Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 80

 

                                                 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Алдар даргалж,

 

Улсын яллагч: Р.Батнасан,

Нарийн бичгийн дарга: Ц.Золзаяа,

Хохирогч: П.Очирхуяг,

            Шүүгдэгч Ц.Зоригоо, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201625021794 дугаартай хэргийг 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд  боловсролтой, гагнуурчны мэргэжилтэй, ам бүл 4, энхэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дугаар хороо, 38-258 тоотод оршин суух, хэрэгт холбогдох үедээ “Эм Пи Ай консалтанс” ХХК-д засалчинаар ажиллаж байсан, урьд  ял шийтгэлгүй, регистрийн дугаар ДЮ86100311, Жалайравуу овогт Цэрэнгийн  Зоригоо.

 

            Холбогдсон хэргийн талаар: /Сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

Яллагдагч Ц.Зоригоо нь 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нарны зам дээр иргэн П.Очирхуягтай машинаар шахсан гэх шалтгаанаар маргалдан  улмаар зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Зориг мэдүүлэхдээ: 2016 оны 06 дугаар зүйлийн 12-нд эхнэр хүүхэдтэйгээ Нарны гүүрний зам дээр явж байхад 80-62 гэсэн улсын дугаартай машин миний эгнээрээр гэнэт шахаад орж ирээд миний эгнээрээ явсан. Би тухайн үед хашлага мөргөөд зогссон. Манай эхнэр, хүүхдүүд сандарсан, айсан байсан болохоор миний уур хүрээд хохирогчийг гүйцэж очоод хохирогчийг цохисон. Би эхэлж гар хүрсэн нь миний буруу. Хохирогч машиныхаа арааг салгаагүй байсан болохоор буухад нь миний машиныг хохирогчийн машин мөргөсөн гэв. 

 

Хохирогч П.Очирхуяг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шүүгдэгч шүүх хуралдаанд дээр инээгээд гэмшсэн шинж харагдахгүй байна. Шүүгдэгчээс хүсэхэд үлдсэн 250.000 төгрөгөө яаралтай өгөөрэй гэж хүсч байна. Шүүгдэгч надад 09 дүгээр сарын 04-ний өдөр төлж барагдуулна гэсэн гэв.

 

Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч П.Очирхуяг /хх-ийн 12-13/, гэрч Р.Бадамцэцэг /хх-ийн 49-50/, гэрч З.Оюу /хх-ийн 51-52/, яллагдагч Ц.Зоригоо  /хх-ийн 24/ нарын өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн №8215, ¹845 дугаартай дүгнэлтүүд, шүүгдэгч Ц.Зоригоогийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Зоригоо нь 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт Нарны зам дээр иргэн П.Очирхуягтай машинаар шахсан гэх шалтгаанаар маргалдан улмаар зодож, түүний бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Хохирогч П.Очирхуяг нь  хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: “…Би 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр өөрийн  80-62 УНБ улсын дугаартай Тоёота Ноа машинтай эхнэрийн хамт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нарны замаар баруун зүгт явж байх үед цагаан өнгийн Верна Аксент миний урдуур зам боож зогсоод машины жолооч нь үл таних залуу гарч ирээд “чи яагаад шахаад байгаа юм бэ, нялх хүүхэд аллаа” гэж орилсон. Тэгээд намайг элдвээр харааж доромжилсон. Би түүнд ямар ч хараалын үг хэлэлгүйгээр “би дүрмээрээ явж байна” гэсэн чинь тэр залуу машины хаалга онгойлгох гэж татаад онгойхгүй болохоор нь миний толгойны баруун чихний арын хэсэгт цохисон. Би “яаж байгаа юм бэ” гээд машинаасаа буусан чинь миний зүүн нүдний орчим цохисон. Би машиныхаа тормоз дээр гишгэсэн байж байгаад цохиулчихаад буух үед машин өнхрөөд түүний машины арын хаалгыг мөргөсөн. Би түүнд цохиулчихаад  ухаан балартаад доошоо тонгойх үед тэр залуу миний нүүрлүү 5-6 удаа хоёр гараараа ээлжлэн цохисон. Тэгээд намайг доошоо тонгойсон байхад миний нүүрлүү өшиглөж, ар дагзруу гараараа цохисон. Намайг “алнаа чамайг” гээд орилоод байсан. ...Хамартаа хагалгаа  хийлгэж янзлуулахад 1,5 сая төгрөг гэж Эм Жи Жи эмнэлэгээс хэлсэн. Компьютер томограф 80,000 төгрөгөөр хийлгэсэн. Мөн 7 хоног ажлаа хийгээгүй орлогогүй байсан. Нийтдээ 2 сая төгрөг нэхэмжилж байна…”  /хх-ийн 21/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Р.Бадамцэцэг  хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: “…Манай нөхөр машинаа бариад бид хүүхдийн хамт паркын урд 3 дугаар эгнээд зорчиж явтал хоёрдугаар эгнээнд явж байсан шаргал өнгийн машин урдуур огцом ороод ирсэн. Тэгтэл манай нөхөр тормозоо гишгээд зүүн гар тийшээ дарж замын хажуу талын бордюр мөргөх шахсан. Тэгээд манай нөхөр нөгөө машины араас гүйцэж түрүүлээд урдуур нь дарж зогсоод өөрөө машинаасаа буун нөгөө машин дээр очоод “нялх хүүхэдтэй явж байхад чи намайг бордюр мөргүүлэх шахлаа ш дээ, замаа хардаггүй юм уу” гэтэл нөгөө жолооч нь “би чамайг хүүхэдтэй явж байгаа гэдгийг яаж мэддэг юм бэ, чи өөрөө намайг мөргөх гээд чадахгүй болохоороо шаралхаад байгаа юм уу” гээд тэр жолооч машинаас буутал машин нь манай машиныг ирээд мөргөхчихөөр нь би буугаад очтол манай нөхөр нөгөө жолоочтой харилцан зууралдаад байж байхаар нь би очоод салгатал нөгөө жолоочийн баруун нүд нь хөхөрсөн байсан. Манай нөхрийн хүзүү нь улайсан байсан. Тэгтэл нөгөө машины залуу найзыгаа дуудаад, бас цагдаа дуудаад “чи яасан овоо гар вэ чамайг хэнтэй зууралдасныг чинь харуулна, гуйгаад ирэхийг чинь харнаа” гээд байж байсан. Тэгтэл гудамжинд хоёр хог түүдэг хүн харж зогсож байгаад нөгөө жолооч дээр ирээд “ахдаа архины мөнгө өгвөл чиний талд гэрч болж өгнө шүү” гэтэл тэр хоёр хог түүдэг хүнийг нөгөө залуу машиндаа суулгаад авч яваад цагдаагийн газрын үүдэнд ирэхийн өмнө буулгасан…” /хх-ийн 50/ гэх мэдүүлэг,

 

Гэрч З.Оюугийн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: “…Би 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр П.Очирхуягийн хамт  Тоёота ноа машинтай Баян Монгол  хорооллоос гараад нарны замаар явж байхдаа Урбаникын урд уулзварын орчимд манай нөхөр хоёрдугаар эгнээнээсээ гуравдугаар эгнээ рүү шилжих гээд зүүн гар тийшээ  дохиод өгөөд орох гэхэд машинууд оруулахгүй байсан. Тэгээд явж байтал гуравдугаар эгнээний урд байсан машин огцом яваад зай гарахаар нь гуравдугаар эгнээ рүүгээ зэрэгцэж яваад байхаар нь манай нөхөр урдуур ороод гуравдугаар эгнээ рүүгээ орсон. Тэгтэл нөгөө саарал машин хоёрдугаар эгнээгээр орж ирээд манай машинтай зэрэгцэж яваад манай нөхөртэй хэрэлдээд яваад  байж байгаад манай машины урдуур огцом дараад манай  машин зогстол нөгөө машины жолооч бууж ирээд манай нөхөрийн талын цонхоор хэрүүл хийж байгаад гэнэт нөхрийн нүүр рүү нь цохиод байхаар нь манай нөхөр сандраад  машинаасаа буухдаа  аргаараа салгаж /Р/ дээр нь тавиагүй буусан учир машин урагш явж нөгөө машиныг мөргөсөн. Тэгээд манай нөхөр “чи яаж байгаа юм” гээд нөгөө залуугийн цохилтыг хааж байгаад  доошоо суугаад гараараа толгойгоо хамгаалаад суусан. Нөгөө машины жолоочтой хамт явж байсан эхнэр нь хүүхдээ тэврээд гараад ирсэн. Бас ээж нь гарч ирээд “миний хүү болиоч” гээд хүүгээ болиулж байсан. Би бас нөгөө  залууг салгах гэж оролдож байгаад болиулсан. Тэгээд нэг замын цагдаа ирээд бид нарыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс дээр авчирсан …” /хх-ийн 52/ гэх мэдүүлэг,

 

Яллагдагч Ц.Зоригоогийн хэрэг бүртгэлийн шатанд мэдүүлэхдээ: “…Би 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 14 цагийн үед өөрий 99-36 УНГ улсын дугаартай цагаан өнгийн Верна аксент маркын машинтай Нарны замаар эхнэр, хүүхдүүд, хадам ээжийн хамт явж байх үед 80-62 улсын дугаартай шаргал өнгийн машин зэрэгцэж явж байхдаа намайг шахаад ороод ирсэн. Би тормоз гишгээд зүүн тал руугаа огцом дарж замын хашлага дугуйгаараа мөргөсөн. Тэр машин чигээрээ яваад өгөхөөр нь би араас нь гүйцэж урдуур нь хашиж зогссон. Би бууж очоод …чи яаж байгаа юм бэ? хоёр жоохон хүүхэд явж байна шдээ… гэж хэлэхэд …чиний машинд хэн явж байгааг би яаж мэдэх юм бэ, би дохио өгөөд орох гэтэл чи өөрөө хаз гишгээд байсан биздээ… гээд байсан. Тэгээд маргаан эхэлсэн. Би түүнд …чи уучлал гуйж чадахгүй сонин амьтан бэ… гэж хэлээд эргээд явах гэтэл …чи муу гүйцэж түрүүлж чадахгүй шаралхаад байгаа юм уу… гэхээр нь би буцаж очоод …чи хүн алах гэж байж юу гээд байгаа амьтан бэ… гээд дух хавьцаа нь алгадсан. Тэгээд би буцаад явсан чинь тэр залуу бууж ирээд миний толгойны ард цохисон. Эргээд хартал түүний машин өнхөрөөд миний машиныг мөргөсөн. Тэгээд би эргэж хараад харилцан зодолдсон. Би гараараа баруун нүдрүү нь цохисон. өөр цохисон газар байхгүй. Би нэг цохиж нэг алгадсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,

 

Шүүгдэгч Ц.Зоригоогийн буруутай үйлдлийн улмаас хохирогч П.Очирхуягийн биед “…тархи доргилт, зүүн шанаа, зүүн дээд зовхи, зүүн завьжны зөөлөн эдийн няцрал, хамрын таславч мурийлт, баруун бугалаганы цус хуралт бүхий хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан…” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ¹8215, 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ¹845 дугаартай дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Зоригоог бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

 

            Прокуророос шүүгдэг Ц.Зоригоод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн боловч шүүгдэгч нь хохирогч П.Очирхуягийн хохирлыг барагдуулсан, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн зэргийг үндэслэн Ц.Зоригоод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцэж байгаа болно. Шүүх хуралдааны үед талууд мөн харилцан эвлэрч байгаагаа илэрхийлсэнийг дурьдвал зохино.

 

            Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Ц.Зоригоо нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 бугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 293, 294, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.    Шүүгдэгч Жалайравуу овогт Цэрэнгийн  Зоригоог бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Прокуророос шүүгдэгч Ц.Зоригоод Эрүүгийн хуулийн тусгай ангийн                     99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Шүүгдэгч Ц.Зоригоо нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

 

5. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Зоригоод урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.АЛДАР