Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 1671

 

 

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2017/01671

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

           Нэхэмжлэгч: ... дүүргийн ... дүгээр хороо, ...дугаар хэсэг, ....-ын ... дугаар байрны .... тоотод оршин суух Н.М-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ... дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хэсэг, ...-ын .. дугаар байрны ... тоотод оршин суух Г.Ц-д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.М, хариуцагч Г.Ц, нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгч Н.М шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Би 2007 онд Г.Цтэй танилцаж, 2008 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2008 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүү М.Ш төрсөн. Түүнээс хойш хэрүүл маргааны улмаас 1 сар тусдаа амьдарч байгаад эргэж амьдарсан. Ингээд 2013 оны 03 дугаар сарын 08-ны өдөр охин М.Т, 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ихэр охин М.М, М.Мнар төрсөн. Би .....-д ... хийдэг. Бид ажилчдын байранд амьдардаг байсан. Нэг нэгийгээ ойлгохгүй, байнгын хэрүүл маргаантай байдаг байсан. Миний ажил байнга оройтож тардаг, гэр бүлдээ зарцуулах цаг зав муу байдаг. Бидний хоорондын зан харилцаа таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй учир 2016 оноос хойш тусдаа амьдарч ирсэн. Энэ хугацаанд хүүхдүүд ээжийнхээ асрамжинд амьдарч байсан. Иймд гэрлэлтээ цуцлуулахыг хүсэж байна. Хүүхдүүдээ ээжийнх нь асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэгийг хуульд зааснаар төлнө, дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Хариуцагч Г.Ц шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2007 оны эхээр танилцаж 2007 оны 7 дугаар сард нэг гэртээ орсон. 2008 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Хамтран амьдрах хугацаанд 2008 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүү М.Ш,  2013 оны 03 дугаар сарын 08-ны өдөр охин М.Т, 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ихэр охин М.М, М.Мнар төрсөн. 2009 онд Н.М  нэг эмэгтэйтэй холбогдож нэг сар гаран тусдаа байж байгаад эргэн нийлж амьдарсан. Ажил нь оройтоод архи уучихсан ирдэг байсан. Аав маань өвчтэй эмнэлэг дээр сахиж байхад  гадуур өөр эмэгтэйтэй хонодог болсон байсан. Гэтэл бас өөр эмэгтэйтэй холбогдож,  тэр эмэгтэйгээ найз нөхөдтэйгээ танилцуулсан байсан. Ямар ч сэтгэлгүй хүнтэй амьдралынхаа 10 жилийг дэмий өнгөрөөсөн байна. Иймд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүхдүүд маань аав дээрээ үлдэх сонирхолгүй  юм байна лээ, тиймээс өөрийн асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно. Бидний дунд нэг автомашин байсныг зараад мөнгийг хувааж авахаар тохиролцсон учир дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

            Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.М, хариуцагч Г.Ц нар 2007 оноос хамтран амьдарч 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2008 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүү М.Ш,  2013 оны 03 дугаар сарын 08-ны өдөр охин М.Т, 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр охин М.М, охин М.Мнар төрсөн болох нь зохигчдын тайлбар болон гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа болон хүүүхдүүдийн төрсөний гэрчилгээний хуулбаруудаар нотлогдож байна.

         Гэрлэгчид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2016 оноос тусдаа амьдарсан нь гэрлэлт цуцлуулах шалтгаан болсон байх ба гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүсч байх тул эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

  Хүүхдийн асрамжийн асуудлыг шийдэхдээ зохигчдын тайлбар, хүүхдийн саналыг харгалзан хүү М.Ш, охин М.Т, охин М.М, охин М.Мнарыг эх Г.Цгийн асрамжинд үлдээх нь хуульд нийцэх ба    гэрлэлт цуцлагдсан ч эцэг нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг хэвээр үргэлжилдэг тул хүү М.Ш, охин М.Т, охин М.М, охин М.Мнарыг эцэг Н.М нь тэжээн тэтгэх үндэстэй бөгөөд гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

    Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцож нэхэмжлэгчээс гаргуулан улсын орлогод оруулах нь  хуульд нийцнэ.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

         1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.М, Г.Ц нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

         2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2008 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүү М.Ш,  2013 оны 03 дугаар сарын 08-ны өдөр охин М.Т, 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр охин М.М, охин М.М нарыг эх Г.Ц-гийн асрамжинд үлдээсүгэй.

 

         3. Гэр  бүлийн  тухай  хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2  дахь  хэсэгт  заасныг  баримтлан хүү М.Ш, охин М.Т, охин М.М, охин М.Мнарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Н.М нь  тэжээн тэтгэсүгэй.

 

          4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Ц-гээс улсын тэмдэгтийн хураамжинд 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.М-аас улсын тэмдэгтийн хураамжид 101.056 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

         5. Гэрлэгчид дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

 

          6.Гэр Бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах С.Баянжаргалд даалгасугай.

 

     7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

          8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.МӨНХБАЯР