Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2020/00443

 

Б.Сын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2019/01415 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1751 дүгээр магадлалтай,

Б.Сын нэхэмжлэлтэй

МСМ Г ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.Сын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэлгэржаргал, хариуцагчийн өмгөөлөгч Б.Нандинчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Со нь 2010 оны 6 дугаар сараас 2013 оны 12 дугаар сар хүртэл МСМ Г ХХК-д буюу тухайн үеийн Монголиан стар мелшерс ХХК-д ажиллаж байсан бөгөөд ажлын нөхцөлийн улмаас биеийн байдал муудаж ажлаас гарч өөр байгууллагад ажиллаж байгаад дахин МСМ Г ХХК-д 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хүнд даацын автомашин, автобус худалдааны хэлтэст худалдааны администратороор ажилласан. Нэхэмжлэгч Б.Со нь гадаадад эмнэлэгт үзүүлэх зорилгоор 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн ээлжийн амралтаа эдлэхээр 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хариуцагч компанийн удирдлагаар батлуулсан. Ингээд 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн ээлжийн амралтаа авах гэж байх үед буюу 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гүйцэтгэх захирал Марк Габелын Б-18/379 тоот тушаалыг танилцуулж ажлаас гэнэт халсан. Нэхэмжлэгч нь хариуцагч МСМ Г ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, компанийн хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж байгаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд биелүүлж байсан атал Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж, урьдчилан мэдэгдэлгүй үндэслэлгүйгээр ажлаас гэнэт халж миний эрхийг зөрчсөн. Иймд хариуцагч МСМ Г ХХК-ийн гүйцэтгэх захирал Марк Габелын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б-18/379 тоот тушаалыг хүчингүй болгож, хүнд даацын автомашин, автобус худалдааны хэлтэст худалдааны администорын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Б.Сотой анх 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээг байгуулсан бөгөөд 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. Б.Со нь тус компанийн автомотивын газрын ачааны машины борлуулалтын хэлтэст борлуулалтын администраторын албан тушаалд ажиллаж байсан ба тус ажлын байрны үндсэн чиг үүрэгт тээврийн хэрэгслүүдийн мэдээллийн баазыг хариуцаж, мэдээллүүдийг тогтмол шинэчлэх, хэлтсийн админисраторын хувьд үнийн санал гаргах процесс баримт бичиг, гадаад дотоод захиалга болон шаардлагатай бусад ажлуудыг зохицуулах, үнийн санал, үйлчлүүлэгчтэй харилцах, мэдээлэл оруулах зэрэг борлуулалтын өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэрэг ажлууд багтсан. Б.Сыг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тус компанийн гүйцэтгэх захирал Марк Габелийн Б-18/379 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Уг тушаалын 1 дүгээр зүйлд тус компанийн автомотивын газрын ачааны машины борлуулалтын хэлтэст борлуулалтын администратор ажилтай Б.Со нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа давтан зөрчил гаргаж, ажлаас удаа дараа хоцорсон мөн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй байх тул Б.Сын гаргасан зөрчил, ажлаас чөлөөлж байгаа үндэслэлийг тодорхой зааж, холбогдох хууль тогтоомж, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд нийцүүлэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Нэхэмжлэгч Б.Сотой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, түүний 1 дүгээр хавсралт дахь ажлын байрны тодорхойлолтын дагуу Б.Сын ажлын цаг 09:00-18:00 цагийн хооронд байхаар тодорхой зааж, харилцан тохиролцсон. Гэтэл Б.Сын 2018 оны 6 дугаар сараас 8 дугаар сарын ажлын цагийн бүртгэлээс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нийт 1000 орчим минутын хоцролт бүртгэгдэж талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн тул 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гүйцэтгэх захирал Марк Габелийн Б-18/284 тоот тушаалаар тоот тушаалаар үндсэн цалинг 1 сар 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Нэхэмжлэгч нь уг тушаалтай 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр танилцан хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж хүлээн авсан. Нэхэмжлэгч Б.Со нь өөрийн шууд удирдлага болох МСМ Г ХХК-ийн автомотивын газрын ачааны автомашин борлуулалтын хэлтсийн менежер Б.Батхүүгийн өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа сануулсан хэдий ч биелүүлээгүй буюу хэлтсийн менежер Б.Батхүү нь 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Б.Сод хүнд даацын автомашин, автобуснуудын үнийн жагсаалт гаргах шинэчлэх ажлыг үүрэг болгосон ба удаа дараа гүйцэтгэх хугацааг сунгаж боломж олгосон боловч зохих ёсоор гүйцэтгээгүй. Тухайлбал 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хэлтсийн хурлаар Б.Батхүү нь үнийн жагсаалт гаргах ажлыг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны дотор эцэслэн гаргаж өгөхийг нэхэмжлэгчид үүрэг болгосон хэдий ч хийгдээгүй бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дахин хуралдаж энэ ажлыг гүйцэтгэх хугацааг 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр болгон дахин сунгасан. Гэсэн хэдий ч нэхэмжлэгч нь энэ ажлыг сахилгын шийтгэл ногдуулан ажлаас халсан өдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгээгүй. Тушаал хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2019/01415 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Сын гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1751 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2019/01415 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Со хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарласан хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Б.Сыг 2018 оны 6 сараас 8 сар хүртэлх хугацаанд нийт 1000 орчим минут ажлаас хоцорсон үндэслэлээр түүнд цалин бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан, уг тушаалд нэхэмжлэгч Б.Со нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргаагүй байна гэж дүгнэсэн, удирдах дээд албан тушаалтан буюу ачааны машин, автобусны борлуулалтын менежер Б.Батхүү нь 2018 оны 11 сарын 19-ний өдрийн хэлтсийн хурлаар нэхэмжлэгч Б.Сод бүтээгдэхүүний үнийн жагсаалтыг шинэчлэх ажлыг 2018 оны 11 сарын 30-ны өдрийн дотор гүйцэтгүүлэхээр даалгасан ч нэхэмжлэгч Б.Со даалгаврыг биелүүлээгүй нь цахим шуудан болон түүнд үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон, Б.Со нь тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн гэдгээ баримтаар нотлоогүй бөгөөд ажилтан сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа давтан зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдож байна гэж дүгнэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 69 дүгээр зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэх үндэслэл болж байна. Хариуцагч компанийн захирал Марк Габелийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б-18/284 тоот тушаал /хх-ийн 61 тал/-аар нэхэмжлэгчийг 2018 оны 06 дугаар сараас 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хугацаанд нийт 1000 орчим минут хоцорсон гэх үндэслэлээр цалин бууруулах арга хэмжээг авсан байдаг бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэгч Б.Со нь сахилгын арга хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ хүний нөөцийн менежерт болон өөрийн шууд удирдлага болох менежер н.Батхүү нарт [email protected] имайл хаягаар борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой холбогдох байгууллагатай уулзалттай байсан, автомашины гаалийн бүрдүүлэлт хийж байсан талаар зохих тайлбар, татгалзалаа гаргасан байдаг боловч хариуцагч компанийн хөдөлмөрийн дотоод бодлогын журмын 6.11-д “...ажилтан сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь түүнийг сахилгын шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй...” гэж заасныг үндэслэн хүлээн авахаас татгалзсан байдаг нь ажилтны хууль ёсны эрх ашгаа хамгаалах эрхийг ноцтой зөрчсөн болно. Түүнчлэн нэхэмжлэгч Б.Со нь удирдах дээд албан тушаалтан буюу ачааны машин, автобусны борлуулалтын менежер Б.Батхүүгийн бүтээгдэхүүний үнийн жагсаалтыг шинэчлэх ажлыг 2018 оны 11 сарын 30-ны өдрийн дотор гүйцэтгүүлэхээр даалгасан ажил үүргийг цаг тухайд нь гүйцэтгэж албан хэрэгцээнд ашигладаг [email protected] имайл хаягаас менежер Б.Батхүүгийн [email protected] майл хаягт илгээсэн байдаг. Нэхэмжлэгч Б.Сыг хариуцагч “МСМ Г” ХХК нь ажлаас халсан даруй хариуцагчаас компаниас олгосон [email protected] имайл хаягт нэвтрэн орох эрхийг хаасан байдаг бөгөөд ажил үүрэгтэй холбоотой бусдад илгээсэн 4804 ширхэг МSМ буюу захидал, зурвас хадгалагдсан байсан байдаг. Нэхэмжлэгч Б.Сын нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх цаг хугацаанд буюу 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны өмнө 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 4 ширхэг, шүүгчийи 183/ШЗ2019/02376 дугаартай захирамж гарсны дараа буюу 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 5 ширхэг зурвас, захидал, мэдээллийг устгасан байдаг болио. Хэдийгээр хариуцагч компаниас нэхэмжлэгчийн нэвтрэн орох эрхийг нь хаасан ч нэхэмжлэгчийн Iphone7 plus маркийн гар утсанд имайл хаягтай холбоотой хэдэн ширхэг зурвас хадгалагдаж байгаа болон хэдэн зурвас устгагдсан талаар мэдээлэл ирдэг болно. Хариуцагчийн зүгээс бусдын имайл хаягт нэвтрэн орох боломжгүй гэдэг тайлбарыг гаргадаг боловч шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн болон Б.Батхүү, хүний нөөцийн менежер нарын имайл хаягт үзлэг хийхэд хариуцагч компанийн мэдээллийн ажилтан ирж нэхэмжлэгчийн майл хаягт нэвтрэн орох эрхийг нээж байснаар хариуцагчийн тайлбар үгүйсгэгддэг. Нэхэмжлэгч Б.Сыг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн ээлжийн амралт эдэлж эхлэхээс нэг өдрийн өмнө Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод бодлого журмын 5 дугаар зүйлийн 5.49, 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.3.2.1 дэх заалтуудыг үндэслэж хариуцагч компанийн захирал Марк Габелын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №Б-18\379 тоот тушаалаар ажлаас халсан. Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж болохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зохицуулсан байдаг. Гэтэл ажилтны гаргасан ямар зөрчлийг ноцтойд тооцох талаар хөдөлмөрийн гэрээнд болон хөдөлмөрийн дотоод бодлого журамд тодорхой нэрлэн заагаагүй, захирлын тушаал нь хууль зүйн үр дагавар үүсгэдэг шийдвэр болохын хувьд хуульд нийцсэн байх ёстой байтал хариуцагч “МСМ Г” ХХК нь нэхэмжлэгч Б.Сыг хөдөлмөрийн гэрээний аль заалтад тодорхойлогдсон ноцтой зөрчил гаргасан талаар тухайлан заагаагүй байтал анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг эргэлзээгүй, үнэн зөв талаас үнэлж дүгнэлгүйгээр нэхэмжлэгчийг ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Со нь хариуцагч МСМ Г ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэсэн байна.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, нэхэмжлэлийг хангах боломжгүй гэж дүгнэв.

Б.Со нь 2016 оны 5 сарын 02-ноос МСМ Г ХХК-ийн автомотивын газрын ачааны машины борлуулалтын хэлтэст борлуулалтын администраторын албан тушаалд ажиллаж эхэлсэн, талууд 2018 оны 4 сарын 05-ны өдөр хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан байна. /1 дүгээр хх-ийн 7-10 дугаар тал/

МСМ Г ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б-18/379 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн дотоод бодлого журмын 5 дугаар зүйлийн 5.49, 6 дугаар зүйлийн 6.4, 6.5, 6.5.4 болон хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.3.2.1 дэх заалтуудыг үндэслэн Б.Сотой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халжээ. Тэрээр Б.Со нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй зөрчлийг давтан гаргасан гэж үзсэн байна.

Б.Со нь 2018 оны 6-8 сарын хооронд нийт 1000 орчим минут ажлаас хоцорсон үндэслэлээр ажил олгогчийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б-18/284 дүгээр  тушаалаар үндсэн цалинг 1 сар 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл авагдсан, тушаал хүчинтэй байна. Үүний дараа 2018 оны 11 сард бүтээгдэхүүний үнийн жагсаалтыг шинэчлэх ажлыг хугацаанд нь гаргах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, давтан зөрчил гаргасан тул ажил олгогч гэрээг цуцалсан нь хэрэгт байгаа баримтын хүрээнд тогтоогдсон, шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх ба уг үнэлгээнд үндэслэн гаргасан дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй.

Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.3.2.1-т ...ажилтан сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа давтан зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцална гэж заасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг зөрчөөгүй, гэрээгээр тохирсон нь хуулийг үгүйсгээгүй юм.Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2,  129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа “...үндсэн цалинг бууруулах арга хэмжээ авсан тушаалд гомдол гаргасан боловч ажил олгогч компанийн хөдөлмөрийн дотоод бодлогын журмын 6.11-д зааснаар хүлээн авахаас татгалзаж, хууль ёсны эрх ашгийг зөрчсөн, ...бүтээгдхүүний үнийн жагсаалтыг цаг тухайд нь гаргаж өгсөн, ...цахим шууданд нэвтрэх эрхийг ажил олгогч хаасан, ....мессеж, зурвасыг устгаснаас хийсэн ажлаа нотолж чадаагүй, ...шүүх нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг бүрэн хангаагүй, зөрчил гаргаагүй” тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нь үндсэн цалинг бууруулсан сахилгын шийтгэлийг зөвшөөрөөгүй бол  Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацаанд шүүхэд гомдол гаргах эрхтэй байжээ. Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болдоггүй тул энэ талаарх гомдлыг хангах боломжгүй болно. Цахим хаягт нэвтрэх эрхийг нь хаасан, мэдээлэл устгасан эсэхийг  нэхэмжлэгч нотлох зорилгоор уг баримтыг олж авах боломжгүй гэж нотлох баримтыг бүрдүүлэх хүсэлтийг шүүхэд гаргасан байх ба шүүх хүсэлтийг хангаж, баримт гаргуулах, үзлэг хийх ажиллагааг явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 105 дугаар зүйлийн 105.1-д нийсэн байна.

Нэхэмжлэгч нь цахимаар даалгавар, ажлын төлөвлөгөөг удирдлагаас хүлээн авч, хийсэн ажлаа цахимаар явуулдаг, энэ талаарх баримт, үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд 2018 оны 11 сарын 19, 20-ны өдрүүдэд ажлыг дутуу гүйцэтгэсэн, бүрдэл дутуу болохыг удирдлагаас мэдэгдэж байсан үйл баримт тогтоогдсон байна.

Хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд маргааны үйл баримтыг тогтоож, хэрэглэвэл зохих хуулийн хэрэглэсэн тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2019/01415 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1751 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Х.СОНИНБАЯР

                       ШҮҮГЧ                                                                П.ЗОЛЗАЯА