| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00562/и |
| Дугаар | 536 |
| Огноо | 2017-08-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 536
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, 9016001007 улсын бүртгэлийн дугаартай, 2578697 регистрийн дугаартай, Хас банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймаг, Улаангом сумын 4 дүгээр баг, 11 дүгээр гудамж, 27 тоотод оршин суух, 1974 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОС74022600, Жиндүү овогтой Банд-Очирын Хоролсүрэн,
Хариуцагч: Увс аймаг, Улаангом сумын 4 дугаар баг, 11 дүгээр гудамж, 27 тоотод оршин суух, 1974 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОР74042413, Тайж овогтой Хөххүүгийн Батаа нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу 1250024243 тоот гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 29.760.510 төгрөг, зээлийн хүү 3.980.639,11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8.437,72 төгрөг, 1250022912 тоот гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 233.390,60 төгрөг, зээлийн хүү 19.336,25 төгрөг, нотариатын зардал 31.500 төгрөг, нийт 34.033.813,68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус банкны Увс салбарын захирал Ю.Нэргүй шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Б.Хоролсүрэн, хамтран үүрэг гүйцэтгэгч Х.Батаа нар нь тус банкнаас 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Хас банктай 1250024243 тоот зээлийн гэрээг байгуулж, 30.000.000 төгрөгийн зээлийг 365 хоногт 20,25 хувийн хүүтэйгээр хашаа байшин барьж дуусгах зориулалтаар 120 сарын хугацаатай буюу 2026 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан. Мөн 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 1250022912 тоот зээлийн гэрээг байгууллан 28.300.000 төгрөгийн зээлийг 365 хоногт 26,4 хувийн хүүтэйгээр бараа татан авах зориулалтаар 36 сарын хугацаатай буюу 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон газар өмчлөх эрхийн гэрчилгээ /Увс аймаг, Улаангом сум, 7 дугаар баг, 15-12б тоот, 540 м.кв, Г-1520000411/, хашаа байшин /Увс аймаг, Улаангом сум, 7 дугаар баг, 15-12б тоот, 84 м.кв, Ү-1520004246/, суудлын авто машин /Nissan SUNNY, 1999 он, мөнгөлөг, 41-41 УВА, Арал-FB15-035885/ зэргийг барьцаалсан. Зээлдэгч эргэн төлөлтийн хуваариа 2016 оны 10 дугаар сараас эхлэн хугацаа хожимдуулан төлж эхэлсэн бөгөөд 2017 оны 1 дүгээр сараас хойш төлөлт хийгээгүй байна. Зээлдэгч болон түүний гэр бүлийн гишүүнтэй зээл төлүүлэх талаар удаа дараа шаардан уулзсан боловч зээлдэгч, байр үйлдвэрийн тоног төхөөрөмж зарах зар өгсөн, хүнд мөнгө зээлсэн, өгөхгүй байна гэсэн шалтгаанууд хэлж, зээл төлөхөөс зайлсхийж, өнөөдрийг хүртэл ямар нэгэн зээл төлөх санаачилга гаргахгүй байна. Зээлдэгч зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байгаа нь энэхүү гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн байх тул банкны зүгээс гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, Иргэний хуулийн 451.1, 221.3, 225.2-д заасны дагуу зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иймд Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу 1250024243 тоот гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 29.760.510 төгрөг, зээлийн хүү 3.980.639,11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8.437,72 төгрөг, 1250022912 тоот гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 233.390,60 төгрөг, зээлийн хүү 19.336,25 төгрөг, нотариатын зардал 31.500 төгрөг, нийт 34.033.813,68 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.Хоролсүрэн, Х.Батаа нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Хас банкнаас гаргасан нэхэмжлэлтэй танилцаж 34.033.813,68 төгрөгийн зээлийн үлдэгдэлийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх мөнгөө төлж барагдуулна” гэжээ.
Нэхэмжлэгч Хас Банкны Увс салбарын захирал Ю.Нэргүй шүүхэд гаргасан тайлбартаа: “Харилцагч Банд-Очир овогтой Хоролсүрэн, Хөххүү овогтой Батаа нарын гаргаж өгсөн тайлбартай танилцлаа. Иймд уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч Б.Хоролсүрэн, Х.Батаа нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу 1250024243 тоот гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 29.760.510 төгрөг, зээлийн хүү 3.980.639,11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8.437,72 төгрөг, 1250022912 тоот гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 233.390,60 төгрөг, зээлийн хүү 19.336,25 төгрөг, нотариатын зардал 31.500 төгрөг, нийт 34.033.813,68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Иргэн Б.Хоролсүрэн, Х.Батаа нар Хас банктай 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 1250022912 тоот “Зээлийн гэрээ” байгуулан, 28.300.000 төгрөгийг, жилийн 26,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, мөн өдрийн 1250022912-01 тоот “Барьцааны гэрээ” байгуулан, 4141 УВА улсын дугаартай, Ниссан Санни маркийн мөнгөлөг өнгөтэй, аралын АД-FB15-035885 дугаартай, гэрчилгээний 0452582 дугаартай суудлын автомашин, Увс аймаг, Улаангом сум, 7 дугаар баг, 15-12б тоотод байрлах Могул маркийн 32 инчийн зурагт, 6 ханатай битүү шалтай Монгол гэр, 2 хаалгатай шарах шүүгээ, 3 хаалгатай шарах шүүгээ буюу үйлдвэрийн тоног төхөөрөмжийг тус тус барьцаалсан байна.
Түүнчлэн 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 1250024243 тоот “Зээлийн гэрээ” байгуулж, 30.000.000 төгрөгийг 120 сарын хугацаатай, жилийн 20,25 хувийн хүүтэй авсан байх ба мөн өдрийн 1250024243-01 тоот “Баталгаат ипотекийн гэрээ” байгуулж, Увс аймаг, Улаангом сум, 7 дугаар баг, 15-12Б тоотод байрлах, гэрчилгээний 000197311, улсын бүртгэлийн Г-1520000411 дугаартай, 540 м.кв талбай бүхий, гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газар, мөн хаягт байрлах, гэрчилгээний 000377082, улсын бүртгэлийн Ү-1520004246 дугаартай, 84 м.кв талбай бүхий 3 өрөө хувийн орон сууц, 1 машины гражийн хамт, 1250024243-02 тоот “Фидуцийн гэрээ” байгуулж 4141 УВА улсын дугаартай, Ниссан Санни маркийн мөнгөлөг өнгөтэй, аралын АД-FB15-035885 дугаартай, гэрчилгээний 0452582 дугаартай суудлын автомашиныг тус тус барьцаалсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Хоролсүрэн, Х.Батаа нар нь нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлага болох нийт 34.033.813,68 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Б.Хоролсүрэн, Х.Батаа нар нь үүргээ сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328.119 төгрөгөөс 164.059,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 164.059,5 төгрөгийг, хариуцагч Б.Хоролсүрэн, Х.Батаа нараас 164.059,5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Хоролсүрэн, Х.Батаа нар нь зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардалд нийт 34.033.813 /гучин дөрвөн сая гучин гурван мянга найман зуун арван гурав/ төгрөг төлөхөөр нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хас банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328.119 /гурван зуун хорин найман мянга нэг зуун арван ес/ төгрөгийн тал хувь буюу 164.059 /нэг зуун жаран дөрвөн мянга тавин ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн ХААН банк дахь 150000941 тоот данснаас 164.059 /нэг зуун жаран дөрвөн мянга тавин ес/ төгрөгийг, хариуцагч Б.Хоролсүрэн, Х.Батаа нараас 164.059 /нэг зуун жаран дөрвөн мянга тавин ес/төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нар шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА