Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2016/0610

 

Б.Батболдын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Д.Баатархүү, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэйгээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 535 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Батболдын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 535 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-т заасныг баримтлан дахин шинэ акт гарах хүртэл Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 213 дугаар захирамжийн иргэн Б.Солонгод холбогдох хэсгийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3.11-т заасныг үндэслэн маргаан бүхий захиргааны актыг “дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаа”-гаар түдгэлзүүлсэн ч мөн хуулийн 107.6-д “...шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана” гэж заасан хуулийн шаардлагыг биелүүлсэнгүй. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Газрын алба 6 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд асуудлыг хэрхэн шийдвэрлэж, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн хамгаалагдах талаар шийдвэрийн “Тогтоох” хэсэгт заалгүй орхиж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын хууль бус шийдвэр хэвээр үлдэх боломжийг бүрдүүлж байна.  Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11 дэх заалтыг шийдвэрийнхээ удирдлага болгохдоо уг заалтыг хэрэглэх үндэслэл, урьдач нөхцөл байдал бүрдсэн эсэхийг зөв тодорхойлолгүй хуулийг буруу хэрэглэлээ. Маргаан бүхий захиргааны акт бичгэн хэлбэрээр гарахдаа материаллаг болон формаль эрх зүйн шаардлагыг хангаагүй “алдаа”-тай гарсан талаар захиргааны байгууллага хүлээн зөвшөөрсөн байх ёстойг хуулийн агуулга болон логик дүгнэлтээр илэрч байна. Гэтэл хариуцагч болох Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч захиргааны акт алдаатай асуудлыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд маргаан бүхий захиргааны акт хууль ёсны гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурьдсан байхад шүүх үүнийг харгалзан үзэлгүй шууд шинэ акт гаргахыг даалгах нь хуульд нийцэхгүй болно. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 213 тоот захирамжаар иргэн Б.Солонгод 216 м.кв газрыг эзэмшүүлэхдээ маргаан бүхий газрын аль хэсэгт, ямар байршилд олгосныг тогтоох нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн нөхцөл байдал гэж дүгнэв. Иймд хариуцагч “...нэхэмжлэгчийн газартай давхцаж байгаа эсэх, орц гарцыг хааж байгаа эсэхийг өөрөө тогтоох шаардлагатай” гэсэн нь хэргийн нөхцөл байдалд нийцэхгүй болно. Учир нь Сонгинохайрхан дүүргийн өмч, газрын харилцааны албаны 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 918 тоот албан бичиг, 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 1262 тоот албан бичгүүдэд дээрх газрын маргаантай асуудлыг шийдвэрлэх боломжгүй /216 м.кв газрыг олгохдоо хууль зөрчиж, газрын гэрчилгээ олгосон/ гэдгээ удаа дараа мэдэгдсэний дагуу шүүхэд хандаж буй нэхэмжлэгчийн эрх ашгийг шүүх харгалзаж үзсэнгүй. Нэхэмжлэгч нь хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Нийслэлийн өмч харилцааны газарт хандаж, тус газраас 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 3/4468 тоот албан бичгээр шүүхийн шийдвэрийн адил “...Б.Батболдын өмчилж авсан газарт Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 213 дугаар захирамжаар иргэн Б.Солонгод 216 м.кв газрыг 5 жилийн хугацаатай давхцуулан эзэмшүүлсэн байна. Иймд дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 213 дугаар захирамжийн иргэн Б.Солонгод холбогдох хэсгийг Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэж, хариуг эргэж мэдэгдэнэ үү” гэх албан бичгийг Сонгинохайрхан дүүргийн өмч, газрын харилцааны албанд явуулсан ч 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 1262 тоот албан бичгээр асуудлыг шийдэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн учир шүүхэд хандаж эрх, ашгаа хамгаалуулах гэсэн билээ. Гэтэл шүүх энэхүү байдлыг анхаарч үзэлгүй шийдвэрээ гаргасан нь урьдчилан шийдвэрлэх ажиллагаанд дээд шатны байгууллагаас өгсөн шийдвэртэй нэгэн адил шийдвэр болж, хууль бусаар газар эзэмшиж буй этгээдийн үйлдлийг даамжруулах боломжийг олгож, нэхэмжлэгчийн зөрчигдөж буй эрхийг сэргээж, хамгаалах шийдвэр гарсангүй. Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөвөөр үнэлж, нөхцөл байдлыг бодитой тогтоосон шийдвэр гаргасангүй. Учир нь Сонгинохайрхан дүүргийн газрын алба шүүхэд ирүүлсэн иргэн Б.Солонготой холбогдох нотлох баримтуудаас өөр нэмэлт ямарч баримт байхгүй бөгөөд шүүх дээрх тодорхойгүй /хувийн хэрэгт кадастрын зураг байгаа эсэх/ асуудлыг тодруулахаар Сонгинохайрхан дүүргийн өмч, газрын харилцааны албанд 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1/7410 тоот явуулсан бөгөөд албан бичгийн хариу болох Сонгинохайрхан дүүргийн өмч, газрын харилцааны албаны 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 1340 тоот /хх-186/ албан бичигт  “... хувийн хэрэгт авагдсан 584 м.кв зурагнаас өөр зураг байхгүй” гэдгээ мэдэгдсэн. Мөн шүүх 2016.04.12-ны өдрийн 1/4258 тоот албан бичгээр Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас “Иргэн Б.Батболд болон Б.Солонго нартай холбогдох баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгөхийг хүссэн бөгөөд ГХГЗЗГ-аас албан бичгийн хариу болох 2016.04.14-ны өдрийн 1/614 бичигт “... иргэн Б.Солонгын эзэмшлийн гэх газар нь нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй байна...” гэсэн байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...иргэн Б.Солонгын хашаа байшин нь нэхэмжлэгчийн газрын зарим хэсгээр давхцсан, орц гарцыг хаасан болох нь Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас ирүүлсэн баримт /хх-82-86/, шүүхээс хийсэн газрын үзлэг зэргээр нотлогдож байна” гэж зөв тогтоосон боловч энэхүү үндэслэлтэйгээ зөрчилдсөн шийдвэрийг анхан шатны шүүх гаргасан байна. Өөрөөр хэлбэл дээрх асуудлыг бие даан шийдвэрлэх ёстой Сонгинохайрхан дүүргийн өмч, газрын харилцааны алба асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэдгээ, дээд шатны байгууллага болох Нийслэлийн өмч харилцааны газар мөн асуудал хууль зөрчсөн байна гэдгийг тогтоож, Газрын харилцаа геодези зураг зүйн газар албан ёсоор эцсийн хариуг ирүүлсэн байхад дахин уг байгууллагуудад шинэ акт гаргахыг үүрэг болгосон нь зүйд нийцэхгүй бөгөөд нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин тогтоож, давтахыг шаардсантай утга ижил юм. Шүүх хариуцагчийн хууль бус үйлдэл болох хуульд заасан баримтын шаардлагыг хангалгүйгээр дур мэдэн газар эзэмшүүлж буй байдлыг тодорхойгүй нөхцөл байдал хэмээн дүгнэж, тогтоох боломжгүй гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Дээрх хууль бус захирамж, Сонгинохайрхан дүүргийн өмч, газрын харилцааны албаны эрх бүхий албан тушаалтнуудын хууль бус үйлдлээс шалтгаалан өөрийн өмчлөлийн газраа ашиглах, захиран зарцуулах боломжгүй болж, эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү ” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх захиргааны байгууллага, албан тушаалтнаас дахин шинэ акт гартал маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч ийнхүү шийдвэрлэсэн тохиолдолд хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй, шүүхийн шийдвэрт тусгавал зохих заалтыг орхигдуулсан  байна.

