| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/03028/И |
| Дугаар | 2468 |
| Огноо | 2017-09-18 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 2468
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 хороолол, Хасбаатар гудамж, 13-а байр, 102 тоотод оршин суух, Хангин овогт Ванягийн Туяа /РД:ЧИ62091403/
Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч В.Туяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч В.Туяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ванягийн Туяа миний бие 1981-1986 онд Ленинград хотын Кино-инженерийн дээд сургуулийг дууны оператор, инженер мэргэжлээр суралцаж төгссөн. Улмаар 1986 онд суралцаж сургуулиа төгсөж ирээд буюу 1986 оны 08 дугаар сараас Кино үйлдвэрт мэргэжлийн дагуу дууны инженерээр ажилласан. Миний бие тус байгууллагад дууны инженерээр 1997 он хүртэл ажиллаад чөлөөт уран бүтээлч бие даан ажиллах болсон. Гэтэл Монголкино үйлдвэрийн боловсон хүчнээс 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нээж олгосон Хөдөлмөрийн дэвтэрт миний эцэг Ванягийн нэрийг Ваань гэж зөрүү бичсэн. Үүнийг залруулах шаардлагатай байгаа тул 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Монголкино үйлдвэрийн боловсон хүчнээс нээж олгосон №069593 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Ванягийн Туяа миний бие мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч В.Туяа нь 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Монголкино үйлдвэрийн боловсон хүчнээс нээж олгосон №069593 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэгт Ванягийн Туяад 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Монголкино үйлдвэрийн боловсон хүчнээс нээж олгосон №069593 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр авагдсан байх бөгөөд түүний овог гэх хэсэгт “Ваань”, нэр гэх хэсэгт “Туяа”, төрсөн он гэх хэсэгт “1962” гэж, мэргэжил гэх хэсэгт “дууны инженер” гэж тус тус бичигдсэн нь
Ванягийн Туяагийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр зэрэг бичиг баримтуудад бичигдсэн “Ванягийн Туяа” “1962 оны 09 сарын 14-ний өдөр төрсөн” гэх баримтуудтай “овог буюу эцгийн нэр” тохирохгүй зөрүүтэй бичигдсэн байна.
Ванягийн Туяа нь Ленинград хотын Кино-инженерийн дээд сургуулийг дууны оператор, инженер мэргэжлээр суралцаж төгсөөд 1986 оны 08 дугаар сараас эхлэн Монголкино үйлдвэрт дууны инженерээр ажилласан бөгөөд 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Монголкино үйлдвэрийн боловсон хүчнээс нээж олгосон №069593 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр болон
гэрч Э.Ичинхорлоогийн “Миний бие 1981 онд Ленинград хотын Кино-инженерийн дээд сургуульд кино-механик мэргэжлээр суралцсан бөгөөд В.Туяа нь мөн 1981 онд тус сургуулийн дууны оператор, инженер мэргэжлээр суралцсан. Тэр үеэс буюу 1981 оноос В.Туяаг таних болсон. Бид Ленинград хотын Кино-инженерийн дээд сургуульд 1981-1986 онд суралцаж төгссөн. Сургуулиа төгсөж ирээд буюу 1986 оны 08 дугаар сараас В.Туяа бид Кино үйлдвэрт мэргэжлийн дагуу буюу В.Туяа нь дууны инженерээр, би дууны синхрон инженерээр хамт ажилласан. Бид хамтдаа 1997 он хүртэл ажиллаад чөлөөт уран бүтээлч болж бие даан ажиллах болсон. 1986-1997 он хүртэл Кино үйлдвэрт дууны инженерээр В.Туяа ажиллаж байсан нь үнэн бөгөөд тухайн үед В.Туяагийн нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт эцгийн нэрийг Ваань гэж андуурч бичсэн байсан. 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Монголкино үйлдвэрийн боловсон хүчнээс нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч нь В.Туяа мөн болохыг тодорхойлж байна”
гэрч И.Эрдэнэцэцэгийн “Миний бие 1980 онд Ленинград хотын Кино-инженерийн дээд сургуульд кино-механик мэргэжлээр суралцсан бөгөөд харин В.Туяа нь мөн 1981 онд тус сургуулийн дууны оператор, инженер мэргэжлээр суралцахаар ирсэн. Тэр үеэс буюу 1981 оноос В.Туяаг таних болсон. Миний бие Ленинград хотын Кино-инженерийн дээд сургуулийг кино-механик мэргэжлээр 1980-1985 онд суралцаж төгссөн. Би 1985 онд сургуулиа төгсөж ирээд буюу 1985 оны 09 дүгээр сараас МонголКино үйлдвэрт мэргэжлийн дагуу ажилласан. Харин В.Туяа нь дууны инженерээр 1986 оноос эхлэн МонголКино үйлдвэрт орж ажилласан бөгөөд бид 1997 он хүртэл буюу байгууллага татан буугдах хүртэл хамт ажиллаж байсан нь үнэн” гэх мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч В.Туяагийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Монголкино үйлдвэрийн боловсон хүчнээс нээж олгосон №069593 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Хангин овогт Ванягийн Туяа /РД:ЧИ62091403/ мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА