Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2470

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 хороолол, Энэбишийн гудамж, 27 байр, 40 тоотод оршин суух, Хариад овогт Лэгцэгдулмаагийн Алтанцэцэг /РД:ХГ62092906/

Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Л.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч Л.Алтанцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Алтанцэцэг миний бие 1962 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн бөгөөд ээж Лэгцэгдулмаагаар овоглодог. 1979 оноос 1985 онд Анагаах ухааны дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр суралцаж төгссөн бөгөөд сургуулиа төгсөөд 1985 оны 09 дүгээр сараас эхлэн Улаанбаатар хотод Найрамдлын районы хүүхдийн нэгдсэн эмнэлэгт их эмчээр ажилласан. Гэтэл 1985 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Анагаах ухааны дээд сургуулийн боловсон хүчнээс Л.Алтанцэцэг надад нээж олгосон №144069 дугаарын Хөдөлмөрийн дэвтэрт миний эх Лэгцэгдулмаагийн нэрийг Лэгцэгдулам гэж зөрүү бичсэн. Үүнийг залруулах шаардлагатай байгаа тул 1985 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Анагаах ухааны дээд сургуулийн боловсон хүчнээс нээж олгосон №144069 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Лэгцэгдулмаагийн Алтанцэцэг мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Л.Алтанцэцэг нь 1985 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Анагаах ухааны дээд сургуулийн боловсон хүчнээс нээж олгосон №144069 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэгт Лэгцэгдулмаагийн Алтанцэцэгт 1985 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Анагаах ухааны дээд сургуулийн боловсон хүчний газраас нээж олгосон №144069 дугаарын Хөдөлмөрийн дэвтэр авагдсан байх бөгөөд түүний овог гэх хэсэгт “Лэгцэгдулам”, нэр гэх хэсэгт “Алтанцэцэг”, төрсөн он гэх хэсэгт “1962-09-29” гэж, мэргэжил гэх хэсэгт “хүний их эмч” гэж тус тус бичигдсэн нь

Лэгцэгдулмаагийн Алтанцэцэгийн төрсний гэрчилгээ, төрсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын дэвтэр болон Эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ зэрэг бичиг баримтуудад бичигдсэн “Лэгцэгдулмаагийн Алтанцэцэг” “1962 оны 09 сарын 29-ны өдөр төрсөн” гэх баримтуудтай “овог буюу эцгийн нэр” тохирохгүй зөрүүтэй бичигдсэн байна.

Л.Алтанцэцэг нь Анагаах ухааны дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр суралцаж төгсөөд 1985 оны 09 дүгээр сараас эхлэн Улаанбаатар хотод Найрамдлын районы хүүхдийн нэгдсэн эмнэлэгт их эмчээр ажилласан ба 1985 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Анагаах ухааны дээд сургуулийн боловсон хүчнээс нээж олгосон №144069 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, төрсний гэрчилгээ, төрсний бүртгэлийн лавлагаа, эх Н.Лэгцэгдулмаагийн нас барсны бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын дэвтэр болон Эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ болон

гэрч Чойжамцын Энэбишийн “Миний бие 1979 оны 09 сарын 01-ний өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 01-нийг хүртэл Лэгцэгдулмаагийн Алтанцэцэгтэй хамт Анагаах ухааны дээд сургуулийн хүний их эмч, эмчилгээний ангид 6 жил суралцаж төгсөөд нэг байгууллагад хувиарлагдан хамт ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан нь үнэн” гэх тодорхойлолт, Хорлоогийн Гүрбазарын “Х.Гүрбазар миний бие 1985 оноос 2005 он хүртэл Лэгцэгдулмаагийн Алтанцэцэгтэй хамт ажиллаж байсан ба түүний эх нь Намжилын Лэгцэгдулмаа гэдэг хүн байсныг баталж байна” гэх тодорхойлолт зэргээр тус тус тогтоогдож байна.

           Иймд хүсэлт гаргагч Л.Алтанцэцэгийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар 1985 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Анагаах ухааны дээд сургуулийн боловсон хүчнээс нээж олгосон №144069 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Хариад овогт Лэгцэгдулмаагийн Алтанцэцэг /РД:ХГ62092906/ мөн болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хүсэлт гаргагч   шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш  14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай. 

 

                

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ж.КУЛЬДАНА