Нэхэмжлэгч Б.Батболд нь “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 213 дугаар захирамжийн иргэн Б.Солонгод холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “иргэн Б.Солонгод газар эзэмшүүлсэн захирамж гаргахдаа миний өмчлөлийн газартай давхцуулан олгосон нь хууль ёсны өмчлөгчийн эрх ашгийг зөрчсөн” гэж тайлбарлажээ.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2002 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн  Б/54 дүгээр захирамжаар иргэн Ж.Батсайханд тус дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн салаанд 0,004 га газар ашиглах эрх олгосон байх ба энэ захирамжийг үндэслэн 2004 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 216 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээ гарчээ. Уг 216 м.кв газрыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 213 дугаар захирамжаар иргэн Б.Солонгын нэр дээр шилжүүлсэн байх ба тэрээр уг хэмжээгээр газрын кадастрын зургаа баталгаажуулаагүй, “Далай гурван өндөр” ХХК-ийн 584 м.кв хэмжээгээр үйлдсэн кадастрын зураг хувийн хэрэгт нь авагдсан байна.

Харин Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 204 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Б.Батболдод тус дүүргийн 9 дүгээр хороо, Баянхошуу, Зүүн салаанд  500 м.кв газар эзэмших эрх олгосон байх ба түүний гаргасан хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 358 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 10 дугаар гудамжны 52 тоотод байрлалтай 700 м.кв газрыг өмчлөх эрх олгож, тэрээр тухайн газрын хууль ёсны өмчлөгч болжээ.

 Дээрхээс үзвэл Б.Солонгын эзэмшиж байгаа 216 м.кв газрын эзэмших эрх нь Б.Батболдын газар эзэмших эрх үүсэхээс өмнө үүссэн гэж үзнэ.

Хэдийгээр иргэн Ж.Батсайханд 0,004 га газар ашиглах эрх олгосон атлаа ямар үндэслэлээр 216 м.кв газрыг эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нь тодорхойгүй, Газрын тухай хуулийн /1994 оны/ 30 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т заасан шаардлагыг хангаж газрын хэмжээ, байршлыг харуулсан зургаа хүсэлтдээ хавсаргаж өгөөгүй зөрчлүүд байх боловч хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэн маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 213 дугаар захирамжаар Ж.Батсайханы 216 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг иргэн Б.Солонгын нэр дээр шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т  “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга  хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна”, 38.3.1-д “энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх”, 38.3.2-т “шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх”, 38.3.3-т эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх” гэж заасныг зөрчөөгүй байна.

Харин хариуцагч нь Б.Солонгод газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхдээ газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй, нэгж талбарын дугаар олгогдоогүй газрын эзэмших эрхийг шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын сан нэгдмэл байх, газар төрийн хяналт хамгаалалтад байх зарчимтай зөрчилджээ.

 Өөрөөр хэлбэл, тухайн газрын аль хэсэгт, ямар байршилд анх Ж.Батсайханд 216 м.кв газар олгогдсон нь тодорхойгүй нөхцөлд уг байдлыг шалгаж тодруулалгүйгээр Б.Солонгод мөн хэмжээгээр газар эзэмших эрхийг шилжүүлснээр маргаан гарах үндсийг бүрдүүлсэн байх бөгөөд Б.Солонгын эзэмшил газрын байршлыг захиргааны байгууллага өөрөө тодорхойлоогүй нөхцөл байдал нь  шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэх үндэслэл болно.

Иймд захиргааны байгууллага хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулж, иргэн Б.Солонгын 216 м.кв газрын хэмжээ байршлыг газар дээр нь очиж тэмдэгжүүлэн, координатжуулах замаар асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Гуравдагч этгээд Б.Солонгын эзэмшлийн 216 м.кв газрын байршлыг тогтоосноор нэхэмжлэгч Б.Батболдын өмчлөлийн газарт 152 м.кв давхацсан гэх үйл баримт нь Б.Солонго дур мэдэж газраа 583 м.кв болгож сунгаснаас, эсхүл Б.Батболд 500 м.кв газар эзэмших эрхээ 700 м.кв болгон нэмэгдүүлж өмчилж авсанаас үүссэн эсэхийг тодорхойлох ач холбогдолтой.

           Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан “... дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” хэлбэрийг шүүх сонгож хэргийг шийдвэрлэхдээ  хэргийн үйл баримт, хэргийн оролцогчдын тайлбар болон холбогдох нотлох баримтад эрх зүйн дүгнэлт өгдөг, шүүхээс гарах шийдвэрийн үр дагаварт харьцуулалт хийдэг, энэхүү эрх нь шүүхэд өөрт нь хадгалагдах эрх хэмжээ учраас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11 дэх заалтыг хэрэглэх үндэслэл, урьдач нөхцөл байдал бүрдсэн эсэхийг зөв тодорхойлоогүй, захиргааны акт алдаатай гарсан болохыг хариуцагч хүлээн зөвшөөрөөгүй байхад хуулийг буруу хэрэглэсэн, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэх гомдлыг хүлээж авах үндэслэлгүй.

           Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д “Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана” гэж заасан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасан хэсгийг тусгах шаардлагатай байсан” гэх гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 535 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “32 дугаар зүйлийн 32.1, 32.2” гэснийг “38 дугаар зүйлийн 38.2, 38.3” гэж, 3 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол  Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 213 дугаар захирамжийн иргэн Б.Солонгод холбогдох хэсэг хүчингүй болохыг мэдэгдсүгэй” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3  дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                              ШҮҮГЧ                                                    Н.ХОНИНХҮҮ                                                     

                               ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ  

                               ШҮҮГЧ                                                   О.НОМУУЛИН