Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2073

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч:  Баянзүрх дүүрэг 3 дугаар хороо 12 дугаар хороолол 8 дугаар байр 19 тоотод оршин суух, 1994 онд төрсөн 33 настай, Еншөөбү овогт Баттулгын Хулан  /РД:ФВ94070602/

            Хариуцагч: Баянгол дүүрэг 17 дугаар хороо 4 дүгээр хороолол28/2 дугаар байр 52 тоотод оршин суух, 1971 онд төрсөн 46 настай, Боржигон овогт Сандуйжавын Даваасүрэн /РД:ШГ71040567/

            1.249.000 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Хулан,  хариуцагч С.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Хулан  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд  тайлбарлахдаа: Би өөрийн Тошиба 3 компьютерийг цүнх, гар хулганы хамт Кинг кредит ломбарданд 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 175.000 төгрөгийн барьцаанд тавьж 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр буюу хугацаа  дуусах өдөр нь ээж н.Алтантогосоор Кинг кредит ломбардны  ажилтан С.Даваасүрэнгийн Хаан банк дахь 5059058989 дугаарын дансанд 189.000 төгрөгийг шилжүүлж барьцаалан зээлдэх газар зээлээ төлсөн. Хөдөөнөөс ирээд ломбардад тавьсан эд зүйлээ авах гэтэл С.Даваасүрэн юу яриад байгаа юм би мэдэхгүй гээд компьютороо ав гэсэн. Үзэхэд миний  барьцаалсан шинэ комьюторийг 1 жил ашиглан хуучруулсан байсан тул буцаан аваагүй. С.Даваасүрэн тухайн үед миний комюьюторийг барьцаалсан. Одоо тэнд ажилладаггүй гэснээр хариуцахгүй гэж болохгүй. Иймд С.Даваасүрэнгээс компьюторийн үнэ 1.249.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч С.Даваасүрэн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Б.Хулангийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцсан. Нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтад байгаа материалаас харахад Б.Хулангийн авсан гэх зээл нь Кинг кредит ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны дагуу олгогдсон зээл. Миний бие Кинг кредит ХХК-нд ажиллаж байх үедээ тухайн компанийн барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг хариуцан ажиллаж байсан. Одоо тухайн компанид ажиллахгүй гарсан. Иймд иргэн надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Тухайн зээл нь Кинг кредит ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны гэрээгээр олгогдсон зээл тул би хувь хүнийхээ хувьд тус компанийн хариуцлагыг хүлээх үндэслэлгүй.  Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Хулан нь хариуцагч С.Даваасүрэнд  холбогдох 1.249.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

            Нэхэмжлэгч Б.Хулан нь 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн тошиба i3 компьюторийг цүнх, гар хулганы хамт Кинг кредит ХХК-ийн барьцаалан зээлдэх газар барьцаалж 175.000 төгрөгийг авсан болох нь зохигчийн шүүх хуралдаанд тайлбарласан тайлбар, Кинг кредит ХХК-ийн барьцаат зээлийн үйлчилгээний хуудас гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Б.Хулан нь Кинг кредит ХХК-ийн барьцаалан зээлдэх газар өөрийн компьютерийг барьцаалж зээл авсан, тэдний хооронд зээлийн харилцаа үүссэн болох нь тайлбар, барьцаат зээлийн үйлчилгээний хуудсаар тогтоогдсон тул хариуцагч С.Даваасүрэнгээс зээлийн гэрээний хохирлыг шаардах эрхгүй байна.

Тодруулбал зээлийн гэрээ Б.Хулан, Кинг кредит ХХК-ийн хооронд байгуулагдсан, С.Даваасүрэн нь гэрээний нэг тал биш , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар нэхэмжлэгч нь өөрийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж хэргийн хариуцагчийг сонгох эрхтэй бөгөөд тухайн хэргийн хариуцагч нь С.Даваасүрэн биш тул түүнээс компьютерийн үнэ 1.249.000 төгрөгийг шаардах эрхгүй байна.

Иймд хариуцагч С.Даваасүрэнгээс  1.249.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Хулангийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34.526 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                             ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-дааснаар хариуцагч С.Даваасүрэнгээс 1.249.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Хулангийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  34.526 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ж.КУЛЬДАНА