Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1022

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

Улсын яллагч: Н.Мөнхцэцэг,

Хохирогч: Б.Г-, түүний өмгөөлөгч Ж.Саранцэцэг,

Өсвөр насны шүүгдэгч: М.М-, хууль ёсны төлөөлөгч Э.Мөнхцэцэг, өмгөөлөгч С.Уламбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.М-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005028881626 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... тоот регистртэй,

Өсвөр насны шүүгдэгч М.М- нь 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голден парк” хотхон дотор байх хогийн бункерын орчимд өөрийн сууж явсан “Старекс” маркийн тээврийн хэрэгслийг тавих үед тус хотхоны харуулаар ажиллаж байсан Б.Г-өөс машин тавьж болохгүй талаар шаардлага тавьсаны хариуд маргаан үүсгэж улмаар Б.Г-ийн нүүрэн тус газар нь цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “зүүн талын завьжинд язрал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, дээд зүүн 1 дүгээр шүдний булгарал, баруун доод 2 дугаар шүдний сулрал, хамрын нуруунд зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэх судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Өсвөр насны шүүгдэгч М.М- шүүх хуралдаанд: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Б.Г- шүүх хуралдаанд: “...Би “Голден парк” хотхонд харуулын ажил хийдэг. Тухайн өдөр хотхонд машины сул зогсоол байгаагүй мөн хог ачих гээд хогны машин ирсэн байсан. М.М- машинаа зогсоолд оруулж тавина гэж хэлэхээр нь би машины сул зогсоол байхгүй гэж хэлсэн. Гэтэл М.М- машинаа зогсоолд тавина гэж надтай маргалдаж намайг зодсон. Энэ гэмт хэргийн улмаас миний шүд унасан, толгойгоо гэмтээж бариулсан. Би гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон өмгөөлөгчийн зардалд нийт 4.353.000 төгрөгийн хохирол нэхэмжилж байна” гэв.

Хохирогч Б.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Голден парк хотхонд харуулын ажил хийдэг. 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 20 цагийн үед ажлын байран дээрээ байж байсан. Ачаа ачсан хар өнгийн Старикс машин хотхон руу ордог хаалган дээр ирж зогссон би хаалга онгойлгож өгөөд тэр автомашин хотхонд орж ирсэн. 5-10 минут болсон байх уг автомашин хотхоноос гарах гээд хаалган дээр ирэхээр нь би хаалга онгойлгож өгөөд гаргасан. Уг автомашин хотхоноос гарч хог хийдэг чингэлгийн хажууд зогсохоор нь тэр автомашины жолоочид хандаж наанаа зогсож болохгүй шүү хог ачдаг машин ирж байгаа, машинаа холдуул гэсэн чинь тус автомашины жолооч би машинаа хаана тавих юм гэж асуухаар нь би яаж мэдэх юм энд машинаа тавьж болохгүй холдуул гэж хэлсэн чинь тус машины хойно суудал дээр сууж байсан үл таних эрэгтэй хүн бууж ирээд миний баруун шанаа хэсэг рүү олон удаа цохиж, миний хэвлий хэсэг рүү хөлөө нугалж өвдөгөөрөө цохичихоод тэр залуу зугтаачихсан. Тэр машиныг барьж явсан эмэгтэй хүн явах гээд байхаар нь би замыг нь хааж зогсоод цагдаа дуудсан. ...Би хувь хүн дээр очиж толгойгоо 4 удаа бариулсан /нийт 100.000 төгрөг/, 5 хоног ажилдаа яваагүй нийт 200.000 төгрөг, дээд нэг шүд хугарсан, энэ шүдээ хийлгэх 1.700.000 төгрөг, доод нэг шүд хөдөлсөн эмчилгээ авахгүй гэсэн тул энэ шүдийг хийлгэх 1.725.000 төгрөг, өмгөөлөгч авсан 500.000 төгрөг нийт 4.245.000 төгрөг энэ хүнээс нэхэмжилж байна. Гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /хх-н 18, 20-21/,

Насанд хүрээгүй гэрч Э.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 11-ний орой 20 цагийн үед эгч Мөнхцэцэг түүний хүү М.М- бид гурав эгчийн хар хөх өнгийн Старекс машинаар Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Голден парк хотхон руу хүнд бараа өгөхөөр орсон. Дотор зогсоол байхгүй байсан учир бид тус хотхоноос гарч үүд хэсэгт нь машинтайгаа зогсож байсан чинь араас машин ирээд сигнал дарахаар нь хажууд байх хогийн пункер рүү шахаж зогсох гэсэн чинь хөргөгчний төмөр байсан. Эгч М.М-т хандаж машинаас буугаад энэ төмрийг холдуул гэсэн. М.М- машинаас буусан чинь хажуугаас нь согтуу хүн гарч ирээд М.М-т хандаж наана чинь машин тавихгүй гэж хэлээд тэр хоёр хэрүүл маргаан хийсэн. Эгч Мөнхцэцэгээс бараа авах хүн машин дээр ирсэн чинь Мөнхцэцэг эгчийн дүү бараагаа өгөөд тооцоогоо хий гэхээр нь би машинаас бууж барааг нь өгөөд тооцоо хийсэн. Би бараагаа өгчихөөд М.М-ыг машинд суулгасан. Тэгээд М.М-тай хэрүүл хийж байсан хүн цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг /хх-н 26/,

Шинжээчийн 10511 дугаартай дүгнэлтэд: “...Б.Г-ийн биед зүүн талын завьжинд язрал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, дээд зүүн 1-р шүдний булгарал, баруун доод 2-р шүдний сулрал, хамрын нуруунд зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл, тархи доргилт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн мэдүүлэг /хх-н 28-29/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “...М.М-, Б.Г-ийг баруун гараараа цохиж байгааг харуулав. М.М-, Б.Г-ийг баруун зүүн хоёр гараараа ээлжлэн цохиж байгааг гэрэл зургаар харуулав. М.М-, Б.Г-ийн хэвлий хэсэг рүү гараараа цохиж байгааг гэрэл зургаар бэхжүүлэв. М.М-, Б.Г-ийн нүүрэн тус газар хэд хэдэн удаа гараараа цохиж байгааг гэрэл зургаар бэхжүүлэв” гэжээ /хх-н 10-14/,

Өсвөр насны яллагдагч М.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн өдөр ээж Мөнхцэцэг үеэл охин Оюунхандын хамт Голден парк хотхонд хүнд бараагаа хүргэх гэж очсон. Ээж машинаа хогийн бункерийн урд байрлуулах гэтэл нэг согтуу ах ирээд наана чинь машин байрлуулахгүй гээд орилсон.  Тэгэхээр нь би бууж очоод ахаа энд хүнд юм өгчихөөд явлаа 5 секунд болно, машинаа энд түр байрлуулъя гэсэн. Тэгтэл ээжийн машины ард ирсэн машинууд замаа чөлөөл гээд сигналдаад байсан. Тэгтэл байрны үзүүрээс бараа авах ёстой байсан хүн ирж яваа харагдсан. Тэгэхээр нь би ахаа удахгүй гарлаа гэж хэлсэн чинь наанаасаа холд гээд намайг цохих гэхээр нь би тэр ахын цохилтноос нь бултаад зөрүүлээд тэр ахын шанаа руу нь цохисон. Тэгтэл нөгөө согтуу ах цагдаа дуудаарай гэж орилсоноо өөрөө утсаараа цагдаа дуудсан. Би тэр хүнд санаатайгаар гэмтэл учруулъя гэж бодоогүй. Ямар ч байсан тэр хүнээс архи үнэртэж байсан. Тэр ахын хажууд байсан нэг настайвтар эмэгтэй хүн чи уучихаад боль, яах гээд байгаа гээд байсан. Манай ээж Мөнхцэцэг хархорин зах дээр гэр ахуйн бараа зардаг юм, тэгээд хүнд юм хүргэж өгөх болоод тэнд очсон юм. Тухайн үед болсон зүйл санамсаргүй явдлаас болсон, хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /хх-н 41-42/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, хохирлын баримт /хх-н 6/, компьютер томографийн оношилгоо /хх-н 32/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 44-50/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч М.М- нь 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голден парк” хотхон дотор байх хогийн бункерын орчимд өөрийн сууж явсан “Старекс” маркийн тээврийн хэрэгслийг тавих үед тус хотхоны харуулаар ажиллаж байсан Б.Г-өөс машин тавьж болохгүй талаар шаардлага тавьсаны хариуд маргаан үүсгэж улмаар Б.Г-ийн нүүрэн тус газар нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь “зүүн талын завьжинд язрал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, дээд зүүн 1 дүгээр шүдний булгарал, баруун доод 2 дугаар шүдний сулрал, хамрын нуруунд зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Өсвөр насны шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Г-ийн: “...тус автомашины жолооч би машинаа хаана тавих юм гэж асуухаар нь би яаж мэдэх юм энд машинаа тавьж болохгүй холдуул гэж хэлсэн чинь тус машины хойно суудал дээр сууж байсан үл таних эрэгтэй хүн бууж ирээд миний баруун шанаа хэсэг рүү олон удаа цохиж, миний хэвлий хэсэг рүү хөлөө нугалж өвдөгөөрөө цохичихоод тэр залуу зугтаачихсан. Тэр машиныг барьж явсан эмэгтэй хүн явах гээд байхаар нь би замыг нь хааж зогсоод цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг /хх-н 18, 20-21/, насанд хүрээгүй гэрч Э.О-ын: “...М.М- машинаас буусан чинь хажуугаас нь согтуу хүн гарч ирээд М.М-т хандаж наан чинь машин тавихгүй гэж хэлээд тэр хоёр хэрүүл маргаан хийсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 26/, шинжээчийн 10511 дугаартай дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Өсвөр насны шүүгдэгч М.М-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Өсвөр насны шүүгдэгч М.М- нь хохирогч Б.Г-тэй маргалдаж, улмаар түүнийг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Өсвөр насны шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн өсвөр насны шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Г-ийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

            Өсвөр насны шүүгдэгч М.М- болон түүний хууль ёсны төлөөлөгч нь шүүх хуралдаанд хохирогч Б.Г-т 200.000 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

            Хохирогч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөг, эмчилгээ хийлгэх, ажилгүй байсан хугацааны цалин нийт 4.353.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн ба тухайн хохирлыг энэ тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Хохирогч нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгчөө сонгон, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчмын үндсэн дээр төлбөртэй хийгдсэн хэлцлийн төлбөрийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан хохирол, хор уршигт өмгөөлөгчийн хөлсийг тооцох боломжгүй гэж үзсэн болно.

Хохирогч нь цаашид хэдэн төгрөгийн эмчилгээ хийлгэх нь тодорхойгүй, түүний нэхэмжилсэн үнийн дүнгээс их, бага зардал гарах боломжтой мөн ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилсэн ба тухайн байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан, нийгмийн даатгал төлсөн гэх баримт байхгүй байх тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх өсвөр насны шүүгдэгч М.М-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Өсвөр насны шүүгдэгч М.М- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, баримтаар учирсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Өсвөр насны шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчид 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч улсын яллагчтай санал нэг байна гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж, нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно...” 2 дахь хэсэгт “...шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг гэм бурууг нь ухамсарлуулах, хохирлыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргийг хүлээлгэнэ...” гэж тус тус хуульчилжээ.

Өсвөр насны шүүгдэгч М.М-ын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

  Иймд шүүхээс өсвөр насны шүүгдэгч М.М-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, хохирогчийн баримттай хохирлыг барагдуулсан, Ерөнхий боловсролын сургуулийн сурагч зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч М.М-т ял оногдуулахгүйгээр тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсэн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст даалгах зүйтэй гэж шүүх үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг  сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Өсвөр насны шүүгдэгч М.М-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.М-ыг ял оногдуулахгүйгээр тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.М- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.М-т авсан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсэн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст даалгасугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 200.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
  6. Хохирогч Б.Г- нь хохирол хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч М.М-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.ОТГОНБАЯР