Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2019/ШЦТ/300

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Журагат,

улсын яллагч Г.Хатанцэцэг,

шүүгдэгч С.Ц-

хохирогч Г.Чимэдрэгзэн

шинжээч Г.Энхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос  Ц-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805061690221 тоот хэргийг 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1969 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 49 настай, дээд боловсролтой, геодизийн инженер мэргэжилтэй, .... ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүрэг ... дугаар хороо ... дүгээр хороолол ... дугаар байр байрны...  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,  Ц-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч С.Ц- нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 35 дугаар байрны 08 тоот гэртээ эхнэр Г.Чимэдрэгзэнтэй маргалдаж улмаар сууж байсан сандлыг өшиглөж унаган эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ц- мэдүүлэхдээ:Яг энэ хэрэг гарахаас 2, 3 хоногийн өмнө би танай захирал руу чинь ярьж 10.000.000 төгрөг авах хэрэгтэй байна гэж хэлж байсан юм. Би тийм зүйл байж болохгүй, хэдий бидний дунд өглөг, авлагын асуудал байдаг ч гэсэн компанийн багаж, эд хөрөнгө над дээр байдаг гэсэн. Өмнө нь бас надад хэлэхгүйгээр компани руу ярьж мөнгөний асуудал ярьж байсан удаа байдаг. Харин тухайн үед компани манай эхнэрийн данс руу биш миний данс руу хийснээр би тэр асуудлыг мэдсэн байсан. Өмнө тийм зүйл болж байсан учраас тэр өглөө босоод гэрээсээ гарахдаа хаширлаад “чи ярьчихсан юм биш биз, мөнгө авчихсан юм биш биз” гэхэд “тиймээ ярьсан, мөнгө авсан” гэсэн. Тэгээд л бидний дунд маргаан эхэлсэн. Ер нь бидний дундах маргаан их л ширүүн өрнөдөг. Хэдий жижиг зүйлээс эхэлсэн ч гэсэн юунаас болж эхэлснээ мартахад хүрдэг. Манай эхнэр надад байр байхгүй, мөнгө байхгүй, тэрэндээ л чамтай хамт амьдарч байна гэж хэлсэн. Энэ бол бидний хамтдаа босгосон амьдрал. Гэтэл тэрнийгээ үгүйсгээд юу ч байхгүйдээ л чамтай хамт амьдарч байна гэж хэлэхээр нь би тухайн үед маш их бухимдсан. Өмнө бид хоёрын дунд маргаан гарах тохиолдол маш их байдаг байсан боловч би эхнэртээ гар хүрсэн удаа байхгүй. Тухайн үед би маш их уурлаад эхнэрийгээ өшиглөлтэй нь биш гээд сандалыг нь өшиглөсөн чинь сандалын хөл хугараад манай эхнэр сандлаас ойчоод уначихсан. Одоо ийм үр дагаварт хүрнэ гэж тухайн үед үнэхээр тооцож бодоогүй” гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Чимэдрэгзэн мэдүүлэхдээ: “Тухайн өглөө би цайгаа уугаад сууж байсан чинь нөхөр маань чи мөнгө авсан юм уу гэж асуусан. Би хувиараа хөдөлмөр эрхэлдэг учраас 9, 10 дугаар сард орлого муутай байсан. Би өмнө нь компани руу чинь ярьж авлагатай хүмүүсээс мөнгө авна гэж хэлж байсан. Тэр өглөө би тиймээ, ярьсан. 10.000.000 төгрөг биш 5.000.000 төгрөг авсан гэж хэлсэн. Тэгээд уурлаад утсаар ярьж байснаа утсаа салгаад, миний сууж байсан сандал руу өшиглөсөн. Тэгээд сандлын хөл хугарч унаад би өөрөө босч ирсэн. Босоод ирсэн чинь ямар ч байсан миний толгой руу цохисон. Тэр үед би юуч анзаараагүй ба нөхөр маань муудалцаад гараад явсан. Би хувцсаа өмссөн байсан учраас ажил руугаа явсан. Ажилдаа явж байх хооронд бие эвгүй л байгаад байсан. Ажилдаа очоод бие эвгүй байгаад байсан учир ойрхон байдаг бариа засалчид үзүүлсэн. Тэгээд бариа засалч чи хүнд байна, одооноос эмчилгээндээ яв гэж хэлсэн. Тэгээд би 7 хоног эмчилгээ хийлгэсэн. Тэр хооронд нөхөр маань надаас уучлалт гуйгаагүй, яасан ийсэн ч гэж анхаарал тавиагүй. 7 хоногийн дараа орой би нөхрийгөө дуудаад намайг эмнэлэг дээрээс ирж ав гэсэн. Тэгээд намайг ирж аваад гэр рүүгээ явж байх хооронд бид хоёр муудалцсан. Би хохирол мөнгө төгрөг нэхэмжлээгүй. Үнэтэй эмчилгээ хийлгэсэн учраас надад мөнгө өгөөч гэж хэлэхээр надад мөнгө өгсөн. Одоо эмчилгээний зардалд 600.000 төгрөг нэхэмжилнэ” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч С.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

   Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Г.Чимэдрэгзэнгийн “Би 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өглөө босоод нөхөртөө чиний авлагатай байсан хүнээс утсаар яриад мөнгө авсан гээд уурандаа худлаа хэлтэл нөхөр маань нөгөө хүн рүү залгалаа гэхээр нь би аваагүй. Хэрэв авсан бол чи мэдэх ёстой, чиний данс руу орох ёстой гэж хэлтэл миний сууж байсан модон сандлыг өшиглөтөл уг сандлын хөл нь хугараад би газар уначихсан.

Тэгээд арай гээд босож байтал миний баруун талын нүд рүү гараараа цохихоор нь би хаасан. Тэгтэл арай зөөлөн цохигдож толгой манараад явчихсан. Мөн намайг түлхээд цохиод байхаар нь зугтаад нөгөө өрөө рүү ортол тэр гараад явчихсан. Тэгээд би ажил дээрээ очтол миний толгой, ахар сүүл болон бөөр баруун тал руугаа хатгаж өвдөөд байхаар нь ажил дотор байрлах эмчид үзүүлж эмчилгээ хийлгэсэн. Тэгээд эмчилгээнд яваад ахар сүүл сайн зүгээр болохгүй байхаар нь бараг 7 хоногийн дараа рентгенд харуултал миний ахар сүүлний доод 1/3 хэсэгт хугарсан байна гэсэн. Ингээд би нөхөртөө ахар сүүл хугарсан байна, бас бие өвдөөд байна гэдгээ хэлсэн боловч тэр огт тоогоогүй. Нэг ч удаа эмнэлгээр авч яваагүй. Бид хоёрын дэргэд тэр үед харж байсан хүн байхгүй. Харин охин маань цаад өрөөндөө унтаж байсан.

... Ц- 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр миний сууж байсан модон сандлын хөл рүү өшиглөхөд уг сандлын хөл нь хугараад би газар унаснаас болж миний ахар сүүл хугарсан.

... Би уг эмчилгээнд 1 сая гаран төгрөг зарцуулсан баримт нь байгаа. Уг эмчилгээний зардлаа нэхэмжилмээр байна. Тухайн үед надад Ц- 600.000 төгрөг өгөөд хөдөө явсан. Тэрнээс гадна миний сэтгэл санаа их тогтворгүй, ажлаа ч олигтой хийж чадахгүй сэтгэлээр их унаж байгаа ” гэсэн мэдүүлэг. /хэргийн 17-20 дугаар хуудас/

 

Гэрч Т.Цэцэгсайханы “Би 2018 оны 10 дугаар сарын 26-ны өглөө хотод орж ирээд ахындаа очтол бэр эгч Чимэдрэгзэн, нэг хүүхэд нь байсан бөгөөд бэр эгч надад хэлэхдээ өчигдөр 2018 оны 10 дугаар сарын 25-ны өглөө ахтай чинь маргалдаад ах чинь уурлаад миний сууж байсан сандлыг өшиглөсөн. Тэгтэл уг сандлын хөл нь хугарч би доошоо шалан дээр ойчоод нуруунд суулт өгсөн юм шиг байна, нуруу өвдөөд байна, эмнэлэгт үзүүлнэ гэж байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 21-22 дугаар хуудас/

