Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2014/0342

 

Н.Д-ы нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Захиргааны хэргийн анхан шатны 04 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 17 дугаар шийдвэрт нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлын дагуу Н.Д-ы нэхэмжлэлтэй, Г аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч

Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Г аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/58 дугаар захирамжийг хүчингүй болгох” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Н.Д-д аймгийн Засаг даргын 2008 оны 151 дүгээр захирамжаар 6 дугаар цэцэрлэгийн урд талд 300 м.кв газрыг орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн. Үүний дагуу Н.Д нөхцөлийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулж, гэрчилгээ авсан. Улмаар Газрын тухай хуулийн 35.3.1 -г зөрчин зориулалтын бусаар ахуйн зориулалтаар ашигласан, газрын хэмжээг 650 м.кв болгон нэмэгдүүлсэн, мөн гэрээгээ 4 жил дүгнүүлээгүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, 2 жил дараалан газраа зориулалтын дагуу ашиглаагүй зэрэг зөрчил илэрсэн тул газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хүчингүй болгож өгнө үү.”

гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 04 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 17 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 34.5, 34.6, 35.1.3, 40.1.5,40.1.6-д заасныг удирдлага болгон Г аймгийн Засаг даргын 2014 оны

02 дугаар сарын 17-ны өдрийн А/58 дугаар захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Миний нөхөр Довчин нь 2008 оны 151 дүгээр захирамжаар Цогтбаатар гэдэг даргаас халаалтын шугам сүлжээтэй /кадастрын/ зурагтай газрыг Ариунаа гэдэг хүнд өгсөн, надад хашааны айлууд дотор газрыг хэмжин цэг тогтоож өгсөн. Манай хөгшин “манай газар биш” гэж гэсэн боловч “таны газар мөн” гэж элэг барьж байна. Манай энд байшин барих шугам сүлжээ хол учир 2009 онд буугаад одоог хүртэл амьдарч байна. Манай гэрчилгээг 2 жилээр бусад айлын гэрчилгээг 15-20 жилээр бичиж өгсөн байсан. Зарим нь бичиггүй ч айлууд байгаа. Н.Д газрын гэрчилгээгээ сунгуулах гэж очсон боловч буцааж явуулсаар байгаад өдийг хүрсэн. Учир нь манай газрыг өөр хүнд өгөх санаатай байна гэж үзэж байна.

5 сарын хугацаанд аймгийн Засаг дарга дээр 3 удаа орж уулзсан, судалж үз гэсэн цохолт өгсөн. Гэвч газрын албаны дарга авч хэлэлцсэнгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг шүүх хуралдаан дээр доромжилсон тэд өөрсдөө газрыг зааж өгчхөөд одоо болохоор өөр газар өөрсдөө дур мэдэн буусан гэж байна. Мөн тэр газар нь цэвэр усны шугам явж байгаа. Газрын хэмжээг хэтрүүлсэн гэж байна. Гэтэл манай хажуу хашаанд 3 гэр байдаг, бас том машин эргээд гардаг. Манай хашаанд 2 гэр баривал зайгүй болно. Хажуу 4-5 айл байшин бариагүй байгаа. Хуульд 7 га газрыг эзэмших эрхтэй гэж заасны дагуу бидэнд эрх бий гэж бодож байна. Манайх 2008 онд 8000 төгрөг, мөн 2400 төгрөг тушаасан. 2013 оны 04 дүгээр сарын 17-нд 12500 төгрөг тушаасан. Энэ нь 5 жилийн татвар. Мөн кадастрын зургийн үнэ 25000 төгрөг өгсөн. Миний эзэмшил газрыг хүнд өгчхөөд , дараа нь буруу газар буруу юм хийсэн гэж буруутгаж байна. Тухайн асуудлыг шалгах нь зүйтэй. Иймд анхан шатны шүүх нэг талыг барьсан шударга бус шийдвэр гаргасан тул давж заалдаж байна.” гэжээ.

                                                                                      ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээс гадна Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна,

Нэхэмжлэгч Н.Д нь Г аймгийн Засаг дарга О.А, тус

 

$

аймгийн Газрын албаны дарга, мэргэжилтэн н.Ганхуяг нарт холбогдуулан “миний газрын гэрчилгээ, захирамж зэргийг сэргээн олгож өгнө үү” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Харин шүүх Г аймгийн Засаг даргад холбогдуулан, “Г аймгийн Засаг даргын 2014 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн А/58 дугаар захирамжийг хүчингүй болгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бүрэн гүйцэд явуулаагүйгээр "... орон сууцны зориулалттай газар дээр хашаа хатгаж ахуйн зориулалтаар ашигласан”, "... 300 м.кв газрын хэмжээг өөрчилж 650 м.кв газарт хашаа нэмэгдүүлж ашигласан”, "... 2009- 2013 онуудад газрын төлбөрөө хугацаанд нь төлж байгаагүй”, “.. газраа 2 жил дараалан ашиглаагүй ...” гэсэн нь нэхэмжлэгч, хариуцагч, гэрч нарын тайлбар, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь нотлох баримтад тулгуурлаагүй зөвхөн хэргийн үйл баримтын талаар дурдсан гэж үзэхээр байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5, 70 дугаар зүйлийн 70.2-д зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах ажиллагааг явуулаагүй, мөн маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн ямар эрх хөндөгдсөн, үүнтэй холбоотой захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа байгаа эсэхийг шалгаж тодруулаагүй байна.

Тодруулбал: Нэхэмжлэгч Н.Д нь “өөрийн байгаа газрынхаа доод талд 2 метр газрыг өөрийн эхнэр болох Л.Баасандуламын хамт эзэмшүүлж өгнө үү” гэсэн хүсэлтийг Г аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гаргасан талаарх нотлох баримтыг нэхэмжлэлдээ хавсаргаж өгчээ. Өөрөөр хэлбэл, дээрх хүсэлтэд дурдсан газрыг нэхэмжлэгч Н.Д, түүний эхнэр Л.Баасандуламд нарт эзэмшүүлэхгүй байгаагаас тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөд байгаа эсэх, уг хүсэлтийг нь хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхгүй байгаа захиргааны байгууллага, албан тушаалтны үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэх, мөн Г аймгийн Засаг даргын 2014 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн А/58 дугаар захирамж нь Н.Д-ы эрхийг ямар байдлаар зөрчсөн эсэхийг тодруулж, газар олголт болон газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нөхцөлүүдийг зөв тодорхойлж, түүний эрх зүйн үндэслэлд дүгнэлт хийх нь зөв байна.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно”, 33.4-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэж заажээ

Тиймээс Г аймгийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 151 дүгээр захирамжаар /6-р цэцэрлэгийн урд талд/ Н.Д-д олгосон 300 м.кв газар нь дээрх хуульд заасан зориулалт бүхий газарт хамаарч байгаа, хамаарахгүй байгаа үндэслэлийг тодруулах, хамаарч байгаа бол тэр талаарх нотлох баримтыг цуглуулж, дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Нөгөөтээгүүр нэхэмжлэгч газар эзэмших эрхээ сэргээлгэх, тэр талаарх захиргааны байгууллага, албан тушаалтны үйлдэл, үйл ажиллагаа, захиргааны актын эрх зүйн үндэслэлийн талаар дүгнүүлж, хуульд заасан эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан байхад шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа нь буруу юм. Шүүх хэргийн талаарх бодит үнэнийг тогтоохын тул маргааны үйл баримттай холбоотой, холбогдох бүх нотлох баримтыг цуглуулж, түүнд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн Г аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга, тус газрын даамал нарын ямар үйлдэл, үйл ажиллагаа, эрх зүйн актад холбогдуулан хариуцагчаар нэхэмжлэгч хэнийг тодорхойлсон, тэдгээрт холбогдуулан гаргасан ямар захиргааны акт нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн талаар тодруулаагүй, тэр талаар дүгнэлт хийгээгүй байна.

Үүнээс гадна анх нэхэмжлэл гаргасан Н.Д-д шүүхээс эрх, үүргийг танилцуулсан баримт байхгүй, мөн гэрч нь тухайн хэргийн талаар ашиг сонирхолгүй, хөндлөнгийн этгээд байх ёстой атал Н.Д-г шүүх хуралдаан дээр гэрчээр асуусан нь буруу болжээ.

Дээр дурдсан зөрчлүүд засагдаж, холбогдох баримтууд авагдаагүй байхад маргааны үйл баримтад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаахаар шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.3, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 04 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 17 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧИД Б.ТУНГАЛАГСАЙХАН

Д.БААТАРХҮҮ

Э.ХАЛИУНБАЯР