Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 01

 

  2019           01            09                                               2019/ДШМ/01

Б.Б-д холбогдох

                                    эрүүгийн хэргийн тухай                                                                                                

                                                                                                         

        Дорноговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимаас Шүүхийн Ерөнхий зөвлөлтэй цахимаар холбогдон хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: Н.Амаржаргал,

            Хохирогч: Б.Г,

            Хохирогчийн өмгөөлөгч: Б.Дагийнамжил,

            Шүүгдэгч: Б.Б,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Дашдорж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2018/ШЦТ/122 дугаар цагаатгах тогтоолтой, шүүгдэгч Б.Бд холбогдох, эрүүгийн 201710010020 дугаартай, 3 хавтас, 669 хуудас бүхий хэргийг прокурор Н.Амаржаргалын бичсэн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн .......... суманд төрсөн, халх, эрэгтэй, 36 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дорноговь аймаг, Замын-Үүд сум, Сүлд баг .. дугаар байрны .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Чонос овогт Б-ийн Б /РД: ЙЭ8208....../-д холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө 00 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Норжай” караокены гадаа хувийн таарамжгүй харьцааны улмаас хамт явсан Б.Г-тай маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа цохиж унагаасны улмаас эрүүл мэндэд нь  хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын прокуророос Чонос овогт Б-ийн Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 11.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйллдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, 201710010020 тоот хэргийг прокурорт буцааж,

Бүзмаагийн Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж,

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 8 ширхэгийг хэрэгт хавсаргаж,

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар хохирогч Б.Г-н нэхэмжлэлийн шаардлага 2500000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Энэ цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл  улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргал  давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Б.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих ажиллагааг нотолж, гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс “... хэрэгт хамааралтай нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч Б нь хохирогч Г-гийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй, өөрөөр хэлбэл гэрчийн мэдүүлэг нь тухайн үед шүүгдэгч Б, хохирогч Г-, гэрч Золзаяа нар ямар байдалтай байсныг мэдүүлснээс биш хоорондоо маргалдаж, шүүгдэгч хохирогчийг цохиж хүнд хохирол учруулсан талаар нотлоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэх эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэлэнэ гэж заасны дагуу хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй” гэж дүгнээд Бд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх туай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Прокуророос гэрч Уранбилэгийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан ба шүүх хуралдаан эхлэхээс өмнө гэрчүүдийг шүүх хуралдааны танхимаас гаргаж тусгаарласан боловч гэрч Уранбилэг нь дэг сахиулагчид гэр бүлийн хүн гэж хэлсэн мөн шүүгч нарийн бичгийн дарга танихгүйн улмаас шүүх хуралдаанд сонирхогчийн журмаар суусан байна. Иймд шүүх түүний мэдүүлгийг сонсох шаардлагагүй, өмнөх мэдүүлгийг нь нотлох баримтаар үнэлэх боломжгүй, мөн шүүх гэрч Уранбилэгийг шүүх хуралдаанд суусан гэх үндэслэлээр шүүх хуралдааныг эхнээс нь явуулах шаардлагагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гээд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарт хууль сануулж авсан мэдүүлгүүд байгаа, гэтэл шүүх алийг нь ч нотлох баримт гэж үзээгүй. Хохирогч Г- энэ хэрэгт 3 удаа хохирогчоор мэдүүлэг өгсөн байдаг. 3 удаа мэдүүлэг өгөхдөө дандаа тогтвортой мэдүүлэг өгсөн. Энэ хэрэг 2016.12.25-ны өдөр болсон хэрэг. Г- 2017.01.05-ны өдөр гаргасан тайлбартаа “бид караокеноос гарцгаасан. Тэгтэл Б гэнэт миний нүүр лүү цохисон би тэгээд газар унаж замын боржур мөргөж унаад ухаан алдсан” гэх тайлбар /хх-ийн 19 хуудас/, түүний 2017.01.13-ны өдөр өгсөн мэдүүлэгт “Б, Золзаяа нар тоглоом шоглоомоор миний янзыг үзээд дүүгийн бяр чадлыг харъя гээд байхаар нь Бгээс 50000 төгрөг зээлээд өөрийн 10000 төгрөгөө нэмээд караокенд орсон. Ороод 1 шил архи 3 лааз ундаа авсан. Тэгээд нэг мэдсэн караокены гадаа гарчихсан Бтэй юунаас болсон мэдэхгүй хоорондоо маргалдаад миний нүүр лүү гараараа цохитол арагшаа замын боржур дээр толгойгоороо савж унаад ухаан алдах шиг болсон.Тухайн үед хэнтэй ч муудалцаагүй болохыг Золзаяагаас сонссон” гэх мэдүүлэг /21-22/, мөн түүний 2017.02.20-ны өдөр өгсөн “ би бичлэгийг сайтар үзлээ. Бичлэг дээр Б ах намайг эхэлж нэг удаа нүүр лүү цохиж газар унагаасан байна. Үүний дараа би газраас босч ирээд куртикээ тайлаад Б ах дээр очтол над руу дайраад намайг замын боржурийн хажууд цохиж газар унагаасан байна. Б ах дотуураа цайвар саарал өнгийн цамцтай байсан” гэх /хх-ийн 24/ мэдүүлгүүдийг тогтвортой өгсөн, эдгээр мэдүүлгийг авахдаа түүнд хууль сануулан авсан байгаа.  

Мөн гэрч Буджаргалын  “Г- нөгөө ахтай маргалдаад чи намайг Замын-Үүдэд мэдэх үү, би Замын-Үүдийн Г- байна гэх мэт зүйл яриад байхаар нь би унтаж байсан ахыг сэрээгээд одоо та нар болсон, цаг чинь дууссан гарцгаа гэж хэлээд гарсан.Тэгээд удалгүй 3 номерын өрөөнд түс тас хийх чимээ гарахаар нь яваад ортол Г- ширээн дээр гарчихсан ширээн дээр байсан архиний шил болон стакануудыг өшиглөөд чи намайг мэдэх үү гээд хашгираад байхаар нь нөгөө хоёр ахыг түрүүлж гаргасан. Тэгсэн Г- өрөөнөөс гарахгүй намайг тэвэрч уйлснаа миний дүү намайг ойлгоорой гэсэн утгатай зүйл яриад байхаар нь за та одоо ингээд гараарай гэж хэлээд өрөөнөөс гарсан. Ингээд намайг хүлээн авах ширээний ар талд сууж байхад Г- өрөөнөөс гарч ирэнгүүтээ миний сууж байсан сандлын араар орж суугаад би гарахгүй ээ, гарвал хүнд зодуулах гээд байна гэхээр нь та энд ингээд суугаад байж болохгүй ээ гэж хэлтэл удалгүй өөрөө гарсан.Тухайн үед манай караокед байсан хүмүүс бүгд өөрсдийн өрөөндөө байсан гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/,  гэрч Э.Золзаяагийн тухайн үед Б “Г- үхчихлээ ш дээ" гэж надад хэлсэн бөгөөд тун удалгүй олон нийтийн цагдаа нар дуудлагаар ирсэн бололтой юу болсон талаар асуугаад Г-гийн эхнэрт энэ талаар утсаар мэдэгдсэн. Үүнээс хойш 4 хоногийн дараа Бтэй утсаар ярихад “би Хаан банкны гадна талын камерыг цагдаагийн хамт шүүлгэж үзэхэд Норжай караокений үүдэнд Г-г би цохиж унагааж байгаа юм уу, түлхэж унагааж байгаа юм уу, ямар ч гэсэн газар унагааж буй бичлэг байна” гэж хэлсэн. Б өөрийн ухаантай болсон зүйлийг ойлгох чадвартай байсан. Надад үзүүлсэн бичлэгт Б нь Г-г 2 удаа цохиод газар унагааж буй үйл явдал гарч байна. Тухайн үед би бас Г-г газар унахаар нь босгоод араас нь явсан байна. Архи уугаад сууж байхад Гарьмагнай, Б 2-ын хэн нэгнийх нь бие хаа зөв зүгээр байсан бөгөөд намайг тасраад босох хооронд Бгийн зүүн талын шанаа хэсэг нь халцраад хавдчихсан, Г-гийн уруулнаас цус гарч ухаангүй байдалтай хэвтэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/, гэрч Галсандонойгийн мэдүүлэгт “бичлэгээс харахад хувцасаа тайлсан дотуураа цагаан өнгийн хувцастай газар унаад боссон хүнийг тухайн үед намайг дуудлагаар очих үед ухаангүй цээж нүцгэн газар хэвтэж байсан хохирогчийг гэж өмссөн хувцасаар нь таниж байна. Харин хохирогч гэх хүнийг цохиод байгаа саарал өнгийн хувцастай хүн нь дуудлагаар очих үед хохирогчийн хажууд зогсож байсан зүүн билүү баруун талын хөмсөгний дээд талд цохиулсан бололтой хавдсан байсан залууг байж магадгүй гэж бодож байна. Миний бодлоор хоорондоо муудалцаад зодолдсон юм болов уу гэж бодсон. Бид нарыг цагдаагийн хэлтсээс гараад Норжай караоке руу алхаад очтол замд нэг ч хүн тааралдаагүй бөгөөд зодуулаагүй залуугийн яриагаар бид нарыг зодсон хүмүүс та нартай зөрөөгүй юу, та нарын замаар дөнгөж сая явлаа гэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 40, 41, 102/, гэрч Г.Ууганбаатар нь анх Бд холбогдох хэргийн өргөдлийг хүлээж аваад шалгаж байсан байцаагч. “Бд бичлэгийг үзүүлээд бичлэг дээр гарч байгаа хүмүүсийн талаар асуухад Г-г цохисон хүн нь би байна, караокеноос гарч ирэхэд нэлээн согтуу байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна, ямар ч гэсэн хоорондоо нэг маргалдаж байсан гэж хэлснээс өөр зүйл яриагүй ээ. Мөн бичлэг дээрээ байгаа хүнийг чи мөн байна ш дээ гэж хэлэхэд “харин тийм байна, би нэлээн согтуу байсан, юм санахгүй байна” гээд хэлсэн үгээ давтаад байсан. Мөн дээрхи камерын бичлэгийг Бд үзүүлэхэд өөрийгөө таньсан учир Г-, Б хоёр хоорондоо маргалдаад зодолдсон юм болох нь тогтоогдсон гэх мэдүүлэг /хх-ийн 42/, гэрч Уранбилэгийн мэдүүлэгт “эмнэлэг дээр байхад Б ахын зүүн талын дух нь хавдаж, шанаа нь халцарчихсан байдалтай Г-д нэлээн санаа зовсон шинжтэй “юу болсноо мэдэхгүй байна” гэж хэлээд сууж байсан ба Г-гийн хөлд сөгдөж суучихаад нэг юм яриад байсан. Тухайн үед юу яриад байгааг нь огт ойшоож сонсоогүй бөгөөд хамаг анхаарал Г-д төвлөрчихсөн байсан. Тэгээд Г-г өөр өрөө рүү оруулаад хэвтүүлсний дараа Б ах байсхийгээд өрөөнд орж ирээд “Г- зүгээр үү” гээд санаа зовоод байсан. Тухайн үед би энэ хүн яагаад ингэтлээ санаа зовоод байгаа юм бол доо гээд бодож байсан. Хагалгаанд орсныхоо дараа Б ахад караокены гадаа цохиулсан гэж байснаас өөр зүйл хэлээгүй. Хаан банкны гадна камерыг шүүж үзэхэд Г-, Б ахтай муудалцаад Б ах Г-г цохиод унагааж байгаа дүрс бичлэг байсан гэх мэдүүлэг /хх-ийн 46/, гэрч Түмэнбаярын “ сахиур хийж байхдаа Г-г ухаан орохоор нь өөрөөс нь юу болсон талаар асуухад “Б ах намайг цохисон” гэж хэлснээс өөр зүйлийн талаар яриагүй хүүхэд хагалгаанаас гарсаны дараа Б надтай утсаар яриад камер шүүгээд би цохисон байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/,  Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 35 дугаартай дүгнэлтээр Г-гийн биед гавал тархины битүү гэмтэл, гавал ясны хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу халсан дээрх цусан хураа, гэмтэл тогтоогдсон ба амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт /хх-ийн 53/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Бгийн үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон. Гэтэл шүүх Бг гэмт хэрэг үйлдээгүй гэж үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт байхгүй, өөрөөр хэлбэл цагаатгах талын ямар нэг нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүгдэгч Бгийн би Г-г цохиогүй, камерийн бичлэгт Г-г цохиж унагаасан хүн би биш өөр хүн гэж мэдүүлснийг үнэлж Бг цагаатгасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Үүнд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй гэж зааснаар шүүгдэгч Б хэргээ хүлээхгүй байх эрхтэй байхад шүүгдэгч Бгийн би Г-г цохиогүй, камерийн бичлэгт би Г-г цохиогүй өөр хүн байна гэж мэдүүлснийг нөгөө талаар шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгүүдийг тодруулах боломжгүй гэж мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргасан байхад шүүгч шүүх хуралдаан дээр дүрс бичлэгийг үзээд энэ Б биш байна, өмссөн хувцас нь биш байна гэж хэтэрхий нэг талыг барьж, цагаатгах талыг барьж дүгнэлтийг хийсэн байна гэж үзэхээр байна. Хохирогч нь өгзөг давсан цагаан саарал өнгийн цамц юм уу куртиктэй, хар өнгийн өмдтэй залууд хэд хэдэн удаа цохиулж байна, шүүгдэгч Б нь тухайн үед нэхий дээлтэй байсан нь гэрч Галсандоной, Буджаргал нарын мэдүүлгээр тогтоогдож байна гэж дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй болсон.  

Хохирогч Г- нь мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт удаа дараагийн мэдүүлгээр “намайг Б цохисон” гэж өөрөө амьд, эх сурвалжаа зааж өгсөн, Б нь хохирогч Г-д эмчилгээний зардалд 1000000 төгрөг өгсөн зэрэг байдлаар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байхад Б нь хохирогч Г-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь нотлогдохгүй байна гэж нэг талыг барьсан өрөөсгөл дүгнэлт хийсэн, өөрөөр хэлбэл шүүх шүүгдэгч Бг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдохгүй гэж дүгнэсэн боловч түүнийг ямар нотлох баримтуудаар үгүйсгэсэн тухай үндэслэлийг цагаатгах тогтоолдоо заагаагүй.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ дараах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Үүнд: Улсын яллагчаас гэрч Уранбилэг, Золзаяа, Түмэнбаяр нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасны дагуу гэрч Уранбилэг шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн. Золзаяаг шүүх хуралдаанд оролцуулах, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг тавьсан. Золзаяа нь энэ гэмт хэргийн холбогдогчийн гэр бүл, хамаатан садан тул мэдүүлэг өгөхгүй гэсэн учраас Золзаяаг оролцуулах шаардлагагүй гэж үзсэн. Шүүх хуралдааныг завсарлаад шүүх хуралдааныг үргэлжлүүлье гэж хэлсэн. Түмэнбаяр өвчтэй учраас шүүх хуралдаанд оролцуулах шаардлагагүй гэж үзсэн. Уранбилэгийг шүүх хуралдааны танхимаас гаргаагүй. Гаргаагүй мөртлөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн асуудал биш гэж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Яагаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна вэ гэхээр мөн хуулийн 35.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга шүүх хуралдаанд дуудагдсан гэрч Уранбилэгийг ирсэн талаар мэдэгдсэн байхад гэрчийг шүүх хуралдааны танхимаас гаргалгүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчиж гэрчээс мэдүүлэг авах боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон. Мөн улсын яллагчийн зүгээс гэрч Золзаяа, Түмэнбаяр нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан боловч Түмэнбаяр нь өвчтэй, Золзаяа нь гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн учраас шүүх хуралдаанд оролцуулах шаардлагагүй гэж үзсэн. Гэрч Золзаяа нь яллагдагч Б, хохирогч Г- нартай гэр бүлийн ямар нэгэн хамааралгүй, харин гэрч Уранбилэгийн ээжийн төрсөн эгчийн хүүхэд байх тул Гэр бүлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хамааралгүй байхад хуулийг буруу ойлгож, шүүх хуралдаанд оруулалгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзсэн. Бгийн үйлдлийн улмаас Г- эрүүл мэндээрээ хүнд хохирсон болох нь хэрэгт авагдсан хохирогч Г-, гэрч Ууганбаяр, Золзаяа, Түмэнбаяр нарын мэдүүлгээр нотлогдож байхад шүүх хэрэгт ач холбогдол бүхий дээрх нотлох баримтыг үнэлэхгүй, зөвхөн шүүгдэгч Бгийн мэдүүлэг, түүний өмгөөлөгчийн хэлсэн үгэнд дүгнэж шийдвэрлэж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх зөвхөн Б, өмгөөлөгч хоёрын “энэ бичлэг дээр байгаа хүн би биш байна” гэдэг үгэнд дүгнэлт хийж Бг цагаатгасан тогтоол нь ойлгомжгүй байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийн зүгээс анхны байр суурь бол цагаатгах ёстой, гэм буруутай этгээдийг нь олох ёстой гэсэн байр суурьтай байсан. Мөн мөрдөн байцаагч болон прокурорт энэ хэргийг бүрэн бодитой зөв тогтоолгох талаар хангалттай хүсэлтүүдийг гаргасан байдаг. 2018.11.20-ны өдөр болсон шүүх хуралдаанаар гарсан цагаатгах тогтоолыг үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Улсын яллагчийн зүгээс хэргийн газар байгаагүй гэрч нарыг яриад байдаг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох CD бичлэгүүд дээр яагаад үнэлэлт дүгнэлтүүдийг өгч чадахгүй байгаа юм бэ.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсэн хуулийн заалт нь байгаа учраас прокурор хавтаст хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд мэтгэлцэхийн тулд 2018.10.07-ны өдөр анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан. Шүүхийн 2 ширхэг зурагт дээр CD бичлэгийг смарт телевизор дээр гаргуулж, эд мөрийн баримтаар авагдсан бичлэгийг харьцуулж,  бичлэгийг минут секунт дээр нь зогсоож байгаад нягтралын талаарх ойлголт, мөн тухайн дүрсийг авч үзээд анхан шатны шүүхийн дүгнэсэн үндэслэл тэндээс бий болсон гэж үзэж байна. Хэрэгт прокурорын яллах талыг үгүйсгэсэн нотлох баримтууд маш их байдаг. Хэргийн 2 дугаар талд гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг Уранбилэгээс гаргадаг. Г- нь 1 цагийн үед Норжай караокены гадаа хүнд зодуулсан байна гэсэн тэмдэглэл /хх-2/ авагдсан байдаг. 2017.01.10-ны өдрийн Хаан банкны гадна талын бичлэг байдаг. Хэргийн газар 10 гаран хүн хоорондоо зодолдож байгаа дүрс бичлэг байдаг талаар тэмдэглэлээс харагддаг. Хавтаст хэргийн 39 дүгээр тал дээр хохирогч Бгийн мэдүүлэг байдаг “Миний бодлоор Г-г өмөөрөх үед Г-тай муудалцаж байсан хүн миний нүүрийг цохиод газар унагасан юм болов уу гэж бодож байна. Түүнээс биш өөрөө нүүрээрээ унахад ийм байдалтай болохгүй гэж бодож байна” гэсэн мэдүүлгийг өгдөг. 37 дугаар тал дээр ялангуяа шүүх хуралдаанд оролцуулъя гээд байгаа Золзаяагийн мэдүүлэг авагдана “Би түүнээс хойш юу болсоноо санахгүй байна. Бүдэг бадаг санахад Норжай караокены гадаа Г- дээгүүрээ нүцгэн Бямбаа тэвэрчихсэн, Г- үхчихлээ шүү дээ гээд хэлж байсан. Тэгээд цагдаа нар ирээд эхнэр рүү нь утсаар залгаад хэлсэн. Тухайн үед Г- ямар шалтгаанаар хүмүүстэй зодолдсон юм бэ гэж асуухад би тэр талаар сайн мэдэхгүй байна. Асуулт: Та 3 ууж байхад Б, Г- нар маргалдсан асуудал байна уу гэхэд бид нарыг хамт явж байхад тэр хоёр маргалдсан асуудал байхгүй. Г- архи уугаагүй. Бага зэрэг л уусан. Караокед ороод нэг шил архи авсан гэсэн” мэдүүлэг, мөн хавтаст хэргийн 38 дугаар хуудсанд “танд үзүүлсэн камерийн бичлэгт байгаа хүмүүсийг таних уу, таних бол хэн гэдэг хүмүүс байна вэ гэхэд бичлэг дээр байгаа хүмүүсийн нэгийг нь ч танихгүй юм байна. Намайг тасарсан хойгуур тэр 2 маргалдсан байх гэж бодож байна. Үүнийг ямар учраас ингэж мэдүүлсэн юм бэ гэхэд болсон зүйлийн талаар санахгүй байгаа учраас ингэж мэдүүлсэн. Хоорондоо муудалцсан бол намайг караокед унтаж байхад муудалцсан юм болов уу гэж бодсон” гэсэн хэргийн талаар мэдэхгүй гэрчийг заагаад байна гэж хэлэх нь зүйтэй байх. 40 дүгээр хуудсанд Галсандоной “Тухайн үед нэхийтэй залуу байсан. Газар унасан байсан хохирогчийг хучсан. Юу болсон бэ гэж асуухад намайг кароакеноос гарч ирэхэд манай 2 найз өөр хүнд зодуулчихсан юм шиг байна. Залуучуудыг нь хараагүй. Танихгүй гэхээс өөр зүйл яриагүй. Яг яаж зодуулсан талаар лавлаж асуухад бид 3-ыг гарч ирэхэд танихгүй хүмүүс өөдөөс гарч ирж маргалдаад зодолдсон гэхээс өөр зүйлийг хэлээгүй. Бичлэг дээр гарч байгаа саарал өнгийн цамцтай Г-г цохиж байгаа залууг таньж байна уу, танихгүй байна. Нүд нь хавдсан залуу Г-г цохиж байгаа залуутай адилхан биш байна уу гэхэд бичлэг дээр яг хэн хэн байгааг хэлж мэдэхгүй байна. Нүд нь хавдсан залуу юу гэж ярьж байсан бэ гэхэд үүдний шатан дээр үл таних хүмүүстэй таараад зодолдсон гэсэн ба зодуулсан хүмүүсийг одоо танихгүй” гэсэн ийм гол мэдүүлэг хөндлөнгийн гэрчийн мэдүүлэгт явдаг.

Хавтаст хэргийн 45 дугаар хуудсанд Уранбилэгийн талаарх мэдүүлэг байна. “Г- хэнд зодуулсан талаар танд ярьсан зүйл байна уу гэхэд мэдэх зүйл огт байхгүй. Харин Норжай караокены Жаяа гэдэг толгой дээрээ соёмбо шивүүлсэн залуутай хамт явж байгаад хүнд зодуулсан байх гэсэн. Г- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан уу гэхэд хэрэглэсэн байсан, одоо тасарсан байдалтай байна” гэсэн байдаг. Хавтаст хэргийн 45 дугаар хуудсанд “Б, Зоогий хоёр чанга чанга яриад байхаар нь Зоогийд куртикээ дэрлүүлээд жаахан унт гээд унтуулсан. Бямбаагаас 50000 төгрөг аваад ус, ундаа авч өгсөн. Өөрөө шинэ жилд орно ямар дуу бэлдвэл зүгээр вэ гээд дууны номыг эргүүлээд байж байсан. Түүнээс хойш юм санахгүй байна. Ямар хүнд зодуулсан талаар танд хэлсэн үү гэхэд намайг хэн зодсон юм болоо гэж байсан. Зоогий над руу залгаад хурдан ирээч ээ нөхөр чинь хүнд зодуулсан байна, гадаа хэвтэж байна. Зоогий надад хэлэхдээ намайг караокенаас гараад ирэхэд баахан хүүхэн дагуулсан 2 нэхий өмссөн залуу явж байсан. Хүүхнүүд нь боль боль гээд цаашаа явж байсан” гэсэн мэдүүлгийг өгсөн байдаг.

Хавтаст хэргийн 49 дүгээр хуудсанд Болормаагийн мэдүүлэг байдаг. “Тэгээд би нөхрөөсөө юу болсон талаар тодруулж асуусан чинь мэдэхгүй гэж хэлэхээр нь хамт явж байсан Золзаягаас чи хамт явж байсан биз дээ, яагаад зүв зүгээр зогсож байгаа юм, яасан юу болсон юм бэ гэхэд харин би бас мэдэхгүй байна аа, энэ хоёр караокеноос түрүүлж гараад, араас нь гартал 10 гаруй эрэгтэй,  эмэгтэй хүмүүс бөөгнөрчихсөн гадаа зогсож байсан, тэр үед манай хоёртой муудалцсан бололтой 1 залуу далжиганаад яваад байсан, тэр хүнийг нь би сайн хараагүй, танихгүй гэж хэлж ойлгуулсан ба өөр зүйлийн талаар яриагүй. Тухайн үед би ойлгохдоо Г-, Б хоёр караокед явж байсан хүмүүстэй зодолдсон юм болов уу гэж бодсон. Золзаяа эмнэлэг дээр байхдаа таньд яг юу хэлсэн бэ гэхэд Г- Б хоорондоо зодолдсон гэсэн үү, аль эсвэл өөр хүмүүстэй зодолдсон гэсэн үү гэхэд яг ямар хүмүүстэй зодолдсон талаар мэдэхгүй гэж хэлсэн бөгөөд намайг караокеноос гарч ирэхэд Б, Г- нар нь өөр хүмүүстэй зодолдсон юм шиг байсан гэж хэлсэн”, 71 дүгээр талд шинжээчийн дүгнэлт авагдсан байгаа. Хавтаст хэргийн 118-119 дүгээр талд гэрч Долгорын мэдүүлэг “Үзлэг хийх явцад Г- нь агсан согтуу тавьж байсан. Г-гийн хувьд өөрийн ухаангүй орчиндоо харьцах чадваргүй, согтолт ихтэй, хүнтэй зүгээр юм ярих чадваргүй, агсараад байсан. Г- нь дээгүүрээ нүцгэн, доогуур жинсэн өмд бор гуталтай, Б нь ханцуй дээрээ хар өнгийн тууш судалтай, саарал өнгийн adidas брэндийн бэлтгэлийн цамцтай, бараан өнгийн жинсэн өмдтэй байсан” гэсэн, мөн гар утсанд нь үзлэг хийсэн. Энэ нь эд мөрийн баримтаар хэрэгт авагдсан байгаа, мөн туршилтын ажиллагааг хийсэн. Туршилтаар Бгийн өмсөж явсан цамцны кант нь харагдаж байна уу гэж үзэхэд кант нь харагдаж байгаа. Мөн бүтэн бичлэгийн 1 минут 33 секундэд зогсоож үзэхэд цагаан шарга бүхий цулгуй шулуун куртиктэй хүн байх бөгөөд ямар нэгэн байдлаар цамц нь ямар нэгэн оруулга кант байхгүй байна. 1 минут 33 секундэд зогсоогоод харахад яг энэ байдал харагддаг. Анхан шатны шүүх дээр 1 минут 33 секундэд зогсоож байгаад, мөн машинд сууж буй бичлэгийг 08 секундэд харьцуулалт хийсэн. Бгийн өмсөж явсан цамцны кант болон хоолойны оруулга, бүсэлхийн хэсгийн оруулга. Мөн хэргийн газар зодоон хийж байсан хүнийх цулгуй, цагаан шаргал өнгийн цамц уу, куртик уу гэдэг байдлаар камерийн бичлэгт харагддаг. Энэ талаар улсын яллагч баримтдаа дурдаагүй. Гэтэл анхан шатны шүүхээс хөндлөнгийн гэрчүүдийг оролцуулж тухайн бичлэг дээр үзлэг хийж, тухайн гэмт хэрэг үйлдсэн хүн бол Б болох нь эргэлзээ бүхий нөхцөл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад байна гэж цагаатгасан нь хууль зүйн үндэслэлтэй. Улсын яллагчид гэрч Уранбилэг, Золзаяа нарыг дахин асууж тодруулах боломж байсан, эд мөрийн баримтаар авагдсан баримтуудыг яг юугаар нь яаж үгүйсгээд байгаа юм бэ гэсэн нөхцөл байдлыг анхан шатны шүүх хуралдаан дээр ч өнөөдрийн шүүх хуралдаан дээр ярихгүй байгаа. Гол баримтлаад байгаа баримтууд нь эдгээр баримтууд байдаг. Иймээс анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль зүйн үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

Хохирогч Б.Г- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийг дэмжиж, цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан. Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ миний биед хүнд гэмтэл учруулсныг Замын-Үүд сум дахь Сум дундын шүүх цагаатгах тогтоолыг гаргаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр надаар юм хэлүүлээгүй. Би санаж байсан зүйлээ хэлэх гэтэл ерөөсөө яриулахгүй байж байгаад Бг цагаатгаж шийдвэрлэсэнд гомдолтой байна гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын ярьж байгаа зүйлүүд үндэслэл бүхий байгаа. Нотлох баримтуудын талаар хэсэгчлэн хэсэгчлэн хүмүүс ярьчихлаа. Прокурорын гаргаад байгаа 4 гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг зэргээс хэргийг нотолж байгаа нотолгооны хувьд бага зэргийн зөрүүнүүд байгаа боловч хэргийн бодит байдлыг нотолдог. Яллагдагч тал бичлэгийг үндэслэл болгоод байгаа. Бичлэг дээр хувцасны талаар ярьдаг. Эхлээд Дашдорж өмгөөлөгч кантгүй байсан гэж ярьдаг. Кантгүй гэдэг нь эмч Долгорын утасны бичлэгээр нотлогддог. Кантгүй байсан юм бол цамцны урт нь ямар байсан гээд хувцас дээр нь дээр яриад байдаг. Бичлэгийг 5 удаа үзсэн. Энгийн хүний нүдээр танигдана. Би Бг танихгүй. Анхан шатны шүүх хуралдаан дээр ороход л Бгийн шинж чанар, хэргийн газрын үзлэгт нэг л саарал өнгийн хувцастай хүн байдаг. Үүнийг хохирогч мөн байна гээд хуруугаараа заадаг. Анхан шатны шүүх яагаад үүнийг цагаатгах тогтоолын үндэслэл болгоод байгаа вэ гэхээр тогтоолын үндэслэлээ эргэлзээ бүхий байна гэж дүгнээд байгаа. Г- мэдүүлгээ тогтвортой мэдүүлдэг. Энэ хүн тархиндаа гэмтэл авсаны улмаас элийрч, солиороод байсныг шал согтуу байсан байна. Ухаан мэдрэлээ алдчихсан байсан байна гэдэг байдлаар Дашдорж өмгөөлөгч тавиад байгаа. Тэгэхээр тухайн үед энэ хүн ямар гэмтэл авсан талаар шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. Кант байхгүй байна, ийм байдлаар шалга гэж толгойг нь эргүүлээд байгаа. Тийм байдлыг нь дагаж шалгаад байгаа юм. Шүүх дүгнэлт хийхдээ голоор нь дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгч маань өөрөө та нар хар л даа, цамц нь богинохон байгаа биз дээ, хэд хоног хараад байсан чинь цамц нь богинохон байна лээ. Бгийнх биш байгаа биз дээ гэж бид нараас асууж байсан. Бичлэг нь байгаа байх гэж бодож байна. Тэгж дүгнэж байгаа нь цагаатгах үндэслэл болж байгаа юм болов уу. Шүүх урьдчилсан дүгнэлт хийчихсэн юм болов уу. Энэ хэргийг ингээд шийдвэрлэчихий гэсэн байдал гаргасан байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хохирогч үнэхээрийн гомдолтой байдаг. Гомдолтой байхаас ч аргагүй. Биед нь тухайн цаг үед гэмтэл учирсан уу, учирсан. Тухайн үед яалт ч үгүй хамт явсан хоёр хүн нь Б, Золзаяа нар байгаа. CD бичлэг, туршилтын бичлэг, мэдүүлэг зэргээс харахад Бгийн үйлдлээс болсон нь харагддаг. Цагаан саарал хувцастай хүн хүнийг цохиод унагаж байгаа байдал харагддаг. Энэ нь Б мөн гэж манай үйлчлүүлэгч хөтөлбөргүй нотлоод байдаг. Г- өөрөө нотлоод байгаа үйлдлийг яагаад хүлээж авахгүй байгаа юм бэ, би өөрөө хэлээд байна шүү дээ. Би амьд байгаа тулдаа би хэлээд байна шүү дээ. Гэтэл шүүх биш байна гээд дүгнэсэнд маш их гомдолтой байна гэдэг. Хангалттай нотлох баримт байхад шүүх цагаатгасан нь хууль зөрчсөн асуудал болжээ. Мөн шүүх хуралдааны явцад процессийн гэдэг юм уу алдаа зөрчлийг гаргасан байна. Энэ нь бичлэг юм уу бусад зүйлээр харагдана. Үүн дээр гомдолтой байна гэв.

Шүүгдэгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх бичлэгийг хараад Ууганбаяр цагдаад энэ би байна гэж хэлсэн нь үнэн. Тухайн үед бичлэгийг нэг удаа үзсэн. Бичлэгийг үзэж байхдаа өрөөсөн нүд харахгүй, би хар нүдний шилтэй байсан. Тийм учраас би өөрийгөө буруу таньсан. 1000000 төгрөгийг өгсөн нь үнэн. Би вагоноор явах боломж байхгүй байна. Та надад зардлын мөнгө өгөөч, бензиний мөнгө өгөөч гэхэд нь би ах нь туслалгүй яахав гээд 1000000 төгрөгийг эмчилгээний зардлын мөнгө болгоод яваад ир гэж хэлээд өгсөн. Манай өмгөөлөгчийн зүгээс энэ хэргийг шалгаж байх хугацаанд хэдэн төгрөг өгч болно, миний дүү туслахгүй бол болохгүй шүү дээ гэж хэлсэн. Ахиж мөнгө өгөх гэхээр 1000000 төгрөгийг өгсөнөөрөө би буруутан болох гээд байсан учраас би дахиж мөнгө өгөөгүй. Бид 3-лаа согтолттой байсан. Тухайн үед болсон зүйлийг санахгүй байгаа. Тийм учраас бичлэгийг хамгийн том баримт гэж үзэж байгаа. Бичлэгээс миний цамцны кант харагдаж байгаа. Кантны хэсэг, хүзүүний хар хэсэг маш тод харагдаж байдаг. Г-гийн эхнэр нь над руу яриад Бямбаа ахаа Г-г хагалгаанд авч явахаар боллоо, та эндээ байж хэн зодсон талаар, Норжай караокений камерийн бичлэгийг үзээд байж бай гэж хэлсэн. Г-г явсаны дараа Норжай караокений камерийн бичлэгийг үзэх гэтэл тэр шөнө ажиллаагүй. Ямар ч бичлэг бичигдээгүй байна гэсэн. Тэгээд би Ууганбаяр цагдаад Хаан банк камертай юм байна. 2-лаа Хаан банк руу орьё гэсэн. Би үүдэнд нь Ууганбаяр цагдааг хүлээгээд байж байтал Ууганбаяр цагдаа ороод камерийн бичлэгийг авсан. Тэгээд бид 2 үзээд би байна гээд хэлсэн. Би өөрийгөө мөн байна гээд хэлчихсэн учраас Г- намайг цохисон гэж хэлээд байгаа. Г- намайг цохисныг мэдэж байсан бол камерийн бичлэгийг хайх шаардлагагүй байсан, шууд л намайг цохисон талаар хэлэх байсан. Хэрэг болсоны 2 хоногийн дараа тэр бичлэгийг үзсэн байгаа. Үнэхээр санаж байгаа юм бол тэр бичлэгийг олдохоос өмнө Бямбаа ах та намайг цохисон гэж хэлэх байсан гэж бодож байгаа. Г- бүх зүйлээ санаж байна гэж байна. Хэрэг болсоны дараа Золзаяа манайд орж ирсэн. Нүдээ яасан юм бэ гэхэд харин ийм болчихсон байна. Г- бид 2 хэнд зодуулчихав аа гэхэд мэдэхгүй байна, санахгүй байна гэж хэлсэн. Чи хаанаас ирэв гэхэд Г-гийхаар ороод ирлээ. Г- юу хийж байна гэхэд хэвтэж байна гэсэн. Г- мэдэж байна уу, юу гэж байна гэхэд бас мэдэхгүй байна, санахгүй байна гэж байна лээ гэж хэлсэн. Өөрөө болохоор санаж байна гэж хэлж байна. Намайг цохисон гэдгийг санаж байгаа бол тэнд байсан хүмүүсийг яагаад санахгүй байгаа юм бэ. Шинэ жил болох гэж байсан учраас тэнд явж байсан хүмүүс явуулынх биш байх. Бүгдээрээ Замын-Үүдийнх байх гэж бодож байна. Санаж байгаа юм бол ядаж тэнд байгаа нэг хүнийг ч гэсэн яагаад санахгүй байгаа юм бэ гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Бд холбогдох Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2018/ШЦТ/122 тоот цагаатгах тогтоолыг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

Прокурор Н.Амаржаргалын бичсэн эсэргүүцэл, хохирогч Б.Г-гийн давж заалдсан гомдол зэрэгт үндэслэн шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцвэл анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзэлгүйгээр шийдвэр гаргасан байна гэж үзлээ. Учир нь:

Прокуророос 2016 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Норжай”  караокед шүүгдэгч Б.Б хохирогч Б.Г-,  гэрч Э.Золзаяа нар нь хамтдаа архи уусан ба согтуурсан үедээ Б.Б, Б.Г- нар хоорондоо маргалдаж, улмаар уг караокены гадаа шүүгдэгч Б.Б нь Б.Г-г цохиж унагаасны улмаас түүнд гавал тархины битүү гэмтэл, гавал ясны хугарал, тархины баруун тал бөмбөрцгийн хатуу хальсан дээрх цусан хураа бүхий амь насанд нь аюултай хүнд хохирол учруулсан гэж үзэж шүүгдэгчид хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Гэтэл анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан шинжлэн судлалгүйгээр дан ганц ХААН банкны камерын бичлэгт үндэслэн шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан нь хэргийн бодит байдалд нийцээгүй буюу дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байна.

Энэ нь бусад нотлох баримтууд болох караокед хамт байсан гэрч Э.Золзаяагийн “... надад үзүүлсэн бичлэгт Б нь Г-г 2 удаа цохиод газар унагааж буй үйл явдал гарч байна, тухайн үед би бас Г-г газар унахаар нь босгоод араас нь явсан байна, өөрийнхөө явсан зүйлийг одоо ч бодоод санахгүй байна“ гэж мэдүүлсэн мэдүүлэг  /1-р хх-ийн 39-р хуудасны төгсгөл хэсэг/-т, хохирогч Б.Г-гийн “Б ах намайг караокены гадаа цохиж унагаасан “ гэсэн мэдүүлгүүд /1-р хх-ийн 21-22, 1-р хх-ийн 132, 2-р хх-ийн 4-6, 2-р хх-ийн 74, шүүх хуралдааны тэмдэглэл/, гэрч Г.Ууганбаатарын “ ... Бд бичлэгийг үзүүлж бичлэг дээр гарч байгаа хүмүүсийн талаар асуухад Г-г цохисон хүн нь би байна,  караокеноос гарч ирэхэд нилээн согтуу байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна, ямар ч гэсэн хоорондоо нэг маргалдаж байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 42/, гэрч Г.Буджаргалын “ ... нэг ах нь унтчихсан, ... нөгөө 2 нь хоорондоо юм яриад архи уугаад, дуу нь чангараад байсан,  ... үүний дараа Г- нөгөө ахтай маргалдаад чи намайг Замын-Үүдэд мэдэх үү, би Замын-Үүдийн Г- байна гэх мэт зүйл яриад байсан,  ... удалгүй түс тас хийх чимээ гарахаар нь яваад ортол Г- ширээн дээр гарчихсан  архины шил, стакануудыг өшиглөөд чи намайг мэдэх үү гээд хашгираад байхаар нь нөгөө 2 ахыг түрүүлж гаргасан, тэгсэн Г- өрөөнөөс гарахгүй намайг тэвэрч уйлснаа миний дүү намайг ойлгоорой гэсэн утгатай юм яриад байсан, ... Г- өрөөнөөс гарч ирэнгүүтээ миний сууж байсан сандалны араар орж суугаад би гарахгүй ээ, гарвал хүнд зодуулах гээд байна гэхээр нь та энд ингээд суугаад байж болохгүй ээ гэж хэлтэл удалгүй өөрөө гарсан“ гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 33-34, 2-р хх-ийн 105/ зэрэг эдгээр гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд нь гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг бүрэн гүйцэд тодорхойлсон эсэх талаар анхан шатны шүүх бүрэн гүйцэд дүгнээгүй ба эдгээр хэргийн үйл баримтын талаарх нотлох баримтыг үгүйсгэсэн няцаасан үндэслэлийг заагаагүй буюу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг тал бүрээс нь бүрэн гүйцэд бодит байдлаар нь шүүх хянаагүй гэж үзнэ.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.5 дугаар зүйлийн 1-д зааснаар 2016 оны 12 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө болсон зодоон үйл баримтын талаар бичигдсэн ХААН банкны камерын бичлэгт үндэслэн шүүгдэгч, хохирогч хоёрыг тухайн өдрийн орой өмссөн хувцсыг өмсүүлсэн байдлаар нь болон хэргийн газар дээр аваачсан байдлаар нийт 3 удаа туршилт /2-р хх-ийн 108, 2-р хх-ийн 123, 2-р хх-ийн 138/ явуулсан боловч эдгээр туршилтуудын үр дүнд ямар нөхцөл байдал тогтоогдсон, энэ нөхцөл байдал нь хэрэгт ач холбогдолтой нөхцлийг сэргээн дүрсэлж  чадсан эсэх талаар тодорхойлж чадаагүй, туршилтад зөвхөн шүүгдэгч, хохирогчийг оролцуулж хийсэн нь дээрх хуульд заасан “... хэрэгт ач холбогдолтой тодорхой нөхцөл байдал, үйл явдлыг сэргээн дүрслэх ...“ гэсэн зорилгод нийцээгүй, энэ талаарх хуульд заасан нөхцөл шаардлагыг хангаагүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Иймд “... анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй ...” гэсэн прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн давж заалдсан гомдол үндэслэлтэй ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болсон тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3,  2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2018/ШЦТ/122 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцааж,  прокурор Н.Амаржаргалын бичсэн эсэргүүцэл, хохирогч Б.Г- нарын давж заалдсан гомдлыг тус тус хангасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1, 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Н.БАТЧИМЭГ

                                      ШҮҮГЧИД                                       Н.БОЛОРМАА

                                                                                            А.САЙНТӨГС