Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 116/2015/0020/З |
Дугаар | 221/МА2016/0319 |
Огноо | 2016-05-20 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2016/0319
"Н т" ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Халиунбаяр, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Д нарыг оролцуулан, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, "Н т" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Н т" ХХК-ийн салбар болох Дорнод аймаг дахь "Х Н б т" нь Дорнод аймгийн Засаг даргын 2009 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 218 дугаар захирамжаар Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт 66317 м.кв газрыг, "Х х" ХК нь манай бизнес төвийн конторын баруун жигүүрийн барилгын орчмын 698 м.кв газрыг эзэмшдэг. Дорнод аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/131 дүгээр захирамжаар "Х Н б т"-ийн урд талд "Х х" ХК байрлаж буй газрыг 2464 м.кв болгон талбайн хэмжээнд өөрчлөлт оруулсан нь Газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн, хууль бус шийдвэр болсон. Дорнод аймгийн Засаг даргын 2009 оны 218 дугаар захирамжаар "Х Н б т" болон урд талд "Х х" ХК-д газар эзэмшүүлэхдээ уг хоёр байгууллагын өмч хөрөнгийн маргаантай асуудлыг гурван шатны шүүхээр шийдвэрлэснийг үндэслэн тус бүрийн эзэмшил газрын хэмжээ заагийг тогтоон эзэмшүүлсэн ба маргаантай байгаа 8522 м.кв газрыг нийтийн эзэмшил газар болгон төрийн мэдэлд үлдээсэн шийдвэр одоог хүртэл хүчин төгөлдөр байна. Дорнод аймгийн Засаг даргын 2015 оны А/131 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг зөрчиж, дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалт явуулалгүйгээр нийтийн эзэмшлийн газрыг оролцуулан "Х х" ХК-д 2464 м.кв газрыг талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах нэрийдлээр хууль бусаар эзэмшүүлжээ. Аймгийн Засаг даргын 2009 оны 218 дугаар захирамжийг гаргахдаа тухайн үед "Х Н б т" болон "Х х" ХК-ийн хэн аль нь уг газрыг эзэмших хүсэлтэй маргаж байснаас хэнд ч эзэмшүүлээгүй бөгөөд зөвхөн барилга байрлаж байгаа газрыг эзэмшүүлсэн юм. Гэтэл хууль тогтоомжинд заасан журмын дагуу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулахгүйгээр маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн асуудал нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Дорнод аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/131 дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар нэхэмжлэл гаргах эрх нь тухайн маргаан бүхий захиргааны акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тохиолдолд үүсэх бөгөөд аймгийн Засаг даргын 2015 оны А/131 дүгээр захирамж нь "Х Н б т"ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, бизнесийн болон санхүүгийн үйл ажиллагаанд нь саад учруулаагүй байх тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж
байна. Аймгийн Засаг даргын захирамж нь 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан байтал 7 сарын дараа Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг зөрчсөн. Аймгийн Засаг даргын 2015 оны А/131 дүгээр захирамжийг дээрх цахим сайт болон Иргэд хүлээж авах төв-д тухайн үед байршуулан ажилласан. Энэ нь хүссэн иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага тухайн шийдвэртэй танилцах эрхийг олгож байгаа. Аймгийн Засаг даргын 2015 оны А/131 дүгээр захирамжийг дээрх эх сурвалжуудаас үзэж судлан, танилцах боломж байсаар байтал хуулийн хугацаанд өөрт нь олгогдсон эрх, боломжийг эдлээгүй, хугацаа хоцроож 7 сарын дараа нэхэмжлэл гаргасан байх тул захиргааны хэрэг үүсгэх үндэслэлгүй хэмээн үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Гуравдагч этгээд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Гомдол гаргагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байхад хамааралгүй зүйлээр гомдол гаргасан байна. Гомдол гаргагч этгээдэд хамаарагдах үйлдвэрийн газрын талбайг анхны дуудлага худалдааны үнийг төлөөгүй өөрсдийн мэдэлд шилжүүлэн авсан. Мөн "Х х" ХК-ийн эзэмшлийн газрыг өөрийн эзэмшилд авсан зэрэг манай компанийн эрх ашгийг хохироосон. Ийм байдлаар нэхэмжлэгч компани 10000 гаруй хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг бүдүүлгээр зөрчиж, ээрэх, нэхэх үйлдвэрийн конторын барилгыг хууль бусаар өөрийн эзэмшилд авах, манай эзэмшлийн газрыг хүртэл хууль бусаар авсан үйл ажиллагаа явуулсаар байна. Иймд дээрх зөрчлүүдийг харгалзан үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг баримтлан Дорнод аймгийн Засаг даргад холбогдох, нэхэмжлэгч "Н т" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Газрын хэмжээнд өөрчлөлт оруулах тухай Дорнод аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/131 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: ...Нэхэмжлэгч нь аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/131 дүгээр захирамж батлагдан гарсныг цаг алдалгүй мэдсэн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, материал, тайлбараар тогтоогдсоор байтал захирамж гарснаас хойш 7 сарын дараа Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад шүүх хэрэг үүсгэн хянан шийдвэрлэсэн байх нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтыг зөрчсөн байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 154 дүгээр тогтоолоор хуульд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн эсэхэд бодитой дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь учир дутагдалтай болжээ гэж анхан шатны шүүх рүү буцаасан байхад Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 154 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзсэн нь хүчин төгөлдөр болсон гэж тайлбарласан нь учир дутагдалтай байна. Иймд дээр дурдагдсан үндэслэлүүдийн дагуу гомдлыг хүлээн авч хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд "Х х" ХХК шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: "Х х" ХК-нь 2005 оноос захиргааны хэргийн шүүхэд 2 удаа хандан хууль бусаар газар авсан асуудлыг хүчингүй болгуулж байсан. Бид шүүхэд Засаг даргын захирамжид гомдол гаргахдаа шууд хандаж байсан. Гэтэл шүүх хөөн хэлэлцэх хугацааг тайлбарлахдаа илт хууль зөрчин тайлбарласан. "Х х" ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г томилолтоор ажиллаж байсан ба улмаар хордлогод орж хуралд оролцох боломжгүй болсон. Хууль ёсны өмгөөлөгчөөр авсан Р.Ганчулуун бидэнд мэдэгдэлгүй өмгөөлөх эрхээсээ татгалзсан учир бид өмгөөлүүлэх эрхээр хангагдаж чадаагүй. Иймд захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.
Нэхэмжлэгч "Н т" ХХК нь Дорнод аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Газрын хэмжээнд өөрчлөлт оруулах тухай А/131 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ "Н т" ХХК-ийн Дорнод аймаг дахь салбар "Х Н б т" болон "Х х" ХК нарын хооронд маргаантай байсан газрыг "Х х" ХК-д олгож Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг зөрчсөн гэж тайлбарласан.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргаж байна.
Маргаан бүхий Дорнод аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Газрын хэмжээнд өөрчлөлт оруулах тухай А/131 дүгээр захирамж Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг зөрчсөн, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Тодруулбал,
Нэхэмжлэгч "Н т" ХХК-ийн салбар "Х Н б т" болон "Х х" ХК нар нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт орших хуучин Хивсний үйлдвэрийн конторын барилгыг дундаа хэсгээр өмчлөгч байх ба Дорнод аймгийн Засаг даргын 2009 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Эзэмшил газрын хэмжээг тогтоож, газар эзэмших эрх олгох тухай 218 дугаар захирамжаар барилга байгууламж байрлаж байгаа 66317 м.кв газрыг "Х Н б т"д, 698 м.кв газрыг "Х х" ХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэж, харин барилгын урд хэсгийн 8522 м.кв газрыг хэн алинд эзэмшүүлээгүй байна.
Дээрх газрын талаар "Х Н б т" болон "Х х" ХК нар олон жилийн хугацаанд маргаантай явсан байх ба хэн аль нь газар эзэмших хүсэлтээ эрх бүхий этгээдэд удаа дараа гаргаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.
Гэтэл хариуцагч Дорнод аймгийн Засаг дарга дээрх маргаан бүхий газраас 1766 м.кв газрыг "Х х" ХК-ийн эзэмшиж байсан 698 м.кв газар дээр нэмж 2464 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө,тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж заасныг зөрчиж адил хүсэл сонирхол бүхий этгээдүүдэд тэгш бус хандсан шударга бус шийдвэр гаргасан гэж дүгнэх үндэслэл болно.
Түүнчлэн, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т газар, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах, 33 дугаар зүйлийн 33.1.2-т энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно гэж заасныг зөрчсөн байх тул маргаан бүхий акт нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд уг актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуульд нийцжээ.
Хариуцагч нь газрын хэмжээг нэмэгдүүлж олгохдоо дуудлага худалдаа явуулаагүй болохоо хүлээн зөвшөөрдөг бөгөөд маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-д энэ хуулийн 12.1, 12.2-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол гэж заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл нь ийнхүү хугацаа хэтрүүлсэн нь ямар нэг хүндэтгэн үзэх шалтгаангүй байхыг ойлгоно.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 154 дүгээр тогтоолд дурдсанаар нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлоо аймгийн Засаг даргад удаа дараа гаргасан, эрх бүхий албан тушаалтнууд уг захирамжийг хүчингүй болгох захирамжийн төсөл боловсруулж танилцуулж байсан үйл баримтууд тогтоогдсон байх ба ийнхүү маргаан бүхий захирамжийг өөрсдөө хүчингүй болгоно гэж нэхэмжлэгчид итгэл найдвар төрүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэх боломжгүй юм.
Иймд хариуцагч болон гуравдагч этгээдээс гаргасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх гомдол үндэслэлгүй гэж үзнэ.
Мөн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчид шүүх хуралдааныг товыг мэдэгдсэн байх тул тэрээр шүүх хуралдаанд ирээгүй, түүний өмгөөлөгч хууль зүйн үйлчилгээ үзүүлэхээс татгалзсанд шүүхийг буруутгах үндэслэл болохгүй бөгөөд энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН