Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 100

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтансүх,

Улсын яллагч С.Болорчулуун,

Шүүгдэгч М.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татсан тогтоол үйлдэж ирүүлсэн Долоод овогт Мядагмаагийн Батбаярт холбогдох эрүүгийн 201610010180 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын  1 дүгээр баг 144Б байрны 03 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, Долоод овогт Мядагмаагийн Батбаяр /ЗЮ-76060816/

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч М.Батбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 21 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг 144Б-03 тоотод эхнэр Т.Эрдэнэсувдтай хэрэлдэж маргалдсаны улмаас толгойн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай  учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татсан тогтоолд авагдснаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч М.Батбаяр мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 09 дүгээр сарын 04-ний орой 21:00 цагийн  үед гэртээ согтуу орж ирсэн. Тэгтэл эхнэр архи уусан байна гэхээр нь би уучлаарай ханиа би найзтайгаа тааралдаад уучихлаа гэж хэлсэн. Тэгтэл эхнэр архи уулаа гээд уурласан. Тэгээд эхнэр хоол, цай хийж өгсөн. Миний уур хүрээд би эхнэрийнхээ хажууд байсан хүүхдийн манежийг аваад эхнэрийнхээ толгойн тус газар руу нь цохисон. Тэгтэл эхнэрийн толгойноос цус гарахаар нь би сандараад гэрээсээ гараад явсан. Тэгтэл цагдаагийн газар руу дуудлага өгсөн байсан. Миний буруу би архи уухаараа муухай ааш, зан гаргадаг. Би энэ бүгдээс их зүйлийг ойлгож авлаа. Дахиж ийм алдаа гаргахгүй. Эхнэрээсээ дахин уучлалт гуйсан. Тухайн үед эхнэр бид хоёрын хооронд ийм асуудал болсон. Би архи согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэсэн байсан. Би тухайн үед гэртээ орой орж ирэхэд эхнэр гэртээ хүүхэдтэйгээ хоёулахнаа байж байсан. Гэрт бид хоёроос өөр хүн байгаагүй. Би гэртээ орой 21:00 цагийн үед гаднаас согтуу орж ирэхэд эхнэр архи уулаа гэж уурласан тэгээд надад хоол, цай хийж өгсөн би хоолоо идэхгүй муухай ааш зан гаргаж уурандаа хүүхдийн манежийг авч эхнэрийнхээ толгойн тус газар руу цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан. Би хийсэн зүйлдээ гэмшиж байна. Би эхнэрээсээ дахин уучлалт гуйсан. Миний буруу. Замын-Үүд сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах 144-р байранд буюу гэрт болсон асуудал. Би эхнэртэйгээ харилцан ярилцаж хоорондоо сайн дураараа эвлэрсэн. Архи ууснаас ийм зүйл болсон. Урд нь эхнэртээ гар хүрч байгаагүй ...”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 20/,

- Хохирогч Т.Эрдэнэсувд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би энэ хүнтэй ханилаад 3 жил болж байна. 2016 оны 09 дүгээр сарын 04-нд манай нөхөр орой 21:00 цагийн үед гэртээ согтуу орж ирсэн. Тэгэхээр нь би архи уулаа гэж жаахан уурласан тэгээд аяганд хоол хийж, цай хийж нөхөртөө өгсөн. Тэгтэл хоол, цайгаа идээгүй байж байгаад хүүхдийн манеж гал тогоонд байж байхад шууд аваад миний толгойн тус газар руу цохисон. Би тэгээд толгойноос цус гарахад гараараа дарсан. Тэгтэл нөхөр маань шууд гэрээсээ гараад явсан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад ирж мэдэгдээд эмнэлэг явсан. Тухайн үед ийм л асуудал болсон. Манай нөхөр урд нь бас л архи ууж ирэхээр нь хэрэлдэж маргалдан гар хугалж байсан. Би тухайн үед цагдаагийн байгууллагад мэдэгдэж байгаагүй. Надаас уучлалт гуйж ирэхээр нь би ойлгох байх гээд уучилсан. Дахин ийм асуудал гаргахгүй гэж надад амлалт өгсөн болохоор би энэ удаа нөхрийгөө уучилж байна. Нөхөр маань миний толгойн тус газар руу цохиж бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан. Надаас ирж дахин дахин уучлалт гуйсан. Миний тархи толгой зүгээр болсон бид хоёр нэг гэрт амьдарч байгаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Нөхөр маань гэмшиж гэм буруугаа хүлээж, надаас уучлалт гуйсан. Замын-үүд сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах 144-р байр буюу гэрт болсон асуудал. Бид хоёр хоорондоо харилцан ярилцан сайн дураараа эвлэрсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10/,

 - Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 дүгээр сарын           05-ны өдрийн 352 дугаар шинжээчийн дүгнэлтэнд:

1. Т.Эрдэнэсувдын хуйханд оройн зүүн хэсэгт язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Учирсан гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн  хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 12/,

- М.Батбаярын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 22/,

-  Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 21/ зэргийг нотлох баримтуудыг  судалсан болно.

2016 оны 09 дүгээр сарын 04-ний орой М.Батбаяр гэртээ согтуу ирэхэд нь эхнэр Т.Эрдэнэсувд архи уулаа гэж уурлахад нь М.Батбаяр хүүхдийн манеж авч түүний толгойн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт болсон байна. Уг үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинэчлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокуророос М.Батбаярын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг гэж яллагдагчаар татсан тогтоол үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй ба түүний үйлдэл нь дээрхи гэмт хэргийн Эрүүгийн хуульд заасан бүрэлдэхүүний бүх шинжийг хангасан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай баримтууд байх тул шүүх үнэн зөв гэж үзэж тогтоолдоо үндэслэв. Эдгээр нотлох баримтуудыг шүүх, шүүгдэгч М.Батбаярын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

Иргэн Т.Эрдэнэсувдын биедээ авсан гэмтэл нь тэдний таарамжгүй харьцаанаас үүссэн ба шүүгдэгч М.Батбаярын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь дээр дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хэргийн нөхцөл байдлаар хангалттай бүрэн тогтоогдож байх тул М.Батбаярыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

 Шүүгдэгч М.Батбаярт ял шийтгэл оногдуулахдаа согтуугаар үйлдснийг хүндрүүлэх нөхцөлд, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нь санал гомдолгүй, эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөлөөр харгалзан  үзэв.    

 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Долоод овогт Мядагмаагийн Батбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Долоод овогт Мядагмаагийн Батбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч М.Батбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4.  Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Батбаярт авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр, Дорноговь аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Б.НАРМАНДАХ