| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 186/2021/0016/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/26 |
| Огноо | 2021-12-30 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Ууганбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 2021/ШЦТ/26
2020 12 30 2021/ШЦТ/26
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,
Нарийн бичгийн дарга: Ц.Нэргүй,
Улсын яллагч: Г.Ууганбаатар,
Шүүгдэгч: С.Э, түүний өмгөөлөгч Д.Чинзориг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ууганбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, С.Э-д холбогдох эрүүгийн 1911 0108 71022 дугаар хэргийг 2020 оны 12 дугаар сарын 07-ний өдөр ирүүлснийг хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 30-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1972 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хадам ээж, хүүхдүүдийн хамт, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 30-19 тоотод оршин суудаг,
Урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 160 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулсныг мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар тэнцэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Э нь өөрийгөө Жайка олон улсын байгууллагад хуульчаар ажилладаг гэж танилцуулан төслийн зээл гаргаж өгнө гэж иргэн Ц.Энхтуяаг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр 1 сая төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 1 сая төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр, 600.000 төгрөг, 2017 оны 12 сарын 8-ны өдөр 2 сая төгрөг, нийт 4.600.000 төгрөгийг өөрийн эхнэр, эгч нарынхаа дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хохирогч Ц.Энхтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “...Би Завхан аймагт Чигэстэй нэртэй ресторан ажиллуулдаг юм. Манай зоогийн газар нам даралтын уурын зуухаар халаадаг бөгөөд жижиг дунд үйлдвэрийн зээлийг олон удаа хүсээд бүтээгүй учраас Жайкагийн зээлд хамрагдах гээд мэдээллийг хүмүүсээс сонсож эхэлсэн. Ингээд би 2017 оны 1 дүгээр сард Улаанбаатар хотод явж байхдаа найз Бүдээхүүтэй уулзаж байхад санаандгүй байдлаар “Жайкагийн талаар мэдээлэл авмаар байна таньдаг хүн байна уу” гэж асуухад “манай зуслангийн хөрш айл Жайкагийн байгууллагад ажилладаг гэсэн энэ хүнээс мэдээлэл авах уу” гэж хэлсэн. Ингээд би хэсэг хугацааны дараа байх дахиад Бүдээхүүгээр дамжуулан С.Э гэж хүнтэй Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зоогийн газар бид 3 уулзсан. Тэгэхэд С.Э гэх залуу өөрийгөө “Жайка олон улсын байгууллагад хуулийн зөвлөхөөр ажилладаг ” гэхээр нь “ресторандаа зээл авмаар байна, танайхаас яаж зээл гардаг юм бэ” гэж асуухад С.Э “манайх бэлэн мөнгө гаргахаа больсон, уурын зуухан дээр бол туслаад Жайкагаас зээл гаргаж болно. Жайкагаас усаа тогоор татаад халаадаг зуух шинээр цөөн тоогоор ирж байгаа. Танайд хувиарлаж болно. Энэ зуухнаас чамд нэгийг гаргаад өгөе, харин зээл уурын зуухны асуудлыг бүтээхэд хүнтэй уулзаж хоолонд оруулахад 5.000.000 төгрөг хэрэг болно. Гэхдээ би өөрийнхөө дансаар авахгүй. Хэрэгтэй үед нь дансны дугаар явуулна. Тэр дансны руу хийгээд байгаарай” гэж хэлсэн. “Энэ ажил намраас бүтнэ. 8 дугаар сар гэхэд уурын зуухны ажил бүтнэ” гэж хэлсэн. Ингээд 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр С.Э над руу залгаад “одоо надад мөнгөний хэрэг гараад байна шилжүүлчих” гэхээр нь 1.000.000 төгрөгийг 106900183808 тоот дансаар шилжүүлсэн. 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 5027152345 дугаарын дансруу 1.000.000 төгрөгийг, 2017 оны 06 сарын 09-ний өдөр 600.000 төгрөгийг зээлчих” гэсэн. “Энэ өдөр шилжүүлсэн 600.000 төгрөгийг чамаас зээлж байгаа шүү дараа нь буцаагаад өгнө” гэхээр нь гүйлгээний утга дээр “зээлэв” гэж бичээд шилжүүлсэн. 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр дахин залгаад “яаралтай мөнгө шилжүүлэх хэрэгтэй байна” гэхээр нь түүний хэлсэн 5037110607 тоот данс руу 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс гадна 2017 оны дундуур байх 500.000 төгрөгийг түүний хэлсэн данс руу шилжүүлсэн. Ингээд нийт 5.100.000 төгрөгийг С.Э гэж хүний хэлсэн дансууд руу шилжүүлсэн байгаа. Энэ мөнгөнөөс надад 1.400.000 төгрөгийг эргүүлэн төлсөн байгаа. Одоо үлдэгдэл нь 3.700.000 төгрөг өгөх дутуу байгаа. Мөн С.Э нь надаас зоогийн газрын бичиг баримтыг аваад “чи манай ажил дээр ирээд хэрэггүй шүү, олон улсын байгууллага учраас хамаагүй хүнтэй уулзаж болдоггүй юм” гэхээр нь түүний хэлсэн газар болох Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Хангарьд ордон дээр авчраад өгсөн. “Манай ажил дээр ирээд хэрэггүй” гэхээр нь би түүнд нь итгээд ажил дээр нь очдоггүй байсан юм. ...миний 5.100.000 төгрөгийг С.Э гэх хүн рүү шилжүүлсэн. Энэ мөнгөнөөс 4.600.000 төгрөгийг нь дансаар шилжүүлсэн. Үлдсэн 500.000 төгрөгний баримтаа хайгаад олохгүй байна. Одоо нэгэнт 500.000 төгрөгийн баримт байхгүй учраас дансаар шилжүүлсэн баримттай 4.600.000 төгрөгөө нэхэмжилж байна. 2017 оны 5 дугаар сарын 09-ны өдрийн мөнгийг Завхан аймгаас шилжүүлсэн. Үүний дараа 2017 оны 5 дугаар сарын 31-ны өдрийн 1.000.000 төгрөгийг Улаанбаатар хотоос шилжүүлсэн. Үлдсэн мөнгийг нь Завхан аймаг Улиастай хотоос шилжүүлсэн ...3.200.000 төгрөгөө С.Э гэх хүнээс нэхэмжилж байна. Миний хувьд хохирлоо авчих юм бол ямар нэг гомдол санал хүсэл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41-р хуудас/
Гэрч Н.Жигжидсүрэн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... Энэ төслийн нэр нь бол мөн байна гэхдээ төслийн доторх агуулгатай харьцуулахад зөрчилдөж байна. Жишээ нь гарчигнаас нь харахад тооцоо, судалгаа, үр дүн, дүгнэлт байхгүй, хэн боловсруулсан нь тодорхой бус, судалж байгаа обьектийн одоогийн үнэлгээ л байна. Даалгавар, зорилго, төслийн бүрдэл байхгүй учраас энэ бол үнийн судалгаа, бүтээгдэхүүний танилцуулга байна. ...Тодруулбал Япон улсын Фүкүшима мидори анзен хувьцаат компанийн танилцуулга, түүний мэргэжлийн бус орчуулга л байна. ...Ямарваа нэг төслийг мэргэжлийн баг, хамт олон бүтээдэг. Танилцсан төсөл гэх зүйл бол зүгээр орчуулга, танилцуулга байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58-р дугаар хуудас/,
Жайкагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн JICA(MG)-5-13001 тоот албан бичиг “...Боржигон овогт Сүрэнжамцын С.Э-н ажилладаг эсэх талаар дотооддоо шалгаж үзэхэд холбогдох мэдээлэл олдоогүй болно” /хавтаст хэргийн 86-р хуудас/
Хохирогч Ц.Энхтуяагийн Хаан банк дахь төгрөгийн 5495191946 тоот дансны хуулга /хавтаст хэргийн 35-36-р хуудас/
Төрийн банкны орлогын мэдүүлгийн хуулбар /хавтаст хэргийн 37-р хуудас/
Д.Ариунгэрэлийн Хаан банкны дансны хуулга /хавтаст хэргийн 135-р хуудас/
Шүүгдэгч С.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлсэн: “...Би 2017 оны зун өөрийн зуслангийн байшингийн хөрш залуугаар дамжуулан Энхтуяа гэх хүнтэй анх танилцаж байсан. Энхтуяагийн надтай уулзсан шалтгаан нь Жайка гэх олон улсын байгууллагаас зээл авах санаатай Завхан аймгаас Улаанбаатар хотод орж ирсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн үед уулзаж байхдаа Жайка бол буяны байгууллага биш, зээл олгодоггүй, энэ байгууллага чинь хоёр улсын засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээр шинжлэх ухааны үндэслэлтэй, нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд тус дөхөм болдог байгууллага гэж хэлсэн. Тэгээд Энхтуяа хэлэхдээ Завхан аймгийн төвд байдаг өөрийнх нь ажиллуулдаг объектын халаалтын системээ өвлийн улиралд ажиллуулж чадахгүй байгаа учраас зээл тусламж авч тоног төхөөрөмж шинэчлэх шаардлагатай гэсэн. Тэгэхээр нь би уурын зуухны төсөл бичиж болно, би Япон улсад ажиллаж амьдарч байсан болохоор Япон улсын уурын зуухны талаар төсөл бичиж оруулж ирж болно гэсэн. Тэрийг Энхтуяа зөвшөөрөөд бид хоёр төсөл бичих үнэ хөлс 3 сая төгрөг гэж тохирсон ба ажил маань бүтээд Япон улсаас уурын зуух оруулж ирээд суурилиулаад жигдэрсэн тохиолдолд надад 10 сая төгрөг урамшуулал болгох талаар бас амаараа тохирсон. Тэгээд би Япон улсад таньдаг хүмүүсээр дамжуулж одоо яригдаад байгаа E-Concierge гэх компани олсон. Энэ компани нь сүүлийн үеийн халаалтын зуух үйлдвэрлэдэг бөгөөд манай улсад оруулж ирээд суурилуулахад 45-46 сая төгрөг болох төлөвлөгөө гарсан. Энэ талаар Энхтуяа гэх хүнд утсаар холбогдох сүүлдээ уулзаж хэлэхэд ийм хэмжээний мөнгийг гаргаж өгөх боломжгүй гэж маргасан. Үүнтэй яг давхцаад байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийлгэх шаардлагатай байсан ба тэрийг бас хувийн компаниар хийлгэхэд 5-8 сая төгрөг болно гэж хэлсэн. Тэрийг Энхтуяа ерөөсөө гаргаж өгч чадахгүй гээд би ч төслөө өгөлгүй хоёр тийш болсон. ...Энхтуяа гэх хүнээс уурын зуухны төсөл бичих зорилгоор 3 сая төгрөг авсан. Тухайн үед ямар нэгэн гэрээ хийгээгүй нь буруу болж. Харин өөрийн хувийн журмаар 1.600.000 төгрөг зээлсэн нь үнэн. Тэгэхээр нийт 4.600.000 төгрөг болж байна. Анх Энхтуяа Жайка гэх Олон улсын байгууллагаас тусламжаар зээл авч уурын зуух авах санаатай ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66-69-р хуудас/,
Шүүгдэгч С.Э-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 70-р хуудас/
Шүүгдэгч С.Э-н иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, түүний хувийн байдлыг тогтоосон баримтууд /хавтаст хэргийн 75-84-р хуудас/,
Дээрх нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлосон байна.
Шүүгдэгч С.Э-н өмгөөлөгч Д.Чинзоригоос “...Шүүгдэгч С.Э нь өөрийн үйлдсэн хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан бөгөөд ЭХХШТХ-ийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйл дэх хэсгүүдэд заасан бүхий л нөхцөл байдлуудыг хангаж байгаа юм. Өмгөөлөгчийн зүгээс дээрх нөхцөл байдлууд болон шүүгдэгч С.Эн хувийн болон эрх зүйн байдал зэргийг харгалзан үзээд энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байх тул шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг товлон зарлаж, ЭХХШТХ-ийн 33.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан журмын дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг ирүүлснийг хүлээн авч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг зарлан хуралдуулахад Хаан банкны 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 12247294 тоот журналын бүртгэл бүхий орлогын мэдүүлгээр Ц.Энхтуяагийн Хаан банк дахь төгрөгийн 5495191946 тоот дансанд С.Эгаас 500.000 төгрөгийг шилжүүлсэн, мөн Д.Ариунгэрэлийн Хаан банк дахь төгрөгийн 5037110607 тоот данснаас 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хоёр удаагийн шилжүүлгээр 2.800.000 төгрөгийг шилжүүлсэн баримт авагдсан, Ц.Энхтуяа нь “...С.Э нь миний гомдлыг барагдуулж төлбөрийг хийж дуусгасан тул асуудлыг нааштай шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийн хуулбарыг ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6 дахь заалтанд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар шийдвэрлүүлэх боломжтой байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3, 5, дахь хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн прокурор Г.Ууганбаатар, яллагдагч С.Э нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тохиролцсон, яллагдагч С.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг сайн дуруур хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар прокурортой тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлох баримтаар нотлогдсон нөхцөл байдлууд тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 33.2 дугаар зүйлд зааснаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Чинзоригийн хүсэлтийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 7 дугаар хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг даруй үргэлжлүүлэн явуулах нь зүйтэй гэж үзсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журамд нийцнэ гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч С.Э нь өөрийгөө Жайка олон улсын байгууллагад ажилладаггүй боловч өөрийгөө тухайн байгууллагад хуульчаар ажилладаг гэж хохирогчид танилцуулан төслийн зээл гаргаж өгнө гэж хохирогч Ц.Энхтуяаг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр 1 сая төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 1 сая төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр, 600.000 төгрөг, 2017 оны 12 сарын 8-ны өдөр 2 сая төгрөг, нийт 4.600.000 төгрөгийг өөрийн эхнэр, эгч нарынхаа дансаар дамжуулан шилжүүлж авч бусдад эд хөрөнгийн хохирол санаатай учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Ц.Энхтуяагийн мэдүүлэг, гэрч Н.Жигжидсүрэнгийн мэдүүлэг, Жайкагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн JICA(MG)-5-13001 тоот албан бичиг , хохирогч Ц.Энхтуяагийн Хаан банк дахь төгрөгийн 5495191946 тоот дансны хуулга, Төрийн банкны орлогын мэдүүлгийн хуулбар, Д.Ариунгэрэлийн Хаан банкны дансны хуулга, шүүгдэгч С.Эгийн мэдүүлэг зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Д.Чинзориг нар нь шүүгдэгчийн үйлдсэн хэргийг прокуророос зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн талаар болон гэм буруу, нотлох баримтын талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.
Прокуророос шүүгдэгч С.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч С.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Ц.Энхтуяа нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан хүсэлтэндээ: “...2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр С.Э нь миний гомдлыг барагдуулж төлбөрийг хийж дуусгасан тул асуудлыг нааштай шийдвэрлэж өгнө үү ” гэсэн байх тул шүүгдэгч С.Э нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч С.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар прокурор яллагдагчтай тохиролцож хүлээн зөвшөөрсөн талаар гарын үсэг зурж баталгаажуулсан тэмдэглэл, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч С.Э нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн байх тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй, харин гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгч С.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг яллагдагч прокурортой тохиролцсон хэмжээний дотор оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ..
Шүүгдэгч С.Э нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, мөн хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч С.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч С.Э-д сануулсугай.
5. Шүүгдэгч С.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР