| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2019/0003/З |
| Дугаар | 128/шш2019/0234 |
| Огноо | 2019-04-10 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 128/шш2019/0234
| 2019 оны 04 сарын 10 өдөр | Дугаар 128/ШШ2019/0234 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийж,
Нэхэмжлэгч: Г ХХК,
Хариуцагч: АМгт КХ,
Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 604 дүгээр шийдвэрийн Г ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, XB-013826 дугаар тусгай зөвшөөрлийн дагуу хайгуулын талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтийн даргын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай 604 дүгээр шийдвэрийн Г ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, ХУ-013826 дугаартай тусгай зөвшөөрлийн дагуу, өргөдөлд заасан координат буюу 28.14 гектар хайгуулын талбайд Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгасан шийдвэр гаргаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Г ХХК нь XУ-013826 дугаартай хайгуулын тусгай
зөвшөөрлийг 2008 онд Гүнбилэг трейд ХХК-иас шилжүүлэн авсан. Улмаар хайгуулын ажлын явцад ашиглалтын нөөцийг тогтоож, 2013 оны 06 дугаар сар ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаар хүсэлтээ хүргүүлсэн. Хүсэлтээ хүргүүлснээс хойш тодорхой ажиллагаа хийгдсэн. Гэтэл 2017 онд хариуцагч Ашигт малтмалын тухай хуулийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.3-д заасныг тус тус үндэслэн өргөдлийг хянан шийдвэрлэх хугацаа дууссан гээд ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж 604 дүгээр шийдвэрийн гаргасан байдаг. Уг шийдвэр нь нэхэмжлэгчийн буюу хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ашиглалтын тусгай зөвшөөрөл авах эрхийг зөрчсөн. Тус шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй, хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн актыг гаргасан гэж үзэж байгаа.
Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д зааснаар хариуцагч байгууллага нь ашиглалтын тусгай зөвшөөрөл болон түүнд хавсаргасан баримт бичгийг судалж, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос гадна дараах шийдвэрүүдийн аль нэгийг гаргана. Үүнд: 26.3.1-д Хүсэлтийг хүлээн авахаас татгалзах, 26.3.4-д Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах, 26.4-д Өргөдлийн бүртгэлээс хасах гэж 3 төрлийн шийдвэрийг гаргахаар заажээ.
Тухайлбал өргөдөлд түүнд хавсаргасан баримт бичгүүд нь хуулийн шаардлага хангасан эсэхэд анхан шатны шүүлт хийх бөгөөд хэрэв шаардлага хангаагүй бол төрийн захиргааны байгууллагаас хүсэлтийг хүлээн авахаас татгалзах шийдвэрийг гаргана.
Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах шийдвэрийг хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай ямар нэг байдлаар давхацсан бол гаргана.
Өргөдлийн бүртгэлээс хасах шийдвэрийг 10 хоногийн хугацаанд тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг төлөөгүй бол гаргахаар зохицуулсан. Дээрх 3 төрлийн шийдвэрийг гаргахаар заасан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийг харахад өргөдлийг хянан шийдвэрлэх хугацаа дууссан гэх үндэслэлээр ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохоос татгалзах хууль зүйн үндэслэл байхгүй байна. Өөрөөр хэлбэл хуульд заасан үндэслэлээр төрийн байгууллага шийдвэр гаргах ёстой. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэлийг Ашигт малтмалын тухай хуульд нарийвчлан тодорхой заасан. Өөрийн хөрөнгө, цаг хугацаагаа зарцуулан хайгуулын ажил явуулж ашиглалтын нөөц тогтоон ашиглах гэтэл төрийн байгууллагаас жижиг шалтаг гарган тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.
Маргаан бүхий захиргааны актад Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.3 дахь заалтуудыг үндэслэсэн байдаг. Тус хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй, 26 дугаар зүйлийн 26.3-д Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 26.1, 26.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараах шийдвэрийн аль нэгийг гаргаж, өргөдөл гаргагчид мэдэгдэнэ гэж тус тус заасан.Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актад тавигдах шаардлага гэж байдаг. Тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хуулийг заалтыг үндэслэн захиргааны акт гарах ёстой. Дээрх хуулийн заалтууд нь уг харилцааг нарийвчлан зохицуулсан заалт биш учраас үндэслэлгүй захиргааны акт гэж үзэх боломжтой байна.
Хариуцагч 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 7/8986 дугаартай Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан гэдгийг манайд мэдэгдсэн гэдэг. Гэвч маргаан бүхий актыг үндэслэлгүй Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.4 дэх заалтыг баримтлан Г ХХК-д тусгай зөвшөөрөл олгохгүй гэсэн мэдэгдлийг ирүүлсэн. Тус албан бичигт дурдсан Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.4-д хүсэлтэд дурдсан талбай нь энэ хуулийн 26.3.3-т заасан талбайн аль нэг хэсэгтэй давхацсан бол ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзана .... гэж заасан. Гэтэл талбайн давхцалын асуудал байхгүй бөгөөд бодит байдалтай нийцэхгүй заалтыг баримталсан байна.
Өргөдөл хянан шийдвэрлэх хугацаа дууссан, нөөцийн хэмжээ экологийн хохирлыг нөхөн сэргэхэд хүрэхгүй гэдэг үндэслэлүүд нь ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах хуульд заасан үндэслэлд хамаарахгүй юм. Уг үндэслэлээр төрийн албан тушаалтан өөрийн дураар хуульд заасан эрх хэмжээгээ хэтрүүлэн үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2011 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 18-07 дугаартай дүгнэлт, түүний хавсралтад манай ашигт малтмалын хайгуулын талбайд 539.2 кг алтны нөөцтэй гэж тогтоосон. Энэ дүгнэлтийг үндэслэн Ашигт малтмалын газрын даргын 2011 оны 449 дугаартай нөөц хүлээн авч бүртгэх тухай тушаалын 1 дэх заалтаар нөөцийг бүртгэн аваад улсын нөөцийн нэгдсэн тоо бүртгэлд бүртгэхийг зөвшөөрч шийдвэрлэсэн. Нөөц тогтоогдоогүй, экологийн хохирлыг нөхөн сэргээхэд хүрэхгүй гэсэн үндэслэл байхгүй.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар Нөлөөллийн үнэлгээг ерөнхий болон нарийвчилсан хэмээн хоёр ангилж, 7.2-т Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг... ашигт малтмал ..., ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ гэж заажээ. Мөн Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А/20 дугаар тушаалаар баталсан Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журмын 8 дугаар зүйлийн 8.1-д Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу ашиглалтын тусгай зөвшөөрлийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас авсан байна, 8.3-т Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийлгэж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлуулсан байна гэжээ.
Дээрхээс үзэхэд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаас өмнө ерөнхий үнэлгээ хийлгүүлэх бөгөөд ашиглалтын тусгай зөвшөөрөл авсны дараа нарийвчилсан үнэлгээ хийлгүүлэхээр тус тус зохицуулсан байна. Хавтаст хэрэгт авагдсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлтийн Нарийвчилсан үнэлгээ хийлгэх үндэслэл гэсэн хэсгийн 1-д Алтны үндсэн ордыг ашиглах явцад байгаль орчинд учруулах сөрөг нөлөөллийг ерөнхий үнэлгээний түвшинд бүрэн тогтоох боломжгүй учир нарийвчилсан үнэлгээний үндсэн дээр тодорхойлох шаардлагатай гэж дүгнэсэн байна. Үүнээс харахад олборлолтоос үүсэх экологийн хохирлын хэмжээ, түүнийг нөхөн сэргээхэд гарах зардлын хэмжээ зэрэг нь ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаас өмнө тогтоогдохгүй. Ашиглалтын тусгай зөвшөөрөл авсны дараа Техник эдийн засгийн үнэлгээ батлагдаж, улмаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хийснээр экологийн хохирлыг нөхөн сэргээхэд гарах зардал тодорхой болохоор байна. Гэтэл нарийвчилсан үнэлгээ хийгдээгүй байхад хариуцагчаас олборлолтоос үүсч болох экологийн хохирлыг нөхөн сэргээхэд хүрэлцэхгүй гэж үзэж байгаа нь буруу юм. Экологийн хохирол болон түүнийг нөхөн сэргээхэд гарах зардлын хэмжээ тогтоогдоогүй байхад тогтоогдсон мэтээр төсөөлсөн дүгнэлт хийж шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.
Хариуцагчаас 6 сарын хугацаатай нөөц нэмэгдүүлэх даалгавар өгсөн. 6 сарын хугацаанд ямар ч ажиллагаа хийгээгүй учраас ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан гэж тайлбарладаг. Шүүхээс архивт хийсэн үзлэг болон хариуцагчаас гарган өгсөн баримтаар Г ХХК-д ямар нэгэн мэдэгдлийг өгч байгаагүй нь нотлогдсон.
Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрийн хөрөнгө, цаг хугацааг зарцуулан хайгуулын ажлыг хийгээд нөөцийг тогтоож улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсний дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл авах онцгой эрх үүсдэг. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-д хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах эрх эдэлнэ гэж заасан. Хариуцагч ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохгүй байгаа нь манай онцгой эрхийг зөрчиж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаръя. Төв аймгийн Борнуур сумын нутагт Харгана гэх нэртэй газар орших 109,23 га хэмжээ бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2008 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Гүнбилэг трейд ХХК-д олгосон байдаг. Улмаар уг тусгай зөвшөөрлийг 2010 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Гүнбилэг трейд ХХК-иас Г ХХК-д шилжүүлсэн. Г ХХК нь 2014 оны 06 дугаар сард 14/-15 дугаар албан бичгээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргасан. Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу өргөдлийг бүртгэн авч хянан шийдвэрлэх ажиллагааг хийгдэх ёстой.
Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 26.1.2-т заасан анхан шатны шүүлт хийсний дараа дараах зүйлийг тодруулна гэж заасан бөгөөд тодруулах 3 зүйл байдаг. Үүний нэг буюу тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.3-д хайгуулаар тогтоогдсон ашигт малтмалын нөөцийн хэмжээ, үнэлгээ нь олборлолтоос үүсч болох экологийн хохирлыг нөхөн сэргээхэд хүрэлцэх эсэх гэж заасан. Тэгэхээр өргөдлийг хянан шийдвэрлэхэд нөөцийн хэмжээ, үнэлгээ нь олборлолтоос үүсч болох экологийн хохирлыг нөхөн сэргээхэд хүрэлцэх эсэхийг тодруулах шаардлагатай. Үүнийг тодруулах явц удаашралтай явагдсан гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн 2014 оны 06 дугаар сард гаргасан өргөдөл 2017 онд өргөдлийг хянан шийдвэрлэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэгдсэн. Нөөцийн хэмжээ Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.3 дахь заалтыг хангахгүй гэсэн үндэслэлээр Ашиг малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргаас 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 6/202 дугаар албан бичгээр мэдэгдлийг нэхэмжлэгч компанид хүргүүлж байсан. 2016 оны 06 дугаар сард Ашиг малтмалын газрын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар Г ХХК-д нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх 6 сарын хугацааг олгосон. Үүнээс жилийн дараа маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтийн даргын 604 дүгээр шийдвэр гарсан. Уг шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.3.4-д заасан шаардлагыг хангаагүй учраас ашиг малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн.
2011 онд Г ХХК нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар нөөцөө тогтоолгосон гэж байгаа боловч манай дотоод хяналтын хуудаст өргөдлийн талбайд нөөц тодорхойгүй байна гэж тэмдэглэгдсэн байдаг. Нэхэмжлэгч компанид нөөц нэмэгдүүлэх 6 сарын хугацаа тогтооход нөөц нэмэгдүүлсэн баримтыг ирүүлээгүй. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь Гүнбилэг трейд ХХК-иас Төв аймгийн Борнуур сумын нутаг Харгана нэртэй газарт байрлах XB-013826 дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 533 дугаар тушаалаар[1] шилжүүлжээ.
Улмаар 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 84,71 га талбайн хэмжээгээр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдөр зураг зүйн шүүлт хийж ойн талбайтай давхцалтай, Өргөдөл гаргасан хайгуулын талбай нь хууль заасан хэмжээнээс бага, сонгон шалгаруулалтад орох, төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн талбайтай давхцалтай....... гэж, мөн /он сар тодорхойгүй/ 28,37 га талбайн хэмжээгээр гаргасан өргөдөлд 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр зураг зүйн шүүлт хийж сонгон шалгаруулалтад орох, төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн талбайтай давхцалтай, хилийн шугам богино гэж, 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гаргасан 28.14 га өргөдөлд 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр зураг зүйн шүүлт хийж сонгон шалгаруулалтад орох, төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн талбайтай давхцалтай, хилийн шугам богино гэж тус тус шалтгаануудыг дурьджээ.
Дээрх зураг зүйн шүүлтүүдийн үр дүнд татгалзах зүйлгүй боловч лавлах зүйл байгаа гээд дээрх шалтгаануудыг дурдсан байх бөгөөд Ашигт малтмалын газрын 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №6/202 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр[2] Ашигт малтмалын тухайн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.3-т заасныг хангахгүй шалтгаанаар ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хэдий ч 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Ашигт малтмалын газрын даргын зөвлөлийн 02 дугаар хуралдаанаар[3] нэхэмжлэгчид хугацаатай /6 сар/ үүрэг өгөх ажлыг зохион байгуулахыг Уул уурхайн хэлтэст даалгажээ.
Уг даалгаврын дагуу үүрэг өгсөн эсэхийг тодруулахад Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/2215 тоот албан бичгээр[4] ямар нэгэн арга хэмжээ аваагүй гэж, мөн тус шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн үзлэгээр нэхэмжлэгчид болон Уул, уурхайн хэлтэст үүрэг даалгавар өгөөгүй болох нь тогтоогдож байна.
Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 604 дугаар тушаалаар[5] өргөдлийг хянан шийдвэрлэх хугацаа дууссан үндэслэлээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 7/8986 тоот албан бичгээр[6] мэдэгдлийг хүргүүлжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д 21.1.Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах эрх эдэлнэ гээд 21.1.3-д энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах, 24 дүгээр зүйлийн 24.1-д Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй, 26 дугаар зүйлийн 26.3-д Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 26.1, 26.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараах шийдвэрийн аль нэгийг гаргаж, өргөдөл гаргагчид мэдэгдэнэ гээд 4 үндэслэлийг дурьджээ.
Хариуцагчаас нэхэмжлэгчийн 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гаргасан өргөдөлд 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 604 дугаар тушаалаар өргөдлийг хянан шийдвэрлэх хугацаа дууссан үндэслэлээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.
Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т өргөдлийг бүртгэснээс хойш 20 өдөрт багтаан хариу өгөхийг нарийвчлан хуульчилсан байхад нэхэмжлэгчийг өргөдөл гарснаас хойш 40 сар 08 хоногийн дараа өргөдлийг хянан шийдвэрлэх хугацаа дууссан гэх хуульд заагаагүй үндэслэлээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Нөгөөтээгүүр 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 7/8986 тоот албан бичгээр хүргүүлсэн мэдэгдэлд нэхэмжлэгчийг нөөц тогтоох 6 сарын хугацаа олгосон боловч ирээгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.4-д хүсэлтэд дурдсан талбай нь энэ хуулийн 26.3.3-т заасан талбайн аль нэг хэсэгтэй давхацсан бол ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж, шалтгаан үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, энэ тухай өргөдөл бүртгэх дэвтэрт тэмдэглэх гэж заасан шаардлагыг хангаагүй гэжээ.
Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 7/1685 тоот албан бичгийн[7] хавсралтаар ирүүлсэн агаар сансрын зураг болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ирүүлсэн хариу тайлбарт орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан болон нэхэмжлэгчийн эзэмшиж буй ХV-13826 дугаар тусгай зөвшөөрөлтэй талбайд дахин зөвшөөрөл олгогдоогүй гэжээ.
Мөн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2011 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ХХ-18-07 дугаар дүгнэлтээр[8] нэхэмжлэгчийн эзэмшиж буй ХV-13826 дугаар тусгай зөвшөөрөлтэй талбайн нөөцийг тогтоосон байх бөгөөд Ашигт малтмалын газрын даргын 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 449 дугаар тушаалаар[9] нөөцийг хүлээн авч бүртгэжээ.
Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгчийн ХV-13826 дугаар тусгай зөвшөөрөлтэй талбай нөөцгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.4-д заасан давхцалтай гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
Нөгөөтээгүүр маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгчид гардуулсан эсэх талаарх баримтыг тус шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1/1468 тоот албан бичгээр шаардахад 2017 оны явсан бичгийн бүртгэлийн дэвтрийн хуулбарыг ирүүлсэн боловч явуулсан он сар, хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн албан тушаалтны гарын үсэг хоосон, бөглөөгүй зэргээс дүгнэхэд түүнийг хуульд заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэгчид гардуулсан гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэгчийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 604 дүгээр шийдвэрийн Г ХХК -д холбогдох хэсгийг хүчингүй болгож, XB-013826 дугаар тусгай зөвшөөрөлтэй /сүүлд хүсэлт гаргасан 28.14 га/ хайгуулын талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3, 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэлтэй АМгт КХд холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 604 дүгээр шийдвэрийн Г ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, XB-013826 дугаар тусгай зөвшөөрөлтэй /сүүлд хүсэлт гаргасан 28.14 га/ хайгуулын талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгасугай.
2 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ.