Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2018/1019/З |
Дугаар | 128/ШШ2019/0212 |
Огноо | 2019-04-02 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 128/ШШ2019/0212
2019 оны 04 сарын 02 өдөр Дугаар Улаанбаатар хот
128/ШШ2019/0212
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т,
Хариуцагч: НЗД,
Гуравдагч этгээд: М СӨХ,
Нэхэмжлэлийн шаардлага: НЗД 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/1020, мөн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1163 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулж, газар эзэмших эрхийг сэргээхийг хариуцагчид даалгах,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д, түүний өмгөөлөгч Г, хариуцагч НЗД итгэмжлэгдсэн төлөөлөгч М, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тус шүүхэд НЗДд холбогдуулан НЗД 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/10 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Т нь НЗД 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/975 дугаар захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд 410 м.кв газрыг орон сууцны зориулалтаар эзэмших болсон. Үүний дараагаар НЗД 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/245 дугаар захирамжаар нэхэмжлэгч Тийн
газар эзэмших эрхийн гэрчилгээг 5 жилийн хугацаатай сунгасан.
Т нь өөрийн эзэмшлийн газар дээрээ газар эзэмших гэрээнд заасан зориулалтын дагуу орон сууцны зориулалтаар барилга барихаар зураг төслөө 410 м.кв талбайд гүйцэтгүүлэн, ажлаа эхлүүлэх гэсэн боловч НЗД 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/975 дугаар захирамжаар Сакура констракшн ХХК-д Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд Тийн эзэмшлийн газрын зүүн талд 4000 м.кв газрыг ашиглуулахаар эрх олгосон байсан. Сакура констракшн ХХК нь өөрт олгогдсон эрхээ хэтрүүлэн Тийн эзэмшлийн 20 м.кв талбайд нь зөвшөөрөлгүйгээр хашаа барьсан. Мөн түүнчлэн Сакура хотхоныхоо гадна ус хангамж, ариутгах татуургын 3 ширхэг бохирын худаг, дулааны шугамаа зөвшөөрөлгүйгээр Тийн эзэмшлийн газар доогуур татсан.
Энэхүү хууль зөрчсөн үйлдлийн улмаас Т нь газар дээрээ барилга барих боломжгүй болж, барилга барих боломжтой талбай нь 30-40 хувьд хүрэхээргүй болж багассан. Улмаар Нийслэлийн Өмчийн харилцааны газартай байгуулсан гэрээний дагуу зураг төслөө гүйцэтгүүлсэн барилга барьж чадахгүй байдалтай, хуулиар олгосон эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тул 2014 оноос эхлэн маргаж, улмаар шүүхэд хандсан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/03520 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 132 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 708 дугаар тогтоолоор хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Уг тогтоолд Тийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан хашааг буулгуулах, зөвшөөрөлгүй барьсан 3 ширхэг бохирын худаг, дулааны шугамыг зайлуулан газрыг чөлөөлөхийг хариуцагчид даалгасан хэдий ч Сакура Констракшн ХХК нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсаар өдийг хүрсэн.
Гэвч Нийслэлийн Газрын албанаас 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 03-06/4526 дугаар мэдэгдлээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан нөхцөл бүрдсэн буюу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах талаар мэдэгдсэн. Уг мэдэгдлийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн аваад 10 дугаар сарын 29-ний өдөр хүндэтгэн үзэх шалтгааны улмаас зориулалтын дагуу ашиглаж чадаагүй тухай хариу тайлбарыг өмгөөлөгч Гөөр дамжуулан хүргүүлсэн. Гэсэн хэдий ч НЗД 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/1020 дугаар захирамжаар Тийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна. Энэ тухай 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр НЗДд гомдол гаргасан боловч 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд хандах талаар хариу ирсэн. Иймд Т нь Сакура констракшн ХХК-ийн хууль бус үйлдлийн улмаас буюу хүндэтгэн үзэх шалтгааны улмаас газраа зориулалтын дагуу ашиглаж чадаагүй тул НЗД 2018 оны 11 дүгээр сарын 01-ний А/1020 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү.
Манай зүгээс 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа НЗД 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/1020 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Тийн газар эзэмших эрхийг сэргээхийг хариуцагчид даалгах гэж нэмэгдүүлсэн. Үүний дараа 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Тийн эзэмшлийн газрыг М СӨХ-д ашиглуулахаар эрх олгосон байсан учир НЗД 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн М СӨХ-д газар ашиглах эрх олгосон захирамжийг хүчингүй болгуулж, Тийн газар эзэмших эрхийг сэргээхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. гэжээ.
Хариуцагч НЗД итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Тт НЗД 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/245 дугаар захирамжаар 5 жилийн хугацаатайгаар маргаан бүхий газрыг олгосон байдаг. Үүнээс хойш нэхэмжлэгч Т нь тухайн газрыг ямар нэгэн байдлаар ашиглаагүй гэж үзсэн. Тийм учраас Тийн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.6 дахь хэсэгт заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн газраа 2 жил ашиглаагүй гэсэн үндэслэлээр НЗД 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/1020 дугаар захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. НЗДас тус шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байгаа тул газар эзэмших эрхийг нь хүчингүй болгох талаарх мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн. Үүний дагуу нэхэмжлэгч Төөс тайлбар ирүүлсэн боловч түүнийг нь хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзээгүй учир НЗДас нэхэмжлэгч Тийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Нэхэмжлэгч Тийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр мэдэгдлийн хамт нэхэмжлэгчид хүргүүлсэн байдаг. Энэ талаарх нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа.
