Бид аавыгаа асарч тойлсоор насан өөд болтол нь байрны талаар хөөцөлдөх сөхөөгүй явсан.

Ингэж явсаар дунд нь Т.Э гэдэг хүнд зарагдсан байна гэж сонсоод байраа авахаар хөөцөлдсөн боловч тэр хүн эргүүлээд Х суманд буцаан өгсөн байсан. Би Х сумын багийн дарга болон сумын Засаг даргад аавыгаа өнгөрсний дараагаас хандаж хөөцөлдсөн боловч ягаан тасалбар тушаагдсан баримт нь байхгүй гээд хөдлөөгүй. Гэтэл 2012 онд орон сууцыг ягаан тасалбараар үнийг төлж байсан судалгаа баримт нь Д аймгийн архиваас олдсоны дагуу Захиргааны хэргийн шүүхэд хандахад 2013 оны 1 дүгээр сарын 08-нд 05 тоот шүүгчийн захирамж гарч өмчлөл болон өвлөгчөө тогтоолгосны дараа шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гээд нэхэмжлэлийг буцаасны дагуу Сум дундын шүүхэд хандахад 2013 оны 4 дүгээр сарын 01-нд 1121 тоот шийдвэр гаргаж, Ё.Б нь Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1-д Хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ авах эрхтэй байна” гээд мөн л нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

Энэ мэтээр би аймгийн Өмч хувьчлалын товчоо, Төрийн өмчийн хороо, Үндэсний төв архив гээд яваагүй газаргүй ийм байдлаар би өчнөөн яваад ч тусыг эс олж аавынхаа энэ суманд насаараа ажилласны эцэст үр хүүхдүүд болон өөрсдийнхөө өмч хувьчлалын авах эрх бүхий үнэт цаасыг өгсөн байж тэр үеийн 40 000 төгрөгийн тасалбараар тооцогдож авсан байрыг алдаж, аавын минь өгсөн тушаасан мөнгө болон тасалбарыг үл тоон завшсан гэж Х сумын засаг захиргаанаас байраа нэхэх гэтэл уг орон сууцыг хувьчилсан эрхийн акт гараагүй тул болохгүй байна.

Одоо Х сумын орон сууцны 11 дүгээр байрны 15 тоот 2 өрөө байрыг хувьчлан авахаар хөрөнгө оруулалтын эрхийн бичгээ тушааж, хувьчлагдсан байрны мэдээ тайланд орсон баримтууд нь гарч ирлээ. Иймд, Ёндонсамбуу агсны төрсөн охин Байгалмаа миний бие Монгол Улсын Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1-д заасан хууль ёсны өвлөгч нь мөн тул аавынхаа авсан байрыг авах эрх зөрчигдсөөр өдий хүрсэн учраас Д аймгийн Орон сууц хувьчлах товчооноос дээрх байртай холбоотой эрхийн акт буюу өмч хувьчлалын эрхийн актыг гаргаж өгөхийг даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн нотлох баримтуудаас үзэхэд иргэн Т.Э нь Х сумын 1 дүгээр багийн 11 дүгээр байрны 10 өрөө

 

бүхий 130,0 м.кв байрыг хувьчилж авсан байдаг юм. Иргэн Т.Э нь уг хувьчилж авсан орон сууцаа худалдах, худалдан авах гэрээгээр 10,0 сая төгрөгөөр Х сумын Засаг даргын Тамгын газарт зарсны дагуу аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст өмчлөгчөөр бүртгэсэн байна.

Иймд, аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийг тус захиргааны хэрэгт хариуцагчаар татан оролцуулж Улсын бүртгэлийн Ү-2005000442 дугаарт бүртгэгдсэн Д аймгийн Х сумын 1 дүгээр баг 11 дүгээр байрны 11 тоот 130,0 м.кв талбайтай 10 өрөө бүхий орон сууцыг зөвтгөн бүртгэхийг даалгаж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Т.Э гэдэг хүн тэр байранд амьдарч байгаагүй. Тэгээд тэр хүн Х суманд буцааж худалдаж улсын хөрөнгө завшиж, мөнгө угаасан хэрэг гаргасан байна. 1994 оны 11 дүгээр сарын 30-нд гаргаж өгсөн дэлгэрэнгүй судалгааны үндсэн дээр Х сумын Засаг дарга байсан Ч.Т гэдэг хүн энэ орон сууцыг гэрчилгээтэй болгох шаардлагатай байна гэж дээд байгууллагад уламжилж байсан байна. Ё.Б нь гэрчилгээ, ордероо авъя гэж удаа дараа орж байсныг гэрчүүд бас гэрчилж байгаа. Хавтаст хэрэгт мэдүүлэг нь байгаа. Иймд, 49 тоот тогтоол үндэслэлгүй байна. Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Д аймгийн Орон сууц хувьчлах товчооны дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д аймгийн Орон сууц хувьчлах товчоо нь Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хувьчлах орон сууцыг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн үндсэн дээр орон сууц хөлслөх гэрээгээр эзэмшиж байгаа Монгол Улсын иргэн, түүний гэр бүлийн гишүүд тухайн сууцаа хувьчлах авах эрхтэй” гэж заасны дагуу Д аймгийн Орон сууц хувьчлах комиссоос иргэн Т.Э-т олгосон 2005 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 11 тоот гэрчилгээг үндэслэн Х сумын 1 дүгээр баг 11 дүгээр байрны 11 тоот 130,0 м.кв 10 өрөө бүхий орон сууцыг Орон сууц хувьчлах товчооны 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор иргэн Т.Э хувьчилсан байна. Орон сууц хувьчлахдаа сумын Орон сууц хувьчлах комиссоос олгосон “Эзэмших эрхийн гэрчилгээ”-г үндэслэн тогтоол гарган “Өмчлөх эрхийн гэрчилгээ” олгодог тул манай Орон сууц хувьчлах товчоо нь хариуцагч биш харин Х сумын Орон сууц хувьчлах комисс хариуцагч гэж үзэж байна.

Иймд хуулийн дагуу уг байр хувьчлагдсан тул Орон сууц хувьчлах товчооны 49 дүгээр тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй болно” гэжээ.

 

//

Хариуцагч Д аймгийн Орон сууц хувьчлах товчооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Манайх Орон сууц хувьчлах тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Энэ хуульд орон сууц хувьчлалын бүрэн эрх гэдгийг заасан. Сумын Орон сууц хувьчлах комисст сумын удирдах ажилтан болон хуульч, нарийн бичиг гэх мэт 3-5 хүн байдаг. Энэ комисс хуралдаад тухайн үед орон сууцаа өмчилж авъя гэсэн хүсэлтийг үндэслэн материалыг бүрдүүлээд бидэнд өгдөг. Бид материалыг хүлээж аван бүрдлийг шалгаад өмчлөх эрхийн гэрчилгээ олгодог. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьсан гарашийг бид хувьчлахгүй. Бид зөвхөн орон сууц хувьчилдаг. Бид тайлбараа гаргаад өгчихсөн байгаа. Х сумын Орон сууц хувьчлах товчооноос Т.Э гэдэг хүнд Орон сууц хувьчлах тухай хуулийн дагуу орон сууц эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж шийдвэрлэсэн. Тиймээс бид хариуцагч биш, харин Х сумын Орон сууц хувьчлах товчоо хариуцагч юм. Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

Хариуцагч Д аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мэндбаяр шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Д аймгийн Орон сууц хувьчлах товчооны 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор Т.Эт олгогдсон 0113491 ДА бүртгэлийн дугаартай Д аймгийн Х сумын 1 дүгээр баг 11 дүгээр байр 11 тоот 130,0 м.кв талбайтай 10 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэн 2011 оны 2 дугаар сарын 28-нд Ү-2005000442 дугаарт улсын бүртгэлд бүртгэсэн байна.

Тухайн үед үйлчилж байсан Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байсан болно. Иргэн Т.Э нь тус орон сууцыг 2011 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 306 дугаартай нотариатчийн гэрчилсэн орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр Д аймаг Х сум 1 дүгээр баг, 11 дүгээр байр 2 дугаар орц 130,0 м.кв талбайтай 10 өрөө орон сууц, 6 машины гарашийг Д аймгийн Х сумын Засаг даргын Тамгын газарт шилжүүлэн бүртгүүлсэн байна. Иргэн Ё.Б-гийн гаргасан иргэн Н.Ё-гийн орон сууц хувьчлахтай холбоотой бичиг баримт манай байгууллагад ирээгүй болно. Иймд, Ё.Б-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй" гэжээ.

 

Гуравдагч этгээд Д аймгийн Х сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Т шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Х сумын Буурал багийн иргэн Ёндонжалбуугийн Байгалмаагийн нэхэмжлэл, хариуцагч Д аймгийн захирагчийн ажлын алба /Д аймгийн Орон сууц хувьчлах товчооны эрх залгамжлагч/-ны тайлбарыг захиргааны уг хэрэг маргаанд гуравдагч этгээдээр оролцогч Х сумын Засаг даргын Тамгын газар хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй юм. Орон сууц хувьчлах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-т заасан орон сууц хувьчлах үүрэг бүхий Орон сууц хувьчлах товчоог суманд байгуулсан тухай Төрийн өмчийн хорооны болон аймгийн Засаг даргын шийдвэр байхгүй тул /энэ нь баримтаар нотлогдохгүй байгаа/ Д аймагт өмч хувьчлалаар орон сууц хувьчлах тухай шийдвэрийг орон сууц хувьчлах “сумын товчоо” бус орон сууц хувьчлах “аймгийн товчоо” эцсийн шийдвэрийг гаргадаг байсан байна.

Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хувьчлах орон сууцыг сууц эзэмших эхийн бичиг /ордер/-ийн үндсэн дээр орон сууц хөлслөх гэрээгээр эзэмшиж байгаа Монгол Улсын иргэн, түүний гэр бүлийн гишүүд тухайн сууцаа хувьчлан авах эрхтэй” гэж заасан. Гэтэл тухайн үед Ёндонжалбуу гуай уг орон сууцыг орон сууц хөлслөх гэрээгээр эзэмшиж байсан эсэх нь баримтаар тогтоогдохгүй байна. Бурхан болооч тухайн үед Орон сууц хувьчлах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан үүрэг, эрх /1997.1.31-ний өдрийн хуулиар уг зүйлийг нэмсэн/-ээ эдлээгүй байсан байна” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 1 дугаар сарын 03-ны өдрийн 40 дүгээр шийдвэрээр: Орон сууц хувьчлах тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасныг баримтлан “Х сумын 11 дүгээр байрны 15 тоот 2 өрөө орон сууцыг хувьчлах эрхийн акт гаргахыг Орон сууц хувьчлах товчоо, Улсын бүртгэлийн Ү-2005000442 дугаарт бүртгэгдсэн Д аймгийн Х сумын 1 дүгээр баг 11 дүгээр байрны 11 тоот 130,0 м.кв талбайтай 10 өрөө бүхий орон сууцыг зөвтгөн бүртгэхийг Улсын бүртгэлийн хэлтэст тус тус даалгуулах” тухай Ё.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч Ё.Б давж заалдах гомдолдоо: “Миний аав Н.Ёндонжалбуу агсан насаараа Х сумын бүтээн байгуулалтад оролцон, тус САА-г байгуулсан

 

б

үеэс тракторчнаар ажиллаж байгаад 2005 онд өвчний улмаас нас барсан юм. Аав маань 1994 онд БНМАУ-н өмч хувьчлах тухай хуулийн дагуу Х суманд сууц өмчлөх шийдвэр гаргахад нь хөрөнгө оруулалтын эрхийн бичиг болох ягаан тасалбараар 1-р багийн 11-р байрны 2-р орцны 15 тоот 2 өрөө байрыг худалдаж авсан юм. Тухайн үед худалдаж авсан хүмүүст гэрчилгээ баримт бичиж өгөөгүйн улмаас өнөөг хүртэл орон сууцаа өөрийн болгож авч чадалгүй хохирч байна.

...Тухайн үед суманд байгуулагдсан эрх бүхий комисс нь тушаал гаргасан бөгөөд энэ тушаал нь хүчингүй болоогүй байхад Х сумын засаг захиргаа дахин хувьчлал явуулж Т.Эт эзэмших эрхийн гэрчилгээ бичиж өгч 2010 онд бүхэл бүтэн 2-р давхар байрны 1 орцны 10 байрыг /Орон сууц хувьчлах товчоо хянаж судалж үзэлгүйгээр 2010 оны 12-р сарын 17 ний өдөр 49-р тогтоол гаргаж давхар хувьчилсан байдаг. Энэ нь Д Уул аймгийн орон сууц хувьчлах товчооны ажлаа сайн мэдэхгүй хувьчилсан баримт өөрийн архивд байсаар байтал түүнийг хянаж үзэлгүйгээр тогтоол гаргаж алдаа гаргасныг харуулж байна. Би Х сумын холбогдох эрх мэдэл бүхий хүмүүсээс орон сууц эзэмших эрхийн гэрчилгээ авъя гэж удаа дараа хүсэхэд "Аавд чинь хувьчилж авсан гэсэн баримт алга гэж хэлсээр ирсэн. Гэтэл хувьчлагдсан баримтууд нь шүүхийн шалгалтаар гарч ирсэн юм.

Үүнээс харахад санаатайгаар хувьчилсан асуудлыг дарагдуулж Т.Э-д дахин хувьчилсан. Урьд нь олон жил баримт гаргуулахаар сумын захиргаа аймгийн Орон сууц хувьчлалын товчоо архив зэрэг газруудаар яваад баримт олдоогүй нуун дарагдуулж байсны нэг жишээ баримт нь орон сууц хувьчлалын товчооны ажилтан н.Мөнхзул энэ шүүх хурлын өмнө 2013 онд орсон хуралд хуурамч баримт бүрдүүлсэн тухай мэдүүлэг өгч байсан нь гэрчилж байгаа. Шүүх энэ болгоныг тодорхой байхад миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаад гомдолтой байна.

Би 2005 онд аавыгаа нас барангуут энэ асуудлыг хөөцөлдсөн. Үүнийг хэргийн материалд асуугдсан гэрчүүдийн мэдүүлэг нотолсон байгаа. Т.Э-д хувьчлагдсан, эргээд захиргаа худалдаж авсан гэдгийг 2010 онд мэдсэн. Гэтэл надад хувьчилсан гэх нотлох баримтыг гаргаж өгөөгүйн улмаас хэд хэдэн удаа шүүхээс миний материал буцаж байсан. Өнөөдрийг хүртэл цаг хугацаа алдсан нь нотлох баримт манай архивд байхгүй гэж худал мэдүүлэг шүүхэд гаргаж өгч байсан хариуцагчийн буруутай үйлдлээс болсон гэж үзэж байна. Эндээс хариуцагч нь удаан хугацааны туршид нотлох баримтыг нуун дарагдуулж хугацаа авсан, одоо нотлох

 

баримтыг шүүх хуралд гаргаж өгсөн нь өөрсдийн буруутай үйлдлийг хаацайлах гэсэн оролдлого гэдэг нь харагдаж байна. Гэтэл шүүх энэ байдлыг харгалзан үзэлгүйгээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд захиргааны хэргийн 6 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 40 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээс гадна Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ё.Б-гаас “Д аймгийн Х сумын 1 дүгээр баг, 11 дүгээр байрны 15 тоот 2 өрөө орон сууцыг хувьчлах эрхийн акт гаргахыг Орон сууц хувьчлах товчоонд даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс “Улсын бүртгэлийн Ү- 2005000442 дугаарт бүртгэгдсэн Д аймгийн Х сумын 1 дүгээр баг, 11 дүгээр байрны 11 тоот 130 м.кв талбайтай 10 өрөө бүхий орон сууцыг зөвтгөн бүртгэхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах”-ыг хүсэж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэхдээ нэхэмжлэгч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацааг хэтрүүлж, нэхэмжлэл гаргах эрхээ алдсан болохыг дурдсан хэдий ч энэ үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх ёстой байжээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана", мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Иргэн, хуулийн этгээд дараахь тохиолдолд энэ хуулийн 6.1-д заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй" гэж заасан байна.

 

&

Нэхэмжлэгч Ё.Б нь маргаж буй орон сууцны анхны эзэн гэх Ёндонжалбуу агсны төрсөн охин байх бөгөөд тэрээр аавыгаа 1995 онд орон сууц авсан гэдгийг мэдэж байсан гэх бөгөөд тухайн орон сууцанд тэдгээрийн хэн аль нь амьдарч байгаагүй, уг орон сууц 2000-2005 оны үед халаалтгүйн улмаас хөлдөж, хүн амьдрах боломжгүй болсныг сумын захиргаа бүртгэлдээ авч халаалт, засвар үйлчилгээ хийснээр иргэн Т.Э гэгчид эзэмшүүлсэн, эргээд түүнээс сумын захиргаа худалдаж авсан болох нь хэрэгт авагдсан баримтууд, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн тайлбаруудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ё.Б шүүхэд гаргасан тайлбартаа “...иргэн Т.Э-д хувьчлагдсан, дараа нь сумын Засаг даргын Тамгын газар худалдаж авсан гэдгийг 2010 онд мэдсэн...” гэж мэдүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийн дээрх тайлбараас үзэхэд 2010 онд эрхээ зөрчигдсөн болохыг мэдсэн, мэдсэнээс хойш хуулийн хугацаанд Захиргааны хэргийн шүүхэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байгаагүй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэл гаргах эрх нь захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус эрх зүйн акт, үйлдэл, эс үйлдэхүйн улмаас үүсдэг бөгөөд нэхэмжлэл гаргах эрхийг мөн хуульд тусгайлан заасан хугацаанд гаргахыг шаарддаг. Нэхэмжлэгч Ё.Б-гийн нэхэмжлэлийн шаардлага нь Орон сууц хувьчлах товчоонд орон сууц хувьчлах акт гаргахыг даалгах мөн өмчлөх эрхийн улсын бүртгэлтэй холбоотой бөгөөд нэхэмжлэгчийн хувьд тухайн актуудад холбогдуулан зөрчигдсөн эрхээ сэргээлгэх нэхэмжлэл нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан хугацааг хэтрүүлсэн, өөрөөр хэлбэл түүний орон сууц эзэмших эрхээ нэхэмжлэн шаардах хугацаа өнгөрсөн байх тул энэ үндэслэлээр хуульд заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Ингэснээр нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлаж буй хэрэг бус, хэрэв нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн хугацааг ямарваа нэгэн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэж үзвэл мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т заасны дагуу хугацаа сэргээлгэх хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх боломжтой болохыг дурдах нь зүйтэй.

 

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 40 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг түүнд буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.