Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2352

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Жуулчны гудамж 42, Капитал центр 902 тоот хаягт байрлах, “Шинэ дээвэр” ХХК /РД:5249899/

Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Эрчим хүчний гудамж-3 хаягт байрлах, “Альянстех” ХХК

Гэрээний үүрэгт 27.494.506 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Шинэ дээвэр” ХХК-ийн захирал С.Лувсандорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сайнзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Шинэ дээвэр” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Шинэ дээвэр” ХХК нь “Альянстех” ХХК-тай 2017 оны 04 сарын 20-ны өдөр АТ-20/2017 тоот “Худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулан ахуйн зориулалттай 6 ширхэг хаалгыг нийт 20.566.921 төгрөгөөр 2017 оны 05 сарын 12-ны дотор захиалгаар нийлүүлэхээр тохиролцсон. Урьд нь хамтран ажиллаж байсан учир тус компанийн хангамжийн албаны дарга С.Цогтын хүсэлтээр 70 хувийн урьдчилгааг авалгүй захиалгыг үйлдвэр лүү өгч хаалгануудыг үйлдвэрээс гаргуулан авч гэрээнд заасан үүргийн дагуу хугацаандаа амжиж захиалгыг нийлүүлэхийн тулд өөрсдийн зардлаар 2017 оны 05 сарын 04-ний өдөр ОХУ-н Улан-Удэ хот руу хүргүүлэн бэлэн болгосон. Гэвч захиалагч тал төлбөл зохих төлбөр тооцоог хийгээгүйгээр барахгүй гэрээнд заасан хугацаа хэтэрч хэд хэдэн удаа амаар болон бичгээр шаардлага хүргүүлж байсан ч санхүүгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан төлбөрийн хугацаа тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байгааг нэг удаа бичгээр мэдэгдсэн. Өнөөдрийг хүртэл захиалгын 6 ширхэг хаалгыг Улан-Удэ хотод ачаа тээврийн дамжин өнгөрүүлэх компаний агуулахад нэг хоногийн 77400 төгрөгөөр хадгалуулж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл 48 хоногийн 3.715.200 төгрөг болоод байна. Цаашид өдөр бүр энэхүү хадгалалтын хөлс нь өдөр бүр нэмэгдсээр байх юм. Мөн 2017 оны 05 сарын 04-ний өдөр захиалгын хаалганууд үйлдвэрээс гарч бэлэн болсон тухай “Альяанс-Тех” компаний нягтлан бодогч Одгэрэлд утсаар мэдэгдэж маргааш өдөр нь буюу 2017 оны 05 сарын 05-ны өдөр мөнгийг шилжүүлнэ гэсний дагуу захиалгыг Монгол руу авчруулахаар өөрийн компаний тээврийн хэрэгслийг явуулсан боловч эдгээр хаалганы төлбөрийг хугацаандаа шилжүүлээгүй учир ачааны машин хоосон буцаж 685.000 төгрөгийн зардал гарсан. Иймд энэхүү гэрээнд заасны дагуу 6 ширхэг хаалганы төлбөр 20.566.921 төгрөг, тээврийн зардал 685000 төгрөг, агуулахын зардалд нийт 27.494.506 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

   Нэхэмжлэгч “Шинэ дээвэр” ХХК-ийн захирал С.Лувсандорж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч “Шинэ дээвэр” ХХК нь хариуцагч “Альянстех” ХХК-тай харилцан тохиролцсон. Үүгээр хариуцагч нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш учирсан зардал болон улсын тэмдэгтийн хураамжийн хамт нийт төлбөрт 27.494.506 төгрөгийг төлөхөөр зөвшөөрч, үүнээс 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 14.000.000 төгрөгийг төлсөн, одоо үлдэх 13.494.506 төгрөгийг хариуцагч “Альянстех” ХХК нь 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Иймд бидний эвлэрлийг баталж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сайнзаяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч “Шинэ дээвэр” ХХК-тай харилцан тохиролцон эвлэрч байна. Хариуцагч “Альянстех” ХХК нь нэхэмжлэгчид учирсан нэмэлт зардал болон улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчийн төлбөрт нэмж төлөхөөр болсон бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 14.000.000 төгрөгийг нэхэмжлэгч “Шинэ дээвэр” ХХК-д төлсөн. Одоо бидний хооронд 13.494.506 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл байгаа бөгөөд уг 13.494.506 төгрөгийг хариуцагч нь 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Иймд бидний эвлэрлийг баталж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч “Альянстех” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хадгалалтын зардалд нэмэлтээр гарсан 2.244.600 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамж 282.785 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч, нийт 27.494.506 төгрөгийн төлбөрөөс 14.000.000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгчид төлсөн, үлдэх 13.494.506 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгч “Шинэ дээвэр” ХХК-д бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд, зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Шинэ дээвэр” ХХК нь хариуцагч “Альянстех” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 27.494.506 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан эвлэрч, үүгээр хариуцагч “Альянстех” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хадгалалтын зардалд нэмэлтээр гарсан 2.244.600 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамж 282.785 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч, нийт 27.494.506 төгрөгийн төлбөрөөс 14.000.000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгчид төлсөн, үлдэх 13.494.506 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгч “Шинэ дээвэр” ХХК-д бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрчээ.

Зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч “Шинэ дээвэр” ХХК, хариуцагч “Альянстех” ХХК нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

Шүүх хуралдаанд зохигчид эвлэрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282.785 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Хариуцагч “Альянстех” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хадгалалтын зардалд нэмэлтээр гарсан 2.244.600 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамж 282.785 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч, нийт 27.494.506 төгрөгийн төлбөрөөс 14.000.000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгчид төлсөн, үлдэх 13.494.506 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгч “Шинэ дээвэр” ХХК-д бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282.785 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

ШҮзҮГЧ                                             Ж.КУЛЬДАНА