| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/01683/И |
| Дугаар | 1970 |
| Огноо | 2017-07-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 1970
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, Энэрэл 2 байр, 20 тоотод оршин суух, Боржигин овогт Шаравын Үлэмж /РД:ЧИ60021703/
Улсад ажилласан байдал тогтоох тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ш.Үлэмж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ш.Үлэмж шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Үлэмж миний бие ЗХУ-ын Свердловскын Политехникийн дээд сургуулийг дулааны инженер мэргэжлээр 1983 онд төгсөж ирээд 1983 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1 дүгээр цахилгаан станцын Турбин цехийн засварын мастераар ажиллах болсон. Ажилд орсон тушаал гарсанаас хойш 1985 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хөдөлмөрийн дэвтэр нээж олгосон. Миний бие 1 дүгээр р цахилгаан станцын Турбин цехэд засварын мастераар 1986 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажиллаад өөр газарт ажиллах болсоноор ажлаас чөлөөлөгдөж байсан. Иймд намайг 1983 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд 1 дүгээр цахилгаан станцын Турбин цехэд засварын мастераар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ш.Үлэмж нь 1983 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд 1 дүгээр цахилгаан станцын Турбин цехэд засварын мастераар ажилласан байдал тогтоох тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэгт авагдсан дараах нотлох баримтууд, хүсэлт гаргагчийн өөрийн гаргасан тайлбар, хөдөлмөрийн дэвтэр зэргийг үндэслэн хүсэлт гаргагч Ш.Үлэмжийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Үүнд: 1 дүгээр цахилгаан станцын даргаас 1960 онд төрсөн Шаравын Үлэмжид 1985 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нээж олгосон Хөдөлмөрийн дэвтэрт: “1 дүгээр цахилгаан станцын даргын 1983 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 166 дугаар тушаалаар 1983 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс Турбин цехэд засварын мастераар үйлдвэрлэлийн дадлага хийлгэхээр томилов” гэх бичилт,
“1 дүгээр цахилгаан станцын даргын 1984 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаар тушаалаар 1983 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс ар гэрийн гачигдлын байдлыг харгалзан хөдөө аж ахуйн барилгын зургийн институтын мэдэлд шилжүүлэв” гэх бичилт зэргээр тус тус тогтоогдож байна.
Мөн Ш.Үлэмжтэй 1 дүгээр цахилгаан станцын Турбин цехэд хамт ажиллаж байсан гэрч Б.Бямбаноровын “Би 1976-1980 онд ЗХУ-ын Свердловскын Политехникийн дээд сургуулийн дулааны инженерийн ангийн оюутан байсан. Ш.Үлэмж нь 1978 онд ЗХУ-ын Свердловскын Политехникийн дээд сургуульд дулааны инженерийн ангид оюутан болж ирсэн, тэр үеэс эхлэн Ш.Үлэмжийг таних болсон. Би 1981 онд төгсөж ирээд 1 дүгээр цахилгаан станцад засварчнаар ажиллах болсон. Ш.Үлэмж нь 1983 онд ЗХУ-ын Свердловскын Политехникийн дээд сургуулийг төгсөж ирээд 1983 оны 07 дугаар сараас 1 дүгээр цахилгаан станцын Турбин цехийн засварын мастераар ажиллах болсон. Ш.Үлэмж нь 1 дүгээр цахилгаан станцад 1986 оны 12 дугаар сар хүртэл ажиллаад өөр газар ажиллах болсоноор ажлаас чөлөөлөгдөж байсан нь үнэн” гэх мэдүүлэг,
гэрч Л.Чимгээгийн “Л.Чимгээ миний бие 1 дүгээр цахилгаан станцад тооцооны нягтлан бодогчоор 1983-1984 онуудад ажиллаж байсан. Энэ хугацаанд Ш.Үлэмж нь Турбин цехийн засварын мастераар ажиллаж байсан” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул хүсэлт гаргагч Ш.Үлэмжийн ажиллаж байсан байдлыг тогтоож хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
Иймд хүсэлт гаргагч Ш.Үлэмжийг 1983 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд 1 дүгээр цахилгаан станцын Турбин цехэд засварын мастераар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигин овогт Шаравын Үлэмж /РД:ЧИ60021703/-ийг 1983 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд 1 дүгээр цахилгаан станцын Турбин цехэд засварын мастераар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ш.Үлэмжээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА