| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/02142/И |
| Дугаар | 2373 |
| Огноо | 2017-09-06 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 2373
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Баруун үйлдвэр 133 хаягт байрлах, “Вагнер Ази индастриал” ХХК /РД:5363152/
Эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих “Ти Экс Эл” ХХК /РД:5125596/-ийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяр, нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Вагнер Ази индастриал” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Вагнер Ази индастриал” ХХК нь “Ти Экс Эл” ХХК-тай 2015 оны 09 сарын 10-ны өдөр 1509/01 дугаар тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулж 48 ширхэг дугуйг НӨАТ-тай нийт дүнгээр 23.670.000 төгрөгөөр худалдсан бөгөөд худалдан авагч төлбөрийг хуваан гэрээнд заасан хуваарь нөхцлийн дагуу төлөхөөр тохиролцсон. Худалдан авагч “Ти Экс Эл” ХХК гэрээний үнийн дүнгээс 4.000.000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлсэн ба түүнээс хойш үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Иймд тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 19.760.000 төгрөг, гэрээний 8.1-т заасны дагуу алданги 9.880.000 төгрөг нийт 29.640.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяр нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Вагнер Ази индастриал” ХХК нь “Ти Экс Эл” ХХК-иас тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 29.640.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэтэл хариуцагчийг шүүхэд ирүүлэхээр Нийтийн хэв журам хамгаалах газрын Хамгаалалтын газрын шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсээс ажиллагаа явуулж хариуцагч “Ти Экс Эл” ХХК нь нэхэмжлэлд дурдсан хаягт байрладаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй тухай хариуг ирүүлсэн байна. Иймд тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагчийг эрэн сурвалжлуулах болгон өөрчилж байгаа тул эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих “Ти Экс Эл” ХХК /РД:5125596/-ийг эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Вагнер Ази индастриал” ХХК нь шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ хариуцагч “Ти Экс Эл” ХХК-иас тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 29.640.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд “Ти Экс Эл” ХХК-ийг эрэн сурвалжлах тухай хүсэлт гаргасныг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүх нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хариуцагч “Ти Экс Эл” ХХК-ийг шүүхэд албадан ирүүлэхийг Нийтийн хэв журам хамгаалах газрын Хамгаалалтын газрын шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтэст 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШЗ2017/09194 захирамжаар үүрэг болгосон.
Дээрх захирамжийн дагуу Нийтийн хэв журам хамгаалах газрын Хамгаалалтын газрын шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтэс хариуцагчийг албадан ирүүлэх ажиллагаа явуулсан боловч нэхэмжлэлд дурдсан Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 хороолол, Энхтайваны өргөн чөлөө 52, 4 тоот хаягт хариуцагч “Ти Экс Эл” ХХК нь байрладаггүй бөгөөд үйл ажиллагаа явуулдаггүй тухай 2017 оны 08 сарын 23-ны өдрийн 25/663 тоот албан бичгийг ирүүлжээ.
Иймд шүүх эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих “Ти Экс Эл” ХХК /РД:5125596/-ийн оршин байрлах хаяг нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч “Вагнер Ази индастриал” ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд “Ти Экс Эл” ХХК-ийг олж болох эх сурвалжийг 99100226, 89869989 дугаарын утастай, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 хороолол, Энхтайваны өргөн чөлөө 52, 4 тоот хаягтай байсан нэрлэн заах боломжгүй гэснийг дурдаж, уг ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээр гүйцэтгүүлэх нь зүйтэй.
Хүсэлт гаргагч “Вагнер Ази индастриал” ХХК-тай холбоо барих утас 91912807 болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хүсэлт гаргагч “Вагнер Ази индастриал” ХХК-ийн хүсэлтээр эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих “Ти Экс Эл” ХХК /РД:5125596/-ийг эрэн сурвалжилж, түүний хаягийг олж тогтоох ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст үүрэг болгосугай.
2. Хүсэлт гаргагч “Вагнер Ази индастриал” ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид 371.150 төгрөг төлснийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 300.950 төгрөгийг Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч “Вагнер Ази индастриал” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
Хүсэлт гаргагч “Вагнер Ази индастриал” ХХК-тай
холбоо барих утас: 91912807 болно.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА