Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2014/0341

 

 

 

 

“Н” ХХК-ИЙН нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч

Э.Халиунбаяр даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.О, нэхэмжлэгч “Н” ХХК-ийн захирал С.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ж, хариуцагч С.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 7 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 8 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нарын давж заалдах гомдлын дагуу, “Н” ХХК- ийн нэхэмжлэлтэй Дорноговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Б, С.Д нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн захирал С.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...татварын улсын байцаагчийн 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 061154 тоот актын 1-р хавсралтын 3, 4, 5 дугаарт бичигдсэн жагсаалтын дагуу “Ө” ХХК-ийн 2011 оны 3, 8 дугаар сард бичигдсэн нэмэгдсэн өртгийн албан татварын 007726398, 009005007 тоот, мөн “Д” ХХК-иас 2012 оны 11 дүгээр сард бичигдсэн 0012975124 тоот НӨАТ-ын падааныг үндэслэн тавигдсан 4696.9 мянган төгрөгийн нөхөн төлбөрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Б, С.Д нар шүүхэд гаргасан тайлбартаа: ...”Н” ХХК нь “Ө” ХХК-ийн борлуулалтаар 5108721 тоот регистрийн дугаартай “П” ХХК-ийн 007726398 тоот падаанаар 2011 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 7854.5 мянга, 009005007 тоот падаанаар 2011 оны 8 дугаар сарын 30-ны

 

 

өдөр 3419.0 мянга, бүгд 11273.0 мянган төгрөгийн, “Д” ХХК-ийн 12975124 тоот падаанаар 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2230.0 мянган төгрөгийн бараа материалын худалдан авалтад нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн мэтээр баримт бүрдүүлж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулсан зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг зөрчсөн тул эдгээр худалдан авалтын нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хий бичилттэй буюу хуурамчаар бичигдсэн гэж үзэж, нөхөн төлбөр ногдуулсан... гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 7 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 8 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3, 28 дугаар зүйлийн 28.1.5, 29 дүгээр зүйлийн 29.1.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг тус тус баримтлан Дорноговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 0611554 тоот актын “Д” ХХК-ийн 0012975124 дугаартай НӨАТ-ын падааныг үндэслэн тавигдсан 2988.1 мянган төгрөгийг нөхөн төлүүлэхтэй холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Ө” ХХК-ийн 009005007, 007726398 дугаартай НӨАТ-ын падааныг үндэслэн тавигдсан 1708.7 мянган төгрөгийг нөхөн төлүүлэхтэй холбогдох хэсгийг хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулсны үндсэн дээр татварын байцаагч /татварын алба /-аас дахин шинэ акт гарах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Б, С.Д нар давж заалдах гомдолдоо: ...”Ө” ХХК-ийн борлуулалтаар “Пластик капитал” ХХК-ийн 007726398 тоот падаанаар 2011 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 7854500 төгрөг, мөн оны 8 дугаар сарын 30-ны өдөр 3419000 төгрөг, 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “Д” ХХК-ийн 12975124 падаанаар “Т” ХХК-ийн 005710207 тоот падаанаар 22230000 төгрөг нийт 33503500 төгрөгийн бараа материалын худалдан авалтад нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн мэтээр баримт бүрдүүлж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулсан зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид төлбөр төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж заасныг зөрчсөн байна гэж заасан байхад шүүх Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3, 28 дугаар зүйлийн 28.1.5, Нэмэгдсэн

 

өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг баримтлан “Д” ХХК-ийн 0012975124 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэн тавигдсан 2988.1 мянган төгрөгийг төлүүлэхтэй холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Ө” ХХК-ийн 009005007, 007726398 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэн тавигдсан 1708.7 мянган төгрөгийг нөхөн төлүүлэхтэй холбогдсон хэсгийг тодруулах хүртэл түдгэлзүүлэхээр болсныг эс зөвшөөрч байна. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байна.

Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр баталсан удирдамжийн дагуу Дорноговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Б, С.Д нар “Н” ХХК-ийн 2011-2012 оны санхүүгийн үйл ажиллагааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт явуулж, 37037.5 мянган төгрөгийн зөрчилд 176.7 мянган төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, 3527.1 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар, 1144.7 мянган төгрөгийн торгууль, 379.5 мянган төгрөгийн алданги, 0.5 мянган төгрөгийн хүү нийт 5228.5 мянган төгрөгийг төсөвт нөхөн төлүүлэхээр акт тогтоожээ.

Хариуцагч нараас “Н” ХХК нь 2011 онд “Ө” ХХК-ийн борлуулалтаар “П” ХХК-ийн 007726398 тоот падаанаар 2011 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 7854.5 мянган төгрөг, 009005007 тоот падаанаар мөн оны 8 дугаар сарын 30-ны өдөр 3419.0 мянган төгрөгийн, мөн “Д” ХХК- ийн 0012975124 тоот падаанаар 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 22230.0 мянган төгрөг, нийт 33503.5 мянган төгрөгийн худалдан авалтад нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн мэтээр баримт бүрдүүлж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзжээ.

  1. “Н” ХХК нь 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр улаан тоосго, арматурын төмөр худалдан авч, түүнийг дагалдаж ирсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь тамга тэмдэг, гарын үсэг, огноо бичигдсэн, хуурамч эсэхийг мэдэх боломжгүй, татварын болон нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжид заасан журмын дагуу дээрх худалдан авалтын талаарх баримтыг бүрдүүлж, санхүүгийн тайландаа тусгаж, татварын төлөгчийн үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Дорноговь аймгийн татварын хэлтэс тухайн үед нэхэмжлэгч компанийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг хүлээн авч шалгаж баталгаажуулахдаа дээрхтэй холбоотой зөрчил гарсан гэж үзээгүй, харин Улсын мөрдөн байцаах газраас Татварын ерөнхий газарт мэдэгдсэнээр “Д” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хууль бус болохыг мэдсэн байтлаа нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр

зүйлийн 14.3-т “нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдэх үед бараа, ажил, үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвартай нь хамт худалдан авсан бол үнийн дүнгээс төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж тооцно” гэсэн заалтыг анхаараагүй, дээрх байдалд нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа байгаа нь тогтоогдоогүй байна.

Иймд, Дорноговь аймгийн татварын улсын байцаагчийн 2013 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 061154 тоот актын 1 дүгээр хавсралтын 3 дахь хэсэг болох “Д” ХХК-ийн 0012975124 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэн тавьсан 2988.1 мянган төгрөгийг нөхөн төлүүлэх төлбөр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

  1. “Н” ХХК нь 2011 оны 3, 8 дугаар саруудад “Ө” ХХК-ийн санхүүгийн тэмдэг бүхий 007726398, 009005007 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 20 орчим вагон тоосгыг 11895.0 мянган төгрөгөөр худалдан авч, мөнгийг нийт дөрвөн удаагийн гүйлгээгээр бэлнээр Л.Цогтсайханд шилжүүлсэн байх боловч уг баримт нь “Өрнөх дөл" ХХК-тай нэмэгдсэн өртгийн албан татвар бүхий худалдан авалт хийснийг нотлох боломжгүйгээс гадна “Н” ХХК-ийн өмнөөс худалдан авалт хийсэн Л.Цогтсайхан нь “Ө” ХХК-д нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн эсэх нь тодорхойгүй, эдгээр падаанууд нь “Ө” ХХК-ийх биш, өөр компанийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх падаантай холбогдох асуудлыг Дорноговь аймгийн Татварын хэлтэс болон татварын улсын байцаагч нар нь бүрэн эрхийнхээ хүрээнд нягтлан шалгах шаардлагатай байх тул маргаан бүхий актын 1 дүгээр хавсралтын 4, 5 дахь “Ө” ХХК-ийн 0012975124, 007726398 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэн тавьсан 1708.7 мянган төгрөгийг нөхөн төлүүлэхтэй

 

 

холбогдох хэсгийг шүүхээс хэргийн нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 7 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 8 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгийг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 


Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧИД Э.ХАЛИУНБАЯР

Д.БААТАРХҮҮ

Б.ТУНГАЛАГСАЙХАН