Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2430

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 бичил хороолол, Хасбаатар гудамж, 5-б байр, 11 тоотод оршин суух, Осор овогт Шийтэрийн Түмэндэмбэрэл /РД:ЕЗ70012006/

Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ш.Түмэндэмбэрэл, нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч Ш.Түмэндэмбэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх  хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Осорын Ганболдтой 1991 оны 08 дугаар сард танилцаж, 1992 оны 3 дугаар сараас хамтран амьдарч эхэлсэн. Бидний хамтран амьдрах хугацаанд 1993 оны 05 дугаар сарын 30-ны өдөр том охин Г.Ганшүр, 1995 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүү Г.Ган-Эрдэнэ, 2010 оны 05 дугаар сарын 03-ны өдөр охин Г.Шүр-Эрдэнэ, 2012 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүү Г.Болд-Эрдэнэ нарыг төрүүлсэн. Ш.Түмэндэмбэрэл би Осорын Ганболдтой 1992 оны 03 дугаар сараас эхлэн хамтран амьдарч 4 хүүхдийн эцэг, эх болж амьдарч байсан. Бид гэрлэлтээ батлуулаагүй боловч хүүхдүүд бүгд эцэг О.Ганболдоор овоглодог.  Нөхөр Осорын Ганболд нь 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр өвчний улмаас нас барсан. Охин Г.Шүр-Эрдэнэ, хүү Г.Болд-Эрдэнэ нарт тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох болсон тул О.Ганболд биднийг 1992 оны 3 дугаар сараас 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.  

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ  нь:

 

Хүсэлт гаргагч Ш.Түмэндэмбэрэл нь О.Ганболдтой хамтын амьдралтай байсныг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг гаргажээ.

Осорын Ганболд нь 2017 оны 08  дугаар сарын 26-ны өдөр өвчний улмаас нас барсан болох нь 0000202926 тоот нас барсны гэрчилгээгээр тогтоогдсон байна.

Ш.Түмэндэмбэрэл нь Осорын Ганболдтой 1992 оны 3 дугаар сараас 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтран амьдарч энэ хугацаанд дөрвөн хүүхдийн эцэг, эх болсон нь хүсэлт гаргагчийн тайлбарласан тайлбар, охин Г.Шүр-Эрдэнэ, хүү Г.Болд-Эрдэнэ нарын төсрний гэрчилгээний хуулбар,

гэрч О.Төмөрбаатарын “Ш.Түмэндэмбэрэл нь манай бэр, миний талийгаач дүү О.Ганболдын эхнэр нь. 1992 онд манай дүү О.Ганболдын эхнэр нь болж байсан. Анх Архангай аймгийн Хашаат суманд манайхыг байх үед буюу 1991 онд бэр болж очиж байсан. Түүнээс хойш буюу 1992 оны хавраас талийгаач дүү О.Ганболдтой хамт эхнэр нөхөр болон амьдарч эхэлсэн бөгөөд тэд дундаасаа 4 хүүхэдтэй. 1993 онд том охин Г.Ганшүр, 1995 онд хүү Г.Ган-Эрдэнэ, 2010 онд охин Г.Шүр-Эрдэнэ, 2012 онд хүү Г.Болд-Эрдэнэ нарыг төрүүлсэн. Манай дүү О.Ганболд 2017 оны 08 сарын 26-ны өдөр өвчний улмаас нас барсан. Ш.Түмэндэмбэрэл нь 1992 оноос хойш талийгаач дүү О.Ганболдтой Архангай аймгийн Хашаат суманд гэр бүл болон хамт амьдарч байсан. Талийгаач дүү маань нас барахаасаа өмнө гэрлэлтээ батлуулах талаар яридаг байсан ч батлуулж амжаагүй” гэх мэдүүлэг,

гэрч О.Оюунбилэгийн “Миний талийгаач дүү О.Ганболдын эхнэр нь Ш.Түмэндэмбэрэл. 1992 онд манай дүү О.Ганболдын эхнэр нь болж Архангай аймгийн Хашаат суманд очиж байсан. Түүнээс хойш буюу 1992 оны 03 сараас талийгаач дүү О.Ганболдтой хамт эхнэр нөхөр болон хамтран амьдарч эхэлсэн бөгөөд тэд дундаасаа 4 хүүхэдтэй. Тэдний дундаас 1993 онд том охин Г.Ганшүр, 1995 онд хүү Г.Ган-Эрдэнэ, 2010 онд охин Г.Шүр-Эрдэнэ, 2012 онд хүү Г.Болд-Эрдэнэ нарыг төрүүлсэн. Дүү О.Ганболд 2017 оны 08 сарын 26-ны өдөр өвчний улмаас нас барсан. Ш.Түмэндэмбэрэл нь 1992 оноос хойш талийгаач дүү О.Ганболдтой Архангай аймгийн Хашаат суманд гэр бүл болон хамт амьдарч байсан бөгөөд түүнээс хойш буюу 1995 оноос хотод шилжин ирж амьдарч байсан. Талийгаач дүү маань нас барахаасаа өмнө гэрлэлтээ батлуулах талаар яридаг байсан ч батлуулж амжаагүй” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Ш.Түмэндэмбэрэлийг Осорын Ганболдтой 1992 оны 3 дугаар сараас 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтран амьдарсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон                                                                   

                                                   ТОГТООХ  нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар хүсэлт гаргагч Осор овогт Шийтэрийн Түмэндэмбэрэлийг Сэнт овогт Осорын Ганболдтой 1992 оны 3 дугаар сараас 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосугай.         

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба нэхэмжлэгч, хариуцагч нар нь  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж.КУЛЬДАНА