Мөн М СӨХ 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тухайн газрыг ашиглах хүсэлтээ ирүүлсэн байдаг. Тухайн үед тус газрыг ямар нэгэн иргэн аж ахуйн нэгжид эзэмшүүлж, ашиглуулсан НЗД шийдвэр байхгүй байсан учир Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар уг асуудлыг хэлэлцээд, Тус газрыг М СӨХ-д ашиглуулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гарсан. Уг дүгнэлтийг үндэслээд НЗД М СӨХ-д тухайн орон сууцны орчны газрыг ашиглуулах нь зүйтэй гэж үзээд, тус газрыг М СӨХ-д олгосон байдаг. М СӨХ-д газар ашиглах эрх олгосон НЗД захирамж нь нэхэмжлэгч Тийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг огт хөндөөгүй байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээдийн төлөөлөгч Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчтай санал нэг байна. Тухайн газрын зүүн талд нь орон сууц байгаа. Оршин суугчид хотхоноос гарахад шууд засмал замтай хиллэж байгаа. Тэгэхээр хаана нь байшин барьж хаалгах юм бэ? Хот төлөвлөлтийн хуулиудыг зөрчиж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч анх маргаан бүхий газрыг НЗД 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 292 дугаар захирамжаар иргэн Ж.Батсолонгоос шилжүүлэн авч, 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/975 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг баталгаажуулж, 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/245 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 5 жилээр сунгажээ.
Улмаар НЗД 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/1020 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.2, 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2-т заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1163 дугаар захирамжаар гуравдагч этгээд М СӨХ-нд 15 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэжээ.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гээд 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэжээ.
Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.10-д зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно гэжээ.
Нэхэмжлэгчээс тухайн газартай хөрш орших Сакура констракшн ХХК-тай маргасан, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас газар ашиглах боломжгүй байсан гэж, хариуцагчаас 2011 онд эрх шилжүүлж авснаас хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж тус тус маргажээ.
Нэхэмжлэгч нь 2014 оноос өөрийн эзэмшлийн газарт хууль бусаар барьсан хашааг буулгуулах, бохирын худаг, дулааны шугамыг зайлуулж, газар чөлөөлүүлэх талаар Сакура констракшн ХХК-тай маргасан болох нь Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 5/543 тоот албан бичиг[1] Сакура констракшн ХХК-ний 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 03/06 тоот албан бичиг[2] Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 02-04-450/1314 дугаар дүгнэлт[3], өргөдлийг хүлээн авсан цахим бүртгэл[4] зэргээр нотлогдож байна.
Улмаар уг асуудлаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 03520 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 132 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 708 дугаар тогтоолоор тухайн маргааныг эцэслэж, 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх шүүгчийн захирамж гарснаар тухайн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байх тул нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан эзэмшиж ашиглаагүй гэж үзэхээргүй байна.
Мөн Нийслэлийн Газрын албанаас 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 03-06/4526 тоот албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгдэл хүргүүлсэн гэх боловч тайлбар, санал ирүүлэх хугацаа засвартай, /19, 25 өдөр г.мэт/ уг мэдэгдлийг тайлбар, санал ирүүлэх хугацааны дотор нэхэмжлэгчид хүргүүлсэн эсэх нь тодорхойгүй бөгөөд тус шүүхээс 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 1/1192 тоот албан бичгээр тухайн баримтыг шаардсан боловч ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Дээрх мэдэгдлийн дагуу нэхэмжлэгч Төөс 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр[5], түүний өмгөөлөгч Гөөс 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр[6] тус тус маргаан бүхий захиргааны акт гарахаас өмнө хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдаж хариуцагчид өргөдөл гаргасан байхад дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр НЗД 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/1020 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.
Нөгөөтээгүүр Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан бөгөөд нэхэмжлэгчээс өөрийн эзэмшлийн газарт хууль бусаар барьсан хашааг буулгуулах, бохирын худаг, дулааны шугамыг зайлуулж, газар чөлөөлүүлэх талаар хөрш зэргэлдээ орших хуулийн этгээдтэй маргаан үүсгэж, уг шалтгааны улмаас газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүйд хүрсэн хүндэтгэн үзэх шалтгаан байхад хариуцагчаас дээрх нөхцөл байдлыг нарийвчлан тогтоолгүйгээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, гуравдагч этгээд М СӨХ-нд 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1163 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг ашиглуулахаар шийдвэрлэсэн нь мөн хуульд нийцэхгүй байна.
Иймд НЗД 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/1020, мөн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07ны өдрийн А/1163 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулж, газар эзэмших эрхийг сэргээхийг хариуцагчид даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Тийн нэхэмжлэлтэй, НЗДд холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж НЗД 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/1020, мөн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07ны өдрийн А/1163 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулж, газар эзэмших эрхийг сэргээхийг хариуцагчид даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын улсын тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн 70200 төгрөгнөөс төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