Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 1690

 

 

 

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2017/01690

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

     Нэхэмжлэгч: ... дүүргийн ... дугаар хороо, ...дүгээр байрны ... тоотод оршин суух Б.Э-ын нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: ... дүүргийн ...дугаар хороо, ....байранд байрлах “ГШ”ХХК-нд холбогдох,

     худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2.365.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Э, хариуцагчийн төлөөлөгч Ц.Н, гэрч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ   нь:

 

         Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Анх “ГШ”ХХК-ийн захирал Б.З-ын ах А.Б нь 2016 оны 12 дугаар сард манайхаас ирж бэлэн мөнгөөр дугуй авч эхэлсэн. Дараа нь 2017 оны 02 дугаар сарын 16-нд 97 ширхэг хуучин дугуйны захиалга өгсөн бөгөөд “ГШ”ХХК-ийн захирал Зоригтбаатарт 97 ширхэг 4.800.000 төгрөгийн автомашины хуучин дугуйг дараа тооцоог нь хийхээр өөрөө хүлээлгэж өгөөд падаан бичүүлж өгсөн. Дугуй зарагдах болгонд мөнгийг шилжүүлж байснаа сүүлдээ сураггүй болсон. 2017 оны 05 дугаар сарын 12-нд тооцоо нийлж зарагдаагүй үлдсэн 30 ширхэг дугуйг хүлээж авсан. 3 дугуй хаягдал дугуй гэхээр нь буцааж авсан. Зарагдсан 47 дугуйны тооцоог танайх авах ёстой гээд гарын үсгээ зурж өгсөн. Ингээд бүх тооцоо дууссаны дараа танай 46 дугуй байгаа учир мөнгийг чинь өгөхгүй дугуйгаа буцааж авч гэж яриад байгаа. Тэр 46 дугуйг нь үзэхээр хээ зөрсөн, холилдсон, манайнаас нийлүүлсэн дугуйнууд биш байсан учир хүний хаясан, сольсон дугуйг авмааргүй байна. Хог, хаягдлаа манайд өгөх гээд байна гэж үзэж байна. 97 дугуй авчихаад арван хэдхэн дугуй зарагдсан гэж байгаад гайхаж байна. Гэтэл манайд  3 сарын хугацаанд 97 дугуй зарагдахгүй байна гэж байхгүй. Иймд 46 дугуйны үнэ 2.365.000 төгрөгийг хариуцагч “ГШ”ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

          Хариуцагчийн төлөөлөгч Ц.Н шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: “ГШ” ХХК нь Б.Э-оос авто машины хуучин дугуй худалдан авахдаа дугуйг зарж борлуулсны дараа мөнгийг өгнө гэж тохиролцсон байдаг. Манайд ямар хээтэй дугуй хүлээлгэж өгсөн нь нотлогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь манай дугуйг заавал зарсан байх ёстой гэж яриад байна. Хуучин дугуйнаас болж осол их гарч байгаа тул хүмүүс хуучин дугуй худалдан авахаа больчихсон. Бид хуучин дугуй зардаггүй, манай салбар дээр байгаа дугуйнууд хэмжээний хувьд манайд байдаггүй, бид өөр газраас хуучин дугуй авдаггүй учир нэхэмжлэгчийн өгсөн дугуйнууд мөн.  Манайх Улаанбаатар хотод 3 салбартай бөгөөд Гурвалжин салбар дээр бөөгнүүлээд тэдгээр дугуйнуудыг авчирсан байгаа. Иймд нэхэмжлэгчээс авсан дугуйнуудаа буцаан өгөх боломжтой. Тэрнээс 2.365.000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

 

       Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, гэрч А.Б-ын мэдүүлгийг  сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

      Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч “ГШ”ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2.365.000 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэстэй гэж үзлээ.

 

      Учир нь нэхэмжлэгч Б.Э нь “ГШ”ХХК-тай 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг аман хэлбэрээр байгуулж, 97 тооны 4.800.000 төгрөгийн үнэтэй автомашины хуучин дугуйнуудыг хариуцагч байгууллагад нийлүүлсэн байх ба төлбөрийг дугуйнууд зарагдсаны дараа авах нөхцөлтэйгээр худалдсан болох нь зохигчдын тайлбар, дугуй хүлээлцсэн зарлагын баримт  зэргээр нотлогдож байна.   /хх-4/

       Хариуцагч байгууллага нь зарагдсан дугуйн төлбөрийг тухай бүр шилжүүлж байгаад 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр  зохигчид тооцоо нийлэхэд 30 ширхэг дугуй зарагдаагүй үлдсэнийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн бөгөөд зарагдсан 46 дугуйн үнэ 2.365.000 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон “ГШ”ХХК-ийн санхүүгийн тооцооны баримт, 30 дугуй хүлээлгэж өгсөн зарлагын баримт  зэргээр нотлогдож байна. /хх-5, 7/

        Харин хариуцагч байгууллага 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр үйлдсэн дугуйны санхүүгийн тооцооны баримт дээрх 46 дугуй бол 30 дугуйг хүлээлгэж өгөөд ахиад үлдсэн дугуй гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү баримт нь нэг өдөр буюу 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр тооцоо нийлсэн өдөр үйлдэгдсэн,  тушаалт гэсэн хэсэг дээр 46 дугуйн үнэ 2.365.000 төгрөг компанид тушаагдсан байгааг нотолж байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй юм.

      Хариуцагч нь манайд ямар хээтэй дугуйнууд хүлээлгэж өгч байсан талаар баримтгүй, манайх хуучин дугуй зардаггүй, зөвхөн танайхаас хуучин дугуй авч зардаг учир манай агуулахад байгаа дугуйнууд танайхаас авсан дугуйнууд мөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ нотолж нотлох баримт гаргаж өгөөгүй тул хариуцагчийн татгалзал нотлогдохгүй байна.    

 

        Гэрч А.Б нь хариуцагч байгууллагад борлуулагчаар ажилладаг тул хэрэгт хариуцагч байгууллагын эрх ашиг, сонирхлын дагуу мэдүүлэг өгөх боломжтой, үлдсэн дугуйнуудаа бүгдийг нь аваад явсан, 46 дугуй үлдсэн гэх мэтээр зөрүүтэй мэдүүлэг өгч байх тул түүнийг мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.

       Иймд худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 2.365.000 төгрөгийг нэхэмжлэгч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар шаардах эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118  дугаар зүйлүүдийг удирдлага болгон                      

ТОГТООХ нь:

 

      1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ГШ”ХХК-иас 2.365.000 /хоёр сая гурван зуун жаран таван мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Э-д олгосугай.

 

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58  дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 234.280 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ГШ”ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 52.790 төгрөг, улсын орлогоос илүү төлсөн 181.490 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Эод олгосугай.

 

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.МӨНХБАЯР