Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2455

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, Төмөрчний гудамж, 06 байр, 7 тоот хаягт байрлах, “Уянгажисаса” ХХК /РД:5303818/

Хариуцагч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 77/1 байр, 74 тоотод оршин суух, Дондой овогт Бадамсэдийн Наранцэцэг /РД:УХ65052304/

1.792.032 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Бадамханд,  хариуцагчийн өмгөөлөгч П.Сарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.

                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Уянгажисаса” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамханд шүүх хуралдаанд  тайлбарлахдаа: Б.Наранцэцэг нь “Уянгажисаса” ХХК-иас 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1.200.000 төгрөгийг 7 хувийн хүүтэй 30 хоногийн хугацаатай зээлж зээлийн гэрээ байгуулсан. 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ирж зээлийн хүүгээ төлөх ёстой байсан. Ломбардны зүгээс зээл, хүүгээ төлөхийг шаардаж түүний гар утас руу удаа дараа мессэж илгээсэн боловч хариу ирүүлээгүй. Гэрийн хаягаар нь очиход байраа бусдад түрээслүүлсэн байсан. Б.Наранцэцэг ирээгүй тул барьцааны мөнгөн аягыг 2014 оны 08 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд худалдан борлуулсан. Гэтэл Б.Наранцэцэг 2014 оны 08 дугаар сарын 20-доор ирж бичгээр надад мэдэгдээгүй гэх үндэслэлээр шүүхэд хандаж 15.000.000 төгрөг шаардсан боловч шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шийдвэрээр Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т зааснаар “Уянгажисаса” ХХК-иас 3.045.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Наранцэцэгт олгосон. Шүүхийн шийдвэрт хэн аль нь гомдол гаргаагүй, хуулийн хүчин төгөлдөр болсон. Б.Наранцэцэгтэй өөрийн биеэр ярьж үндсэн зээл, хүүг шүүхийн шийдвэрээр гарсан 3.045.000 төгрөгөөс хасаж тооцоод үлдэх мөнгийг төлье гэхэд зөвшөөрөөгүй. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч томилж, захирамжийн 7-д шинжээчийн зардлыг нэхэмжлэгч Б.Наранцэцэгээр нөхөн төлүүлэхийг дурьдсан. Шинжээчид Б.Наранцэцэг энэ зардлыг тухайн үед мөнгөгүй гэж төлөөгүй, дүгнэлт гарахгүй удааширсан тул “Уянгажисаса” ХХК төлж дүгнэлт гарсан. Б.Наранцэцэг нь гэрээний 1 сарын хугацааны хүүг төлсөн. Гэрээ дууссанаас хойших мөнгөн аягыг борлуулсан хугацаа буюу 2014 оны 08 дугаар сарыг хүртэлх хугацааны хүүг төлөөгүй тул энэ хугацааны хүүг нэхэмжилнэ. Иймд хариуцагч Б.Наранцэцэгээс үндсэн зээл 1.200.000 төгрөг, үүргийг гүйцэтгэлийг хангуулах хүртэлх хугацаа буюу 2014 оны 08 дугаар сарын 18-ныг хүртэлх хугацааны хүү 292.032 төгрөг, шинжээчийн зардал 300.000 төгрөг нийт 1.792.032 төгрөгийг гаргуулж өгнө үү. Шинжээчийн зардлыг хувь тэнцүүлэн гаргах шаардлагатай гэв.

Хариуцагч Б.Наранцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд түүний өмгөөлөгч П.Сарантуяа тайлбарлахдаа: “Уянгажисаса” ХХК-иас 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 11 ширхэг хуучны мөнгөн аяга барьцаалж 1.200.000 төгрөгийг зээлдэж авсан. Гэтэл надад албан ёсоор мэдэгдэлгүйгээр үе дамжиж ирсэн 5 ширхэг, дундын үеийн 3 ширхэг, шинэ үеийн 3 ширхэг нийт 11 ширхэг мөнгөн аяга буюу 15.000.000 төгрөгний аягыг зээлийн төлбөрт хураан авч бусдад худалдсан байсан. Энэ талаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж хууль бусаар мөнгөн аягыг худалдсан нь тогтоогдсон. Шүүхийн шийдвэрээр 3.045.000 төгрөгийг “Уянгажисаса” ХХК-иас гаргуулж шийдвэрлэсэн. Иймд зээлсэн 1.200.000 төгрөгийг төлүүлэхийн тулд барьцаа хөрөнгө болох 11 ширхэг мөнгөн аягыг худалдаж, зээлийн төлбөрийг бүрэн төлснөөр тооцсон үйл баримтын талаар “Уянгажисаса”  ХХК хүлээн зөвшөөрч тайлбарлаж байсан. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул “Уянгажисаса” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй. Хуулийн шаардлагыг зөрчиж барьцааны зүйлийг худалдсан нөхцөлд энэ асуудалд холбогдох нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх “Уянгажисаса” ХХК-д байхгүй. Барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд явагдсан иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлт гаргуулах асуудал нь тухайн хэрэгт хамааралтай тул шинжээчийн зардлыг хариуцахгүй. Зээлээс үндсэн зээл 1.200.000 төгрөгийг төлж болно. Харин гэрээ дуусгавар болсоноос хойших хүү 292.032 төгрөгийг төлөхгүй. Шинжээчийн зардлыг буруутай тал төлөх ёстой гэв.

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Уянгажисаса” ХХК нь хариуцагч Б.Наранцэцэгт холбогдох 1.792.032 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

            Хариуцагч Б.Наранцэцэг нь 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 11 ширхэг мөнгөн аяга барьцаалж 1.200.000 төгрөгийг 7 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж зээлдэж авсан болох нь шүүх хуралдаанд зохигчийн гаргасан тайлбар, барьцаат зээлийн гэрээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

            Барьцаат зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.5-д заасан хуулийн шаардлагыг хангасан, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан хүчин төгөлдөр хэлцэл байна.

            Хариуцагч тайлбартаа “шүүхийн шийдвэрээр “Уянгажисаса” ХХК буруутай болох нь тогтоогдсон, шинжээчийн зардалд төлсөн төлбөрийг өмнөх шүүхийн шийдвэрээр шийдвэрлэх ёстой байсан”, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд “үндсэн зээл 1.200.000 төгрөгийг төлнө, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй“ гэж тайлбарлан маргажээ.

            Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/00799 дугаартай шийдвэрээр “Уянгажисаса” ХХК-ийг барьцааны зүйлийг худалдан борлуулах хуульд заасан журмыг зөрсөн гэх үндэслэлээр барьцааны зүйл болох мөнгөн аяганы үнэд 3.045.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Наранцэцэгт олгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон боловч энэ нь хариуцагч Б.Наранцэцэг гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч нь зээлийн 1.200.000 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй ба мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж зааснаар зохигч барьцаат зээлийн гэрээг сунгаагүй, гэрээний хугацаа 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болсон, нэхэмжлэгч нь гэрээний хугацааны 1 сарын хүүг хариуцагч нь төлсөн гэж тайлбарласан тул гэрээ дуусгавар болсноос хойших хүүг хариуцагчаас шаардах эрхгүй байна.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн захирамжаар барьцааны хөрөнгө мөнгөн аяганы зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилж, шинжээчийн зардлыг нэхэмжлэгч Б.Наранцэцэгээр нөхөн төлүүлэхээр дурьдсан боловч шүүхийн шийдвэрээр эцэслэн шийдвэрлэлгүй орхигдуулсан тул шинжээчийн зардлыг энэ шийдвэрээр хувиарлан шийдвэрлэх үндэслэлтэй.

Зохигчийн хэн алины хуульд заасан буруутай байдал буюу нэхэмжлэгчийн барьцааны зүйлийг худалдан борлуулах журам зөрчсөн, хариуцагчийн гэрээний үүргээ гэрээ, хуульд заасан хугацаанд биелүүлээгүй буруутай байдлыг тус тус харгалзан шинжээчийн зардал 300.000 төгрөгийг хувь тэнцүүлэн хариуцуулах нь зүйтэй гэж үзэв.

Иймд хариуцагч Б.Наранцэцэгээс гэрээний үүрэг 1.200.000 төгрөг, шинжээчийн зардал 150.000 төгрөг нийт 1350.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Уянгажисаса” ХХК-д олгож, үлдэх 442.032 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                             ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 282 дугаар зүйлийн 282.1-т зааснаар хариуцагч Б.Наранцэцэгээс 1.200.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Уянгажисаса” ХХК-д олгож, 292.032 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Б.Наранцэцэгээс 150.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Уянгажисаса” ХХК-д олгож, үлдэх 150.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  43.623 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Наранцэцэгээс 36.550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Уянгажисаса” ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба нэхэмжлэгч, хариуцагч нар нь  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

                                  

                             

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ж.КУЛЬДАНА