Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2019/0233

 

2019 оны 4 сарын 05 өдөр Дугаар Улаанбаатар хот

128/ШШ2019/0233

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Хонгорзул, нэхэмжлэгч Т ХХК-ийн өмгөөлөгч Б.Б, нэхэмжлэгч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, Х.М, өмгөөлөгч Ц.М, нэхэмжлэгч С ХХК-ийн төлөөлөгч С.Н, нэхэмжлэгч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, нэхэмжлэгч С ХХК-ийн төлөөлөгч Э.А, нэхэмжлэгч С ХХК, С ХХК-ийн өмгөөлөгч Н.Ц, нэхэмжлэгч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У, өмгөөлөгч Д.Х, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн Хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актын төсөл боловсруулах, дүн шинжилгээ хийх асуудал хариуцсан мэргэжилтэн С.Э, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналт, нөхөн сэргээлт хариуцсан мэргэжилтэн Ж.Б, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Т.А, нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт хамаарах бие даасан шаардлагагүй гуравдагч этгээд Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.И нарыг оролцуулан,

Нэхэмжлэгч: Т ХХК /РД:27/,

Нэхэмжлэгч: Г ХХК /РД:20/,

Нэхэмжлэгч: М ХХК /РД:52/,

Нэхэмжлэгч: С ХХК /РД:28/,

Нэхэмжлэгч: С ХХК /РД:52/,

Нэхэмжлэгч: А ХХК /РД:20/,

Нэхэмжлэгч: Т ХХК /РД:53/.

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга.

Гуравдагч этгээд: Х ХХК.

Нэхэмжлэлийн шаардлага: ...Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/609 дүгээр захирамжийн Т ХХК /РД:27/, Г ХХК /РД:20/, М ХХК /РД:52/, С ХХК /РД:28/, С ХХК /РД:52/, А ХХК /РД:20/, Т ХХК /РД:53/-иудад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т ХХК-ийн өмгөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

... Т ХХК нь Улаанбаатар хот, Налайх дүүрэг, Х нэртэй газарт 49.60 гектар талбай бүхий, МҮ-02 дугаартай уурхайн талбайг 2035 оны 05 дугаар сарын 13-ныг хүртэлх хугацаагаар 901 тоот дугаартай гэрчилгээний дагуу эзэмшдэг. Тухайн шороон ордыг Т ХХК нь тоосгоны үйлдвэрлэлдээ түүхийн эд болгон ашигладаг болно. Гэтэл Т ХХК нь тоосгоны үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрлөө сунгуулахаар 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Барилга хот төлөвлөлтийн үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрөл хариуцсан эрх бүхий байгууллагад очиход манай байгууллагад Нийслэлийн Засаг даргын захирамж ирсэн гэж бидэнд дээрх А/609 дүгээр захирамжийг хуулбарлан өгсөн. Ийнхүү тус захирамжийн тухай мэдсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргад холбогдох маргаан тул шууд шүүхэд хандаж байна. Тус захирамжийн үндэслэл нь байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй гэх боловч энэ талаар бидэнтэй холбогдон авсан арга хэмжээ байхгүй, манай компаний зүгээс нөхөн сэргээх үүргээ цаг тухайд нь биелүүлж явсан.

Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон гэх боловч манай Т ХХК нь 14 дэх жилдээ энэхүү чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ундны усны хамгаалалтын бүсийн асуудлаар эрх бүхий байгууллагаас хандаж, асуудал тавьж байгаагүй байхад ийнхүү үндэслэлгүйгээр захирамж гаргасан байна гэжээ.

Нэхэмжлэгч Т ХХК-ийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

... Т ХХК-ийн зүгээс гаргасан нэхэмжлэлд дурдсан маргаан бүхий захирамжид дурдсан хэд хэдэн үндэслэл байгаа. Нэгдүгээрт, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болсон гэж заасныг үндэслэсэн. Т ХХК тус зүйл заалтад заасан хүн амын эрүүл мэндэд аюултай байдал учруулсан гэсэн ямар нэгэн баримт өнөөдрийг хүртэл хавтаст хэрэгт авагдаагүй. Хариуцагчаас тус зүйл заалтыг зөрчсөнтэй холбоотой гэх мэдээллийг гаргаж өгөөгүй. Хоёрдугаарт, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй гэж заасныг үндэслэсэн. Уг заалттай холбоотой буюу газрын хэвлийг ашиглаж эхлээгүй талаар баримт, нотолгоо хавтаст хэрэгт авагдаагүй.

Т ХХК-г улсын байцаагчийн тавьсан актыг биелүүлээгүй гэж гуравдугаарт үзсэн. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан гэж заасныг үндэслэсэн. Т ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах тухай саналыг нутгийн захиргааны байгууллагаас гаргасан санал, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлт гэсэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Байгаль орчны газраас Нийслэлийн Засаг даргад хандаж гаргасан гэх дүгнэлт байдаг. Тус дүгнэлтэд ...улсын байцаагчийн тавьсан актын шаардлагыг биелүүлээгүй... гэж дурдсан. Нөхөн сэргээлтийн үүргээ биелүүлээгүй, төлбөрөө төлөөгүй гэсэн байдлаар дүгнэлт гараагүй.

Шүүхээс нотлох баримт гаргуулахаар таван удаа шаардлага тавьсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг гардуулж, хариу тайлбар гаргуулахдаа холбогдох баримтуудыг, 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 1/4174 дугаартай албан бичгээр, 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 1/12164 дугаартай албан бичгээр, мөн 1/9131 дугаартай албан бичгээр, 1/1363 дугаартай албан бичгүүдээр тус тус хариуцагчаас нотлох баримт шаардах тухай бичиг илгээсэн. Тус хугацаанд хариуцагч шаардсан нотлох баримтыг гаргаж өгөх бүрэн боломжтой байсан гэж үзэж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэж заасан.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37.2-т Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 37.1.1-37.1.4-т заасан цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана, 37.3-д Энэ хуулийн 37.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг аймаг, нийслэлийн Засаг даргад ирүүлнэ, 37.4-т Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 37.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж, шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ гэж тус тус заасны дагуу ажиллагаануудыг эрх цуцлахаасаа өмнө урьдчилан явуулах ёстой байсан. Т ХХК эдгээр хуулийн зүйл заалтад хамаарах ямар ч үйл ажиллагааны талаар мэдэгдэл аваагүй. Маргаан бүхий захирамж гарсны дараа ч гардуулж өгөөгүй. Бид өөр этгээдээс дам байдлаар сонсож шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Маргаан бүхий А/609 дугаартай захирамжаар 100 орчим аж ахуй нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр гаргасан ч буцааж сэргээсэн шийдвэрүүдийн үндэслэл тодорхойгүй байгаа. Бусад аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг ч гэсэн сэргээх тал дээр холбогдох төрийн захиргааны байгууллага адилтган үзэж ялгаварлан гадуурхахгүй, тэгш хандаж шийдвэр гаргах ёстой гэж үзэж байна.

Т ХХК-ийн тусгай зөвшөөрлийн эрхийг цуцлах үндэслэлд дурдсан улсын байцаагчийн тавьсан актыг биелүүлээгүй гэх акт нь 2005 оны Барилгын материалын үйлдвэрүүдэд хянан шалгалт хийх тухай удирдамж, төлөвлөгөөний дагуу хоёр удаа тоосгоны үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дараа тавьсан акт байгаа. Үйлдвэрийн үйл ажиллагаанд хийгдсэн хяналтыг үндэслэж ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, тухайн газартай холбоотой эрхийг цуцалж байгаа нь зүйд нийцэхгүй байна. Хуульд байхгүй үндэслэлээр Т ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан байх тул маргаан бүхий захиргааны актын Т ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Г ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Н шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

... Манай компанийн эзэмшлийн МҮ-01 дугаар газрын хэвлий ашиглах тусгай зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дугаар захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу захиргаа нь үйл ажиллагаандаа мөрдөх үндсэн зарчмууд болох 4.2.1 -д заасан ... хуульд үндэслэсэн байх... , 4.2.5-д заасан ...шийдвэр нь үндэслэл бүхий байх... , мөн зүйлийн 4.2.6-д заасан ...бусдын эрх, хуулъ ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах... зарчмуудыг баримтлалгүй, хууль зөрчсөн шийдвэр гаргасан байна.

Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд Газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэл, журамд газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй зөрчил гаргасан бол газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгохоор заасан. Нийслэлийн Засаг дарга хэдийгээр дээрх хуулийн үндэслэлийн дагуу газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон боловч газрын хэвлий ашиглагч манай компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг шууд байдлаар зөрчиж шийдвэр гаргасан. Учир нь газрын хэвлий ашиглах эрхийг манай компани авахын тулд шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлж, тодорхой хэмжээгээр зардал гаргаж авсан бөгөөд улмаар газрын хэвлий ашигласны төлбөрийг хуульд заасны дагуу төлсөөр өнөөдрийг хүрсэн. Өөрөөр хэлбэл, Газрын хэвлийн тухай хуульд заасан нөхцөл шаардлагыг биелүүлж, үүргээ ухамсарлан ашиглах эрхээ хэрэгжүүлж байхад уг нөхцөл байдлыг үл тоомсорлож, захирамжийн улмаас эрх ашиг нь хөндөгдөх гэж байгаа этгээдэд шийдвэрийнхээ талаар урьдчилан мэдэгдээгүй, захиргааны актын талаар сонсгох ажиллагааг хийлгүй хууль бус шийдвэрийг гаргасан.

Захиргааны ерөнхий хуулийн заалтуудаас үзвэл, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дугаар захирамжийн 2 дахь хэсэгт заасан газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгосон асуудал нь Захиргааны ерөнхий хуулийн 26-д заавал хамаарахаар байдаг. Үндэслэл нь захирамжийн хоёр дахь заалтад Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй гэж үндэслэсэн байдаг. Уг үндэслэлд Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д заасан ...хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болсон... гэдгийг үндэслээгүй байдаг нь сонсох ажиллагааг хийхгүй байх тохиолдолд хамааруулах үндэслэлгүй юм.

Харин Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийхгүй байх тохиолдол нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан захирамжийн нэгд заасан компаниудад хамааралтай юм. Учир нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан компаниудын тусгай зөвшөөрлийг ...байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, ашиглалтын талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон гэж... үндэслэлээ тодорхойлсон нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан цуцлах үндэслэлд, мөн Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д заасан ...хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болсон... гэдэгт хамаарч Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2-д заасан сонсох ажиллагааг хийхгүй байх тохиолдолд хамаарч байна.

Иймээс захирамжийн 2 дахь заалтаар газрын хэвлий ашиглах эрхийг эзэмшиж байсан манай компанид Захиргааны ерөнхий хуульд заасан зарчмыг хангалгүйгээр, сонсгох ажиллагааг заавал хийх ажиллагааг хийлгүйгээр, хуульд заасан үүргээ биелүүлсээр байхад манай компанийн эзэмшлийн МҮ-01 дугаар Газрын хэвлий ашиглах тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр гарсан гэжээ.

Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

...Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний А/609 дугаартай захирамжийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр манай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Г ХХК нь 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдөр тусгай зөвшөөрлийг эзэмших эрхээ авсан. 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр буюу 3 жилийн хугацаа дуусаагүй байхад ...Мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалт, дүгнэлтээр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт элс, хайрга зэрэг түгээмэл тархацтай ашигт малтмалын нөхөн сэргээлт хийгээгүй олборлогч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн цуцална... гэсэн иргэдийн Төлөөлөгчдийн Х урлын тогтоол гарч, уг тогтоолд манай компанийг хамааруулж шийдвэрлэсэн. Уг тогтоол гарснаар үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болсон. 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын албан бичиг ирсэн. Тус албан бичигт ...усан сан бүхий газартай танай газар давхардсан байгаа учраас нөхөн сэргээлт хийж, үйл ажиллагаагаа зогсоо... гэсэн байдаг.

2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 50 дугаар тогтоол гарсан. Уг тогтоолд ...газар давхацсан... гэсэн байдаг ч хэрхэн газар давхацсан нь тодорхойгүй, ойлгомжгүй байдаг. Шүүхэд голоос 1275 метрийн зайтай байдаг талаарх зургаа гаргаж өгсөн байгаа. Ийм хол зайтай байхад ямар шалтгаанаар давхацсан гэх асуудлыг тавьж байгаа нь тодорхойгүй байдаг. Тус тодорхойгүй шалтгааны улмаас манай компани тусгай зөвшөөрлийн талбайг ашиглах боломжгүй болсон. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний А/609 дугаартай захирамж гарч 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс хойш нэхэмжлэл гаргах хүртэл ашиглалтын тусгай зөвшөөрлөө ашиглах боломж нөхцөл бүрдээгүй. Г ХХК-иас шалтгаалсан зүйл огт байдаггүй.

Маргаан бүхий актын үндэслэх хэсэгт Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болсон, 21.2-д газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй гэж заасныг тус тус дурдсан. Үүнийг бид хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа. Газрын хэвлийн тухай хууль нь ерөнхий хууль гэтэл Г ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь тусгай зөвшөөрлөөр олгогддог уурхайн эдэлбэр газар буюу Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай тусгай хуулиар зохицуулдаг. Маргаан бүхий актаар манай компанийн хэвлийн ашиглалтыг дуусгавар болгох гэсэн байдаг. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлээр зохицуулсан байдаг. Маргаан бүхий актыг гаргахдаа тусгайлан зохицуулсан хуулийг баримтлаагүй. Тусгайлан зохицуулсан хуульд 3 жил ашиглаагүй гэсэн үндэслэл байдаггүй. Иймээс маргаан бүхий захирамжийг хууль буруу хэрэглэсэн буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж гаргасан захиргааны акт гэж үзэж байна.

Мөн хуульд заасан сонсох ажиллагаа хийгээгүй. Энэ талаар Т ХХК-ийн өмгөөлөгч ярьсныг дэмжиж байна. Хариуцагч үүнийг тайлбарлахдаа ...сонсох ажиллагаа хийгээгүй нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаа, нийтийн ашиг сонирхол сөргөөр нөлөөлөхөөр байсан гэж хэлдэг. Гэтэл нийтийн ашиг сонирхолд хэрхэн сөргөөр нөлөөлсөн гэдгийг тогтоогоогүй. Г ХХК 2013 онд тусгай зөвшөөрлийг эзэмшиж эхэлснээсээ хойш ашиглах боломж гараагүй, ашиглаагүй байхад нийтийн ашиг, сонирхолд сөргөөр нөлөөлөх боломж байхгүй. Ийм учраас сонсох ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлийг барьж байгаа. Маргаан бүхий акт гарснаар манай компанид их хэмжээний хохирол бий болсон. Тусгай зөвшөөрлийг авахын тулд их хэмжээний хөрөнгө зарцуулсан байхад төрийн захиргааны байгууллагын буруутай, хууль зөрчсөн үйл ажиллагаанаас болж хохирол амсаж байгаа гэдгийг шүүх харгалзаж үзэх нь зүйтэй. Газрын хэвлийн тухай хуулийн 21.5-д Газрын хэвлийг ашиглах эрхийг уурхайн эдэлбэр олгосон тухай акт буюу газрын хэвлийг ашиглуулах тухай зөвшөөрөл олгосон байгууллага нь акт буюу зөвшөөрлөө хүчингүй болгох замаар дуусгавар болгоно гэж заасан. Анх тус зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргаас аваагүй, Ашигт малтмал, газрын тосны газраас авсан. Тус ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг цаг тухайд нь төлж байсан. Нийслэлийн Засаг дарга тус ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эрхгүй этгээд учраас маргаан бүхий захирамж нь хүчин төгөлдөр бус захирамж гэж үзэж байна гэв.

Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Х шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

... Өнөөдрийн шүүх хуралдаанаар маргаан бүхий захирамж нь хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдож байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль хэрэглээний хувьд алдаатай гэдэг нь тогтоогдож байсан. Нийт 96 аж ахуй нэгж байснаас нэг нь тодорхойгүй алга болж 95 аж ахуй нэгж болсон. Одоо долоон компанийн асуудал шийдэгдээгүй үлдсэн байгаа. Мэргэжлийн алдаа гаргаж, хуулийг буруу хэрэглэснээс болж нэхэмжлэгч нарын эрх ашгийг хохироосон захирамж гарсан гэж үзэж байна. Холбогдох захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл, 26 дугаар зүйл, 43 дугаар зүйлд заасныг баримталж ажиллахгүй байна. Мэдэгдэх, сонсгох ажиллагааг хоёр тусдаа зүйл, заалтаар тодорхойлсон байдаг. Эдгээрийг баримталж ажиллахыг хүсэж байна. Нарийвчилсан хуулийг баримтлах ёстой гэдгийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар удаа дараа хэлж байна. Нарийвчилсан хуулийг баримталсан бол үндэслэлтэй захирамж гарах байсан гэж үзэж байна. Г ХХК-ийн хувьд газрын хэвлийг ашиглах боломж хангагдаагүй гэдэг нь нотлох баримт шинжлэн судлах явцад тодорхой болсон. Г ХХК хуульд заасан үүргээ биелүүлсэн буюу газрын төлбөрийг хугацаанд нь, тасралтгүй төлсөн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдож байгаа тул захирамжийн Г ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч М ХХК-ийн захирал Л.Х шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгууллагын шуудангаар Нийслэлийн Байгаль орчны газраас ирүүлсэн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 02/1229 тоот бичигт дурдсанаар Нийслэлийн Засаг дарга С. Б*******ын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 тоот тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай захирамжийн хоёр дахь заалтын дагуу манай эзэмшлийн 15, МҮ-01 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд цуцлагдсан болохыг мэдэгдсэн. Нийслэлийн Засаг дарга уг захирамжийг бидэнд урьдчилан мэдэгдэлгүйгээр 3 жил газрын хэвлийг ашиглаагүй гэх үндэслэлээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан нь бидний хувьд үндэслэлгүй хэмээн үзэж байна. Учир нь Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор үйл ажиллагаагаа зогсоох тухай дүүргийн Засаг даргын албан бичгийн дагуу манай байгууллага үйл ажиллагаагаа түр зогсоосон буюу өөрсдийн буруутай үйл ажиллагаа болон санхүүгийн хүндрэлтэй байдлаас болж үйл ажиллагаагаа зогсоогоогүй болно. Иймд Нийслэлийн Засаг даргын гаргасан уг захирамжийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах үндэслэл нь манай байгууллагын хувьд хамаарахгүй байгаа тул 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын А/609 дүгээр захирамжийн манай компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

Манай компани нь Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох журмын дагуу 2011 онд эзэмшил газартаа дахин хайгуул хийлгэж нөөц тогтоолгон баталгаажуулан, дээжид лабораторын шинжилгээ хийлгэх, Геологийн уулын ажлын төлөвлөгөө хянуулах, тайланг хэлэлцүүлэх, Техник эдийн засгийн үндэслэлд шүүмж хийлгэх, шинжилгээ хийлгэх, 2012 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн дагуу байгаль орчны үнэлгээ хийлгэх зэрэг үйл ажиллагааг явуулсаар ирсэн. Түүнчлэн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайг эзэмшсэнээс хойш өнөөг хүртэлх хугацаанд нийт

Хөрөнгө оруулалтад 180,000 ам доллар, Зээл, хуримтлагдсан хүүд 44,000 ам доллар, Комьпютер, машин техникт 215.0 сая төгрөг, Үндсэн хөрөнгө /цахилгааны өндөр хүчдэлийн шугам татах, техник нөхцөл батлуулах, өндөр хүчдэлийн трансформатор байрлуулах, хашаа татах зэрэг зардалд 110.0 сая төгрөг, Хайгуул үнэлгээ болон нөөц тогтоох, байгаль орчны үнэлгээ хийлгэх зардалд 20.0 сая төгрөг, Захиргаа удирдлага, харуул хамгаалалтын зардалд нийт 50.0 сая төгрөг, Лицензийн төлбөрт 11.0 сая төгрөг, Татвар, алданги, торгуульд 32.0 сая төгрөг буюу нийт 1.0 тэрбум гаруй төгрөгийн холбогдох зардлуудыг гаргаад байна.

Улмаар Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 07 тоот тогтоолоор 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа зогсоох тухай Хан-Уул дүүргийн Засаг даргын албан тоотыг хүлээн авч үйл ажиллагаагаа түр зогсоож уурхайн эзэмшлийн 50 га газраа торон хашаагаар хаалт хийн хамгаалж, нөөц тогтоосон болон кадастрын байршил тогтоосон газар шорооны ажлаар хөндөгдсөн хөрсийг нөхөн сэргээсэн. Мөн олборлолт хийгээгүй, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлээгүй тухай Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн 2013 оны 34/47, 2015 оны 34/18 тоот албан бичгүүдээс манай байгууллага уурхайн эзэмшил газарт ямар нэгэн байгаль орчны сөрөг нөлөө үзүүлээгүй нь нотлогдож байдаг гэжээ.

Нэхэмжлэгч М ХХК-ийн өмгөөлөгч Ц.М шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

... М ХХК нь 2010 он болон 2011 онд 13869А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас хэсэгчилсэн байдлаар хоёр тусдаа дугаар бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу шилжүүлж авсан. Тус зөвшөөрлийг авсан цагаасаа хайгуулын ажил хийх, нөөц тогтоолгох, цахилгааны асуудлаа шийдэх, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх зэрэг олон ажлуудыг цаг тухайд нь хийж, Ашигт малтмал, газрын тосны газраар хайж олсон нөөцийг зөвшөөрүүлсэн. 2012 оны 09 дүгээр сарын сүүлээр ашигт малтмалыг ашиглах эрх нь үүссэн. Гэтэл энэ үед сэрүүний улирал байсан учраас барилгын ажил хийх, зэрэг ажил явуулах боломжгүй байсан учраас дараа жилийн хавар ажлаа эхлүүлэхээр төлөвлөсөн. Байршлын хувьд нэг дор буюу Хан-уул дүүргийн 14 дүгээр хороонд байрлалтай учраас Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбартай төстэй буюу уг тайлбарыг дэмжиж байна. Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ... тухайн дүүргийн газар нутагт түгээмэл тархацтай ашигт малтмал буюу элс, хайрга зэргийг олборлож байгаа компаниудын үйл ажиллагааг зогсоохыг үүрэг болгож байна. Нөхөн сэргээлт хий... гэсэн утга бүхий тогтоол гарсан. Тус тогтоол гарснаар үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. 2014 онд Хан-Уул дүүргийн Засаг даргаас М ХХК-д хаягласан албан бичиг ирсэн. Тус албан бичигт ...нөхөн сэргээлтийн ажил хийх учраас, олборлолт хийх үйл ажиллагааг зогсоохыг үүрэг болгож байна... гэсэн байсан.

Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа шийдвэрийн улмаас буюу өөрөөс шалгаалахгүйгээр М ХХК үйл ажиллагаа явуулаагүй. Тухайн газар анх ямар байсан тэр хэвээрээ байгаа. 2015 онд Монхаус ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох хэрэг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд үүсгэгдэж, гуравдагч этгээдээр М ХХК-г татан оролцуулсан. Тус маргаан Нийслэлийн Засаг даргын 2004 оны 455 дугаартай захирамжаар 50.000 м.кв газрыг амины орон сууц, хотхоны зориулалттай эзэмшүүлэхээр олгосон байхад үүний дараа М ХХК-д тус газартай давхацсан байдлаар газар олгосон байна гэсэн агуулга бүхий байсан. 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа.

2017 оны Нийслэлийн Засаг даргын А/609 дугаартай захирамжийг гарах гэж байгаа талаар М ХХК-ийн эрх ашиг хөндөгдөх гэж байгаа тухай урьдчилж мэдэгдсэн, сонсох ажиллагаа хийгдсэн зүйл огт байдаггүй. Бусад нэхэмжлэгч нарын адил дам байдлаар мэдэж, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Маргаан бүхий захирамжийн 2 дахь хэсэгт Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлийг ашиглаагүй гэсэн үндэслэлийг, 2 дугаар хавсралтын жагсаалтын 9 дүгээр хэсэг болон 11 дүгээр хэсэгт М ХХК-ийн 2 тусдаа тусгай зөвшөөрлийн тухай тус тус дурдаж ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан. Сонсох, ажиллагаа явуулаагүй, захиргааны акт гарах үйл ажиллагааг хуулийн дагуу хийгээгүй. 3 жил яагаад ашиглаагүй талаар тайлбар, мэдүүлэг аваагүй. Эдгээр үйл ажиллагааг явуулах боломж хариуцагчид байсан. Тухайн нөхцөл байдлыг шалгахад М ХХК-д гаргаж өгөх баримт нотолгоо бүгд байсан. Газрын хэвлийг 3 жил ашиглаагүй гэдэг хугацааг хэрхэн тоолж байгаа нь тодорхойгүй байна.

Хэдийгээр ашигт малтмалын ашиглалтын гэрчилгээ гарч, ашиглах боломж үүссэн байсан ч Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Засаг даргаас ирүүлсэн албан бичиг зэргээс шалтгаалж эрх бүхий этгээдүүд нь гарын үсгээ зурахгүй асуудал байсан. Ашигт малтмал, газрын тосны газраас олгосон ашигт малтмалын ашиглалтын эрхийн гэрчилгээг Нийслэлийн Засаг даргын захирамжаар хүчингүй болгож байгаа нь Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д Газрын хэвлийг ашиглах эрхийг уурхайн эдэлбэр олгосон тухай акт буюу газрын хэвлийг ашиглуулах тухай зөвшөөрөл олгосон байгууллага нь акт буюу зөвшөөрлөө хүчингүй болгох замаар дуусгавар болгоно гэж заасан. Гэтэл Хан-Уул дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргаас эрх, ашиг зөрчсөн захирамж, шийдвэр гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна гэв.

Нэхэмжлэгч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

...Хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй. Усны тухай хууль, түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль болон холбогдох бүхий л хуулийг мөрдөж ажиллаж байсан, мөн ажиллах болно. Манай байгууллага Усны тухай хуулийг зөрчөөгүй. Усны тухай хуульд хамгаалалтын бүс зааж, ашигт малтмал хайх, олборлохыг хориглосон байдаг. Манай байгууллагаас ойжуулна гэсэн албан бичиг байдаг. Хэсэгчлэн орсон байгаа бөгөөд ороогүй хэсэгтээ ашигт малтмал олборлох эрхтэй гэж үзэж байна гэв.

Нэхэмжлэгч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч С ХХК-ийн захирал Э.А шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

...Хууль болон түүнд нийцүүлж гаргасан дүрэм, журмуудад үндэслэн нэхэмжлэгч нэр бүхий компаниуд ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг тус тус авч эзэмшин, үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн.

Гэтэл Нийслэлийн Засаг дарга 2017 оны 08 сарын 21-ний өдөр А/609 дугаар захирамж гаргаж нэхэмжлэгч нэр бүхий компаниудын ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгож компаниудын субьектив эрхэнд халдсан, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргасан байна.

Дээрх А/609 дугаар захиргааны актыг гаргасан процессын хувьд, Нийслэлийн Засаг дарга, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргах ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгоно, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ" гэж заасан заалтууд, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-27.7-д заасан сонсох ажиллагаа явуулах талаарх заалтууд, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан Аймаг, Нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг хуулийн 37.1.1-37.1.4-т заасан цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд үүнд тусгай зөвшөөрөл цуцлах болсон үндэслэлийг заана" гэсэн заалтуудыг огт хэрэгжүүлээгүй, хууль ёсны эрх, ашиг нь хөндөгдсөн этгээдүүдийн санал, дүгнэлтийг аваагүй, сонсгох ажиллагааг явуулалгүй дээрх А/609 дугаар захирамжийг шууд гаргасан нь хуульд заасан үндэслэл журмын дагуу тусгай зөвшөөрлөө аваад үйл ажиллагаагаа явуулж байсан манай компаниудын хууль ёсны эрх, ашгийг ноцтой зөрчсөн бусармаг үйлдэл болохоос гадна уг захиргааны актыг хууль ёсны дагуу гаргаагүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Түүнчлэн захиргааны акт гаргаснаас хойш Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1: захиргааны актыг гаргасан захиргааны байгууллага захиргааны акт хаяглагдсан этгээд болон эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ, мөн хуулийн 43.4-т захиргааны актыг албан ёсоор гардуулснаар түүнийг мэдэгдсэнд тооцно" гэж хуульчилсаар байхад Нийслэлийн Засаг дарга, нэр бүхий нэхэмжлэгч компаниудын нэгэнд ч хуульд заасан журмын дагуу огт мэдэгдээгүйг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-т заасан захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг баримтлаагүй хууль бус үйл ажиллагаа гэж үзнэ. Захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаа нь ийнхүү хуулийн заалт, зарчмуудыг ноцтой зөрчсөн тул Нийслэлийн Засаг даргын А/609 дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасан хууль бус захиргааны акт гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 46.1-д заасан Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдснээр хүчин төгөлдөр болно гэсэн заалтыг мөн Нийслэлийн Засаг дарга өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй, бидэнд захирамжийг хуульд заасан журмын дагуу огт мэдэгдээгүй тул захирамжийг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Нэхэмжлэгч нэр бүхий компаниуд өнөөдрийг хүртэл энэ захирамжийг албан ёсоор гардаж аваагүй, бидэнд мэдэгдээгүй байгаа болно.

Нийслэлийн Засаг даргын А/609 тоот захирамжийг дараах үндэслэлээр агуулга, хэлбэрийн хувьд илэрхий алдаатай гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байхаас гадна, бичгээр гаргасан захиргааны акт нь мөн хуулийн 40.1, 40.2-т заасан шаардлагыг хангасан байх ёстой. Гэтэл Нийслэлийн Засаг даргын А/609 тоот захирамж нь захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах, захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах гэсэн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.2.5-т заасан үндсэн шаардлагуудыг хангаагүй байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлд тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь хамгаалалтын бүсэд орсон бол цуцална гэж хуульчилсан байхад Нийслэлийн Засаг даргын А/609 тоот захирамжийн 1 дэх заалтаар Байгаль орчноо нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон гэх хуульд заагаагүй үндэслэлээр түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг нь цуцалж олон аж ахуйн нэгж, байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж хохироолоо.

Эдгээр үндэслэлийг аж ахуйн нэгж тус бүрээр хэзээ, хэн, хэрхэн нотолж тогтоосон нь ойлгомжгүй байна. Тусгай зөвшөөрөл бүхий компаниудын үйл ажиллагаа хуульд нийцэж байгаа эсэх, төлбөр төлөх, байгаль орчны нөхөн сэргээлт хийх үүргээ биелүүлсэн эсэх, хуульд заасан хугацаанд үйл ажиллагаагаа эхлүүлж явуулж буй эсэх, тусгай зөвшөөрөл бүхий талбай нь ундны усны хамгаалалтын бүсэд орсон талбайтай хир хэмжээтэй давхцаж байгаа талаар тус бүрд нь шалгаж тогтоож, дүгнэлт гаргалгүйгээр, зааглаж эрэмбэлэлгүйгээр тусгай зөвшөөрлийг шууд цуцалсныг захиргааны үйл ажиллагааны хуульд үндэслэх зарчимд нийцээгүй гэж үзэж байна.

Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д заасанчлан тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй болох нь нотлогдож тогтоогдсон тохиолдолд энэ талаарх нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргаж уг дүгнэлт, санал, үндэслэлийг захирамжид тодорхой тусгаж үндэслэсэн байх ёстой ба ийм дүгнэлт, саналыг дээрх байгууллагууд огт гаргаагүй, захирамжид ч тусгаагүй байна.

Захирамжийн 2 дахь хэсэгт заасан түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй гэх үндэслэлээр газрын хэвлий ашиглах эрхийг нь дуусгавар болгосон С" ХХК-ийн хувьд ашигт малтмал ашиглахыг зөвшөөрсөн тусгай зөвшөөрлийг холбогдох захиргааны байгууллагаас хуульд заасан журмын дагуу авч үйл ажиллагаагаа явуулж эхэлж байх үед буюу 2009 онд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль гарч үйл ажиллагаагаа явуулж чадаагүй 2 жил орчим хугацаанд зогсонги байдалд орсон. Хуулийн зохицуулалт өөрчлөгдөж үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл ажил хийх, холбогдох байгууллагуудад хүсэлт гаргаж бичиг баримтад гарын үсэг зуруулах зэрэг ажлууд Төрийн байгууллагын үйл ажиллагаанаас хамааран хүлээгдэж байх хугацаанд ямар нэгэн шалгалт, тодруулга, үндэслэлийг тодруулалгүйгээр газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосныг үндэслэлгүй гэж үзэж байна.

Ийнхүү дээрх үндэслэлүүдээр, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай" А/609 дүгээр захирамжийн нэхэмжлэгч компаниудад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С ХХК, С ХХК-иудын өмгөөлөгч Н.Ц шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

... 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын А/609 дугаартай захирамжийн 1 дэх заалтаар буюу ...Байгаль орчны нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь Улаанбаатар хот хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон... гэх үндэслэлээр С ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан. Мөн захирамжийн 2 дахь заалт буюу ...Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлийг ашиглаж эхлээгүй... гэсэн үндэслэлээр С ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Маргаан бүхий захирамжийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж миний үйлчлүүлэгч 2 компани шүүхэд тус тусын нэхэмжлэлийг гаргасан.

Маргаан бүхий захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж заасны дагуу гаргасан гэж үзсэн. Мөн маргаан бүхий захирамжийг Түгээмэл тархацтай ашигт малтмалыг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр олборлож байсан 2 компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, тэдгээрийн эрх ашгийг хязгаарласан, сөрөг нөлөөлөл үзүүлсэн захиргааны акт гэж үзэж байна.

Маргаан бүхий захирамж нь захиргааны акт болохын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй.

Маргаан бүхий захирамжийн 1 дэх заалтаар миний үйлчлүүлэгч С ХХК-ийн хоёр тусгай зөвшөөрлийг цуцалсан. Тус хоёр тусдаа тусгай зөвшөөрлийн алинд нь ...Байгаль орчны нөхөн мэргээх үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон... гэх үндэслэл хэрхэн хамаарч байгаа нь ойлгомжгүй байх бөгөөд тус захирамжийн хавсралтад тусгагдаагүй.

Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон Нийслэлийн Байгаль орчны газраас шүүхэд ирүүлсэн судалгаанаас ямар үндслэлд хамрагдаж тусгай зөвшөөрөл цуцлагдсаныг тус компаниуд шүүхийн шатанд олж мэдсэн. Тус судалгаа нь маргаан бүхий захирамжийн хавсралт биш болохыг дурдах нь зүйтэй. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон Нийслэлийн Байгаль орчны газраас шүүхэд удаа дараа нотлох баримт болгож ирүүлсэн судалгааг маргаан бүхий захирамжийн хавсралт биш гэж үзэж байгаа учраас нотлох баримт гэж үзэхэд тохиромжгүй байгаа. Уг судалгаанд тусгагдсанаар С ХХК-ийн хоёр талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд ямар ч хамааралгүй байдаг. Мөн Нийслэлийн Байгаль орчны газрын судалгаанд С ХХК-ийг байгаль орчны нөхөн сэргээлт хийгээгүй гэж тусгаагүй бөгөөд нөхөн сэргээлт хийсэн талаарх баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Нийслэлийн Байгаль орчны газраас Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтэд компани тус бүрийг нөхөн сэргээлтээ хийгээгүй талаар ямар ч дүгнэлт хийгээгүй байдаг.

Маргаан бүхий захирамжид Түгээмэл тархацтай ашиг малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан, 37.6-д Аймаг, нийслэлийн Засаг дарга хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан бол мэргэжлийн хяналтын байгууллагад, ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан бол татварын асуудал эрхэлсэн байгууллага, төрийн захиргааны байгууллагад тус тус мэдэгдэнэ гэж зааныг тус тус үндэслэл болгосон.

Нийслэлийн Байгаль орчны газрын 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 02/959 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлт нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д заасан 2 үндэслэлээс огт өөр 5 үндэслэлээр бичигдсэн.

5 дахь заалтад Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх үнэлгээний тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, түүнийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хяналт батлах, тайлагнах журмын дагуу 2017 оны 05 дугаар сард Улсын байцаагчийн гаргасан хугацаатай албан шаардлага, актыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй 39 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийг цуцлах тухай дүгнэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэж бичсэн. Тус заалтад С ХХК-ийг хамааруулсан гэж хар ухаанаар бодож, ойлгож байгаа.

Тус дүгнэлтэд иргэдийн эрүүл аюулгүй орчинд тайван амьдрах нөхцөл хэрхэн зөрчигдөх, байгаль орчний сөрөг нөлөөлөл хэрхэн нэмэгдэх, аж ахуй нэгжийн байгаль орчны талаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй хариуцлага хэрхэн багасах талаар огт дүгнэлт хийгээгүй, аж ахуй нэгж тус бүрээр гаргаагүй байдаг. Иймээс дүгнэлт гаргасан гэж үзэхээргүй байна.

Нэхэмжлэгч хоёр компанийн тусгай зөвшөөрөл бүхий газарт иргэд суурьшаагүй, амьдардаггүй учраас иргэдийн эрүүл ахуй, аюулгүй орчинд нөлөөлөх байдлын улмаас тусгай зөвшөөрлийг цуцалсан гэж байгаа нь зүйд нийцэхгүй байна гэж үзэж байгаа. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Байгаль орчны газраас хамтарсан удирдамжийн дагуу шалгалт хийж, зөрчил арилгуулахаар С ХХК-ийн үйл ажиллагааг түр зогсоох тухай улсын байцаагчийн акт тавьсан гэх боловч компанийн удирдлага гардаж аваагүй. Гардаж авсан гэх хүний гарын үэг нь огт танихгүй хүнийх байдаг.

Акт өгсөн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл хуульд заасны дагуу гомдол гаргах эрхтэй, хариуг заасан хугацаанд ирүүлээгүй, зөрчлийг заасан хугацаанд арилгаагүй тохиолдолд арга хэмжээ авахыг мэдэгдээгүй, хуульд заасан гомдол гаргах эрхийг эдлүүлээгүй, өгсөн шаардлага нь бусад компаниудад өгсөн шаардлагуудтай хоорондоо адилхан, канондсон хуулбар байсан. Иймээс тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болгож байгаа нь буруу гэж үзэж байна. Шууд цуцлах үндэслэл байхгүй, шат дараалсан арга хэмжээнүүдийг аваагүй, Зөрчил нь нотлогдоогүй, зөрчлийн талаар тэмдэглэлгүй байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагдана.

С ХХК-ийг байгаль орчны нөхөн сэргээлт хийгээгүй гэж үзэх үндэслэл байхгүй. 2008 оноос хойш газар дээрээ үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн бөгөөд 2014 онд олборлолт хийсэн, бүх талбайдаа техникийн болон геологийн нөхөн сэргээлт хийж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт 95 хувьтай гэж дүгнүүлж акт үйлдэж, хүлээлгэж өгсөн. Үүнээс хойш 2015 оноос 2017 он хүртэл эдийн засгийн хямрал, компанийн санхүүгийн хүндрэл зэргээс шалтгаалж алдаг оног олборлолт явуулж, Налайх дүүрэгт байрладаг Зэвсэгт хүчний 017 дугаар ангитай гэрээ хийж геологийн нөхөн сэргээлтийн ажил хийлгэж овоолох шороог доошлуулж буулгах ажил хийсэн. Тус ажиллагааг Нийслэлийн Байгаль орчны газарт албан ёсоор дүгнүүлэх гэсэн боловч үр дүнг нь хүлээж аваагүй байдаг.

С ХХК нь хоёр тусгай зөвшөөрлийг Х ХХК-ийн барьцаанд тавьж үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр их хэмжээний зээл авсан. Маргаан бүхий захирамжаар тус хоёр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноор гуравдагч этгээдээр оролцож байгаа Х ХХК-ийн эрх, ашгийг ноцтой зөрчиж байгааг анхаарч үзэх нь зүйтэй.

Маргаан бүхий захирамжийн 2 дахь заалтаар ...Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлийг ашиглаж эхлээгүй... гэсэн үндэслэлээр С ХХК- ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан нь огт ойлгомжгүй байгаа. Аль ч хуульд түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй бол эрхийг цуцлах тухай заалтыг олж харахгүй байгаа.

Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй гэж заасан. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах, газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгох ойлголтууд нь тусдаа асуудал бөгөөд өөр, өөр хуулиар зохицуулагддаг. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах асуудал нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар газрын хэвлийг ашиглахыг дуусгавар болгох тухай асуудлыг Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар тус тус зохицуулдаг. Дуусгавар болгодог субъект нь Нийслэлийн Засаг дарга биш харин хуульд зааснаар газрын хэвлийг олгосон эрх бүхий этгээд дуусгавар болгох эрхтэй.

Газрын хэвлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд Уурхайн эдэлбэр олгосон тухай актыг үндэслэн ашигт малтмалыг олборлоход зориулан газрын хэвлийг олгоно гэж заасныг үндэслэн ашигт малтмалыг олборлоход зориулан газрын хэвлийг олгохоор заасан. Тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс хугацаа тоолж байгааг буруу гэж үзэж байна. Тусгай зөвшөөрөл олгосон өдрөөсөө өөр газрын хэвлийн зөвшөөрөл олгосон өдрөөс эхлэн тоолсон гэж ойлгогдохоор байгаа. Уурхайн эдэлбэр газрыг С ХХК-д хэзээ олгосон гэдгийн нотлох баримтаар авахуулах хүсэлтийг бид гаргасан. Сүүлийн үед уурхайн эдэлбэр газрыг олгохгүй байгаа гэж тайлбар гаргасан байгааг шүүх ч мөн мэдэж байгаа. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Ашигт малтмал, газрын тосны газарт хандаж уурхайн эдэлбэр газрыг хэзээ олгосон талаар лавлагаа өгөөч гэсэн албан бичиг явуулж байсан нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан.

Маргаан бүхий акт гарахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл болон 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагааг явуулаагүй. Сонсох ажиллагааг хэн, хэзээ, хэрхэн явуулах гэж байгаа талаар мэдэгдээгүй. Сонсох ажиллагаа явуулах, гарсан шийдвэрт гомдол гаргах эрхийг эдлүүлээгүй. Тус захирамж гарахаас хагас жилийн өмнө хийсэн зурагтын мэдээллийг сонсох ажиллагаа гэж үзэх боломжгүй. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбар нь 2 утгатай буюу сонсох ажиллагааг хийсэн гэж тайлбарласан мөртлөө хийх шаардлагагүй байсан гэж мөн тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байдаг.

Маргаан бүхий актаар миний үйлчлүүлэгч хоёр компанийн тусгай зөвшөөрлийг цуцлахдаа Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 50 дугаар тогтоолыг үндэслэж эрх, хууль ёсны ашиг, сонирхлыг нь хөндсөн нь зүйд нийцэхгүй байна.

Нийслэлийн Засаг дарга Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заасныг үндэслэн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож байгаа бол цуцлах болсон үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 хоногт мэдэгдэх ёстой. Мэдэгдлийн дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд Нийслэлийн Засаг даргад гомдол, саналаа хүргүүлэх, холбогдох баримт, материалыг танилцуулах эрхтэй. Эдгээр эрхүүдийг эдлэх боломж олгоогүй гэв.

Нэхэмжлэгч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

... Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дугаар захирамжаар А ХХК-ний Налайх дүүрэгт байрлах 40.28 га талбай бүхий МХ/-01 тоот тусгай зөвшөөрлөөр олгогдсон газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон байна. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дугаар энэхүү захирамжийн үндэслэх хэсэгт заасан Газрын хэвлийн тухай хуулийн Газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэл, журмын 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д: Хэрэв газрын хэвлийг ашиглагч нь дор дурдсан зөрчил гаргавал газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгож болно: 1/ газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй гэж заажээ. Хуулинд газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгож болно гэж зааснаас биш "дуусгавар болгоно" гэж заагаагүй байна. Мөн А ХХК-ийн эзэмшилд байдаг 40.28 га талбай бүхий элсний ордын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн аль алинийг Ашигт малтмал газрын тосны газраас тус компанид олгосон байдаг. Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5-д заасны дагуу газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох шийдвэрийг Ашигт малтмал газрын тосны газар гаргах эрхтэй байна. Гэтэл Нийслэлийн Засаг дарга дээрх захирамжийг гаргасан нь газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох шийдвэр гаргах эрх бүхий этгээд биш гэж үзэж байна.

Түүнчлэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид цуцлах тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заах ёстой байна. Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 3-т ...мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг аймаг, нийслэлийн засаг даргад ирүүлэх эрхтэй болно. Гэтэл А ХХК-д энэ талаар 10 хоногийн дотор мэдэгдэх үүргээ Нийслэлийн Засаг дарга огт биелүүлээгүй бөгөөд хуулийн дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчид нотлох эрхээ эдлэх боломжоор хангаагүй гэж үзэж байна гэв.

Нэхэмжлэгч Т ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Д шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

... Т ХХК-ийн зүгээс Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчны газрын 2017 оны 10 сарын 13-ны өдрийн 02/1229 дүгээр албан бичгийг 2017 оны 10 сарын 27-ны өдөр хүлээн авч танилцахад манай компанийн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын МҮ-01******* дугаартай тусгай зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжаар цуцалсан болохыг албан ёсоор мэдэгдсэн байна.

Дээрх захирамжаар манай компанийн тусгай зөвшөөрлийг байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон гэх үндэслэлээр цуцалсан байна. Т ХХК-ийн толгой компани болох Б ХХК нь анх 2007 онд ашигт малтмалын ашиглалтын тусгай зевшөөрлийг авсан. Уг тусгай зөвшөөрлийг авснаас хойш 2 жилийн хугацаанд олборлолтын үйл ажиллагааг явуулах бэлтгэл ажлуудыг хийж гүйцэтгэсэн бөгөөд 2009 онд уулын ажлын төлөвлөгөөг батлуулан 2009 оны 5 сараас олборлолтын үйл ажиллагаагаа дөнгөж эхлээд байтал Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал, хайх, ашиглахыг хориглох тухай хууль 2009 оны 7 сарын 16-ны өдөр батлагдаж мөрдөгдөж эхэлснээр бидний үйл ажиллагааг түр зогсоосон билээ. Гэтэл нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Манай байгууллагын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан /Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон/ Ойн сан бүхий газрын хилтэй, 2015 оны 289 дүгээр тогтоолын дагуу Туул голын хамгаалалтын бүс (Усын тухай хуулийн 22.3-т заасан 200 метрээс доошгүй зайд татсан энгийн хамгаалалтын бус)-ийн хилтэй давхцалтай болохыг тогтоосныг холбогдох байгууллагуудаас мэдэгдсэн.

Ийнхүү манай компанийн зүгээс дээрх хууль болон тухайн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон Засгийн Газрын 2015 оны 6 сарын 08-ны өдрийн 235 дугаар тогтоолоор баталсан Гол мөрний урсац бүрэлдэх эхийн бүсэд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээлт хийлгэх журым-ын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасны дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах хүсэлтээ төрийн захиргааны холбогдох байгууллагуудад удаа дараа гаргаж байсны дагуу Ашигт малтмалын газраас томилогдсон комисс газар дээр шалгалт хийж хяналтын хэмжилт хийсэн. Бид дээрх олборлолт явуулсан талбайд мэргэжлийн тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаар маркшейдрийн хэмжилт хийлгэж тухайн үед олборлолт явуулсан талбай болон усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагийг тогтоолгож байсан.

Холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд зааснаар тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаагаа үргэжлүүлэн авуулах тухай хүсэлтийг эцэслэн шийдвэрлэж, солбицолд өөрчлөлт оруулах, холбогдох нөхөн олговрыг төлсний дараа цуцлах эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой байдаг. Гэтэл дээрх асуудлыг шийдвэрлэж дуусаагүй бөгөөд нөхөн олговрыг олгоогүй байтал манай компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбайн давхцалтай болон давхцалгүй, ойн сан бүхий газар, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг нийтэд нь хамруулж цуцалсан явдал үндэслэлгүй юм. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усмы сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал, хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д Ашигт, малтмалын тухай хуулийн 56.1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар тогтооно, тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т ... Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаапалтын бус, ойн сан бүхий газарт ашигт малтмал, хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдахаас өмнө ойн сан бүхий газарт олгосон ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ойн тухай хуулийн 8.6, 29 дүгээр зуйл, 30.2, 42.1.5-д заасныг хэрэгжүүлнэ, 3 дугаар зүйлд ... усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээлт хийлгэх журам болон гэрээний загварыг Засгийн газар батална, Гол, мөрний урсац бүрэлдэх эхийн бүсэд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах, усны сан бухнй газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэлгэлт хийлгэх журмын 2 дугаар зүйлийн 2.5-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хориглосон талбайтай давхцаагүй хэсэгт үйл ажиллагаа явуулахыг хүсвэл геологи, уул уурхай асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага давхцалтай хэсгийг хасч солбицолд өөрчлөлт оруулна, 2.8-д Хориглосон талбайд өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь, тухайн талбайд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй бол Усны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан онцгой хамгаалалтын бүстэй давхцалтай хэсгийг тусгай зөвшөөрлийн талбайгаас хасуулж, солбицолд өөрчлөлт оруулна, Ашигт малтмалын тухай хуульд зааснаар Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тус хуулийн 56.1.3 дахь хэсэгт ....тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах эрхтэй байхаар тус тус заасан байдаг.

Иймд Т ХХК-ийн тусгай зөвшөөрөл эзэмших, ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулах эрхэд үндэслэлгүйгээр халдсан байх тул тус захирамжийг гаргах бүрэн эрхгүй этгээд болох Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 сарын 21-ний өдрийн А/609 дугаар Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгох тухай захирамжийн Т ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

... Т ХХК нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 104.44 га МБ/08******* дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг байсан. Маргаан бүхий захирамжид манай компанийг ...байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон байна... гэсэн хоёр үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан. Ийнхүү захирамж гаргахдаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсгийг баримталсан. Т ХХК нь 2007 оноос хойш тус тусгай зөвшөөрлийг эзэмшиж, 2009 он хүртэл холбогдох бүхий л баримтыг бүрдүүлж байсан. 2009 оноос үйл ажиллагаагаа явуулах болоход 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдаж, үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулаагүй. Байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй гэж үндэслэж байгаа нь үйл ажиллагаа явуулаагүй компанид хамааралгүй үндэслэл болно. Хэрэв тус үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа бол Нутгийн захиргааны байгууллагын саналыг үндэслэж байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргана гэж төрийн захиргааны байгууллагын оролцоог хангасан хуулийн зохицуулалтыг мөрдсөн байх шаардлагатай.

Хан-Уул дүүргийн Засаг даргаас 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 01/176 дугаартай Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт заасны дагуу зөрчил бүхий аж ахуй нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг Нийслэлийн Байгаль орчны газарт хүргүүлсэн байдаг. Гэтэл уг саналд дурдсан 32 аж ахуй нэгжид Т ХХК хамаардаггүй. Иймээс Т ХХК-д хамаарал бүхий Нутгийн захиргааны байгууллагын санал, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлт гэсэн зүйлүүд байхгүй гэдэг нь тогтоогдож байна. Иймээс маргаан бүхий захирамжийн үндэслэл зүйд нийцэхгүй байна. Хавтаст хэрэгт байгаль орчныг нөхөн сэргээх талаар мэдэгдсэн гэх баримтыг ирүүлсэн. Уг баримтад Т ХХК-ийн талаар дурдаагүй байна гэж тогтоогддог. 2012 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нийт 4.992.000 төгрөгийн нөхөн сэргээх зардал гаргасан баримтыг шүүхэд өгсөн. Байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, нөхөн сэргээлтийн зардлыг тусгаагүй гэх үндэслэл нь тогтоогдохгүй байна гэж үзэхээр байна. Хариуцагч хариу тайлбартаа Т ХХК-ийн хувьд Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд давхцалтай байгаа бөгөөд энэ талаарх нотлох баримтыг Барилга, хот байгуулалтын яамны Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас албан бичгээр ирүүлсэн гэдэг. Гэтэл Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирсэн, хавтаст хэрэгт авагдсан албан бичиг нь усан сан бүхий энгийн хамгаалалт бүхий бүстэй давхцалтай гэсэн байдаг бөгөөд ундны усны эх үүсвэртэй давхцалтай гэсэн дүгнэлтийг агуулаагүй байдаг. Нийслэлийн Засаг дарга Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн тогтоолыг буруу үндэслэсэн гэдэг нь үүгээр тогтоогддог.

Монгол Улсын Засгийн Газрын 2012 оны 194 дугаартай тогтоолоор 96 га буюу ихэнх хэсэг нь давхцалтай байсан. Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 289 дугаартай тогтоолоор өмнөх 194 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, хийлийн цэсийг шинэчилж тогтоосон. Т ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий талбай энгийн хамгаалалттай бүстэй давхцалтай байна гэснийг манай компанид ирүүлсэн. Эдгээр баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Энгийн хамгаалалттай буюу 200 метр хэсэг талбайтай давхцалтай гэдгийг шүүх анхаарч үзэх нь зүйтэй. Эдгээр асуудлыг шийдвэрлэсэн Монгол Улсын Засгийн Газрын тогтоолууд батлагдсан. Монгол Улсын Засгийн Газраас 2015 онд Гол мөрний урсац бүрэлдэх эхийн бүсэд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээлт хийлгэх журмыг баталсан. Тус журмын 2.5-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хориглосон талбайтай давхцаагүй хэсэгт үйл ажиллагаа явуулахыг хүсвэл геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага давхцалтай хэсгийг хасаж солбицолд өөрчлөлт оруулна гэж заасан байдаг. Уг зохицуулалтын дагуу Т ХХК 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ...манай компани энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай хэсэг газартаа үйл ажиллагаагаа явуулмаар байна... гэдэг хүсэлтээ албан ёсоор өгсөн байдаг. Мөн журмын 2.8-д Хориглосон талбайд өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй бол Усны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан онцгой хамгаалалтын бүстэй давхцалтай хэсгийг тусгай зөвшөөрлийн талбайгаас хасуулж, солбицолд өөрчлөлт оруулна гэж заасан. Т ХХК онцгой хамгаалалтын бүсэд хамааралгүй учраас энгийн хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулах хүсэлтээ гаргасан ч өнөөдрийг хүртэл төрийн захиргааны байгууллага үүнийг шийдвэрлээгүй. Уг асуудлыг шийдвэрлэж байж, шийдвэрлэхгүй гэхэд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн гэж зааснаар холбогдох дүрэм, журамтай давхацсан хэсгийн тусгай зөвшөөрлийг цуцална гэсэн асуудлыг шийдвэрлэх ёстой.

Хариуцагч хариу тайлбартаа ...Танай байгууллагад удирдамжийн дагуу хийж гүйцэтгэсэн хяналт, шалгалтаар эдгээр зөрчлүүд тогтоогдож байна... гэсэн байдаг. тогтоосон гэх албан шаардлага нь Т ХХК-д хамааралгүй байдаг. Төрийн захиргааны байгууллагаас менежментийн төлөвлөгөө, уулын ажлын төлөвлөгөө батлуулах боломжийг олгодоггүй, 2009 оноос өнөөдрийг хүртэл баримт бичиг батлуулах үйл ажиллагаа явагддаггүй байсан. Хамгаалалтын бүстэй давхцалтай гэх шалтгаанаар хүсэлтийг хүлээж авдаггүй. Иймээс үндэслэл болгосон зөрчлүүд нь нийт аж ахуй нэгжүүдэд нийтэд нь ижил байдлаар хуулбарлаж тараасан байдаг. Хамааралгүй зөрчлийг үндэслэж, гомдол гаргах боломжоор нь хангахгүй байдаг. Нийслэлийн Засаг дарга ямар хүрээг хамаарч тусгай зөвшөөрлийг цуцлах талаар бүрэн эрхийг нь хуульд тодорхой заасан. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37.1-д Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг доор дурдсан үндэслэлээр цуцална гээд 4 үндэслэлийг зааж өгсөн. Гэтэл өөрт олгогдсон бүрэн эрхээс давсан захирамж гаргасан гэж үзэж байгаа. Хамааралгүй хуулийг баримталж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн үндсэн зарчим болох 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж заасныг зөрчиж байна.

Сонсох ажиллагаа явуулаагүй талаар нэхэмжлэгч нарын зүгээс удаа дараа хэлж байгаа. төрийн захиргааны байгууллага аливаа этгээдийн эрх, ашгийг зөрчсөн шийдвэр гаргаж байгаа бол албан ёсоор урьдчилан мэдэгдэх үүрэгтэй. Эхлээд мэдэгдэл хүргүүлэж, тус мэдэгдлийн дагуу үйл ажиллагаанд ямар хэлбэрээр оролцох ээхээ сонгох боломжоор нь хангах ёстой. Гэтэл маргаан бүхий захирамжийн талаар 2017 оны 10 дугаар сард цуцлах гэж байгаа биш, цуцалсан тухай мэдэгдлийг авсан. Иймээс Т ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сэргээж маргаан бүхий захирамжийн Т ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

...Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр батлагдсанаар Нийслэлийн Засаг дарга харъяалах нутаг дэвсгэртээ байрших түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх эрхтэй болсон.

Мөн Ашигт малтмал, газрын тосны газраас нийслэлийн нутаг дэвсгэрт байрших түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн хувийн хэргийг шилжүүлж, тухайн тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой хуулиар хүлээсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх эрхийг мөн шилжүүлсэн байна. Ингэснээр Нийслэлийн Засаг дарга харъяалах нутаг дэвсгэртээ олгогдсон тусгай зөвшөөрлүүдийг тус хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу цуцлах хууль зүйн боломж бүрдсэн байна.

Нийслэлийн Засаг дарга Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай 2017 оны А/609 дүгээр захирамжийг гаргахдаа нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон нийслэлийн Байгаль орчны газрын хамтарсан 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх тухай 2017/16 дугаартай удирдамжийг батлан хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн.

Уг шалгалтаар эдгээр аж ахуйн нэгжүүд нь бичиг баримтын бүрдэл дутуу, хэрэгжилт хангалтгүй, уурхайн ашиглалт явуулж эвдрэлд оруулсан газарт нөхөн сэргээлт хийгээгүй, байгаль хамгаалах үүргээ биелүүлээгүй зэрэг зөрчилд Улсын байцаагчийн акт, албан шаардлагыг хүргүүлсэн боловч шаардлагын дагуу арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй, ундны усны хамгаалалтын бүстэй тусгай зөвшөөрөлтэй талбай нь давхцалтай, мөн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлийг ашиглаж эхлээгүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Мөн Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос голын бохирдлын асуудлаар 5846 иргэнээс ирүүлсэн өргөдлийн дагуу, мөн олгогдсон түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулан ажиллах талаар 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 05, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар тогтоол болон эдгээр тогтоолуудыг хэрэгжүүлэн удирдлага болгон ажиллахыг Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг эрхлэх газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас тус тус чиглэл ирүүлсний дагуу хяналт шалгалтыг ажлын хийж гүйцэтгэсэн.

Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой иргэдээс ирсэн өргөдөл гомдлоос гадна ундны усны хамгаалалтын бүс, түүний ойр орчимд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тоо улам ихэссэн нь Улаанбаатар хотын нийт оршин суугч иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөж байгаа талаар өргөдөл гомдол ч мөн Нийслэлийн Засаг даргад ирсний дагуу Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2, 28.1.3 дах заалтад заасан сонсох ажиллагааг хийхгүй байх үндэслэл болсон гэж үзэж байна. Гэсэн хэдий боловч Нийслэлийн Засаг дарга 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хэвлэлийн бага хурлаар нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгжүүдэд хуулийн дагуу түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох талаар мэдэгдэл хийсэн нь хариуцлагагүй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын хувьд огт мэдээгүй болон сонсоогүй гэх тайлбар болохгүй юм. Тусгай зөвшөөрлийг цуцлахаас 4 сарын өмнөөс анхааруулж олон нийтийн хэвлэлээр сонсгох ажиллагаа хийсэн гэж үзэж байна.

Дээрх удаа дараагийн үе шаттай арга хэмжээ авсны эцэст тус компаний тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн тул нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дүгээр захирамжийн нэхэмжлэгч компаниудад холбогдох хэсэг нь хууль тогтоомж болон нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

... Нэхэмжлэгч компаниудын нэхэмжлэлд нийтлэг байдлаар хариу тайлбарыг хийе. Зөрчилтэй холбоотой асуудлыг компани тус бүрээр нь тайлбарлах нь зүйтэй байх. Сонсох ажиллагаа явуулаагүй, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болсон заасныг баримталсан зэргийг нийтлэг ярьж байна. Улсын байцаагч нар газар дээр нь очиж үзсэн учраас компани тус бүрийн ямар зөрчил гаргасан гэдгийг нарийвчлан тайлбарлах байх. Миний хувьд нийтлэг гаргаж байгаа зүйлүүдэд нь хууль зүйн тайлбарыг хийе. Нэгдүгээрт, сонсох ажиллагааг захиргааны байгууллага хийсэн. Маргаан бүхий захирамж нь 95 аж ахуй нэгжид хаяглагдсан. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд сонсох ажиллагаа явуулах талаар зохицуулалт байдаг. Салбар хуулиудаар зохицуулаагүй учраас Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх гэж заасны дагуу сонсох ажиллагааг явуулсан бөгөөд холбогдох баримтуудыг хавтаст хэрэгт авахуулсан. Нотлох баримт шинжлэн судлах үеэр тодорхой гарч ирэх байх.

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, хуульд заасны дагуу холбогдох зөрчил, дутагдлаа арилгаагүй бол хуульд заасан арга хэмжээ авах буюу хүчингүй болгох, цуцлах талаар мэдэгдсэн. Үүний дагуу хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, хяналт шалгалт явуулж зарим аж ахуй нэгжүүдэд албан шаардлага хүргүүлж, заримд нь улсын байцаагчийн акт тавигдсан. Иймээс хуульд заасны дагуу сонсох ажиллагаа хийсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгчээс Газрын хэвлийн тухай хуулийг ерөнхий хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай тусгайлсан зохицуулалтаар буюу Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг баримтлах ёстой гэж тайлбарласан. Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газар олгосон зөвшөөрлөө өөрөө цуцлах бөгөөд Нийслэлийн Засаг дарга нь захирамж гаргаж эрх цуцлах эрхгүй гэж тайлбарлаж байна. Энэ нь хууль зүйн үндэслэлгүй.

Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй гэж заасан нь тусгай зөвшөөрлийг дуусгавар болгох нөхцөл нь гэж ойлгож байгаа. Хэн хүчингүй болгох эрхтэй вэ гэхээр, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д олгосон байгууллага нь цуцална гэж байгаа. Газрын хэвлийн тухай хууль нь 1998 онд батлагдсан. Тус хуулиар Ашигт малтмал, газрын тосны газраас тусгай зөвшөөрлийг олгодог, сунгадаг, өөрчилдөг, хүчингүй болгодог байсан. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль 2014 онд батлагдсанаараа хуулийн дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах эрх нь Нийслэлийн Засаг даргад шилжиж ирсэн. Түгээмэл тархацтай ашигт малтмалын талаар нарийвчилсан, тусгайлсан хууль нь батлагдаж гарахаас өмнө үйлчилж байсан хуулийн заалтыг одоо бид хэрэглэж, тайлбар хийх нь хууль зүйн үндэслэлгүй. Сүүлд батлагдсан хүчин төгөлдөр хуулиар Нийслэлийн Засаг дарга түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох, цуцлах, дуусгавар болгох мөн шилжүүлэх эрх нь байгаа. Ашигт малтмал, газрын тосны газарт уг эрх байхгүй учраас Ашигт малтмал, газрын тосны газраас цуцлах, дуусгавар болгох эрхтэй гэж маргах нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу маргаан бүхий акт нь захиргааны акт мөн байна, гэхдээ захиргааны актад тавигдах шаардлагыг хангаагүй буюу ойлгомжгүй байна, 3 жил ашиглаагүй гэдэг нь хэзээнээс тоолж байгаа нь тодорхой бус байна гэж хэлсэн. Газрын хэвлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д Ашигт малтмалын ордыг ашиглах, хугацааг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад уурхайн эдэлбэрийн зөвшөөрлийг бүртгүүлсэн өдрөөс эхлэн тооцно гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс хойш хугацааг тоолно. Иймээс хуулийн зохицуулалтууд тодорхой, ойлгомжтой байна. Маргаан бүхий захирамж нь хуулийн зохицуулалтуудыг үндэслэсэн байгаа нь ойлгомжгүй байх үндэслэл харагдахгүй байна.

С ХХК-ийн хувьд маргаан бүхий захирамжийн аль заалт нь хамаарч байгаа нь ойлгомжгүй, захирамжийн хавсралтад байхгүй гэж өмгөөлөгч нь хэлсэн. Захирамжийн 1 дүгээр хавсралтын 35, 36 дахь хоёр тусгай зөвшөөрөл бүхий асуудлыг тусгаж өгсөн.

А ХХК Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож болно гэж заасан болохоос хүчингүй болгоно гэж заагаагүй гэсэн тайлбарыг хийсэн. Тус заалтыг Нийслэлийн Засаг дарга хэрэглэх эрхтэй. Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д заасантай уялдуулж тайлбарласан учраас ойлгож байгаа байх. Болно, болохгүй тухай асуудал нь Захиргааны ерөнхий хуулийн 32 дугаар зүйлд заасан сонгох боломжийг захиргааны байгууллагад олгосон. Болно гэсэн зохицуулалтыг Нийслэлийн Засаг дарга сонгож авч, хэрэглэж, дуусгавар болгох нь хуулиар зохицуулагдсан харилцаа байгаа. Нэхэмжлэгч тус бүрийнх зөрчлийг улсын байцаагч нар хэлэх байх гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

... Т ХХК-иас эхлэе. Тус компанийн хувьд жилээс жилд манай Мэргэжлийн хяналтын байгууллагын жил бүр хийдэг төлөвлөгөөт хяналт шалгалтад байнга хамрагддаг, удаа дараа гаргасан улсын байцаагчийн акт, албан шаардлагыг биелүүлдэггүй, эвдэрсэн талбай Налайх дүүрэгт хамгийн их буюу 20 га талбайг ашигласан. Нөхөн сэргээлт, байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлээгүй удаа дараагийн зөрчлүүд байдаг. Эдгээрт үндэслэж, 2015 оны 10 дугаар сард улсын байцаагчийн тавьсан акт байдаг. Улсын байцаагчийн тавьсан акт нь хамааралгүй удирдамжид орсон акт байсан гэж тайлбарласан. Тийм биш юм. Барилгын материалын үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийх тухай удирдамж, түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогчдод хийх шалгалтын удирдамж гэж гардаг. Мэргэжлийн хяналтын газраас төлөвлөгөөт шалгалт хийхдээ удирдамжид хяналтын чиглэл бүрийг заасан байдаг. Тухайн үйлдвэрийн зөвхөн тоосгонд бус үйлдвэрийн бүтээгдэхүүн болох тоосгоны шаврыг олборлож байгаа олборлолтод мөн шалгалт хийдэг гэсэн үг.

Т ХХК-ийн үйл ажиллагааг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн актаар хоёр сарын хугацаатай зогсоосон. Хоёр сарын хугацаанд зөрчлөө арилгаагүй бол дараагийн шатны арга хэмжээ авах буюу тусгай зөвшөөрлийг цуцлах эрх нь бүрэн нээгдсэн гэсэн үг. 2016 онд тусгай зөвшөөрлийг нь цуцлах нөхцөл нь бүрдсэн, 2017 онд дахин шалгалтаар очиход зөрчлөө арилгаагүй, бичиг баримтыг бүрдүүлээгүй хэвээрээ, нөхөн сэргээлт хийгдээгүй, үйлдвэр эзэнгүйдсэн, нурсан байдалтай байсан. 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хийсэн шалгалтаараа бид Т ХХК-ийн эзэн болон тухайн үйлдвэрт ажиллаж байсан орчуулагч Жин хуа гэдэг хүнээр гарын үсэг зуруулсан. Энэ талаар баримт хавтаст хэрэгт авагдсан. Т ХХК удаа дараагийн зөрчлөө арилгаагүй учраас захирамжид заасан үндэслэл хангалттай гэж үзэж байна.

Г ХХК-ийн хувьд газрын хэвлийг 3 жил ашиглаагүй гэж байгаа. Түрүүнд манай хуульч хэлсэн газрын хэвлийг 3 жил ашиглаагүй гэдгийг нь Ашигт малтмал, газрын тосны газраас гаргасан.

Бид хяналт, шалгалт хийхдээ холбогдох байгууллагаас шаардлагатай материалыг бүрдүүлж, зургийг нь дарж баталгаажуулсан. Ашигт малтмал, газрын тосны газраас авсан лавлагаа, мэдээлэлд Г ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах баримт бичгийг уурхай дээр байлгана гэж зааны дагуу уурхай дээр байх бичиг баримтын бүрдүүлбэрийг хангаагүй. Үүнээс уулын ажлын төлөвлөгөөг батлуулж байгаагүй гэдэг нь Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн мэдээлэлд дурдсан нь хавтаст хэрэгт авагдсан. Үүнээс газрын хэвлийг 3 жил ашиглаагүй гэдэг нь тогтоогдож байна гэж бид дүгнэж байгаа.

М ХХК-ийн хувьд 5 тусгай зөвшөөрөл байдаг. 2010 он болон 2011 онд өөр компаниас авсан гэж тайлбарлаж байгаа. Газрын хэвлийг ашиглаагүй гэдэг үндэслэлийг Ашигт малтмал, газрын тосны газраас авсан мэдээлэл болон газар дээр хийсэн үзлэг шалгалтын нотлох баримтыг үндэслэн газрын хэвлийг 3 жил ашиглаагүй учраас Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөл байдал бүрдсэн гэдгийг дүгнэлтдээ оруулсан.

С ХХК-ийн хувьд аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар хүлээсэн нийтлэг үүрэг байгаль орчныг хамгаалах үүрэг, уурхай дээр байх ёстой бичиг баримтын бүрдүүлбэр, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ удаа дараа биелүүлээгүй байдаг. 2017 онд улсын байцаагчийн тавьсан шаардлагыг хугацаанд нь биелүүлээгүй учраас үйл ажиллагааг нь зогсоосон байдаг. Байцаагч үйл ажиллагааг зогсоосон хугацаанд аж ахуй нэгжүүдэд боломж олгодог. Хамтарсан шалгалтыг хавар хийж, 7 дугаар сард буюу маргаан бүхий захирамж гарахаас өмнө Нийслэлийн Байгаль орчны газартай хамтран бүх аж ахуй нэгжүүдэд ...та бүхэн нөхөн сэргээлтээ хийж, Нийслэлийн Байгаль орчны газарт хүлээлгэж өгөөрэй гэж тайлбар мэдэгдэл өгч байхад хариуцлагагүй хандсаны үндсэн дээр тусгай зөвшөөрлөө цуцлуулсан. Нөхөн сэргээлтээ хийсэн гэж тайлбарлаж байгаа ч нөхөн сэргээлт хийснээ хүлээлгэж өгснөөр хуулиар баталгаажсан нөхөн сэргээлт хийсэн гэж үзэх үндэслэл болдог. Иймээс нөхөн сэргээлт хийгээгүй гэж үзэхээр байгаа.

Актын гардаж аваагүй, хуурамч гарын үсэг зурсан гэж тайлбарласан. Хэрэв аж ахуй нэгж актыг гардаж аваагүй, хуурамч гарын үсэг зурсан гэж үзсэн бол акт гарснаас хойш тухайн аж ахуй нэгж 30 хоногт гомдол гаргах эрхтэй байсан. Өмнөх өгсөн албан шаардлагын биелэлт хангаагүй, улсын байцаагчийн гаргасан актыг хүлээн зөвшөөрсөн, гарын үсэг зурсан ямар ч тохиолдолд улсын байцаагч% төрийн албан хаагч хүн аль нэг компанийн өмнөөс актад гарын үсэг зурах ёсгүй. Хүнийг гүтгэж болохгүй хуулийн зохицуулалт байдаг. хуурамч гарын үсэг зурсан гэж үзэж байгаа бол шинжээч томилуулж, нотолсон байх ёстой. Тус компанийг үйл ажиллагаа явуулаагүй гэзгийг би хүлээн зөвшөөрөхгүй. 2012 оноос хойш үйл ажиллагаа явуулсан. 2017 онд очиж шалгалт хийхэд 10 га орчим газар эвдрэлд орсон, нуур үүссэн байсан. Гэтэл зэргэлдээ компаниас үлгэр жишээ авч болохоор. Нөхөн сэргээлт гэж хийсэн гэдэг тайлбар нь олборлолт хийж байгаагийн хойд талд бут тарьсан байдаг. Тарьсан бут нь Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасны дагуу жил бүр олборлолт хийсэн талбайн төлөвлөгөөнд заасны дагуу нөхөн сэргээлтээ хийж, хүлээлгэж өгсөн байхаар заасан. Уг үүргээ биелүүлээгүй учраас нөхөн сэргээлт хийсэн гэж үзэхгүй.

С ХХК-ийн хувьд манай хуульч хэлсэн. Ашигт малтмал, газрын тосны газраас авсан лавлагаанд дээр тус компанийг үйл ажиллагаа явуулаагүй, тайлан төлөвлөгөө ирүүлээгүй гэсэн байдаг. Нэмэлт тайлбар байхгүй байна.

Т ХХК-ийн хувьд нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй. Компаниудын нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй гэх зөрчил нь нэгэнт олборлолт хийсэн бол тухайн жилдээ нөхөн сэргээлтийг хийж, түүнийгээ комисст хүлээлгэж өгсөн байх ёстой. Комисст хүлээлгэж өгөхийг биелүүлээгүйн улмаас бидэнд Нийслэлийн Байгаль орчны газраас албан ёсны мэдээлэл бидэнд ирэх ёстой байсан нь ирээгүй нийтлэг дутагдал нэхэмжлэгч компаниудад ажиглагдаж байна.

Боломж олгож, хугацаа өгч байхад, хугацаа дуусаж байгааг анхааруулж утсаар мэдэгдэж байхад, албан шаардлагаа хүлээж авчхаад өөрсдөөс шалтгаалах ажиллагааг хийгээгүй учраас албан шаардлагын хариу ирүүлээгүй гэж тооцож байгаа гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

... Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д заасныг тайлбарлахад, түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон бусад асуудлаар, ундны усны хамгаалалтын бүс түүний ойр орчимд тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс шалтгаалж Улаанбаатар хотын оршин суугчдын эрүүл аюулгүй байдал зөрчигдөж байгаа талаар 5846 иргэнээс ирсэн өргөдөл, гомдол Нийслэлийн Засаг даргад удаа дараа ирсэн. Улсын Их хурлын Өргөдлийн Байнгын хорооны 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаар тогтоол, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар тогтоолыг Монгол Улс Засгийн Газрын хэрэг эрхлэх газраас хэрэгжүүлэх чиглэлийн дагуу Нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлэгч агентлагуудаараа дамжуулан хяналт, шалгалт хийлгэсэн байдаг. Мөн Нийслэлийн Байгаль орчны газраас тухайн хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлуулах талаар дүгнэлтийг Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн. Тус дүгнэлтэд нэхэмжлэгч 7 аж ахуй нэгжүүдийн талаар тодорхой тусгасныг Нийслэлийн Засаг дарга үндэслэсэн гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

... С ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээд Х дараах тайлбарыг гаргаж байна. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 тоот захирамжаар С ХХК-ийн МҮ-01, МҮ-01 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.

С ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хтай ЗГ154 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 2.060.480.000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлж авсан бөгөөд БГ1540 дугаартай Барьцааны гэрээгээр тусгай зөвшөөрлийг барьцаалуулсан. Засаг дарга тусгай зөвшөөрлийг цуцлах акт гаргахдаа хуульд заасан шаардлагыг хангаагүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 13.2-д Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцоно, мөн хуулийн 43.1-д Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хуулийн ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ гэж заасан байдаг. Тусгай зөвшөөрлийг цуцалсан асуудал нь барьцаалагч болох банкны эрх, ашиг сонирхлыг хөндөж байхад хуульд заасны дагуу тус банкинд мэдэгдээгүй, шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй нь захиргааны акт хуулийн дагуу гараагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дүгээр захирамжийн С ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.И шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа:

... Тус маргаанд нэхэмжлэгчээр оролцож байгаа С ХХК-ийн асуудалтай холбоотойгоор Х ХХК гуравдагч этгээдээр оролцож байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж хариу тайлбар гаргаж байна. Х ХХК болон С ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээ 2 тэрбум 60.000.000 төгрөгийн үнийн дүнтэй, 60 сарын хугацаатай байгуулагдсан. Тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Барьцааны гэрээ байгуулсан. Тус барьцааны гэрээнд маргаан бүхий захирамжаар хүчингүй болсон 2 тусдаа түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг барьцаалсан. Тус гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-д Бичгээр хийх хэлцлийг дараах тохиолдолд хийсэн гэж үзнэ, 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж тус тус заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байгаа. Тус гэрээний үлдэгдэл төлбөр өнөөдрийн байдлаар 1.2 тэрбум төгрөг, 280 гаруй хоногийн хугацаа хэтрэлтэй, муу зээлийн ангилалд орж буй нөхцөл байдал үүссэн.

Иргэний хуульд барьцаалагчийн эрхийг хэрхэн хангах талаар тодорхой зохицуулсан байдаг. Иргэний хуулийн 156 дугаар зүйлд зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн тохиолдолд тэргүүн ээлжид барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийн хангуулах эрхтэй байдаг. Барьцааны гэрээ байгуулагдсан үеэс эхэлж барьцааны зүйлээр үүргийг хангуулах шаардлага нь үүрэг гүйцэтгүүлэгчид үүсэх байдлаар барьцаалагчийн эрхийг хамгаалсан байдаг. Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий захирамж гарахдаа барьцаалагчийн эрх ашгийг харгалзаж үзэлгүй, огт мэдэгдэл хийгээгүй байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д .Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна гэж заасны дагуу ажиллагааг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар явуулаагүй. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 27 дугаар зүйлийн 27.1-д Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно, 43 дугаар зүйлийн 43.2-т Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна гэж тус тус заасан ажиллагаа огт хийгдээгүй. Х ХХК маргаан бүхий актын талаар С ХХК шүүхэд нэхэмжлэл гаргах үедээ хэлснээр анх мэдсэн. Хэрэв маргаан бүхий захирамж хэвээр үлдвэл Х ХХК үлдэгдэл зээлийн төлбөрийг төлүүлэх ямар ч боломжгүй болно. Маргаан бүхий захирамжийг гаргахдаа үйл ажиллагааны дарааллыг хуульд заасны дагуу явуулаагүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т ХХК, нэхэмжлэгч Г ХХК-ийн зүгээс Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-аар, нэхэмжлэгч М******* ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгон ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээлгэх тухай, нэхэмжлэгч С ХХК, С ХХК-ийн зүгээс Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дугаар захирамжийг хүчингүй болгож, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сэргээхийг даалгах тухай, нэхэмжлэгч Т ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн Т ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай үндсэн шаардлага, Ашигт малтмал, газрын тосны газраас Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан Т ХХК-ийн хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, холбогдох гэрээг байгуулахыг даалгуулах тухай нэмэгдүүлсэн шаардлага, нэхэмжлэгч А ХХК-ийн зүгээс зүгээс Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дугаар захирамжийн 2-р хавсралтын 15-д заасан А ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Налайх дүүрэг дэх 40.28 га талбай бүхий MY-01 дугаартай тусгай зөвшөөрлийн газрын хэвлий ашиглах эрхийг сэргээлгэх тухай гэх шаардлага бүхий нэхэмжлэлүүдийг тус тусдаа гаргасан байдаг ба шүүх, зарим нэхэмжлэгчийн /нэхэмжлэгч Т ХХК, нэхэмжлэгч Г ХХК/ анх гаргасан шаардлагаар, зарим нэхэмжлэгчийн шаардлагаа өөрчилж тодруулснаар[1] зарим нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан[2]-аар тус тус нэгтгэн эцсийн байдлаар бүх нэхэмжлэгчид хамаарах Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/609 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан хүрээнд хэргийг хянан хэлэлцсэн болно.

Хуульд заасан журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, түүний шаардлагын үндэслэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хариу тайлбар болон татгалзлын үндэслэл, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын болон гуравдагч этгээдийн гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь судлаад, маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянаж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

- Нэхэмжлэгч Т ХХК нь Улаанбаатар хот Налайх дүүргийн нутаг дэвсгэр Х******* гэх нэртэй газар, 46.60 гектар талбайд ашигт малтмал ашиглах MV-02 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг[3] эзэмшдэг ба тэрээр 2005 оноос хойш арван гурав дахь жилдээ тусгай зөвшөөрлийн төлбөрийг;

- нэхэмжлэгч Г ХХК нь Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Г гэх нэртэй газар, 205.66 гектар талбайд ашигт малтмал ашиглах МҮ-01 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг[4] эзэмшдэг ба тэрээр 2010 оноос хойш найм дахь дахь жилдээ тусгай зөвшөөрлийн төлбөрийг;

- нэхэмжлэгч М ХХК нь Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Бог уул гэх нэртэй газарт 20.00 гектар талбайг МҮ-01 дугаар тусгай зөвшөөрлөөр, 30 гектар талбайг МҮ-15 дугаар тусгай зөвшөөрлөөр ашигт малтмал ашиглах ашиглалтын тусгай зөвшөөрлийг[5] эзэмшдэг бөгөөд ба тэрээр 2010, 2011 онуудад шилжүүлэн авсан бөгөөд үүнээс хойш дөрөв дөх жилдээ тусгай зөвшөөрлийн төлбөрийг;

- нэхэмжлэгч С ХХК нь Улаанбаатар хот Налайх дүүргийн нутаг дэвсгэр З*******, З******* гэх нэртэй газарт 13.8 гектар талбайг МҮ-1А дугаар тусгай зөвшөөрлөөр, 40.3 гектар талбайг МҮ-1А дугаар тусгай зөвшөөрлөөр ашигт малтмал ашиглах ашиглалтын тусгай зөвшөөрийг[6] эзэмшдэг ба тэрээр 2008 оноос хойш арван ёс дөх жилдээ тусгай зөвшөөрлийн төлбөрийг;

- нэхэмжлэгч С ХХК нь Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Шандан толгой гэх нэртэй газарт 55.49 гектар талбайд ашигт малтмал ашиглах МҮ-01******* дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг[7] эзэмшдэг ба тэрээр 2013 оноос хойш тав дахь жилдээ тусгай зөвшөөрлийн төлбөрийг;

- нэхэмжлэгч А ХХК нь Улаанбаатар хот Налайх дүүргийн нутаг дэвсгэр Элст гэх нэртэй газарт 40.28 гектар талбайд ашигт малтмал ашиглах МҮ-01 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг[8] эзэмшдэг ба тэрээр 2014 оноос хойш дөрөв дэх жилдээ тусгай зөвшөөрлийн төлбөрийг;

- нэхэмжлэгч Т ХХК нь Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Бөхөгийн голын адаг 1 гэх нэртэй газарт 104.45 гектар талбайд ашигт малтмал ашиглах МҮ-01******* дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг[9] эзэмшдэг ба тэрээр 2012 оноос хойш тав дахь жилдээ тусгай зөвшөөрлийн төлбөрийг тус тус төлж байсан болох нь хэрэгт авагдсан ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлүүд түүний хавсралтуудын нотариатаар батлуулсан хуулбар, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/609 дугаар захирамжийн[10] нэг дэх заалтаар байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон захирамжийн нэгдүгээр хавсралтад заасан 62 аж ахуйн нэгж, байгууллагын түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн ба энэхүү 62 аж ахуйн нэгж, байгууллагуудын нэрсийн жагсаалтын 10-рт нэхэмжлэгч Т ХХК, 35 болон 36-рт нэхэмжлэгч С ХХК, 38-рт нэхэмжлэгч Т ХХК, мөн захирамжийн хоёр дахь заалтаар түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй нийт 33 аж ахуйн нэгж байгууллагын газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн ба энэхүү 33 аж ахуйн нэгж, байгууллагуудын нэрсийн жагсаалтын 9 болон 11-рт нэхэмжлэгч М******* ХХК, 13-рт нэхэмжлэгч Г ХХК, 15-рт нэхэмжлэгч А ХХК, 28-рт нэхэмжлэгч С ХХКомпаний нэр тус тус бичигдсэн байна.

Нэхэмжлэгч нар нь тус бүртээ дээрх захиргааны актын өөрт холбогдох хэсгийг маргаан бүхий захиргааны актаар тодорхойлж, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргах нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгож, сонсох ажиллагаа явуулаагүй, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан нарийвчилсан зохицуулалтыг огт хэрэгжүүлээгүй, маргаан бүхий захиргааны актыг албан ёсоор гардуулж мэдэгдээгүй, Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүстэй давхцаагүй, хэрхэн давхцаж байгаа нь тодорхой бус ойлгомжгүй, холбогдох захиргааны байгууллагын шийдвэрийн улмаас үйл ажиллагаагаа явуулж газрын хэвлийг ашиглах боломжгүй нөхцөл үүссэн байсныг үл харгалзсан ... гэхчлэн маргаж байгаа бол, хариуцагч захиргааны байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс тусгай зөвшөөрөл эзэмшигч нар нь хариуцлагагүй уул уурхай явуулсан, эрх бүхий улсын байцаагчийн акт албан шаардлагыг бүрэн биелүүлээгүй, хуульд заасан хугацаанд олборлолт явуулаагүй, маргаан бүхий захиргааны акт гаргахаас өмнө тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдээллийг ulaanbaatar.mn цахим хуудсаар 2017 оны 3 сарын 29-ний өдөр мэдэгдэж Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа хийсэн, захиргааны акт хууль зүйн үндэслэлтэй гарсан хэмээн нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч татгалзлаа тайлбарлаж байна.

Маргаан бүхий захиргааны акт нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2: Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хуульд нийцүүлэн захирамж гаргана, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3: тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан, мөн зүйлийн 37.6: Аймаг, нийслэлийн Засаг дарга хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан бол мэргэжлийн хяналтын байгууллагад, ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан бол татварын асуудал эрхэлсэн байгууллага, төрийн захиргааны байгууллагад тус тус мэдэгдэнэ, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5: хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болсон, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 1: газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй гэх хуулийн заалтуудыг тус тус үндэслэн гарчээ.

Тэгэхээр захиргааны байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах явцад тухайн түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглах тусгай зөвшөөрлийг хариуцагчаас цуцалж мөн газрын хэвлий ашиглах эрхийг хариуцагчаас дуусгавар болгосон нь энэхүү маргаан гарах үндэслэл болсон байдаг ба шүүхээс маргаан бүхий харилцаанд хамаарах хуулиудыг хэрхэн тайлбарлаж хэрэглэхэд анхаарлаа хандуулах нь зүйтэй гэж үзэв.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл авах, тусгай зөвшөөрөл авсан эзэмшигчийн үүрэг хариуцлага болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулсан байгаа нь маргаантай асуудалд илүүтэй хамааралтай юм.

Нэг. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д нийслэлийн Засаг даргын /хариуцагчийн/ түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбоотой бүрэн эрх, тэр дундаа хүний эрүүл мэнд, байгаль орчин, нөхөн сэргээлт-ийн талаар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих бүрэн эрх хуульчилагдсан байна.

Үүний зэрэгцээ нэхэмжлэгч нар нь түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаа нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасан эрхийг эдэлж, мөн хуулийн 25 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийг хэрэгжүүлж, байгаль орчныг хамгаалах талаар мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан үүргийг хүлээх зохицуулалттай байна.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-37.1.4-д тусгай зөвшөөрөл цуцлах талаарх үндэслэлүүдийг заасан ба маргаан бүхий захиргааны актад эдгээрээс 37.1.3-г үндэслэсэн байдаг.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 23, 24 дүгээр зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй байх бөгөөд зөрчсөн тохиолдолд мөн 37 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрөл нь цуцлагдах ба үүнээс бусад тохиолдолд түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших эрх хадгалагдаж байх онцгой эрхтэй гэж ойлгогдохоор байна.

Хариуцагч буюу захиргааны байгууллага дээрх хуулийн 37.1.3 дахь заалтыг шийдвэрийнхээ зарим үндэслэл болгож байгаа бол Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д: аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 37.1.1-37.1.4-т заасан цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана, мөн хууль зүйлийн 37.3: энэ хуулийн 37.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг аймаг, нийслэлийн Засаг даргад ирүүлнэ, мөн хууль зүйлийн 37.4: аймаг , нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 37.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж, шийдвэрийг эзэмшигчид мэдэгдэнэ гэхчлэн шат дараалсан шинжтэй ажиллагааг хэрэгжүүлсэний эцэст шийдвэр гаргах байсан байна.

Шүүх, хуульд ийнхүү зохицуулсан заалтыг бүрэн хэрэгжүүлэхгүйгээр захиргааны актыг гаргасан, энэ талаар баримт байхгүйн дээр хариуцагчаас байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, газрын хэвлий ашиглах эрхийг буюу тусгай зөвшөөрлийг цуцалсан гэж тайлбарлаж байгаа нь хэтэрхий өрөөсгөл, байгаль орчны талаарх нийтийн эрхийг хамгаалах явцад шийдвэр гаргахдаа хуульд үндэслэх, бодит нөхцөл байдлыг тогтоох зарчмыг зөрчсөн, маргаан бүхий захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байх хуулийн заалтыг зөрчиж гарсан, үүгээрээ нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж захиргааг буруутгасан болно.

Яагаад гэвэл, хэрэгт авагдсан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч /хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч/-ийн судалгаанд[11] маргаан бүхий захиргааны актын нэгдүгээр хавсралтанд хамаарах нэхэмжлэгч Т ХХК-ийн хууль зөрчиж үйл ажиллагаа явуулсан гэх баримтгүй, нэхэмжлэгч С ХХК-ийн MV-01 тусгай зөвшөөрлийн дагуух үйл ажиллагаа хууль зөрчсөн талаарх баримтгүй байхад, Нийслэлийн Байгаль орчны газраас ирүүлсэн баримтан[12]д /цуцлах үндэслэл болон нийт жагсаалт гэх нэртэй / маргаан бүхий захирамжийн нэгдүгээр хавсралтанд хамаарах нэхэмжлэгч нарыг улсын байцаагчийн актын биелэлтийг хангаагүй гэж ирүүлсэн нь харилцан өөр, үүнээс гадна нэхэмжлэгч нар нь тухайлбал, нэхэмжлэгч Т ХХК-ийн зүгээс манайд чиглэгдэж гарсан улсын байцаагчийн албан шаардлага, акт байхгүй, нэхэмжлэгч Т ХХК-ийн зүгээс улсын байцаагчийн актаар тавьсан торгуулийн төлбөрт[13] арван сая төгрөг төлж хариуцлагаа хүлээсэн гэх тайлбаруудад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбар хийж мэтгэлцэхгүй байгаа нь маргаан бүхий актыг бодитой, үндэслэл бүхий гарсан гэдэгт шүүхэд эргэлзээ төрүүлсэн болно.

Хоёр. Газрын хэвлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-д зааснаар энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасан тохиолдолд газрын хэвлийг ашиглах эрхийг хуульд заасан эрх хэмжээнийхээ дотор дуусгавар болгох бүрэн эрх хариуцагч буюу нийслэлийн Засаг даргад байна.

Тэгвэл газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэл, журмыг Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлээр зохицуулсан ба мөн зүйлийн 1-д: Газрын хэвлий ашиглах эрхийг дор дурдсан тохиолдолд бүрэн буюу хэсэгчлэн дуусгавар болгоно, мөн хэсгийн 5-д: хүн амын эрүүл мэндэд аюултай байдал болсон, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт: хэрэв газрын хэвлий ашиглагч нь дор дурдсан зөрчил гаргавал газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгож болно, мөн хэсгийн 1-т: газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй хэмээн нэг талаас үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор нөгөө талаас гаргасан зөрчлийн үр дагаврыг шийдвэрлэх байдлаар бүрэн эрхийг захиргааны байгууллагад /хариуцагчид/ хуулиар олгосон байна. Маргаан бүхий энэ тохиолдолд дээр дурдсан буюу хүн амын эрүүл мэндэд сөрөг байдал бий болсон гэдгийг баримтаар тогтоосон зүйлгүй, хяналт шалгалтыг тусгай зөвшөөрөл бүхий олон аж ахуйн нэгжүүдийг хамруулан гүйцэтгэсэн гэх боловч шалгалтын танилцуулгад нэхэмжлэгч компаниудын заримынх нь нэр байхгүй байна. Түүнчлэн газрын хэвлийг олгосноос хойш 3 жил ашиглаж эхлээгүй гэдэг зөрчил нь эхлээд Газрын хэвлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд: уурхайн эдэлбэр олгосон тухай актыг үндэслэн ашигт малтмалыг олборлоход зориулан газрын хэвлийг олгоно гэж зааснаар холбогдох захиргааны байгууллага газрын хэвлийг ашиглуулахаар уурхайн эдэлбэр газрыг олгосон тухай акт үйлдэх ёстой байна. Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн 13 дугаар зүйл бодитойгоор хэрэгжиж тогтоогдсон байх ёстой байна. Гэтэл энэ талаар хэрэгт баримт байхгүй, шүүхээс нотлох баримт цуглуулах үүргийн хүрээнд Ашигт малтмал, газрын тосны газар[14], Нийслэлийн Газрын алба[15], тусгай зөвшөөрлийн талбай байрлах харьяа дүүргийн Газрын албанд[16] хандсан ба энэ талаар үнэлэх баримт ирээгүй, хариуцагчийн төлөөлөгч нар энэ талаар мэдээлэлгүй байна. Иймд үүссэн нөхцөл байдал буюу дээр дурдсан хүн амын эрүүл мэндэд сөрөг байгаа болохыг тогтоосон баримтгүй, гаргасан зөрчлийг тогтоосон баримтгүй байгаа нь захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа захиргааны үйл ажиллагаа бодитой байх, нөхцөл байдлыг тогтоосон байх зарчмыг зөрчсөн, үүгээрээ маргаан бүхий акт нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна гэж шүүх үзлээ.

Түүнчлэн хэрэгт авагдсан Ашигт малтмал, газрын тосны газар болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хоорондын харилцан солилцсон мэдээлэл, баримтаас[17] үзвэл, гурван жил олборолтын үйл ажиллагаа явуулаагүй аж ахуйн нэгж, байгууллагын судалгаа харилцан адилгүй, зарим нэхэмжлэгч компаний нэр байхгүй байгаа нь захиргаа шийдвэр гаргахдаа бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүйг харуулж байна.

Мөн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахаар зөвшөөрөл авсан нэхэмжлэгч М*******, Г ХХК-д харьяа дүүргийн Засаг даргаас үйл ажиллагаагаа түр зогсоох талаар албан тоот өгснөөр бид тусгай зөвшөөрлийн хүрээнд түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах эрхээ хэрэгжүүлж чадаагүй гэх нэхэмжлэгч нарын төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг няцаах баримт байхгүй байна. Үүний зэрэгцээ тусгай зөвшөөрөл авснаас хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй хэмээн захиргааны актанд заасан атлаа одоо уг актын агуулгын эсрэг татгалзлаа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 50 дугаар тогтоолоор баталсан хамгаалалтын бүстэй давхцалтай гэж тайлбарлаж байгаа нь учир дутагдалтай. Зүй нь нэхэмжлэгч М*******, Г, А ХХК-иудын хувьд маргаан бүхий захиргааны актын нэгдүгээр хавсралтад зааж шийдвэрлэсэн бол хариуцагчийн тайлбарт нийцэх байв.

Ер нь бол шүүх, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн буюу нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаас батлан гаргасан дээрх 50 дугаар тогтоолыг буруутгаагүй, харин хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахын тулд уг тогтоолыг үндэслэхдээ тогтоолын хавсралт ёсоор өөр өөр харилцааг журамласан байгааг үл анхаарч бүхэлд нь хамааралтай гэж үзсэн байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан захиргааны актын агуулга, хэлбэрийн шаардлагыг хангаж гараагүй байна гэж дүгнэсэн болно.

Захиргааны байгууллага буюу нийслэлийн Засаг даргаас сөрөг нөлөөлөл бүхий акт гаргаж байгаа тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд зааснаар захиргааны акт гаргахын өмнө сонсох ажиллагааг явуулах, мөн хуулийн 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагааг ямар арга хэлбэрээр, хэзээ явуулах талаар мэдэгдэл хүргүүлж, хэрэв сонсох ажиллагааг явуулсан бол түүний явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг баримтжуулах гэхчлэн нарийн дэс дараатай, үргэлжилсэн шинжтэй үйл ажиллагааг явуулах байсан байна. Хуулийн энэ заалт хэрэгжээгүй талаарх нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг шүүх үндэслэлтэй гэж үзсэн бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр буюу телевизээр түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эрхийг хөндөх талаар 2017 оны 3 дугаар сард[18] мэдээлсэн гэх тайлбар нь шийдвэр гарахаас даруй таван сарын өмнө байх ба дээрх хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 болон түүнээс улбаалсан сонсох ажиллагааг явагдсан гэж үзэхэд учир дутагдалтай, үнэлэх боломжгүй байна. Иймд захиргааг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг бүрэн хангахгүйгээр шийдвэр гаргасан байна, үүгээрээ нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна гэж дүгнэлээ.

Шүүх, хариуцагч нь маргаан бүхий асуудлыг шийдвэрлэж, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай болон Газрын хэвлийн тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ шийдвэр нь үндэслэл бүхий бодит нөхцөлд тохирсон, ямар нэгэн хоёрдмол санаагүй тодорхой байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт мэдэгдэх, оролцоог нь хангах захиргааны үйл ажиллагааны зарчмыг зөрчиж гаргасан, өөрийн харьяа нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэхдээ өөр өөр агуулгаар харилцан адилгүй журамласан харилцаа байгааг үл анхаарч бүхэлд нь маргаан бүхий актандаа үндэслэсэн нь буруу байна гэж нэгтгэн дүгнэж, нэхэмжлэгч тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасан шаардах эрхийн хүрээнд нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсаны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгч нараас урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч нарт олгохоор, харин зарим нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлөөгүй байх тул дээрх хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нөхөн гаргуулж, төсвийн орлогод оруулахаар зааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.2, 43 дугаар зүйлийн 43.1, Газрын хэвлийн тухай хуулийн 13 дугаар зүйл, 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 39 дүгээр зүйлийн 39.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дугаар захирамжийн Т ХХК, М******* ХХК, Г ХХК, С ХХК, С ХХК, А ХХК, Т ХХК-иудад холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т ХХК, М******* ХХК, Г ХХК, А ХХК, Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан тус бүр төлсөн 70200 төгрөг нийт 351000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 351000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК, М******* ХХК, Г ХХК, А ХХК, Т ХХК-д олгож, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С ХХК, нэхэмжлэгч С ХХК-иас тус бүрээс 70200 төгрөг нийт 140400 төгрөг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] 3-р хавтаст хэргийн 117-р хуудас нэхэмжлэгч С ХХК, С ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага

1-р хавтаст хэргийн 165 болон 6-р хавтаст хэргийн 49-р хуудас нэхэмжлэгч М******* ХХК-ийн өөрчилсөн шаардлага

6-р хавтаст хэргийн 46-р хуудас нэхэмжлэгч А ХХК-ийн өөрчилсөн шаардлага

[2] 5-р хавтаст хэргийн 196-201-р хуудас Т ХХК-ийн нэхэмжлэлд хамаарах 2018 оны 11 сарын 27 өдрийн Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай 128/ШЗ2018/7866 дугаар шүүгчийн захирамж