       

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 13715 дугаартай:

“1. Г.Чимэдрэгзэнгийн биед ахар сүүлний доод 1/3-т хугарал гэмтэл үүсчээ.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадвар алдатанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 24 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээ 84 дугаартай:

“1. Г.Чимэдрэгзэнгийн биед ахар сүүлний 1-р нугалмын хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. 2018 оны 12 дугаар сарын 18-ны рентген зурагт ахар сүүлний 1-р нугаламын зах ирмэг тэгш бус хугарсан байна.

3. Шүүх эмнэлгийн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг упаан  хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн болон 2018 оны 12 дугаар сарын 18-ны зургийг дүгнэлтийн хамт хүргүүлэв” гэсэн дүгнэлт. /хэргийн 28-29 дүгээр хуудас/

 

С.Ц-гийн сэжигтнээр өгсөн  “... Чимэдрэгзэн би ярьсан, мөнгө авсан гэсэн. Тэгэхээр нь чи яаж байгаа юм бэ тэндээс би мөнгөний авлагатай ч гэсэн уг байгууллагын тоног төхөөрөмж над дээр байгаа, чи яагаад дур мэдэн ярьж байгаа юм бэ гэтэл миний өөдөөс уурлаад мөнгөгүй, байр оронгүйдээ чамтай амьдарч байна гэсэн маш эвгүй үгийг хэлэхээр нь миний уур маш их хүрч тэсэлгүй түүний сууж байсан сандлын хөлийг өшиглөтөл уг сандлын урд талын хөл нь хугараад тэр сандал дээрээс Чимэдрэгзэн доош гулсаад унасан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 35-36 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай,ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааныявцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсанэрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Иймд шүүгдэгч С.Ц- нь эхнэр Г.Чимэдрэгзэнтэй маргалдаж улмаар түүний сууж байсан сандлыг өшиглөж бөгсөн хэсгээр нь шалан дээр унаган ахар сүүлийг нь хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Ц- нь Г.Чимэдрэгзэнгийн сууж байсан сандлыг өшиглөж хөлийг нь хугалсан ба үүний улмаас Г.Чимэдрэгзэн сандал дээрээс унах боломжтой гэдгийг ухамсарлан ойлгож байсан боловч уг үйлдлийг хүсч үйлдсэн тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байна гэж дүгнэв.

 

Хохирогч Г.Чимэдрэгзэнгээс “ эмчилгээндээ 1.000.000 гаран төгрөг зарцуулсан түүнийгээ нэхэмжилнэ” гэжээ.

Хохирогч Г.Чимэдрэгзэн  “Увидас” эмнэлэгт 1.200.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн нь уг байгууллагын бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдож байна. /хэргийн 64 дүгээр хуудас/

Шүүгдэгч С.Ц- нь хохирогчид 600.000 төгрөг төлсөн , уг мөнгийг хохирогч хүлээн авсан гэжээ.

Иймд хохирогч Г.Чимэдрэгзэнд учирсан 1.200.000 төгрөгийн хохирлоос шүүгдэгчийн төлсөн 600.000 төгрөгийг хасч үлдэх 600.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч С.Ц- баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,эд мөрийн баримтаар хураагдан ирсэн рентгэн зураг 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Г.Чимэдрэгзэнд буцаан олгох нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгч С.Ц-г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

1. Шүүгдэгч  Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Ц-г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Ц-г торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Ц-г торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, С.Ц- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

 

6.  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн рентгэн зураг 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Г.Чимэдрэгзэнд буцаан олгосугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц-гөөс 600.000 төгрөг гаргуулж хохирогч Г.Чимэдрэгзэнд олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