Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2019/ШЦТ/919

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Энхтуул хөтлөн

улсын яллагч Б.Батсайхан

өсвөр насны шүүгдэгч Я.Т, түүний өмгөөлөгч П.Амгаланбаатар

өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Н.Я

насанд хүрээгүй хохирогч Ч.А

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Даваасүрэн

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1905037301023 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 12 дугаар сарын 09-нд Улаанбаатар хотод төрсөн, 17 нас, 10 сар, 27 хоногтой, эрэгтэй, бүрэн бус боловсролтой, ерөнхий боловсролын ........... дугаар сургуулийн ........... ангид суралцдаг, мэргэжилгүй, ам бүл 5; эцэг, эх, 2 дүүгийн хамт .......... аймаг, ......... сумын .......... дугаар баг, .......... гэх газарт хаягийн бүртгэлтэй боловч ........ дүүргийн ......... дүгээр хороо, ............ дугаар гудамж, ........... тоотод оршин суух, ялгүй, ......... дугаарын регистртэй, Б овогт Яийн Т

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Өсвөр насны шүүгдэгч Я.Т нь 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хөлбөмбөгийн талбай дээр “яагаад дүү нар дээрэлхээд байгаа юм” гэх шалтгаанаар бага насны буюу 13 настай, хохирогч Ч.Аийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж түүний хамар руу цохиж эрүүл мэндэд нь “хамар ясны далд хугарал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Өсвөр насны шүүгдэгч Я.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөвөөр мэдүүлсэн, нэмж хэлэх зүйлгүй байхгүй. Тэмүүлэн бид нар сагс тоглож байтал Түвшинбаярыг зодоод байна гэхээр очоод Тэмүүлэнтэй муудалцахаар нь би өмөөрч хохирогчийн хамар руу нэг удаа цохисон. Миний буруутай үйлдлээс болж хохирогчид гэмтэл учирсан гэдгийг ойлгож байна. Хохирогчийг бага насны хүүхэд гэж мэдээгүй. Харахад биеэр том хүүхэд байсан гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч Ч.А шүүх хуралдаан мэдүүлэхдээ:

Би орой 18 цаг өнгөрч байхад ээждээ хэлчихээд сагс тоглохоор гэрээсээ гарсан. Тэгтэл манай 2 найз ирээд далангийн дээр байдаг талбай оръё гэхээр нь хамтдаа явсан. Хөл бөмбөгийн талбай дээр хүүхдүүд маргалдаад байсан. Буцаад хашаанаас гарах гэтэл дээрээс 2, 3 ах нар бууж ирсэн. Тухайн үед юу болсныг сайн санахгүй байна, миний жаахан уур хүрсэн, гэнэтийн зүйл болсон. Одоо биеийн байдал гайгүй, гэхдээ өглөө босоход 5-10 минут орчим хугацаанд толгой эргээд байдаг юм. Тэгээд би жаахан сууж байгаад босдог гэв.

 

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Н.Я:

Эд нар сагсны талбай дээр тоглож байгаад ийм зүйл болсон байна лээ. Цаашид сайн хүн болгохын төлөө хүүхдээ анхаарах болно. Хохиролд гэж 100.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн байгаа. Бид нарын зүгээс хохирол төлье гэхэд 1 сая төгрөг өгчих гэсэн санал тавьсан. Тэгэхээр нь 500.000 төгрөг өгье гээд мөнгөн дүн дээрээ тохирч чадаагүй. Одоо баримтаар нэхэмжилж байгаа мөнгийг нь төлөхөд бэлэн байна. Хохирол төлбөр дээр маргах зүйлгүй гэв.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Даваасүрэн:

Цаашид эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Төгсөх ангийн хүүхэд, мэргэжлээ сонгох гэж байх үед нь гомдол, саналтай гээд яахав. Дансаар 100.000 төгрөг авсан нь үнэн. Өмнө нь 62.372 төгрөгийн баримт өгч хэрэгт хавсаргуулсан байгаа. Өгсөн 100.000 төгрөгөөс нь энэ мөнгийг хасуулж тооцуулъя. Өнөөдөр 290.000 төгрөгийн баримт өгч байна. Үүнээс мөн 100.000 төгрөгийн үлдэгдэл болох 37.628 төгрөгийг хасаад 252.372 төгрөг гаргуулахад татгалзах зүйлгүй. Эх нялхасын эмнэлэгт хамрын хагалгаанд орсон. Хүүхэд болохоор эрүүл мэндийн даатгалаар үнэгүй ордог юм билээ. Одоо манай хүүгийн хамар байнгын битүүрдэг болсон. Эмч зөвлөсний дагуу давсны уусмалаар угааж байгаа. Цаашид яахын мэдэхгүй болохоор тухайн үед гарах зардлыг нь нэхэмжилмээр байна. Түүнээс биш гомдол саналгүй гэв.  

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Я.Тт холбогдуулан түүнийг “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

насанд хүрээгүй хохирогч Чинзоригийн А “... 2019 оны 9 дүгээр сарын 14-ний орой 18 цаг 30 минутын үед сагс тоглох гээд гэрээсээ гарсан. Гэрийн гаднаас манай найз Тэнгэр, Мөнхтулга нар далангийн дээр байдаг хөлбөмбөгийн талбай дээр очъё гээд тийшээ очсон. Тэнд удаагүй байж байгаад ээж рүүгээ залгаад буцаад явах гээд хашаагаар гарах гэж байтал үл таних 16-18 насны 3-4 ах нар ирээд яагаад дүү нар дээрэлхээд байгаа юм гээд миний толгой руу гараараа 1 удаа цохиж, духаараа миний толгой руу мөргөсөн, мөн нэг ах нь миний хамар руу гараараа цохьсон. Би тэгээд тэнд байсан хүмүүсээс асуухад “эко" байрны ах нар байх гэсэн. Тэндээсээ гэртээ очоод болсон асуудлыг аав ээжид хэлээд ГССҮТөвд очиход эмч нар хамар хугарсан байна гэж хэлсэн.

Намайг цохьсон ах хар өнгийн цамцтай байсан. Миний хамар хөндүүр өвчтэй байна, хоол идэхэд хамар хөндүүртэй, хамар битүү байна” /хх-н 29-30/ гэж,

насанд хүрээгүй гэрч Энхбаярын Тэмүүлэн “... Говь сауны урд талын сагсны талбай дээр хэсэг тоглож байгаад сууж байтал 25 дугаар байрны хүүхдүүд ирээд “Түвшээ ахыг хүүхдүүд зодоод байна Төөгөө ах таныг дуудаж байна” гэж М.Тт хэлсэн. М.Т, Я.Т бид гурав нийлээд хөлбөмбөгийн талбай дээр яваад очсон чинь жаахан хүүхдүүд нийлээд олуулаа байсан. М.Т эхэлж хашаа руу ороод араас нь би орсон. Миний араас Я.Т орсон. Дандаа жаахан хүүхдүүд байхаар нь та нар юу хийж байгаа юм бэ тарцгаа гэж хэлсэн. Хоорондоо зодолдсон гээд байгаа банди нарыг та нар юу гээд зодоон хийгээд байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгтэл 10 дугаар хорооллын хүүхдүүд явахгүй байгаад байхаар нь та нар яв гээд А гээд байгаа хүүхдийн цамцнаас нь татаад яв гэтэл хөөе зүгээр бай гээд гараа шувтраад тавиулсан. Тэгэхээр нь та нар тарцгаа зодоон хийхгүй шүү гэтэл “би энэ зодоонд ямар ч хамаа байхгүй цаашаа бай” гээд түлхсэн. Тэгэхээр нь одоо ахын дүү явчих гээд хацар дээр нь алгадаад, яв гэтэл өөдөөс яагаад байгаа юм бэ чи гэсэн. Тэгтэл араас Я.Т хүрч ирээд А гэх хүүхдийн хамар хэсэгт гараа зангидаж байгаад цохисон. Тэгэхээр нь би Я.Тийг салгаад холдуулсан. А хамраа бариад зогсоод байхаар нь зүгээр үү гэтэл зүгээр гэсэн. Тэгээд хоёр тийшээ явцгаасан. М.Т А дээр эхэлж очоод яагаад хүүхэд дээрэлхээд байгаа юм бэ гэж хэлж байсан, гэхдээ цохиж байхыг хараагүй, тэгээд би очсон юм” /хх-н 7-8/ гэж,

насанд хүрээгүй гэрч Мөнхбатын Т “... тэгээд 25 дугаар байрны сагсны шийдэн дээр тоглож байтал Я.Т, Тэмүүлэн нар ирсэн. Тоглож байтал гаднаас манай сургуулийн дунд ангийн нэг хүүхэд ирээд ахаа бид нарыг хүүхдүүд дээрэлхээд Түвшинтөгс гэх хүүхдийг зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд би Я.Т, Тэмүүлэн хоёрыг дагуулаад хөлбөмбөгийн талбай орсон. Уг талбай дээр нилээн олон тооны хүүхдүүд байсан. Би А гэх хүүхэд дээр очоод яагаад хүүхэд зодоод дүү нар дээрэлхээд байгаа юм бэ гэж хэлсэн. Тэр үед хажуунаас Тэмүүлэн холд гээд холдуулсан. Тэгээд Тэмүүлэн Атэй юм яриад хальт алгадаж авч байсан. Тэгтэл хажуунаас Я.Т орж ирээд тэр хүүхдийн хамар хэсэгт гараа зангидаж байгаад 1 удаа цохисон. Тэгтэл А хамраа бариад хойшоо ухрахаар нь би очоод зүгээр үү гэж хэлсэн чинь зүгээр гэсэн тэгээд тэнд байсан хүүхдүүд тарцгаасан” /хх-н 13-14/ гэж  тус тус мэдүүлжээ.

 

Насанд хүрээгүй хохирогч Ч.Аийн гэмтэлтэй холбоотойгоор “Ч.Аийн биед хамар ясны хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн 11209 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 23/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Я.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ... гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Я.Тийн гэм бурууг хэлэлцээд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг шүүх баримтлав.

 

Шүүгдэгч Я.Т гэмт хэрэг үйлдэх үедээ, мөн одоо насанд хүрээгүй байгаа нь Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 59/, нас тоолсон тэмдэглэл /хх-н 51/ зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан “өсвөр насны хүн” гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл”, “Өсвөр насны хүнд оногдуулах ялын төрөл”, “Өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах”, “Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ”-г тусгайлан хуульчилсан.

“Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ” нь ял биш албадлагын арга хэмжээ бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасан байна.

 

Өсвөр насны хүн буюу насанд хүрээгүй шүүгдэгч Я.Тийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэрэг нь хуулийн дээрх заалтад нийцэх тул түүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Өсвөр насны шүүгдэгч Я.Тийн өмгөөлөгч П.Амгаланбаатар “... гэм буруугийн талаар маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа. Харин прокуророос энэ хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэдгийг өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, хохирогч А 13 настай боловч харьцангуй том биетэй хүүхэд байна. Мөн хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй гэх байдал нотлогдохгүй байна” гэсэн агуулга бүхий тайлбар хэлэв.

 

Өмгөөлөгчийн тайлбар дараах байдлаар үгүйсгэгдэнэ. Үүнд; хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй гэдгийг: бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдийн үйлдлийн эсрэг идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй байхыг, мөн хүчний харьцааг ойлгоно. Биеэ хамгаалж чадахгүй гэдэгт бага насны хүүхэд, биеийн ерөнхий хөгжлөөр илтэд сул дорой, өөрийгөө хамгаалах чадваргүй этгээд хамаардаг.

 

Энэ хэргийн хохирогч Ч.А нь биеийн ерөнхий хөгжлийн хувьд хэдийгээр өндөр нуруутай боловч харагдах байдлаараа өсвөр насны шүүгдэгч Я.Ттэй нэг үеийн насных гэж хэлэхээргүй байна.

 

Түүнчлэн хууль тогтоогчоос Эрүүгийн хуульд “бага насны хүүхэд”-ийг гэж гэмт хэргийн хүндрүүлэх шинжээр хуульчилан батлахдаа заавал ч үгүй бага насны хүүхэд гэдгийг нь мэдсээр байж түүнд хохирол учруулсан байхыг шаардахгүй, харин гэмт халдлагад өртсөн хүн нь “бага насны хүүхэд байх” гэсэн концепц /үзэл баримтлал/ тул өсвөр насны шүүгдэгч Я.Тт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчлэх шаардлагагүй болно.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ч.Аийн гэмтэлтэй холбоотой 62.372 төгрөгийн баримт /хх-н 35-37/ хавтаст хэрэгт авагдсан байна.

Өсвөр насны шүүгдэгч Я.Тийн ар гэрээс хохиролд гэж 100.000 төгрөг дансаар шилжүүлсэн байх бөгөөд энэ мөнгөнөөс 62.372 төгрөгийг хасуулж тооцуулах, шүүх хуралдааны явцад шинээр гаргасан баримтын 290.000 төгрөгөөс 100.000 төгрөгийн үлдэгдэл мөнгө болох 37.628 төгрөгийг мөн хасаад 252.372 төгрөг гаргуулахад татгалзах зүйлгүй гэсэн тайлбарыг насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Даваасүрэн гаргаж, энэ байдлыг нь өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Н.Я хүлээн зөвшөөрсөн тул 252.372 төгрөг гаргуулахаар шийдвэрлэлээ.

Түүнчлэн насанд хүрээгүй хохирогч Ч.Аийн хууль ёсны төлөөлөгч Д.Даваасүрэнгийн гаргасан хүсэлтийн дагуу цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

Учир нь, хохирогчид учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь зөвхөн шалбаралт, зулгаралт, няцралт гэх мэт гэмтэл биш хамар ясны хугарал тул цаашид эмчилгээ сувилгаа хийлгэх шаардлага гарахыг үгүйсгэхгүй.

 

Өсвөр насны шүүгдэгч Я.Т цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэг, 8.2 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Баяуд овогт Ягийн Тийг “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн өсвөр насны шүүгдэгч Я.Тт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж 1 /нэг/ жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Я.Тт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Я.Тийг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгахыг түүний хууль ёсны төлөөлөгч Н.Яд даалгасугай.

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар өсвөр насны шүүгдэгч Я.Тийн ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

7. Шүүгдэгч Я.Т цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдсугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Я.Тийн хууль ёсны төлөөлөгч Н.Ягаас нийт 252.372 төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Ч.А буюу түүний хууль ёсны төлөөлөгч Д.Даваасүрэнд олгож,

насанд хүрээгүй хохирогч Ч.А, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Даваасүрэн нар энэ гэмт хэрэгтэй холбоотой эмчилгээний зардлаа нотлох баримт бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Я.Тт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