| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2016/01393/И |
| Дугаар | 1641 |
| Огноо | 2017-07-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 1641
| 2017 оны 07 сарын 18 өдөр | Дугаар 183/ШШ2017/01641 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ........... дүүргийн .... дугаар хороо, .......... дугаар байрны .... тоотод байрлах “ЧЖ ББСБ”ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ............. дүүргийн ...... дугаар хороо, .......... хотхон, ..... дугаар байрны ...... тоотод оршин суух Б овогт М.Б-д холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 155.462 ам.доллар буюу 386.029.246 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Бы 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн зээл ба барьцааны гэрээний 2.1 дэх заасан барьцааны нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “ЧЖ ББСБ”ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б /ШТЭҮД-0962/, хариуцагчийн өмгөөлөгч Ш.А /ШТЭҮД-0667/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ЧЖ ББСБ”ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж гүйцэтгэх захирал Д.М шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: М.Быг дүү нь дагуулж ирсэн. Ээжийнх нь байр шүүхийн шийдвэрт хураагдах гээд байна гээд анх зээлийн түүх эхэлсэн. Алтны ордоо зараад мөнгөө өгнө гэж хэлсэн. Би таньдаг болохоор мөнгөө нэхэхгүй 4 жил гарсан болсон. Гэтэл хариуцагч талаас бид хүүгээ зогсоолгомоор байна, танайх шүүхэд хандчих гэсний дагуу нэхэмжлэл гаргасан. Зээлдэгч М.Б нь 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 30.000 ам.долларыг 3 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлсэн юм. Мөн 2013 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр 17.800 ам.доллар, 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 9200 ам.долларыг нэмж зээлэн, нийт 57.800 ам.долларыг зээлж авсан. Зээлийн барьцаанд 3 өрөө байр, зуслангийн газар барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн хүүнд 20640 ам.доллар төлсөн. Гэвч зээлийн хүүгээ сар бүр төлөхгүй байхад нь бид зохих журмаар нэхэмжлэх эрхтэй байсан ч зээлдэгчийг зээлээ төлнө гэж хүлээцтэй хандсан. Манай байгууллага авах ёстой зүйлээ авч чадаагүй хохирсон ч бид хоорондоо харилцаатай байсан. Гэтэл шүүхэд нэхэмжлэл өгсөнөөс хойш зан байдал нь өөрчлөгдөж шүүхээр шийдвэрлүүлэхээс өөр аргагүй болсон. Иймд 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээл 57.000 ам.доллар, зээлийн хүү 80.868,6 ам.доллар, алданги 17.593 төгрөг, нийт 155.462 ам.долларыг хариуцагч М.Баас гаргуулж, барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр гудамжны 40 тоотын 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангаж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн зээл ба барьцааны нэмэлт гэрээний 2.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг хүссэн шаардлагын хувьд зохих этгээдээс зөвшөөрөл аваагүй, газрын албанд бүртгүүлээгүй нь үнэн бөгөөд итгэлцлээр хийгдсэн тул маргахгүй бөгөөд хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Хариуцагч М.Б шүүхэд урьд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “ЧЖ ББСБ”ХХК-тай 2012 оны 7 дугаар сарын 30-ныөдөр зээлийн гэрээ байгуулж, 30.000 ам.долларыг 3 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр, 2013 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн нэмэлт гэрээгээр 17.800 ам.долларыг, 2014 оны 1 дүгээр сарын 27-ныөдрийн нэмэлт гэрээгээр 9200 ам.долларыг тус тус зээлж авсан. Тус зээлийн гэрээний дагуу би 20640 ам.долларыг зээлийн гэрээний хүүнд төлсөн. Дээрх зээлийн гэрээний хугацааг 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 11 сараар 2 удаа сунгасан бөгөөд ингэснээр тус зээлийн гэрээ нь 2015 оны 2 дугаар сард дуусгавар болсон. Гэтэл нэхэмжлэгч нь хугацаа дууссан өдрөөс хойш огт шаардлага тавилгүй байсаар ирсэн бөгөөд бүтэн 1 жил 8 сарын дараа гэнэт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байгааг ойлгохгүй байна. Үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэхийн тулд ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үздэг. Тус тохиолдолд тухайн үедээ шаардах эрхийнхээ хүрээнд үүрэг гүйцэтгэхийг шаардах үүрэгтэй байсан ч ингэж хожуу шаардаж байгаа нь Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар мөнгөн төлбөрийн үүргээс хүү авах эрхээ үүрэг гүйцэтгүүлэгч нь алдаж байна. Иймээс миний зүгээс зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон үе хүртэлх зээлийн хүүг төлөхийг зөвшөөрч байна. Мөн Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлөхөөр заасан. Иймээс зээлийн үндсэн өр болон хүүг 2012 оны Монгол банкны албан ханшаар буюу 1400 төгрөгөөр тооцож бодох нь үндэслэлтэй байна. Иймд хариуцагчийн зүгээс зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 146.685 ам.долларыг Монгол банкны 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн албан ханш 2269.97 төгрөгөөр тооцон 332.969.717 төгрөг гаргуулахыг хүссэн “Чойжин борс ББСБ”ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Ш.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч М.Б нь анх зээлсэн 57000 ам.долларыг хүлээн зөвшөөрдөг. Нэхэмжлэгч нь уг зээлийн хүүд 72.091 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүд 17.594 ам.доллар шаардаж байснаа 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд зээлийн хүү 8778 ам.доллар нэхэмжилж, нийт 155.462 ам.долларыг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гол маргаж байгаа зүйл бол 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн нэмэлт гэрээний 1 дэх хэсэгт заасан гэрээний хугацааг 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр болгон өөрчлөх, тус гэрээний 3 дугаар зүйлийн гэрээ болон барьцааны зүйл хүчин төгөлдөр үйлчилнэ гэсэн байдаг. Үүнээс үзвэл зээлийн гэрээний хүү 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөс эхэлж бодогдох ёстой байсан бөгөөд хэрэв зээлийн хүү ингэж бодогдсон бол анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс буцсан зээлийн тооцоолол бүгд өөрчлөгдөнө. Ямар мөнгөн дүн гарч ирэхийг би сайн мэдэхгүй байна. Анх нэхэмжилж байсан 146685 ам.долларыг нэхэмжлэл гаргасан үеийн ханш буюу 2269.97 төгрөгөөр тооцож үзвэл 332.907.549 төгрөг болж байгаа. Ингээд үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагыг нэмэхэд 354.767.289 төгрөг болж, одоо нэхэмжилж байгаа үнийн дүнгээс 32.000.000 төгрөгөөр бага гарч байгаа. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн буурсан бол үүрэг үүсэн үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж заасан. Талууд зээлийн гэрээ 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдөр байгуулахад тухайн үеийн ам.долларын ханш 1348.54 төгрөгтэй тэнцэж байсан. 155.462 ам.долларыг дээрх ханшаар тооцоход 209.694.712 төгрөг болно. Үүнээс нэмэгдүүлсэн хүү шаардсаныг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь нэмэгдүүлсэн хүүг хэзээ тооцдог вэ гэсэн хуулийн шаардлагыг харахад Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан тооцсон хүүгээс нэмэгдүүлсэн хүү тооцох тухай заасан байдаг. Мөн Банк, эрх бүхий байгууллагын мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний 20 хувиас хэтрэхгүй нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан. Өөрөөр хэлбэл үндсэн зээлээс нэмэгдүүлсэн хүү тооцохгүй гэсэн үг. Гэтэл нэхэмжлэгчийн зээл болон хүүний тооцооллоос харахад нэмэгдүүлсэн хүүг 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс эхэлж үндсэн зээлээс бодсон байна. Үндсэн зээл 57000 ам.доллар, тухайн үед бодогдсон хүү 1955 ам.доллар, хүүний үлдэгдэл 12.573 доллар, зээлийн гэрээгээр тохирсон 1 хувийн хүү нь энэ үед 125 ам.доллар бодогдох ёстой. Гэтэл ингэж бодоогүй, шууд үндсэн зээлээсээ бодсон. Иймд нэмэгдүүлсэн хүү болох 17.593 ам.долларыг бүхэлд нь хүлээн зөвшөөөрөх боломжгүй. Нийт нэхэмжилсэн 155.462 ам.доллараас хуулийн шаардлагыг зөрчиж бодсон 17593 ам.долларын нэмэгдүүлсэн хүүг хасаад 137.869 долларыг төлөхийг зөвшөөрч байна. Үүнийг үүрэг үүсэх үеийн ханш 1348.84 төгрөгөөр тооцож 185.963.222 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Хариуцагч М.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Талуудын хооронд 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдөр зээлийн болон зээлийн барьцааны гэрээ байгуулагдсан байдаг. Үүний дараа гэрээнд өөрчлөлт оруулан 2013 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр зээл ба барьцааны нэмэлт гэрээ гэж байгуулан барьцааны зүйлийг нэмсэн. Ингэхдээ Б.Хөлөгний нэр дээр бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шаргаморьт зусланд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаанд эзэмшүүлэх эрхийн 0324287, 03244288 тоот гэрчилгээтэй 0,7 га 2 газар, М.Бы нэр дээр бүртгэлтэй, бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шаргаморьт зусланд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаанд эзэмшүүлэх эрхийн 0324289, 0324292 тоот гэрчилгээтэй 0,7 га 2 газрыг тус тус барьцаалан гэрээ байгуулсан байна. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хууль зөрчсөн хэлцэл байх тул хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох хүсэлтэй байна. Учир нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.6-д энэ хуульд заасны дагуу эрхийн гэрчилгээгээ барьцаалах, шилжүүлэх тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх, 38.1-д эзэмшин эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно, 38.5-д газар ээзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ гэж тус тус заасан байдаг. Гэтэл дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийгдээгүйгээс үзэхэд улсын бүртгэлд бүртгүүлэх, дүүргийн газрын албанд бүртгүүлэх зэрэг хуульд заасан шаардлагуудыг хангаагүй болох нь илэрхий байна. Мөн Б.Хөлөгнөөс зөвшөөрөл авсан эсэх нь нотлогдохгүй байх тул түүний эрх, ашиг сонирхол зөрчигдөж байна гэж үзэж байна. Нэмэлт барьцааны гэрээг М.Б болон Чойжин брос ББСБ нар байгуулсан байдаг. Иймд №ЗГ120703-2 тоот зээл ба барьцааны нэмэлт гэрээний 2.1 дэх хэсгийг Иргэний хуулийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “ЧЖ ББСБ”ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарыг дэмжиж гүйцэтгэх захирал Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээгээр 30.000 ам.долларыг 3 сарын хугацаатай, 3.5 хувийн хүүтэй авч, 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн нэмэлт гэрээгээр хугацааг 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 6 сараар сунгасан. Үүний дараа 2013 оны 1 дүгээр сарын 9-нд зээл ба барьцааны нэмэлт гэрээ байгуулан, уг гэрээгээр зээлийн дүнг 47.800 ам.доллар болгон нэмэгдүүлж, 17.800 ам.долларыг нэмж олгон, үүнтэй холбоотойгоор зээлийн барьцааны хөрөнгө нэмэгдүүлэх шаардлагын улмаас санал болгосон түүний өөрийн болон хүүгийнх нь нэр дээрх гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий 4 ширхэг эзэмших эрхтэй газрыг барьцаанд бариулахаар харилцан тохиролцож барьцаалуулсан байдаг болно. Тухайн барьцааны хөрөнгөнүүд нь зарим нь өөр этгээдийн нэр дээр байдаг тул эзэмшигчээс зөвшөөрөл аваагүй, энэ талаарх баримт байхгүй бөгөөд зээлдэгч зээлдүүлэгчийн харилцан итгэлцлийн үндсэн дээр тухайн эзэмшил газруудыг барьцаалж, барьцааны гэрээг бүртгүүлээгүй тул энэ талаар маргаагүй, мөн энэ нь харилцан итгэлцэл, өөрөөр хэлбэл зээлдэгч иргэн М.Б зээлээ төлнө гэсэн итгэл байсан тул ийнхүү бүртгүүлээгүй, зохих этгээдийн зөвшөөрлийг шаардаагүй болно. Иймд 2013 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн зээл ба барьцааны нэмэлт гэрээний 2.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч байна. Уг асуудлаар нэхэмжлэгч тал маргахгүй болно гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх хуралдааны товыг хариуцагч М.Бд мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “ЧЖ ББСБ”ХХК нь хариуцагч М.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 146.685 ам.доллар гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг шаардсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж зээлийн хүү 8778 ам.доллар нэмж, нийт 155.462 ам.доллар нэхэмжилсэн, хариуцагч талаас сөрөг нэхэмжлэл гарган 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн зээл ба барьцааны гэрээний 2.1 дэх заасан барьцааны нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор шаардсан байх ба шүүх энэхүү үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 154.041.6 ам.долларын шаардлагыг хангаж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангахыг даалгаж, хариуцагч М.Бы 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн зээл ба барьцааны гэрээний 2.1 дэх заасан барьцааны нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч “ЧЖ ББСБ”ХХК хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдэрлэлээ.
Зохигчдын хооронд 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, хариуцагч М.Б нь “ЧЖ ББСБ”ХХК-иас 30.000 ам.долларыг сарын 3.5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр гудамжны 40 тоотын 3 өрөө орон сууцыг сууцыг бариулсан болох нь зээлийн гэрээн болон барьцааны гэрээгээр тогтоогдож байна. /хх-5-10/
Хариуцагч тал дээрх 30000 ам.долллар дээр 2013 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн нэмэлт гэрээгээр 17800 ам.доллар, 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн нэмэлт гэрээгээр 9200 ам.долларыг тус тус өмнөх зээлийн гэрээтэй ижил нөхцлөөр нэмж зээлдэж авсан байна. /хх-11, 14/
Зээлийн гэрээний хугацаа 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дууссаныг зохигчид 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн нэмэлт гэрээгээр 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 6 сарын хугацаагаар, 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдрин зээлийн нэмэлт гэрээгээр 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сунгажээ. /хх-12-13/
Дээрх зээлийн гэрээ болон зээлийн нэмэлт гэрээнүүд талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, барьцааны гэрээ нь мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, нотариатаар гэрчлэгдсэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.
Хариуцагч М.Б нь гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй байх бөгөөд зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө зээлийн хүүнд нийт 20.460 ам.долларыг нэхэмжлэгч “ЧЖ ББСБ”ХХК-д төлсөн, зохигчид энэ талаар маргаагүй байна.
Харин хариуцагч нь нэхэмжлэгч тал зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш огт шаардлага тавилгүй байсаар 1 жил 8 сарын дараа гэнэт үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэхийн тулд ямар нэгэн үйлдэл хийх үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 224.2.3-т зааснаар гэрээний хугацаа дууссанаас хойших хугацааны мөнгөн төлбөрийн үүргээс хүү авах авах эрхээ алдсан байна. Мөн Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д зааснаар үндсэн өр болон хүү 137.869 ам.долларыг Монгол банкны 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн ханш 1348.84 төгрөгөөр тооцож 185.963.222 төгрөг төлөхийг зөвшөөөрч байна. Нэмэгдүүлсэн хүүг үндсэн зээлээс тооцож бодсон тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй хэмээн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж байна.
Хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж үзэв.
Учир нь хариуцагч нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан шилжүүлэх үүргээ биелүүлээгүй бөгөөд зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн төлбөрийг нэхэмжлэгч хүлээж аваагүйгээс үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн байдал тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч нь үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хууль болон гэрээгээр ямар нэгэн үйлдэл хийх үүрэг хүлээгээгүй байх тул түүнийг Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т зааснаар хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй бөгөөд зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардаж, хэдийд шүүхэд хандаж нэхэмжлэл гаргахыг хуулиар болон гэрээгээр хязгаарлаж, хориглоогүй болно.
Мөн Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д зааснаар үүрэг үүссэн 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн ам.долларын ханш 1348.54 төгрөгөөр тооцож үндсэн зээл болон хүү 137.869 ам.долларыг төлж барагдуулна гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм.
Учир нь үүрэг гүйцэтгэгчийн гүйцэтгээгүй үүрэг болох 155.462 ам.долларыг шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тодорхойлох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т заасантай нийцэх бөгөөд Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д заасан “төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэх зохицуулалт нь төгрөг болон гадаад валютын харьцааг бус харин төгрөгийн өөрийн ханшийг тодорхойлсон зохицуулалт байна.
Хариуцагч тал зээлийн үндсэн төлбөр 57000 ам.доллар, зээлийн хүү 80.868.6 ам.долларыг хүлээн зөвшөөрч, харин нэмэгдүүлсэн хүүг үндсэн зээлээс тооцсон учир нэмэгдүүлсэн хүү 17.593 ам.долларыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байгаа нь үндэслэлтэй боловч нэмэгдүүлсэн хүүг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа нь хуульд нийцэхгүй байна.
Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч М.Б зөрчиж гэрээний хугацаанд зээлийн хүү 20.640 ам.доллар төлсөнөөс өөр төлөлт хийгээгүй нь хэрэгт авагдсан зээл, хүүгийн тооцооллоор нотлогдож байх тул үндсэн зээл 57.000 ам.долларыг 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацааны хүү 80868.6 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 16.173 ам.долларын хамт нийт 154.041.6 ам.долларыг зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч тал нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо хуульд нийцүүлээгүй, үндсэн зээлээс тооцсон алдаа гаргасан байх тул шүүх зөвтгөн тогтоож, зээлийн үндсэн хүү 80.868.6 ам.долларын 20 хувиар тооцож 16.173 ам.доллар гаргуулах нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасантай нийцнэ гэж үзсэн болно.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Баас үндсэн зээлийн үлдэгдэл 57.000 ам.доллар, зээлийн үндсэн хүү 80.868.6 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 16.173 ам.доллар нийт 154.041.6 ам.долларыг гаргуулан нэхэмжлэгч “ЧЖ ББСБ”ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1420.4 ам.долларын шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Төлбөрийг нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, мөнгөн төлбөрийн үүргийг шаардсан нэхэмжлэл гаргасан өдрийн Монгол банкны ханш 1 ам.доллар 2483.11 төгрөгтэй тэнцэх ханшаар тооцохоор тогтоож, хариуцагчаас 382.502.237 төгрөг гаргуулж, үлдсэн 3.527.609 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов. /хх-91/
Мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээгээр барьцаалсан М.Бы өмчлөлд бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр гудамжны 40 тоотын 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.
Сөрөг нэхэмжлэлийн талаар:
Хариуцагч М.Баас зохигчдын хооронд байгуулсан 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн зээл ба барьцааны гэрээний 2.1 дэх заасан барьцааны нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Дээрх барьцааны нэмэлт гэрээгээр Б.Хөлөгөн, М.Б нарын эзэмших эрхийн гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьт зусланд байрлах 700 м.кв талбай бүхий 4 газрыг барьцаалсан нь эрх бүхий этгээдийн зөвшөөрлийг аваагүй, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.6 дахь хэсэгт заасан “энэ хуульд заасны дагу эрхийн гэрчилгээгээ барьцаалах, шилжүүлэх тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-т заасан “газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ” гэж заасныг тус тус зөрчсөн болохыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч, дээрх барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаас татгалзаж байх тул 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн зээл ба барьцааны гэрээний 2.1 дэх заасан барьцааны нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн нэхэмжлэгчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа нэхэмжлэгч, хариуцагч нарын төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, үндсэн нэхэмжлэл хангагдаж байгаа 154.041.6 ам.доллар буюу 382.502.237 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 2.070.461 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үнийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 283.000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Баас 154.041.6 ам.доллар буюу 382.502.237 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ЧЖ ББСБ”ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1420.4 ам.доллар буюу 3.527.009 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар хариуцагчийн талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн зээл ба барьцааны гэрээний 2.1 дэх заасан барьцааны нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн нэхэмжлэгч “ЧЖ ББСБ”ХХК-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох М.Бы өмчлөлд бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр гудамжны 40 тоотын 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ЧЖ ББСБ”ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.089.825 төгрөг, хариуцагч М.Бы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283.000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Баас улсын тэмдэгтийн хураамжид 2.070.461 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ЧЖ ББСБ”ХХК-нд, нэхэмжлэгч “ЧЖ ББСБ”ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 283.000 төгрөг гаргуулж хариуцагч М.Бд олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР