| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2017/0305/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/333 |
| Огноо | 2017-08-24 |
| Зүйл хэсэг | 148.1., |
| Улсын яллагч | Д.Оюунэгэрэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 2017/ШЦТ/333
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Билгүүн,
улсын яллагч Д.Оюунгэрэл,
шүүгдэгч Н.Г ,
хохирогч С.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Харчуу овогт Н.Г д холбогдох эрүүгийн 201725030711 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Харчуу овогт Н.Г , Монгол улсын иргэн, 1969 оны 05 сарын 05-ны Өвөрхангай аймагт төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, бариа засалч мэргэжилтэй, халх, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, Чингэлтэй дүүргийн 8-р хороо Баруун тасган 1-4 тоотод оршин суух, регистрийн дугаар.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Н.Г нь иргэн С.У ыг Солонгос улс руу явуулж өгнө гэж хуурч мэхлэн итгэл эвдэх аргаар нийт 3.800.000 төгрөгийг 2017 оны 01 сард 3 удаагийн үйлдлээр залилан авч бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Н.Г аас шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2016 оны 10-р сард манай гэрт Уянга ирж өөрийгөө мэргэлүүлсэн. Тэгээд Уянгааг таньдаг болсон. Уянга нь манай хүү Билгүүний эхнэр Ариунзавъяатай хамт ажилладаг хүн нь байгаа юм. Үүнээс хойш нилээд хэд хоногийн дараа Уянга намайг та таньдаг хүнтэй гэж байна тэр хүндээ хэлээд Солонгос явуулаад өгөөч гэж гуйсан. Тэгээд би Уянгаад нөгөө хүнээсээ асууж сураглаж байж болъё гэхдээ тийм амархан зүйл биш гэж хэлсэн. Ингээд би Финлянд улс руу өөрийн эгч Гэрэлсайханы гэрт очиж хэд хоног амарч байгаад 2016 оны 12-р сард Монголд ирсэн. Ирээд Уянгаатай уулзахад 1-р сард ээжийнх нь тэтгэврийн зээл бүтнэ гэж хэлсэн. Тэгээд Уянга ээжийнхээ тэтгэврийн зээлийг гаргуулаад 2017 оны 1 сарын 11-ний өдөр 2.000.000 төгрөгийг миний өөрийн 5027249111 тоот дансаар шилжүүлсэн. Энэ мөнгийг нь би өөрөө хэрэглэсэн, 2017 оны 02-р сарын дундуур шиг санагдаж байна нэмж 1.500.000 төгрөг өгсөн. Энэ мөнгөний 500.000 төгрөгийг нь түрээсийн байрны төлбөрт өгсөн үлдсэн мөнгийг нь өөрөө зарцуулсан. Тэгээд өөрийнхөө байрлаж байсан байрнаасаа нүүгээд барьж байсан утсаа хаячихаад Уянгатай холбогдож чадаагүй юм. Ийм хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Би ууг нь С.У ад боломжоороо тусалчих юмсан гэж хичээсэн. Энэ авсан мөнгөө ажил хийж төлөхөөр тохиролцсон. Эхнээс нь төлж эхэлсэн…” гэв. /хх 37/
Хохирогч С.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Миний хувьд зээл авч Гэрэлзулд мөнгө өгсөн. Одоо 3 сая 800 мянган төгрөг дээр нэмж, зээлийн хүү болох 1 сая төгрөгийг нэхэмжилнэ...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч С.У нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2016 оны 10-р сарын дундуур шиг санагдаж байна өөрийн найз Ариунзавъяатай уулзахад хадам ээж хүмүүс гадагшаа явуулдаг 2-3 хүн явуулсан чи манай ээжтэй уулзаад үз гэсэн. Тухайн үед Ариунзавъяа болон түүний нөхөр 2.500.000 төгрөгөөр виз гаргадаг гээд 2016 оны 10-р сарын сүүлээр Гэрэлзултай танилцсан. Тэгээд Гэрэлзултай уулзаж Солонгос явахаар тохирсон бөгөөд Гэрэлзул нь 3.500.000 төгрөгөөр намайг явуулж өгнө гэсэн. Тэгээд намайг яаралтай мөнгөө өг гэсэн бөгөөд би Гэрэлзулд надад хугацаа хэрэгтэй гэхэд заза тэгвэл би 2016 оны 11-р сард Финлянд улс руу явна тэгээд 12-р сард ирнэ ирсний дараа бол гэсэн. Тэгээд 2016 оны 12-р сард Гэрэлзулыг ирчихлээ гэхээр нь би ээжтэйгээ хамт очиж уулзаад ээжийн тэтгэврийн зээлийг аваад мөнгийг нь өгнө яг найдвартай биздээ гэхэд Гэрэлзул найдвартай та нэг удаа охиноо дэмжээд гадагшаа явуулах хэрэгтэй гэж хэлж байсан юм. Ингээд 2017 оны 01-р сарын 11-ний өдөр манай ээж Алтантуяа тэтгэврийн зээл 6.342.200 төгрөгийн зээл авсан бөгөөд тэр үед би ээжийнхээ мобайлаар мөнгө шилжүүлэх гэсэн чинь Гэрэлзул өөр хүний данс өгөөд байсан тэгэхээр нь би өөрийнхөө дансыг өг гээд гэртээ байхдаа ээжийн 5031660534 тоот данстай мобайл банкаар 5027249111 тоот дансруу 2.000.000 төгрөг бэлнээр шилжүүлсэн. Дараа нь 2017 оны 01-р сарын 19-ний өдөр 1.500.000 төгрөгийг бэлнээр мөн ээжийнхээ мобайлаар Гэрэлзулын 5027249111 дансруу шилжүүлсэн. Мөн банкны хуулганы мөнгө гэж 300.000 төгрөгийг 2017 оны 01-р сарын 23-ны өдөр мобайлаар мөн Гэрэлзулын 5027249111 тоот дансруу шилжүүлсэн. Тэгээд Гэрэлзул нь мөнгө авснаасаа хойш янз бүрийн шалтаг тоочиж хойшилчихлоо гэсээр байгаад сүүлд нь утсаа ч авахгүй алга болчихсон…” гэжээ. /хх 18/
Гэрч Т.Алтантуяа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2016 оны 10-р сард манай охин Уянга нь надад Солонгос явна хүн явуулж өгнө гэж хэлсэн. 2017 оны 01-р сард ээлжийн амралтаа авчихаад Уянгааг Солонгос явуулна гээд байсан Гэрэлзул гээд эмэгтэйтэй уулзсан. Тэгээд Уянгааг Солонгос явуулахад асуудалгүй гэсэн. Тэгээд би 2017 оны 01 сарын 11-нд шиг санагдаж байна тэтгэврийн зээл гэж 6.300.000 гаран төгрөг авсан. Тэгээд би Гэрэлзулын 502724111 тоот данс руу 5031660534 тоот данснаас 2017.01.12-нд 2.000.000 төгрөг мобайлаар шилжүүлсэн. Дараа нь 01 сарын 10-д гаргаад манай охин Уянга миний мобайлаар 1.500.000 төгрөгийг Гэрэлзулын данс руу шилжүүлсэн. Түүний дараа Уянга бас дахиад 300.000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд нийт 3.800.000 төгрөг аваад Гэрэлзул нь таг чиг болчихсон ..” гэжээ /хх-27/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, тэтгэврийн зээлийн гэрээ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, өөрөөр хэлбэл хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Н.Г нь иргэн С.У ыг Солонгос улс руу явуулж өгнө гэж хуурч мэхлэн итгэл эвдэх аргаар нийт 3.800.000 төгрөгийг 2017 оны 01 сард 3 удаагийн үйлдлээр залилан авч бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас гадна хохирогч, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна. Иймд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Г нь хохирогчид 950.000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх 2.850.000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй байна. Харин хохирогч С.У нь 3.800.000 төгрөгөөс гадна нэмж зээлийн хүү болох 1 сая төгрөгийг нэхэмжлэх боловч түүний гаргаж өгсөн баримтын хүрээнд үүнийг шийдвэрлэх боломжгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Г ын үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үед үйлдэгдсэн байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Г ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч мэхлэн итгэл эвдэх аргаар залилж бага бус хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Г нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Харчуу овогт Н.Г ыг бусдыг хуурч мэхлэн итгэл эвдэх аргаар залилж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар шүүгдэгч Н.Г ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Гэрэлзулаас 2.850.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.У д олгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлсугай.
4. Шүүгдэгч Н.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН