Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1023

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

Улсын яллагч: Г.Билгүүжин,

            Шүүгдэгч: Д.Г-, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг Д.Г-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005030401663 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Г-, ...... тоот регистртэй,

 Шүүгдэгч Д.Г- нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 15 цаг 16 минутын үед Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Барс худалдааны төвд байрлах Хүнс, ногооны агуулах дотроос хохирогч С.Ш-гийн эзэмшлийн 650.000 төгрөгийг согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн иргэн С- халааснаас хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Г-т шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч С.Ш-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...С- куртикнийхээ дотуур байх цамцны халааснаас мөнгө хайж байснаа мөнгө алга болсон байна, би мөнгөө хаяагүй дээ, нэг л удаа өдрийн цагаар бие засах гэж гарсан юм гэж хэлэхээр нь яг хэдэн төгрөг байсан юм гэж С-эс асуухад ногоо зарсан орлогын мөнгө болох 650.000 төгрөг байсан юм. ...хоёр хэсэг болгож халаасандаа хийсэн. Талыг нь арын өмдний халаасандаа, талыг нь куртикныхээ дотуур цамцны халаасанд хийсэн байсан гэж хэлэхээр нь би хүүгийн хамтаар агуулахынхаа дотор хяналтын камерийг шүүж үзэхэд 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 15 цаг өнгөрч байх үед нэг бор царайтай согтуу гуйвсан залуу агуулахаар 2-3 удаа орж гарч байгаад агуулах дотор орж ирээд С- ширээгээ дэрлээд унтаж байхад ...сандалны түшлэг рүү арагш нь түшүүлж байгаад Сүх-Эрдэний биед байх бүх мөнгийг тэр залуу авч гарсан юм. ...2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өглөө агуулах дээрээ ирээд ер нь яг хэдэн төгрөгийн бараа зарагдаад яг хэдэн төгрөг хулгайлсан талаар мэдэх гээд бараагаа тоолж үзэхэд 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 650.000 төгрөгийн бараа зарагдсан гэдгийг мэдсэн. Учир нь шуудайгаар хүнсний ногоогоо зардаг юм. Жишээ нь манай агуулахад сонгино, хужаа сонгино зэрэг хүнсний ногоонууд бөөний үнээр зарагддаг юм. Зарахдаа дандаа шуудайгаар зардаг юм” гэсэн мэдүүлэг /хх-н 18-19/,

Гэрч С- мөрдөн байцаалтад өгсөн: “...Г- гэх залуу агуулахын гадаах хаалгаар орж ирээд агуулах дотор зогсоод ийш тийшээ харж зогсож байснаа агуулахын гадаа вакум хаалгыг хаачихаад агуулахын худалдагчийн өрөө буюу миний унтаж байсан өрөө рүү хаалга онгойлгон орж ирээд хяналтын камерийн дэлгэц санаатайгаар унтраагаад намайг сандалны түшлэг рүү арагш нь түшүүлээд миний куртикны дотор цамцны халааснаас мөнгө авсан. Мөн өмдний урд, ард халааснаас мөнгө аваад өөрийнхөө халаас руу хийгээд агуулахын худалдагчийн өрөөнөөс гараад агуулахын гол хаалгаар гараад явж байгаа бичлэг байсан юм. ...Би 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 8 цагаас эхлээд л бөөний ногоогоо зарсан юм. Нийтдээ 650.000 төгрөгийн наймаа хийсэн байсан юм” гэсэн мэдүүлэг /хх-н 11-12/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 15 цаг 16 минут 46 секунтэд саарал өнгийн цамцтай, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, саарал өнгийн саравчтай малгайтай 30-40 насны эрэгтэй хүн агуулахын үүдэн хэсэгт орж ирээд ийш тийш хүн харж зогсож байгаад агуулахын хаалгыг дотроос нь хаагаад худалдагчийн өрөө рүү шагайж байгаад өрөө рүү ороод хяналтын камерын дэлгэцийг унтраасны дараагаар С- ширээ дэрлээд унтаж байхад нь арагш нь сандал түшүүлж байгаад 15 цаг 18 минут 19 секунтэд хувцасыг нь нэгжиж хувцаснаас нь мөнгө аваад өөрийнхөө өмдний халаасанд хийгээд худалдагчийн өрөөнөөс гарч ....байгаа бичлэг байв” гэжээ /хх-н 6-10/,

Яллагдагчаар Д.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ...650.000 төгрөгийг хулгайлан авсан нь үнэн. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-н 36-37/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 2/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 38-50/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт /хх-н 53/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Д.Г- нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 15 цаг 16 минутын үед Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Барс худалдааны төвд байрлах Хүнс ногооны агуулах дотроос хохирогч С.Ш-гийн эзэмшлийн 650.000 төгрөгийг согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн иргэн С- халааснаас хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч С.Ш-гийн: “...би хүүгийн хамтаар агуулахынхаа дотор хяналтын камерийг шүүж үзэхэд 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 15 цаг өнгөрч байх үед нэг бор царайтай согтуу гуйвсан залуу агуулахаар 2-3 удаа орж гарч байгаад агуулах дотор орж ирээд Сүх-Эрдэний ширээгээ дэрлээд унтаж байхад ...С- сандалны түшлэг рүү арагш нь түшүүлж байгаад Сүх-Эрдэний биед байх бүх мөнгийг тэр залуу авч гарсан юм” гэсэн мэдүүлэг /хх-н 18-19/, гэрч С-: “...Г- гэх залуу агуулахын гадаах хаалгаар орж ирээд агуулах дотор зогсоод ийш тийшээ харж зогсож байснаа агуулахын гадаа вакум хаалгыг хаачихаад агуулахын худалдагчийн өрөө буюу миний унтаж байсан өрөө рүү хаалга онгойлгон орж ирээд хяналтын камерийн дэлгэц санаатайгаар унтраагаад намайг сандалны түшлэг рүү арагш нь түшүүлээд миний куртикны дотор цамцны халааснаас мөнгө авсан. Мөн өмдний урд, ард халааснаас мөнгө аваад өөрийнхөө халаас руу хийгээд агуулахын худалдагчийн өрөөнөөс гараад агуулахын гол хаалгаар гараад явж байгаа бичлэг байсан юм” гэсэн мэдүүлэг /хх-н 11-12/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Г-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Г- нь согтуурсан үедээ хамт архи уусан хохирогчийг унтаж байхад нь ногоо зардаг агуулах руу орж улмаар түүний халааснаас 650.000 төгрөг авсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч нь хохирлын мөнгө хүлээн авсан /хх-н 53/ тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Д.Г-ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Г- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 6 сар хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн ялын санал гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Д.Г-ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

  Иймд шүүхээс шүүгдэгч Д.Г-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, хохирогчийн хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч Д.Г-т ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэсэн тул Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.Г-ийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ийг хорих ял оногдуулахгүйгээр, 01 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.
  5. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР