Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 18

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч П.Долгормаа,  ерөнхий шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний  өдрийн 139/ШШ2017/00279 дүгээр шийдвэртэй,

 Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч Дундговь аймгийн ******* сумын ******* цэцэрлэгт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай,  хариуцагчийн төлөөлөгчийн 936000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор  2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч,  Ерөнхий шүүгч Т.Бямбажавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дундговь аймгийн ******* сумын ******* цэцэрлэгийн эрхлэгчийн 2009 оны 10 сарын 06-ны өдрийн 28 дугаартай тушаалаар тус цэцэрлэгийн нярвын ажилд орсон. Ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл 2017 оны 05 сарын 12-ны өдөр Б/12 тоот тушаал гаргаж намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн. Чөлөөлөхдөө байгууллагын 960000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө болох 80 метр төмөр хашааг үрэгдүүлсэн гэж үзэж намайг ажлаас чөлөөлсөн. Энэ дутагдуулсан гэж үзээд байгаа төмөр хашаа манай байгууллагын данс балансад байхгүй. Яг ямар төмөр хашааг, хэзээ, хэрхэн үрэгдүүлсэнийг би огт мэдэхгүй байна.  Иймээс намайг ямар ч үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн тул Дундговь аймгийн ******* сумын ******* цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 05 сарын 12-ны өдрийн Б/12 тоот тушаалыг хүчингүй болгуулах, эрхэлж байсан албан тушаал болох няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргаж байна.

Мөн Дундговь аймгийн ******* сумын ******* цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 01 сарын 24-ний өдрийн Б/2 тоот тушаалыг хүчингүй болгуулж, үр дүнгийн урашуулалд авах байсан 268248 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Учир нь эрхлэгч намайг хүүхдийн хоол хүнсэнд хориглосон, он, саргүй бүтээгдэхүүн авч хэрэглэсэн, хэрүүл маргаан удаа дараа хийсэн, үүрэгт ажлаа чанартай хийгээгүй, цаг хугацаанд биелүүлээгүй гэж үзэж 2017 оны 01 сарын 24-ний өдрийн Б/2 тоот тушаалаар сануулах арга хэмжээ авсан. Энэ тушаал нь ямар ч үндэслэлгүй. Би дээрх алдаа дутагдлыг гаргаагүй байхад надад арга хэмжээ авсан. Мөн уг тушаалаа өөрөө гараараа засаж янзалсан. Тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-ыг үндэслэсэн. Энэ нь үндсэн цалинг 3 сар хүртэлх хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах гэсэн заалтыг барьсан хэрнээ надад сануулах арга хэмжээ авсан нь өөрөө хууль зүйн алдаатай байгаа юм. Уг тушаал гарснаар би сар бүр авдаг үр дүнгийн урашуулал болох цалингийн 15 хувийн нэмэгдлээ авч чадахгүй болсон. Би 2017 оны 1 сараас эхлэн сар бүр 67062 төгрөг, ажлаас чөлөөлөгдөх хүртэл нийт 268248 төгрөг авах байсан. Иймд эрхлэгчийн 2017 оны 01 сарын 24-ний өдрийн Б/2 тоот тушаалыг хүчингүй болгож, үр дүнгийн урамшуулалд авах байсан 268248 төгрөгийг гаргуулж өгнө үү. Энэхүү тушаалыг эс зөвшөөрч миний бие байгууллагынхаа Хөдөлмөрийн маргаан таслах комисст 2017 оны 02 сарын 22-ны өдөр өргөдөл гаргасан боловч шийдвэрлэхгүй байсаар 2017 оны 06 сарын 02-ны өдөр хуралдаж дараагийн шатанд ханд гэсэн шийдвэр гаргаж тэмдэглэлээр хариу ирсэн. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна.  

 Сөрөг нэхэмжлэлийн тухайд ******* цэцэрлэгийн эрхлэгч ******* нь хашааны үнэ 936000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Би энэхүү нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Учир нь энэ нэхэмжлээд байгаа хашаа нь бодит байдлаар 153 метр биш 130 орчим метр хашаа байсан юм. Үүнийг анхнаасаа данс бүртгэл дээр бүртгэхдээ метрийг нь буруу бүртгэсэн юм шиг байна лээ. Үүнийг одоо байгаа суурийг хэмжихэд нарийн хэмжээ нь гарна. Уг хашааг данснаас хассан боловч дахин үнэлж байгууллага дээр байж байсан ба манай энэ хашааг 4-р цэцэрлэг, 7-р цэцэрлэгүүд хашаагүй тул түр хэрэглэж байгаад өгье гэж тухайн үеийн эрхлэгчээс зөвшөөрөл авч энэхүү хашааг хувааж авсан юм. Уг 2 цэцэрлэг нь 2015 оны 10 сард 4-р цэцэрлэг буцааж өгсөн. 4-р цэцэрлэг нь 18 ширхэг хашааг анх авч хэрэглээд буцааж өгөхдөө 13 ширхэгийг өгсөн. 7-р цэцэрлэг нь 2017 оны 04 сард мөн буцааж өгсөн ба өгөхдөө анх 29 ширхэг хашаа аваад 19 ширхэгийг буцааж өгсөн. Энэ хашааны ашиглах хугацаа хэтэрсэн, чанарын шаардлага хангахгүй болсон байсан тул нэгийг нь нөгөөгөөр нь сэлбэж хэрэглэж байсан юм. Иймд энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

 

Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нярав ажилтай *******ийг 2017 оны 05 сарын 12-ны өдрийн Б/12 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн  үндэслэл нь

Байгууллагын эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллаагүй, байгууллагын өмч хөрөнгө болох төмөр хашааг дутаасан, хариуцсан ажлын чиглэлээр тайлан мэдээ, судалгаа хийх, нэгтгэл дүгнэлт гаргах, үр дүнг үндэслэн санал төсөл боловсруулах, удирдлага болон бусад ажилчдыг мэдээллээр хангах үүрэгтэй боловч үүргээ биелүүлэхгүй, хариуцлагагүй ажилласан.

 Байгууллагын өмч болох төмөр хашааг дутаасан тул нярав *******т хашааг төлүүлэх шаардлага тавьсан,төлөөгүй учраас няравын ажлын байрны тодорхойлолт, байгууллагын дотоод журам, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 3.4.5,5 дахь заалтын дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажил олгогчийн санаачилгаар ажлаас нь чөлөөлсөн.

Дундговь аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 06 сарын 17-ны өдрийн 11******* тогтоолоор ******* цэцэлэгийн 1 төрлийн 2830500 төгрөгийн барилга байгууламж /төмөр хашааг/ хөрөнгийг акталж тус байгууллагын данснаас хассан шийдвэр гарсан байдаг. Дундговь аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 06 сарын 17-ны өдрийн 114-р тогтоолоор 153 метр төмөр хашааг 1836000 төгрөгөөр дахин үнэлж, эд хөрөнгийг худалдан борлуулж, өөрийн орлогод оруулж, дансанд төвлөрүүлж, хөрөнгө бэлтгэхийг байгууллагын удирдлагад даалгасан шийдвэр гарсан байдаг. Иймээс байгууллагын өмч хөрөнгө болох төмөр хашааг худалдан борлуулахаар 2017 оны 03 сард ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд 1836000 төгрөгийн үнэтэй 153 метр төмөр хашааг үнэ бууруулж 1200000 төгрөгөөр борлуулах саналыг хүргүүлж Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас шийдвэр гаргуулан, үнэлгээний комисс газар дээр нь ирж төмөр хашааг үзтэл 153 метр биш 73 метр хашаа байсан тул дутсан хашааг тодруулах албан бичиг ирсэн. Үүний дагуу нярав *******, нягтлан Л.Буян-Эрдэнэ нараас асууж, ярилцаж, хуралдаж хариу тайлбар авсан боловч дутсан хашааг тодруулаагүй тул хариуцлага тооцож Хөдөлмөрийн хуулийн дагуу ажлаас нь чөлөөлсөн. Иймээс тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаадлагын тухайд *******т 2017 оны 01 сарын 24-ний өдрийн Б/2 дугаартай тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан. Энэхүү тушаалын үндэслэл нь ******* нь хүүхдийн хоол хүнсэнд хориглосон, он, сар, хугацаагүй бүтээгдэхүүн авч хэрэглэсэн, эрхлэгчийн баталсан хоолны цэсийг өөрчилж, тогоочид хоолны цэсний дагуу материал нийлүүлээгүй, хэрүүл маргаан удаа дараа хийж эрхлэгчийн өөдөөс 3 удаа хэрэлдэж ёс зүйгүй аашилсан, үүрэгт ажлаа чанартай хийгээгүй, өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй тул хариуцлага тооцож, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх заалтаар сахилгын шийтгэл ногдуулж сануулах арга хэмжээ авсан. Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.2 дахь заалт гэж оруулсан нь техникийн алдаа байсан бөгөөд сануулах арга хэмжээ авсан. Энэ тушаалыг ******* өөрөө засаж засварласан. ******* нь хариуцлагагүй, ёс зүйгүй, ажлын бүтээмж сул, үр дүнгүй ажиллаж байгаа тул үр дүнгийн урамшил олгоогүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

******* нь байгуулагын эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллаагүй, байгууллагын өмч хөрөнгө болох 153 метр төмөр хашаанаас 78 метр 936000 төгрөгийн үнэ бүхий төмөр хашааг дутаасан. Иймээс  хөдөлмөрийн дотоод журмын 3.3.1 дэх заалтын дагуу 78 метр төмөр хашааг ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийн дагуу 1 метрийг нь 12000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээгээр 936000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Анхан шатны шүүх:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д  зааснаар нэхэмжлэгч ******* овогт ийг Дундговь аймгийн ******* сумын ******* цэцэрлэгийн няравын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 1060494 /нэг сая жаран мянга дөрвөн зуун ерэн дөрөв/ төгрөгийг гаргуулж,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч *******т олговол зохих 1060494 төгрөгийн олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр төлж энэ тухай түүний нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Дундговь аймгийн ******* сумын ******* цэцэрлэгт үүрэг болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар нэхэмжлэгч *******ийн Дундговь аймгийн ******* сумын ******* цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 01 сарын 24-ний өдрийн Б/02 тоот тушаалыг хүчингүй болгуулах, үр дүнгийн урамшуулалд авах байсан 268248 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т зааснаар нэхэмжлэгч *******ээс 78 метр хашааны үнэ болох 936000 төгрөг гаргуулах шаардлага бүхий хариуцагч Дундговь аймгийн ******* сумын ******* цэцэрлэгийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-т зааснаар хариуцагч Дундговь аймгийн ******* сумын ******* цэцэрлэгээс 100201 /нэг зуун мянга хоёр зуун нэг/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо: Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 сарын            31-ний  өдрийн 139/ШШ2017/00279 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

... Байгууллагын өмч, хөрөнгө дутааж үрэгдүүлсэн хүн хуулийн дагуу хариуцлага хүлээх  ёстой байтал Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 сарын 31-ний өдрийн хурлаар: ******* нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д зааснаар Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан бусад эд хариуцагч болох нь тогтоогдож байх боловч ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдохгүй байна гэж үзэж байгаа нь хууль бус шийдвэр гэж үзэж байна. ******* нь эд хариуцагч болох нь хуулиар тогтоогдсон хирнээ ажлын хариуцлага алдаж байгууллагын хөрөнгө төмөр хашааг дутааж, үрэгдүүлчихээд байхад буруутай үйлдэл гаргасан нь тогтоогдохгүй байгаа нь хачирхалтай. ******* нь 153 метр хашааг эхлээд байгаа гэж хэлсэн. Дараа нь дутаад ирэхээр би мэдэхгүй, би авч идэж уугаагүй, төлж чадахгүй гэсэн.Дутсан хашаагаа тодруулаад өгөөч гэж хичнээн гуйсан боловч  нэг ч бичиг баримт үзүүлээгүй, өгөөгүй. Сүүлдээ шүүхэд хандаж 2 цэцэрлэгт хувааж өгсөн, тэр цэцэрлэгүүд засаж сэлбэсэн гэх зүйлийг ярьж шүүх хурлын өмнө 4-р цэцэрлэгийн эрхлэгч С.Алимаа, нярав Бадамцэцэг, 7-р цэцэрлэгийн эрхлэгч Л.Дэлгэрмаа, нярав нараас бичиг хийлгэж шүүхэд баримт болгон өгсөн.  Тухайн албан байгууллагын  өмч хөрөнгө болох төмөр хашааг 2 цэцэрлэгт өгөхдөө тухайн үед нь  ямар ч бичиг баримт өгөөгүй, аваагүй, мөн засаж сэлбэсэн  гэх ямар ч баримт бичиг үйлдээгүй байдаг. Албаны ажил албан бичиг баримтаар хийгддэг баймаар, гэтэл үрэгдүүлсэн хойноо хүнээр янз бүрийн бичиг хийлгэж авдаг, амаар яриа хийж байгууллагын хөрөнгийг үгүй хийж байгаа нь хуульд нийцэхгүй байна.  Ийм хариуцлагагүй, хөрөнгө дутааж үрэгдүүлсэн хүнд хариуцлага тооцохгүйгээр түүний талд шийдвэр гаргаж байгаа нь хууль бус шийдвэр гэж үзэж байна.Шүүхийн шийдвэрт гомдолтой байгаа тул хэргийг хянан, хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэжээ.

ХЯНАВАЛ:

             Анхан шатны шүүх хөдөлмөрийн эрхийн харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл зааалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмын дагуу явуулсан байна.

            Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн үндэслэлээ:” Намайг байгуулагын  960.000 төгрөгийн үнэ бүхий  төмөр хашааг  үрэгдүүлсэн” гэсэн үндэслэлээр ажлаас халсан нь хууль зөрчсөн гэж  тайлбарлажээ.

         Хариуцагч цэцэрлэгийн эрхлэгч *******: нярав *******т хашааг төлүүлэх талаар шаардлага тавьсан боловч төлөөгүй учраас няравын ажлын байрны тодпорхойлолт, байгууллагын дотоод журмын 3.4.5,5 дахь заалтын дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй, “нярав ******* нь байгууллагын өмч хөрөнгийг хамгаалах үүргээ биелүүлэхгүй ажиллаж, 78 м хашааг дутаасан. Иймд байгуулагын хөдөлмөрийн дотоод журмын 3.3.1-д заасны дагуу хашааны үнэ 936.000 төгрөгийг нэхэмжилнэ.” гэжээ.

            *******ийг  ******* сумын 1 дүгээр цэцэрлэгийн няраваар ажиллаж байхдаа 80 м төмөр хашааг үрэгдүүлж, дутагдуулсан  гэсэн үндэслэлээр ажлаас халсан бөгөөд  дээрх хашаа нь тус цэцэрлэгийн өмч хөрөнгө болох талаар болон  няравын хариуцах ёстой хөрөнгө байсан  талаар хэрэгт нотлоогүй байх тул   үндэслэлгүйгээр ажлаас халагдсан гэж дүгнэж, ажилд нь эгүүлэн тогтоосон  шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцжээ.

            Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч *******ий давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

          Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

 

1.Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний  өдрийн 139/ШШ2017/00279 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ                            Ц.ОТГОНЦЭЦЭГ

                                                 ШҮҮГЧИД                            П.ДОЛГОРМАА

                                                                                    Т.БЯМБАЖАВ