| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/02288/И |
| Дугаар | 2084 |
| Огноо | 2017-07-24 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 2084
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: АНУ, Нью-Йорк хот, Жексон хайт дүүрэг, 81 гудамж, 34-31 байр, В44 тоотод оршин суух, Боржигон овогт Пүрвээгийн Баяржаргал /РД:ЧТ78043010/
Хүсэлт гаргагч: АНУ, Нью-Йорк хот, Жексон хайт дүүрэг, 81 гудамж, 34-31 байр, В44 тоотод оршин суух, Ганжуур овогт Атгиарадна Буянаа /РД:ЧК75031764/
Үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Адиасүрэн, гуравдагч этгээд А.Батсайхан, Н.Цэцэгээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч П.Баяржаргал, А.Буянаа нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Адиасүрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: П.Баяржаргал, А.Буянаа нар нь 2002 оын 02 сарын 04-ний өдөр төрсөн охин Б.Наранзулыг нагац ах А.Батсайхан эхнэр Н.Цэцэгээ нарт 2009 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр үрчлүүлсэн. Тухайн үед П.Баяржаргал, А.Буянаа бид АНУ-д ажиллаж амьдрахаар явахаар болсон ба охин Б.Наранзул Монголд А.Батсайхан эхнэр Н.Цэцэгээ нарт үрчлүүлсэн. Гэтэл охин Б.Наранзул нь үрчлүүлсэн эцэг эх болох А.Батсайхан, Н.Цэцэгээ нартай амьдрахгүйгээр 2012 оноос эхлэн төрсөн эцэг эх П.Баяржаргал, А.Буянаа нартай хамт АНУ-д амьдарч байна. Иймд охин Б.Наранзулыг 2009 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр А.Батсайхан, Н.Цэцэгээ нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд А.Батсайхан, Н.Цэцэгээ шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: П.Баяржаргал, А.Буянаа нар нь 2009 онд АНУ-д ажиллаж амьдрахаар явахаар болж, өөрсдийн төрсөн охин Б.Наранзулыг 2009 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр бидэнд үрчлүүлсэн. Б.Наранзул нь бидэнтэй 2012 он хүртэл хамт амьдарсан. Охин Б.Наранзул нь П.Баяржаргал, А.Буянаа нарыг өөрсдийн төрүүлсэн эцэг эхээ гэж мэддэг бөгөөд 2012 оноос эхлэн тэдний араас АНУ-руу явж одоо тэндээ төрсөн эцэг эхийн хамт амьдарч байна. Бид охин Б.Наранзулыг өөрийн төрсөн эцэг эхийн хамт амьдархыг зөвшөөрч байгаа. Иймд 2009 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр охин Б.Наранзулыг үрчилж авсан үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч П.Баяржаргал, А.Буянаа нар нь үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хүсэлт гаргагч П.Баяржаргал, А.Буянаа нар нь 2009 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр охин Б.Наранзулыг А.Батсайхан, Н.Цэцэгээ нарт үрчлүүлсэн болох нь шүүхэд гаргасан хүсэлт гаргагч, гуравдагч этгээд нарын тайлбараар тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч П.Баяржаргал, А.Буянаа нар нь охин Б.Наранзулыг Баянгол дүүргийн Иргэний бүртгэл мэдээллийн хүүхэд үрчилсний бүртгэлийн 135 дугаарт бүртгэж үрчлүүлсэн, А.Батсайхан, Н.Цэцэгээ нар үрчлэн авч 2012 он хүртэл хамт амьдарсан, 2012 хойш охин Б.Наранзул нь төрүүлсэн эцэг, эх болох П.Баяржаргал, А.Буянаа нарын асрамжид очиж, одоог хүртэл байгаа бөгөөд төрүүлсэн эцэг, эх П.Баяржаргал, А.Буянаа нар нь үрчлэлтийг хүчингүйд тооцуулах хүсэлт гаргасныг гуравдагч этгээд А.Батсайхан, Н.Цэцэгээ нар зөвшөөрсөн болох үйл баримт шүүх хуралдаанд тайлбарласан зохигчийн тайлбар, үрчилсний гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч, гуравдагч этгээд нар хүсэлтийн шаардлагын талаар маргаагүй тул 2009 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Баянгол дүүргийн Иргэний бүртгэл мэдээллийн хүүхэд үрчилсний бүртгэлийн 135 дугаарт бүртгэгдсэн Б.Наранзулыг үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг хангаж, насанд хүрээгүй охин Б.Наранзулыг эх төрүүлсэн эцэг, эх П.Баяржаргал, А.Буянаа нарын асрамжид үлдээж шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагчаас хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдон улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлсөнг улсын төсвийн дансанд хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.4, 116 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6, 145.7-д зааснаар 2009 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Баянгол дүүргийн Иргэний бүртгэл мэдээллийн хүүхэд үрчилсний бүртгэлийн 135 дугаарт бүртгэгдсэн Б.Наранзулыг үрчилснийг хүчингүйд тооцож, Б.Наранзулыг төрүүлсэн эцэг, эх П.Баяржаргал, А.Буянаа нарын асрамжид үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-д зааснаар хүсэлт гаргагчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА