Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 707

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.С даргалж, Баянгол дүүргийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих албаны хяналтын прокурор М.Н-ын дүгнэлттэй, Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ч.Ц-д холбогдох зөрчлийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.

Шүүх хуралдаанд: Дүгнэлт гаргагч М.Н, хариуцагч Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ч.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Дүгнэлтийн агуулга.

1.1. Баянгол дүүргийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих албаны хяналтын прокурор М.Н-ын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан дүгнэлтийн агуулга[1]:

Баянгол дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих албаны хяналтын прокурор М.Н би, Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ч.Ц Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын баталсан "Нийтийг хамарсан баяр ёслолыг зохион байгуулах нэгдсэн арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай" 01/04 тоот удирдамжийн дагуу Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “СЭСВС" ХХК-ийн "С Ю хүнсний, үйлдвэрлэл, түгээх сүлжээний үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийжээ.

Шалгалтаар "СЭСВС" ХХК-ийн "С Ю" хүнсний, үйлдвэрлэл, түгээх сүлжээ нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн тус бүрээс дээжийг зааврын дагуу авдаггүй, ажилчдын хувцас солих өрөөг угаалгын өрөөтэй нэг дор байрлуулсан, ажиллагсдыг ажлын хувцсаар бүрэн хангаагүй, ариутгалын бодисыг зааврын дагуу найруулж хэрэглэж хэвшээгүй, цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, дотоод хяналтын журам мөрдөн ажилладаггүй зэрэг зөрчил илэрсэн болох нь холбогдогч Г.У гийн мэдүүлэг, эрх бүхий албан тушаалтны зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд тус тус тусгагдаж бичигдсэн байна.

Дээрх гаргасан зөрчлүүдэд нь эрх бүхий албан тушаалтан Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ч.Ц “СЭСВС" ХХК-ийн “С Ю" хүнсний, үйлдвэрлэл, түгээх сүлжээг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 12 дахь заалтад зааснаар хуулийн этгээдийн нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

Учир нь “СЭСВС" ХХК-ийн “С Ю" хүнсний, үйлдвэрлэл түгээх сүлжээ нь Хоолны дээжийг зохих журмын дагуу авдаггүй гэх зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад заасныг хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам стандарт мөрдөөгүй буюу "Хоолны газрын нийтлэг журам"-ын 7.7.5-д Тухайн өдөр үйлдвэрлэгдсэн хоол, зууш, ундаанаас дээж авч зориулалтын саванд хийж 00+40С хөргөгчид 48 цаг хадгалсны дараа дээжийг устгаж тэмдэглэл хөтөлнө.;

Ажилчдын хувцас солих өрөөг угаалгын өрөөтэй нэг дор байрлуулсан гэх зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад заасныг хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам стандарт мөрдөөгүй буюу "Хоолны газрын нийтлэг журам"-ын 7.3. Хоолны газрын ажилтан нь гадуур хувцас, цүнх зэрэг хувийн эд зүйлийг хувцасны өрөө, зориулалтын шүүгээнд хадгална.;

Ажлын байранд ажлын тусгай хувцас, хэрэглэл өмсөөгүй зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад заасныг хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам стандарт мөрдөөгүй"; "Хоолны газрын нийтлэг журам-ын 7.2. Хоолны газрын ажилтан нь ажлын дүрэмт хувцастай, өөрийн нэр бүхий энгэрийн тэмдэгтэй байна.;

Ариутгалын бодисыг зааврын дагуу найруулж хэрэглэж хэвшээгүй зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад заасныг хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам стандарт мөрдөөгүй буюу "Хоолны газрын нийтлэг журам-ын 7.6.6. Хоолны газарт ашиглагдаж буй тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн аюулгүй ажиллагаа, ариутгал, цэвэрлэгээний зааврыг боловсруулж ажлын байранд мөрдүүлэх.";

Цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтад үйл ажиллагаандаа хуульд заасан зохистой дадлыг нэвтрүүлээгүй буюу Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20 дахь хэсэгт эрүүл ахуйн зохистой дадал гэж хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад шаардагдах ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл, үйл ажиллагааг. заасныг тус тус зөрчсөн байна.

Мөн Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна." гэж заасан байна.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ч.Ц-ийн 0146260 дугаартай шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулж, холбогдогч “СЭСВС" ХХК-ийн С Ю хүнсний, үйлдвэрлэл, түгээх сүлжээний гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан тохирох зүйл, хэсэг, заалтаар шийтгэл оногдуулах шаардлагатай байх тул прокурорын дүгнэлт бичив. гэжээ.

1.2. Баянгол дүүргийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих албаны хяналтын прокурор М.Н-ын шүүхэд гаргасан нэмэлт тайлбарын агуулга[2]:

Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “СЭСВС” ХХК-ийн С Ю хүнсний үйлдвэрлэл, түгээх сүлжээний үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийхэд дараах зөрчлүүд илэрсэн байна. Үүнд:

1. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн тус бүрээс дээжийг зааврын дагуу авдаггүй зөрчил нь / Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/179 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан/ Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрмийн 8.3-т Бүтээгдэхүүний дээжийг журмын дагуу авч зориулалтын хөргөгчид 40С температурт 48 цаг хадгалах, хоолны дээж авалтын бүртгэлийг хөтөлж, дээжийн савыг ариутгаж хэвшинэ гэснийг;

2. Ажилчдын хувцас солих өрөөг угаалгын өрөөтэй нэг дор байрлуулсан зөрчил нь Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрмийн 2.3-т Хоолны газрууд нь түүхий эд хадгалах өрөө, бэлтгэлийн өрөө, гэсгээх өрөө, угаалгын өрөө, халуун боловсруулалтын өрөө, зэрэг шаардлагатай өрөө тасалгааг технологийн дагуу зохион байгуулж, ажилчдын хувцас солих, амралтын, туслах байр, захиргаа аж ахуйн байр, ариун цэврийн болон техникийн байрууд /цахилгаан, дулаан, агааржуулалтын системийн эх үүсвэр байрласан өрөө гэх мэт/ байх ба түүхий эд, хүнсний бүтээгдэхүүн дамжин бохирдохоос хамгаалагдсан, эрүүл ахуйн зохистой дадал хэрэгжих боломжтойгоор зохион байгуулагдсан байна гэснийг;

3. Ажиллагсдыг ажлын хувцсаар бүрэн хангаагүй зөрчил нь Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрмийн 10.6-д Хоолны газар нь ажилчдын биед тохирсон, 2-оос доошгүй ээлжийн хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгсэл, мөн үс далдлах зориулалтын малгай, алчуур, нэг удаагийн хэрэглээний бээлий, улавч зэрэг бусад шаардлагатай зүйлээр тасралтгүй хангах үүргийг хүлээнэ гэснийг;

4. Ариутгалын бодисыг зааврын дагуу найруулж хэрэглэж хэвшээгүй зөрчил нь Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрмийн 11.1-т Хоолны газар нь их цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулан баталгаажуулж, түүний хэрэгжилтэд хяналт тавина, 11.2-т Угаалга цэвэрлэгээнд эрх бүхий байгууллагаас зөвшөөрсөн угаалгын нунтаг, саван, ариутгал, халдваргүйтгэлийн бодис, уусмал хэрэглэнэ, 11.7-д Барилга байгууламжийн хана, шал, таазны материал, тоног төхөөрөмжийн хүнстэй хүрэлцэх гадаргуу, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний онцлог зэргээс хамааран нян, вирусийг үхүүлэх, үржлийг нь зогсоох үйлчилгээ, тухайн бодисуудад тэсвэрлэх /чанар/ чадвар зэргийг харгалзан ариутгал, халдваргүйтгэлийн бодис, уусмал, ариутгах, халдваргүйжүүлэх аргыг сонгоно, 11.8-т Ариутгал /халдваргүйтгэл/-ын үр дүн нь анхны угаалга цэвэрлэгээг бүрэн гүйцэд хийсэн эсэх, хэрэглэж буй бодисын уусмалын концентрац, найруулалт чанар, түүний хадгалалтаас шалтгаална гэснийг;

5. Цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй зөрчил нь Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрмийн 11.1-11.9 Цэвэрлэгээ, угаалга, халдваргүйтгэлд тавих эрүүл ахуйн шаардлагад заасныг;

6. Дотоод хяналтын журам мөрдөн ажилладаггүй зөрчил нь Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрмийн 1.6-т Хоолны газар нь өөрийн үйл ажиллагааны онцлогтоо уялдуулан холбогдох хууль тогтоомж болон энэхүү дүрэмд нийцүүлэн дотоод хяналтын журмыг боловсруулан батлан мөрдөж, хяналт тавьж ажиллана." гэснийг тус тус зөрчжээ.

Холбогдогч “СЭСВС” ХХК-ийн С Ю хүнсний, үйлдвэрлэл, түгээх сүлжээ нь дээрх гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн.

Хүнсний тухай хуулийн 3 дахь хэсгийн 3.1.12 дахь заалтад хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч гэж хүнсний сүлжээнд хамаарах үйл ажиллагааны аль нэг, эсхүл хэд хэдэн үйл ажиллагаа эрхэлдэг Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн /цаашид иргэн гэх/, хуулийн этгээдийг;

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4 дэх хэсгийн 4.1.6 дахь заалтад хүнсний сүлжээ гэж хүнсний анхан шатны үйлдвэрлэл эрхлэх, хүнсний бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэх, баяжуулах, дахин боловсруулах, савлах, тээвэрлэх, хадгалах, нөөцлөх, худалдах, экспортлох, импортлох, хоол үйлдвэрлэх, хүнсний бүтээгдэхүүнийг тусламжаар авах, өгөх үйл ажиллагааг ойлгохоор зохицуулсан байна.

Материалд авагдсан баримтуудаас дүгнэхэд холбогдогч “СЭСВС” ХХК-ийн С Ю хүнсний, үйлдвэрлэл, түгээх сүлжээ нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн тус бүрээс дээжийг зааврын дагуу авдаггүй, ажилчдын хувцас солих өрөөг угаалгын өрөөтэй нэг дор байрлуулсан, ажиллагсдыг ажлын хувцсаар бүрэн хангаагүй, ариутгалын бодисыг зааврын дагуу найруулж хэрэглэж хэвшээгүй, цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, дотоод хяналтын журам мөрдөн ажилладаггүй гэсэн зөрчлийн шинжтэй үйлдлүүд нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль зөрчих бус Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд заасныг зөрчиж хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам стандарт мөрдөөгүй байна гэж үзэхээр байна.

Иймд Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ч.Ц-ийн 0146260 дугаартай шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулж, холбогдогч “СЭСВС” ХХК-ийн С Ю хүнсний, үйлдвэрлэл, түгээх сүлжээний гаргасан зөрчлийн шинжтэй үйлдлүүдэд нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан тохирох зүйл, хэсэг, заалтаар шийтгэл оногдуулах шаардлагатай байна гэж үзлээ гэжээ.

Хоёр. Хариуцагч талаас шүүхэд гаргасан тайлбарын агуулга:

2.1 Хариуцагчаас 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа[3]: ...

Миний бие Ч овогтой Ц нь Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчаар ажилладаг. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан Нийтийг хамарсан баяр ёслолыг зохион байгуулах нэгдсэн арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай 01/04 тоот удирдамжийн хүрээнд 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүрэг 3 дугаар хороонд байрлах “СЭСВС" ХХК-ийн “С Ю” хүнсний үйлдвэрлэл, түгээх сүлжээний үйл ажиллагаанд шалгалт хийхэд тэр өдрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн тус бүрээс дээжийг зааврын дагуу аваагүй, ажилчдын хувцас солих өрөөг угаалгын өрөөтэй нэг дор байрлуулсан, ажиллагсдыг ажлын хувцсаар бүрэн хангаагүй, ариутгалын бодисыг зааврын дагуу найруулж хэрэглэж" хэвшээгүй, цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй зөрчлүүд нь дотоод хяналт хангалтгүй байгааг илтгэх тул Зөрчлийн тухай хуулийн 11.2 дахь зүйлийн 1 дэх хэсгийн1.2 дахь заалтын дагуу нэг мянган нэгжтэй тэнцэх төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн.

Баянгол дүүрэг дэх Прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх прокурор М.Н-ын гаргасан 62 тоот улсын байцаагч Ч.Цгийн 0146260 дугаартай шийтгэврийг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь: Холбогдогч СЭСВС ХХК-ийн /РД:527267*/ С Ю сүлжээний үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлүүд нь тус компанийн дотоод хяналтын журмын 7.5 /Хоол үйлдвэрлэлийн чиглэлээр хяналт шалгалт явуулах/-д хамаарах зөрчлүүд тул Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дэх хэсгийн дагуу нэг сая төгрөгийн торгууль ногдуулсан.

“СЭСВС” ХХК-ийн захирлын 2018 оны 08 дугаар сарын 10 өдрийн Дотоод хяналт шалгалтын журмын 7.5 хэсэгт:

7.5.1 Түүхий эд материал хүлээн авах хяналт

7.5.2 Түүхий эд материалыг хадгалалтын хяналт

7.5.3 Дамжлага дундын үйл ажиллагаа, технологийн мөрдөлтийн хяналт

7.5.4 Бэлэн бүтээгдэхүүний хяналт, шалгалт

7.5.5 Мөшгөлтийн үйл ажиллагааны хэрэгжилт

7.5.6 Ажилчдын болон тоног төхөөрөмжийн эрүүл ахуйн шаардлага хангаж буй эсэх... заалтууд хамарсан байна.

Тодруулбал: 1. Ариутгал, цэвэрлэгээ үйлчилгээ болон ажилчдыг хувцсаар бүрэн хангах асуудал нь энэ заалтын 7.5.6-д буюу Ажилчдын болон тоног төхөөрөмжийн эрүүл ахуйн шаардлага хангаж буй эсэхэд хамаарах асуудал юм.

2. Хоолноос дээж авах асуудал нь 7.5.4-т Бэлэн бүтээгдэхүүний хяналтад хамаарах асуудал юм. гэжээ.

Гурав. Гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулга:

3.1. Гуравдагч этгээд “СЭСВС” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

Тус шүүхэд Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ч.Ц-ийн 0146260 дугаар шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох тухай Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Н-ын шүүхэд гаргасан дүгнэлтийг хүлээн авч дараах тайлбарыг гаргаж байна.

Хариуцагч улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээд “СЭСВС” ХХК-нд торгууль оногдуулсан нь үндэслэлтэй байх тул прокурорын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 62 дугаар дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Дөрөв. Талуудын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбаруудыг шүүх хуралдааны тэмдэглэлд[4] тусгав.

ҮНДЭСЛЭХ нь:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Н-аас Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ч.Ц-ийн 014620 дугаартай шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах гэсэн дүгнэлтийг[5] гаргажээ.

Уг дүгнэлтийг дор дурдсан үндэслэлээр зарим хэсгийг нь хангаж, захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв:

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан Нийтийг хамарсан баяр ёслолыг зохион байгуулах нэгдсэн арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай 01/04 тоот удирдамжийн хүрээнд Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Н, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ч.Ц, хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч С.М нар 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах СЭСВС ХХК /РД: 615580*/-ийн С Ю хүнсний үйлдвэрлэл, түгээх сүлжээний үйл ажиллагаанд үйлдвэрийн дарга н.Т, чанарын менежер Г.У нарыг байлцуулан шалгалт хийж 13-02-03-292/242 дугаар Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл үйлджээ.[6]

Хариуцагч улсын байцаагчаас шалгалт хийх явцдаа гуравдагч этгээд компанийг хоолны дээжийг зааврын дагуу авдаггүй, ажилчдын хувцас солих өрөө угаалгын өрөөтэй цуг байрласан, ажиллагсдыг ажлын хувцсаар бүрэн хангаагүй, цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй зэрэг зөрчил үйлдсэнийг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6-д заасныг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 0146260 дугаартай торгууль ногдуулсан шийтгэлийн хуудас үйлджээ.[7]

Гуравдагч этгээд СЭСВС ХХК /РД: 615580*/ нь 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны 43200882* дугаар данснаас Төрийн сангийн 10020000098* дугаар данс руу EB-014626 шийтгэврийн дугаартай торгуулийн төлбөр гэх утга бүхий 1 000 000 /нэг сая/ төгрөгийг шилжүүлжээ.[8]

Прокуророос “СЭСВС” ХХК нь зөрчлөө хүлээн зөвшөөрсөн боловч зөрчилд компанийн дотоод хяналт шалгалтын журмыг баримталсан нь буруу, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны А/179 дүгээр тушаалаар баталсан Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрмийг баримтлах ёстой байсан, Зөрчлийн тухай хуулийн хүнсний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөнтэй холбоотой заалтыг баримтлах байтал Төрийн хяналт шалгалтын хуулийг зөрчсөнтэй холбоотой заалтыг баримталж зөрчил ногдуулсан нь илэрсэн зөрчилд хууль буруу хэрэглэж, тохирох шийтгэлийг оногдуулаагүй гэж маргажээ.

Харин хариуцагч талаас ... “СЭСВС” ХХК-ийн захирлын 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Дотоод хяналт, шалгалтын журмын 7.5 дахь хэсэгт заасан зөрчлүүд тусгагдсан учраас арга хэмжээ авсан. гэж, гуравдагч этгээд талаас ...салбар хариуцсан ажилтны хариуцлагагүй байдлаас шалтгаалж зөрчил гарсан, зөрчлийг нэн даруй арилгаж, торгуулийг төлсөн, улсын байцаагчийн актыг үндэслэлтэй гэж маргажээ.

Хариуцагч улсын байцаагчаас ... “С Ю” хүнсний үйлдвэрлэл, түгээх сүлжээ нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн тус бүрээс дээжийг зааврын дагуу авдаггүй, ажилчдын хувцас солих өрөөг угаалгын өрөөтэй нэг дор байрлуулсан, ажиллагсдыг ажлын хувцсаар бүрэн хангаагүй, ариутгалын бодисыг зааврын дагуу найруулж хэрэглэж хэвшээгүй, цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, дотоод хяналтын журам мөрдөн ажилладаггүй зэрэг зөрчлүүд үйлдсэнийг нотлох баримтаар тогтоожээ.[9]

Гэвч эдгээр зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2-д Төрийн хяналт шалгалтад хамрагдах үүрэг бүхий этгээд:дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй бол ...хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэсэн заалтыг баримтлан шийтгэлийн хуудсыг үйлджээ.

Хариуцагчаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хэд хэдэн зөрчлийг илрүүлсэн атлаа зөвхөн дотоод хяналтын журам мөрдөн ажилладаггүй гэсэн зөвхөн нэг зөрчилд хамаарах Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг баримтлан шийтгэлийн хуудас үйлдсэн байна.

Хариуцагчийн энэхүү үйлдэл нь Зөрчлийн тухай 1.3 дугаар зүйлийн 1, 2-т Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна. Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна., мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна. гэсэн хуулийн заалтуудтай нийцэхгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Зөрчил шалгах ажиллагааны явцад илэрсэн ... “С Ю” хүнсний үйлдвэрлэл, түгээх сүлжээ нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн тус бүрээс дээжийг зааврын дагуу авдаггүй, ажилчдын хувцас солих өрөөг угаалгын өрөөтэй нэг дор байрлуулсан, ажиллагсдыг ажлын хувцсаар бүрэн хангаагүй, ариутгалын бодисыг зааврын дагуу найруулж хэрэглэж хэвшээгүй, цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй зэрэг зөрчил нь маргаан бүхий шийтгэлийн хуудсыг гаргах үндэслэл болсон Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2-д Төрийн хяналт шалгалтад хамрагдах үүрэг бүхий этгээд:дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй... гэх зөрчлийн шинжид хамаарахгүй харин прокуророос маргаж байгаа хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгаалал, хүнсний аюулгүй байдлын талаарх дүрэм, журмыг зөрчсөн гэх зөрчлийн шинжид хамаарахаар байна.

Үүний учир илрүүлсэн зөрчил бүрт тохирсон шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон хуульд заасан тохирсон арга хэмжээг авах, уг арга хэмжээг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан зөрчлийг шалгах бүрэн эрхийг хэрэгжүүлэх этгээд болох улсын байцаагч авч хэрэгжүүлэх нь зүйтэй байна.

Иймд хариуцагч улсын байцаагчаас нь илрүүлсэн зөрчлүүдэд дахин шийтгэлийн хуудас бичих хүртэл зургаан сарын хугацаагаар маргаан бүхий шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлэн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 106.3.13-т заасны удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай 1.3 дугаар зүйлийн 1, 2, 3.1 дүгээр зүйлийн 2, 11.2 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Н-аас Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ч.Ц-ийн 014620 дугаартай шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулж, холбогдогч “СЭСВС” ХХК-ийн “С Ю” хүнсний үйлдвэрлэл, түгээх сүлжээний гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан тохирох зүйл, хэсэг, заалтаар шийтгэл оногдуулах шаардлагатай гэсэн Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ч.Ц-д холбогдуулан гаргасан дүгнэлтийн зарим хэсгийг ханган, Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ч.Ц-ийн 014620 дугаартай шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                                               А.С