| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилдоржийн Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 187/2020/0668/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/665 |
| Огноо | 2020-09-10 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Т.Мижиддорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 2020/ШЦТ/665
.:
2020 10 09 2020/ШЦТ/665
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхбаяр даргалж,
нарийн бичгийн дарга М.Солонго,
улсын яллагч Т.Мижиддорж,
шүүгдэгч *******- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай, шүүхэд ирүүлсэн Ж овогт Б-ийн Ш-т холбогдох эрүүгийн - дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, - дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Ж овогт Б-ийн Ш- /РД:-/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *******- нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “-” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр 2018 оны 5 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сарын хооронд ажиллаж байхдаа нийт 5.546.089 төгрөгийг харилцагчаас авч хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч *******- шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргаж ял тохирсон. Надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Би хохирол, төлбөрөө төлж барагдуулна гэв.
2. Хохирогч Б.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Манай компанид *******- нь 2019 оны 02 дугаар сард “Нарантуул” захын харилцагч М-гийн захиалсан барааны төлбөр болох 1.418.940 төгрөгийг өөрийн хувийн дансаар авч компаний дансруу хийхгүйгээр хувьдаа завшсан, мөн тухайн сард “Хархорин” худалдааны төвийн харилцагч Нэргүйн нэр дээр нэмэлт захиалга авч 296.006 төгрөг, 2019 оны 3 дугаар сард агуулахаас харилцагчийн бараа гэж 1.799.655 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг аваад 1.275.075 төгрөгийг төлөөгүй байсныг нь компаний захирлын тушаалаар томилогдсон ажлын хэсгээс *******-ын ажилд хяналт шалгалт хийж илрүүлсэн бөгөөд удирдах ажилтан нарын зүгээс *******-тай уулзаж ийм асуудал гаргасан талаар хэлж 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрөөс ажлаас чөлөөлсөн. *******-ыг ажлаас чөлөөлсөн байхад агуулахын туслах Б.А руу утсаар ярьж Хархорин худалдааны төвийн харилцагч Нэргүйн бараа гээд 1.660.068 төгрөгийн үнийн дүн бүхий бараа бүтээгдэхүүнийг 15-61 УБИ улсын дугаартай марк тодорхойгүй авто машинтай хүн явуулж авхуулсан байсан нь борлуулалтын камерын бичлэгээр тогтоогдож байгаа. 2018 оны 5 дугаар сард захуудын харилцагч нарт 2.963.000 төгрөгийн талоныг өгөх ёстой байснаас 1.567.000 төгрөгийн талоныг харилцагч нарт өгөлгүй хувьдаа завшсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 27-28 х/,
3. Гэрч Б.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Манай компани 2019 оны 02 дугаар сард тооцоо нийлэх үед тооцоо зөрсөн. Шалгахад *******- нь харилцагч нараас компаний данс биш өөрийнхөө хувийн хаан банкны дансыг өгч бараанаас ашиг авсан. Нэргүй гэх 10 хувийн хөнгөлөлт эдэлдэг харилцагчийн хөнгөлөлтийн эрхийг ашиглан хөнгөлөлтийн эрхээр нь өөр дэлгүүрт бараа өгч өөртөө ашиг авсан. Агуулахаас өөр хүнээр бараа авхуулсан урамшуулалын бинзен, талоныг харилцагч нарт дутуу болон огт өгөөгүй байсан. Ийм үйлдлүүд хийсэн гэдэг нь түгээлтийн жолооч харилцагч нарын падануудаар илэрсэн бөгөөд ингээд *******-тай өөртэй нь уулзаж хэлэхэд өөрөө хүлээн зөвшөөрсөн...” гэх мэдүүлэг /хх-н 32-33 х/,
4. Гэрч Б.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2018 оноос 2019 оны хооронд *******- нь “Монголиан стар дистрибюшин” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа хэд хэдэн удаагийн үйлдлээр компаний хөрөнгөөс 5.546.089 төгрөгийг хувьдаа завшсан. Энэ талаар 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр манай компанийн зөрчил шалгах комисс хуралдаад падан, баримт, зарим нэг харилцагчдын тайлбар бусад баримтан дээр үндэслэж дүгнэлт гаргасан. *******- нь өөрөө хэлэхдээ мөнгөний хэрэг гараад ингэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн ба надад зээлтэй байсан учир зээлээ төлөх гэхээр ажлын үзүүлэлтээс болоод цалин бага авснаас болоод компанийн мөнгөнөөс хувьдаа авсан гэдгээ хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 35-36 х/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч *******-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 241 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч *******- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ж овогт Б-ийн Ш-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ыг 241 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч *******-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, *******- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар *******-аас 5.546.089 төгрөгийг гаргуулж хохирогч “Монголиан стар дистрибюшин” ХХК-д олгосугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.МӨНХБАЯР