| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/02364/И |
| Дугаар | 2466 |
| Огноо | 2017-09-18 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 2466
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө-35 байрлах, “Макслайн” ХХК /РД:2715104/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 хороолол, 61 байр, 3 тоотод байрлах, “Эс Ар Би” ХХК /РД:5652677/
Түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрт 15.145.920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхбаатар, нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Макслайн” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Эс Ар Би” ХХК нь манай компанитай 2016 оны 01 сарын 21-ний өдөр М-07-ТҮ-16/125 дугаартай Түрээсийн гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө-35 хаягт байрлах “Макс Моол” худалдааны төвийн 2-р давхрын 22.8 м.кв хэмжээ бүхий 204 дугаартай түрээсийн талбайг 1 сарын 2.006.400 төгрөгийн төлбөртэйгөөр хөлсөлж байсан. “Эс Ар Би” ХХК-тай байгуулсан Түрээсийн гэрээний хугацаа 2016 оны 12 сарын 31-ний өдөр дууссан боловч тус компани түрээсийн талбайг 2017 оны 02 дугаар сарыг дуустал хугацаанд ашиглаж байсан бөгөөд манай компани тухайн хугацаагаар тасалбар болгон тооцож авлага үүсгэсэн. “Эс Ар Би” ХХК нь түрээсэлж байсан талбайг хүлээлгэн өгөх үедээ 17.152.320 төгрөгийн төлбөр тооцоотой байсан тул манай компани гэрээний дагуу 2.006.400 төгрөгийн барьцааг төлбөрөөс нь суутган тооцож үлдэгдэл төлбөр 15.145.920 төгрөг болсон. Тус компаниас төлбөрийн үлдэгдлээ төлөхийг удаа дараа шаардсан ч төлөөгүй. Иймд түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 15.145.920 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Макслайн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийбат шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч “Эс Ар Би” ХХК нь “Макслайн” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нийт 15.145.920 төгрөгөөс 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 50 хувь болох 7.572.960 төгрөгийг, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үлдэх 7.572.960 төгрөгийг тус тус төлж төлбөрийг барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Иймд бидний эвлэрлийг баталж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч “Эс Ар Би” ХХК нь “Макслайн” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа. Нийт 15.145.920 төгрөгөөс 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 50 хувь болох 7.572.960 төгрөгийг, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үлдэх 7.572.960 төгрөгийг тус тус төлж төлбөрийг барагдуулахаар харилцан тохиролцож байна. Иймд бидний эвлэрлийг баталж өгнө үү гэв.
Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч “Эс Ар Би” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 15.145.920 төгрөгөөс 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 50 хувь болох 7.572.960 төгрөгийг, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үлдэх 7.572.960 төгрөгийг тус тус нэхэмжлэгч “Макслайн” ХХК-д төлж төлбөрийг барагдуулахаар зохигч харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд, зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Макслайн” ХХК нь хариуцагч “Эс Ар Би” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрт 15.145.920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан эвлэрч, үүгээр Хариуцагч “Эс Ар Би” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 15.145.920 төгрөгөөс 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 50 хувь болох 7.572.960 төгрөгийг, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үлдэх 7.572.960 төгрөгийг тус тус төлж төлбөрийг барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрчээ.
Зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч “Макслайн” ХХК, хариуцагч “Эс Ар Би” ХХК нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.
Шүүх хуралдаанд зохигчид эвлэрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233.680 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “Эс Ар Би” ХХК-иас 233.680 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч “Эс Ар Би” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 15.145.920 төгрөгөөс 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 50 хувь болох 7.572.960 төгрөгийг, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үлдэх 7.572.960 төгрөгийг тус тус нэхэмжлэгч “Макслайн” ХХК-д төлж төлбөрийг барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233.680 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “Эс Ар Би” ХХК-иас 233.680 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Макслайн” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА