Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2017/ШЦТ/332

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Б.Халиун, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Улсын яллагч Б.Уранчимэг,

Нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

            Шүүгдэгч Б.Х , түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг ҮД:/0324/,

Гэрч Д.Э  нарыг оролцуулан,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.6 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Х т холбогдох эрүүгийн 201625031666 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч Боржигон овогт Б.Х , 1989 оны 6 дугаар сарын 25-нд Төв аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, архитектурын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, дүү, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн нарангийн 12-191 тоотод суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.

Шүүгдэгч Б.Х  /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь 2016 оны 8 дугаар сарын 19-нөөс 2016 оны 8 дугаар сарын 20-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 131 дүгээр гудамж, 463 тоотод Н.Борисыг "...гар утас хулгайлж авлаа..." гэх шалтгаанаар онц харгис хэрцгий аргаар зодож, түүний бие махбодид хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан  дараахи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х  мэдүүлэхдээ: “…Тухайн өдөр би Д.Э гийн хамт хохирогчийн гэрт очиж хоносон. Орой унтахдаа гар утсаа цэнэглэх гээд Н.Борис ахаас цэнэглэгч байна уу гэхэд надад шүүгээнээс цэнэглэгч гаргаж өгөөд уртасгагч залгаад миний гар утсыг цэнэглээд тавьж өгсөн. Тэгээд өглөө сэрэхэд Н.Борис ах гаднаас согтуу, хүнд зодуулсан байдалтай орж ирсэн. Тэгээд гар утсаа асуухад мэдэхгүй гэхээр нь маргалдаж, хэд хэд цохисон нь үнэн. Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Би 2 настай охиноо асардаг учраас миний энэ байдлыг харгалзаж өгнө үү…” гэв.

Гэрч Д.Э  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…шүүгдэгч Б.Х той найз, Н.Борис нь миний ээжийн дүү. Тухайн өдөр гэрийн түлхүүр авахаар Н.Борис ахын гэрт очсон боловч эхнэр Цэвэлээ нь байгаагүй учраас түлхүүрээ авч чадаагүй. Өглөө нь Н.Борис ах гаднаас согтуу, хувцас нь шороо болсон байдалтай орж ирээд бид хоёрыг хөөгөөд байсан. Н.Борис ах ер нь архи уухаараа их согтуу, агсам тавьдаг. Тэгээд явах гээд Б.Х  утсаа асуутал нэг газар байгаа биз гэж байсан. Намайг гаднаас бие засаад орж ирэх үед тэр хоёр барилцаад байж, гуя руу нь өшиглөж байсан. Н.Борис ахын хамраас нь цус гарсан юм шиг байсан. Тэгээд би салгаад аваад гарсан...” гэв.

Шүүгдэгч Б.Х  мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би 2016 оны 08 сарын 19-ний өдөр найз Энхсүрэнтэй хамт хотын төвд архи уугаад шөнийн 02:00 цаг болж байх үед Энхсүрэнтэй хамт Чингэлтэйд байдаг түүний гэрт нь ирсэн чинь гэрийнх нь түлхүүр бахгүй байсан. Ингээд Энхсүрэнгийн хамаатны эгч Цэвэлмаагийн ажиллуулдаг дэлгүүр дээр нь түлхүүр авах гээд очиход дэлгүүр нь хаалттай байсан. Тэгээд гэр нь ойролцоо байдаг гээд Энхсүрэн намайг дагуулаад тэр Цэвэлмаа гэдэг эгчийнхээ гэрт очсон. Тэгэхэд эгч нь байхгүй нөхөр нь байсан. Ингээд Энхсүрэн бид хоёр тэднийд ороод би тэр ахтай нь танилцсан юм. Танилцахад тэр ах өөрийгөө Борис гэж танилцуулаад танилцуулж байсан. Ингээд Борис ах Энхсүрэн бид гурав  архи уухаар болоод Энхсүрэн бид хоёр гараад дэлгүүр хаасан байсан болохоор 7-н буудлын баарнаас нэг шил 0.7 литрийн Хараа архи, хоёр шил Боргио пиво аваад буцаад хохирогч Борисын гэрт нь очоод авч очсон архи пивоо хувааж уусан. Архи пивоо ууж дуусгаад 03:00 цаг нилээд өнгөрөөгөөд унтахаар болоод хэвтсэн. Би унтахаасаа өмнө Борис ахаас утасны цэнэглэгч гуйж аваад гар утсаа цэнэглээд галын өрөөнд нь тавиад унтсан юм. Ингээд өглөө 08:00 цагийн үед хаалга онгойгоод гаднаас хүн орж ирэхээр нь би сэрээд хартал Борис ах гаднаас орж ирж байсан. Тэгээд орж ирэнгүүтээ шууд ирээд миний хөнжлийг хуу татаад одоо манайхаас яв гээд намайг хөөсөн. Энэ үед Энхсүрэн миний хажууд унтаж байсан. Тэгээд Энхсүрэн бид хоёр цуг явъя гээд хоёулаа босоод хувцсаа өмсөөд ба галын өрөөнд нь цэнэглээд орхисон байсан гар утсаа авах гэхэд миний гар утас алга болчихсон байсан. Тэгээд Борис ахаас гар утас хаана байна харсан уу? Гэж асуухад хохирогч Борис би тэр утсыг чинь мэдэхгүй одоо манайхаас яв гээд намайг хөөгөөд байсан. Үүнээс болоод би Борис ахыг гар утас хулгайлчихлаа гээд маргалдсан. Маргалдаж байх үед Энхсүрэн гарч бие засна гээд гараад явсан. Энэ үед нь би хохирогчийг нэг удаа гараа нүүр лүү нь цохисон. Хохирогч бас зөрүүлээд миний нүүр лүү гараараа цохисон. Тэгээд би уурлаад хохирогч Борис ахыг нүүр болон цээж гэдэс рүү нь хэд хэдэн удаа гараараа цохиж зодсон. Ингээд байж байтал гаднаас Энхсүрэн бие засаж орж ирээд намайг салгасан гэсэн мэдүүлэг /хх 68-69/,

   Хохирогч Н.Борисоос мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: 2016 оны 08 дугаар сарын 19-ээс 20-нд шилжих шөнө байх Олимп үзээд гэртээ сууж байхад шөнө 01 цагийн үед байх гаднаас манай эгч Долгорын хүүхэд болох Энхсүрэн хажуудаа нэг найзыгаа дагуулчихсан нэг 0,75 л нэг шил архи, 0,5л хэмжээтэй 2 шил пиво барьж манай гэрт орж ирсэн юм. Тэгээд авчирсан архийг нь бид гурав хувааж уусан юм. Тэгээд өглөө сэрэхэд хамаг бие өвдөөд гэрийн хамаг юмыг буулгаад хайсан байсан. Тэгээд би Энхсүрэнд хандаж би яасан бэ гэж асуухад Энхсүрэн "Та манай найзтай зодолдсон" гэж хэлсэн юм. Тэгээд би босож ус уучихаад тэгээд би өвдөөд хэвтээд өгсөн. Энхсүрэн найзтайгаа гараад яваад өгсөн би өдөржингөө бие өвдөөд босож чадахгүй хэвтэж байхад цагийг нь сайн санахгүй байна манай охин Алигэрмаа ирээд намайг эмнэлэг рүү аваад явсан юм. Намайг хэн зодсон талаар нь мэдэхгүй байна Энхсүрэн болон найзтай нь хамт архи ууж байсан тэгээд хэсэг хугацааны дараа сэрэхэд хамаг бие өвдөөд ам хамраас цус гарчихсан шүд унасан байсан. Намайг хэн яаж, яах гэж зодсоныг нь мэдэхгүй байна. Харин өглөө нь сэрж юу болсон талаар асуухад Энхсүрэн "Та манай найзтай зодолдсон гэж хэлсэн" юм. Тухайн үед Энхсүрэн "би гадаа байж байсан та хоёр дотор зодолдсон" гэж хэлсэн. Намайг хэн зодсон, энэ гэмтлийг хэн учруулсныг нь мэдэхгүй байна юу ч санахгүй байна. Энхсүрэн найзтайгаа манайд ирэхээс өмнө би архи уугаагүй эрүүл байсан. Харин Энхсүрэн манайд ирэхэд найзтайгаа хоёулаа нилээд халамцуу байсан. Тэгээд тэр хоёрын авчирсан архийг бид гурав хувааж уусан. Тэгээд архи ууж байгаагаа л санаж байна өөр зүйл санахгүй байгаа. Өглөө босоход хамаг бие өвдөөд хамар амнаас цус гарсан байсан юм. Архи ууж байхад болон архи уухаас өмнө тэр хоёртой маргалдсан зүйл байхгүй. Энхсүрэнгийн найзыг нь танихгүй залуу байсан. Өглөө нь сэрэхэд Энхсүрэн надад "та балай юм шиг манай найзтай зодолдоод" гэж хэлсэн. Бид хоёр юунаас болж маргалдсан талаар надад хэлээгүй юм. /хх 29-39/

Гэрч Б.Алигэрмаагаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Би нөхөр О.Баясгалангийн хамт хөдөө Төв аймгийн Батсүмбэр сум луу явчихаад 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 16:00-17:00 цагийн орчимд Чингэлтэйд байдаг аавынхаа гэрт нь ирсэн. Тэгээд яг аавынхаа гэрийн хашааны үүдэнд иртэл манай аавын эгчийн хүү болох Энхсүрэн нөхөр бид хоёрын урд талд таксинаас буугаад гэр лүү орж харагдсан. Мөн Энхсүрэнтэй хамт хоёр залуу хамт орсон бөгөөд нөгөө такси нь тэр гурвыг буулгачихаад яваад өгсөн. Тэгээд нөхөр бид хоёр машинаа байрлуулчихаад хашаа луу яваад ортол байшингаас байж бай гээд дотор нь чанга чанга дуугараад байхаар нь нөхөр бид хоёр ортол аав гэртээ том өрөөний буйдан дээр дээшээ хараад хэвтчихсэн, нүүр ам нь хөхөрчихсөн мөн цус нөж болчихсон хэвтэж байсан бөгөөд Энхсүрэнтэй хамт байсан нэг өндөрдүү биетэй урт үстэй залуу нь аавыг дээрээс нь дарчихсан саарал өнгийн биеийн тамирын цамцаар цусыг нь арчиж байсан. Тэгээд би Энхсүрэнгээс аав яасан юм гэж асуухад Энхсүрэн надад шөнө аав чинь гарч яваад хүнд зодуулчихаад ороод ирлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь нөхөр бид хоёр аавыг дагуулж гараад гэртээ аваачсан. Тэгээд гэрээсээ түргэн дуудаад аавыг гэмтлийн эмнэлэгт аваачиж өгсөн. Тухайн үед аав бол нэг их сайн ярьж чадахгүй байсан ба эмнэлэг явж байх замдаа Энхсүрэнтэй хамт явж байсан өндөр залуу нь намайг зодсон гэж хэлсэн. Тэр үед бол Энхсүрэн намайг зодсон гэж хэлээгүй. /хх 35-36/

Гэрч О.Баясгалангаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Би эхнэр Б.Апигэрмаагийн хамт хөдөө Төв аймгийн Батсүмбэр сум луу явчихаад 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 16:00-17:00 цагийн орчимд Чингэлтэйд байдаг хадам аав Н.Борисын гэрт ирсэн юм. Тэгээд яг хадам аавын хашааны урд ирэх үед хадам аавын эгчийн хүү болох Энхсүрэн нь эхнэр бид хоёрын урд мөн хоёр залуугийн хамт таксинаас буугаад аавын хашаа луу орсон. Нөгөө буулгасан такси нь бол шууд яваад өгсөн. Тэгээд би машинаа байрлуулчихаад эхнэрийн хамт буугаад хадам аавын гэрт орсон чинь манай хадам аав Борис хүнд зодуулсан байдалтай нүүр ам нь хавдаад цус болчихсон том өрөөний буйдан дээр дээшээ хараад хэвтчихсэн Энхсүрэнтэй хамт орсон өндөрдүү биетэй урт үстэй залуу нь аавын дээрээс тонгойчихсон саарал цамцаар нүүрэн дээрх цусыг нь цэвэрлээд зогсож байсан. Тэгэхээр нь эхнэр бид хоёр Энхсүрэнгээс юу болсныг нь асуухад хадам аавыг урд шөнө гарч яваад хүнд зодуулчихаад ороод ирсэн гэж хэлсэн. Тэгээд ааваас бас юу болсныг нь асуухад аав бас л шөнө жалганы тэнд явж байгаад танихгүй хүнд зодуулчихсан гэж хэлж байсан. Гэхдээ тухайн үед манай хадам аав эрүү ам нь гэмтчихсэн байсан болохоор олигтой сайн ярьж чадахгүй байсан. Ингээд эхнэр бид хоёр аавыг аваад машиндаа суулгаад гэр лүүгээ явсан юм. Гэрт очоод түргэн дуудаад шууд тэр оройдоо гэмтлийн эмнэлэг гүү авч явж хэвтүүлсэн. Эмнэлэг явж байх замдаа хадам аав Борис нь хадам ээж Цэвэлмаад хэлэхдээ Энхсүрэнгийн найз гэх өндөр Хатанзориг гэдэг залууд зодуулсан гэдгээ хэлсэн гэсэн мэдүүлэг. /хх 38-40/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №11671 дүгнэлтэд: “Н.Борисын биед зүүн уушигны няцрал, баруун уушигны бүрэн бус авчилт, цээжний хөндий дэх хий, шингэн хуралт, зүүн талын 7,8, баруун талын 4,5-р хавирганы хугарал, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор хана, доод хана, зүүн гайморовын хөндийн урд хана, дотор хана, хажуу ханын хугарал, хоёр шүдний булгарал, зүүн нүдний алим, зүүн хацар, шанаа, эрүү, дух, баруун шанаа, хүзүү, цээж, бүсэлхий, нуруунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Зүүн уушигны няцрал, баруун уушигны бүрэн бус авчилт, цээжний хөндий дэх хий, шингэн хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3 1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, зүүн талын 7,8, баруун талын 4,5-р хавирганы хугарал, зүүн гайморовын хөндийн урд хана, дотор хана, хажуу ханын хугарал гэмтлүүд нь тус, тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2          3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус, тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хоёр шүдний булгарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна” гэжээ. /хх 46-47/

             Шүүгдэгч Б.Х ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх 73/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 71/, төрсний гэрчилгээний хуулбар /хх 75/, хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 76, 78-80/, хохирлын баримтууд/хх 12-13/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 15/, эмчилгээний зардал өгсөн тухай баримт /хх 14/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 16/, эд зүйлийн үнэлгээ /хх 17/, өвчний түүх/хх 18-28/, 2016 оны 8 сарын 26-ны өдрийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹11671 дугаартай дүгнэлт/хх 46-47/, хохирогч Н.Борисоос гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн баримт/хх 121/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

             Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд:

Шүүгдэгч Б.Х  нь 2016 оны 8 дугаар сарын 19-нөөс 2016 оны 8 дугаар сарын 20-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 131 дүгээр гудамж, 463 тоотод Н.Борисыг “...гар утас хулгайлж авлаа...” гэх шалтгаанаар зодож, түүний бие махбодид зүүн уушигны няцрал, баруун уушигны бүрэн бус авчилт, цээжний хөндий дэх хий, шингэн хуралт, зүүн талын 7,8, баруун талын 4,5-р хавирганы хугарал, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор хана, доод хана, зүүн гайморовын хөндийн урд хана, дотор хана, хажуу ханын хугарал, хоёр шүдний булгарал, зүүн нүдний алим, зүүн хацар, шанаа, эрүү, дух, баруун шанаа, хүзүү, цээж, бүсэлхий, нуруунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Харин Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Х ийг хохирогч Н.Борисыг онц харгис хэрцгий аргаар зодож, хүнд гэмтэл учруулсан Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.6-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүгдэгч нь онц харгис хэрцгий аргаар бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь нотлогдон тогтоогдохгүй, өөрөөр хэлбэл хохирогчид учирсан гэмтлүүд нь олон удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон байх цаг хугацаанд үүссэн байх боломжтой талаар шинжээчийн дүгнэлт гарсан боловч хохирогч хаана, хэнд зодуулснаа мэдэхгүй гэж мэдүүлэхээс гадна хохирогчид учирсан гэмтлийн улмаас удаан хугацаанд өвдөж шаналсан, тарчилган зовоосон зэрэг нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, түүнийг бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгч Б.Х т холбогдох хэргийг хүлээн авч, хянах үед 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж байсан боловч, шүүхээс тус эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх үед 2015 оны Эрүүгийн хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн байна.

Шүүгдэгч Б.Х ийн үйлдсэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь 2015 оны эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарахаар хуульчилсан байх бөгөөд “…арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар  хорих ялаар” шийтгэхээр, харин 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт “…таваас дээш долоон жил хүртэл хугацаагаар хорих ял…” шийтгэхээр хуульчилсан байна.

Иймд 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Х т  оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль буюу 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Б.Х т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

Б.Х  нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирлыг сайн дураар нөхөн төлсөн зэргийг харгалзан /2015/ оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр буюу 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгохоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Ингэхдээ торгох ялын 10.000 нэгж буюу 10.000.000 /арван сая төгрөг/-өөр торгох ялаас шүүгдэгч Б.Х ийн 2016 оны 12 сарын 12-ны өдрөөс 2017 оны 5 сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон цагдан хоригдсон 153 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, нийт торгох ялаас 2.295.000 төгрөгийг хасаж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Хохирогч Н.Борис гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Х  нь 2016 оны 12 сарын 12-ны өдрөөс 2017 оны 5 сарын 23-ны өдрийг хүртэл нийт 153 хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Б.Х т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.6 дахь хэсэгт зааснаар сонсгосон зүйл ангийг 2015 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Боржигон овогт Б.Х ийг бусдын бие махбодид хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Х ийг 10.000 нэгж буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Х ийн цагдан хоригдсон 153 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, нийт торгох ялаас 2.295.000 төгрөгийг хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Х  нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд энэ хэрэгт нийт 153 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Х т хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                               

 

                               ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МӨНХБАЯР

                         

                                  ШҮҮГЧИД                                          Б.ХАЛИУН

 

                                                                                               Н.БАЯРМАА