Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 59

 

Ш.Ганчимэгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чимэдрэгзэн, Д.Жаргалсайхан нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2017/0041 дүгээр магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор Ш.Ганчимэгийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн 972 дугаар шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 70 дугаар зүйлийн 70.15, 111 дүгээр зүйлийн 111.6, 117 дугаар зүйлийн 117.1, 117.2, 159 дүгээр зүйлийн 159.3, 161 дүгээр зүйлийн 161.4, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Ганчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 58 дугаар тогтоолыг хүчингүй болгож, орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөлд Шар овогтой Ганчимэгийг оруулахыг Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2017/0041 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 972 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 117 дугаар зүйлийн 117.1, 117.2, 159 дүгээр зүйлийн 159.3, 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Ганчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 58 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Шар овогтой Ганчимэгийг эрүүгийн журмаар шалгагдаж буй хэргийг эцэслэн шийдвэрлэсний дараа орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтад болон тэдгээрийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөлд оруулах эсэхийг Сонгуулийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд даалгасугай." гэж өөрчилж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах” гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чимэдрэгзэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн. Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.5-д зааснаар сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээд нь сонгуулийн сурталчилгааны явцад дараах үйлдэл гаргах, үйл ажиллагаа явуулахыг хориглоно гээд зөрчлийн хэлбэрүүдийг тодорхойлсон. Эдгээр заалтыг зөрчсөн үндэслэл тогтоогдвол уг нэр давшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасахаар мөн хуулийн 159 дүгээр зүйлийн 159 2-т заасан байна. Хэрэв энэ үндэслэл сонгуулийн дүн гарсны дараа тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгохоор 159.3-т заасан орон нутгийн сонгуулийн хорооны эрх хэмжээг үгүйсгэсэн зөрчилтэй дүгнэлт хийжээ.

Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар бүлэгт Улсын Их хурлын Сонгуулийн талаар зохицуулжээ. Тус бүлгийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “нэр дэвшигч энэ хуулийн 52, 67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16-д заасныг зөрчсөн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол сонгуулийн төв байгууллага уг нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ" гэж зааснаас үзэхэд Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчийг сонгуулийн тухай хуулийг зөрчсөн талаар заавал шүүхийн шийдвэр гарсан буюу тогтоогдсон байхыг шаарджээ. Харин ерөнхийлөгчийн болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчийн нэрийг хасах эсэхийг шийдвэрлэхдээ хуулиар цагдаагийн байгууллагын шалгалт, шүүхийн шийдвэрийг давхар шаардахгүй байхаар хуульд зохицуулсныг шүүх анхаараагүйгээс хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй алдааг гаргалаа.

Иймээс шүүх “Ш.Ганчимэг болон аливаа этгээд түүнд санал өгүүлэх зорилгоор мөнгө тараасан зөрчлийг Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс шалгаж, дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн эсэхийг тогтоосны дараа Сонгуулийн хороо нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах эсэхийг шийдвэрлэх байжээ” гэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эрх зүйн боломжгүй байна.

Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо энэ талаарх гомдлыг хянан үзээд 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 58 дугаар тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.16-д заасныг нэр дэвшигч А.Ганчимэг зөрчиж, сонгогчдын санал татах зорилгоор хуулиар хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон гэж үзэж, нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасахдаа Сонгуулийн тухай хуулийн 18 дугаар бүлгийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх заалтыг зөрчөөгүй байна. Иймд шүүх холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт зааснаар дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг нотлох баримтад хамаарагдаж байна.

Иймд шүүх хэрэгт нотлох баримтаар авагдсан видео бичлэг бүхий СD нь нэр дэвшигч Ш.Ганчимэг сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор мөнгө тараасан, ухуулагч болон дэмжигч иргэдээр дамжуулан мөнгө тараах ажлыг зохион байгуулалттай мөнгө тарааж буй үйл баримтыг үнэлж дүгнэхээс гадна Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32 2 дахь хэсэгт заасны дагуу өөрөө хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах бусдаас нотлох баримт гаргуулахыг шаардах эрхээ хэрэгжүүлсэнгүй.

Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн агуулгаас үзэхэд Захиргааны хэргийн шүүх шийдвэр гаргахын тулд дахин дүүргийн анхан шатны эрүүгийн шүүхийн шийдвэр гарсан байхыг шаарджээ

Энэ нь Захиргааны хэргийн шүүх өөрийн хийх ёстой ажлаа хийхгүйгээр өөр шүүхийн шийдвэрээр хэргийг шийдвэрлэх боломжтой гэсэн дүгнэлттэй агаар нэг юм.

Нөгөөтэйгүүр Сонгуулийн хорооноос нэр дэвшигчийн нэрийг хассантай холбогдох асуудлыг ерөнхий харьяаллын шүүх шийдвэрлэсэн байхыг Захиргааны хэргийн шүүх шаардаж байгаа бол ер нь Захиргааны хэргийн шүүхийн өөрийн үүрэг тодорхойгүй мэтээр шүүхийн шийдвэрийн "Үндэслэл"-ийг ойлгож болохоор байна.

Мөн шүүх нэхэмжлэгч талыг үйл баримтыг няцаасан үгүйсгэсэн тайлбар гаргаагүй нотлох баримтыг ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэх эрх зүйн үндэслэлгүй юм. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2. 34.1.4, 159 дүгээр зүйл 159.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж байна. Иймд дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ш.Ганчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 58 дугаар тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ш.Ганчимэг нь Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд холбогдуулан 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 58 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөлд нэр оруулахыг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд Ш.Ганчимэг нь 5 дугаар тойрогт нэр дэвшиж, нийт сонгогчдын 46.15 хувийн буюу олонхын санал авсан байх бөгөөд маргаан бүхий тогтоолоор “сонгогчдын саналыг татах зорилгоор хуулиар хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан” гэх үндэслэлээр нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч шийдвэрлэсэн байна.

Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3 дахь хэсэгт зааснаар сонгуулийн дүн гарсны дараа нэр дэвшигчийг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуульд заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн Сонгуулийн хороо нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгохоор зохицуулсан ба мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг ойлгоно” гэж, 117 дугаар зүйлийн 117.1-д “энэ хуульд заасан захиргааны зөрчлийг цагдаагийн байгууллага шалгана” гэж тус тус заажээ.

Эндээс Сонгуулийн хороо нь зөвхөн нэр дэвшигч сонгуулийн хууль зөрчсөн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах шийдвэр гаргах эрхтэй, хуулийн дээрх гол нөхцөл буюу “энэ хуульд заасан үндэслэл” бий болсон нь тогтоогдсон тохиолдолд Сонгуулийн хороо шийдвэр гаргах эрх үүсэх ёстой.

Гэтэл энэ тохиолдолд Сонгуулийн хороо нь хуульд заасан нөхцөл үүсээгүй, сонгуулийн зөрчлийг хянан шалгах эрх хэмжээ хуулиар олгогдоогүй байхад өөрт олгогдоогүй эрх эдэлж, зөрчлийг тогтоож, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал зөв болжээ.

Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-т дүүргийн Сонгуулийн хорооны эрх хэмжээг тодорхойлж, “өөрийн эрх хэмжээнд хамаарах асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдол, албан бичгийг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх”, 114 дүгээр зүйлийн 114.3-т “энэ хуулиар эрх хэмжээ олгоогүй асуудлаар ирүүлсэн өргөдлийг тухайн сонгуулийн байгууллага хүлээн авахаас татгалзаж, өргөдлийг буцаана” гэж тус тус зааж, захиргааны зөрчлийн талаарх гомдол мэдээллийг гаргах, хянаж шийдвэрлэх харьяаллыг хуулийн арван тавдугаар бүлгийн дөрөвдүгээр дэд бүлэгт зохицуулжээ.

Уг бүлэгт зааснаар захиргааны зөрчил гарсан талаар гомдол, мэдээллийг Цагдаагийн байгууллагад гаргах, зөрчлийн талаарх үйл баримт, нотлох баримтыг хавсаргаж шүүхэд шууд гаргах, зөрчлийг эдгээр байгууллагууд шалган тогтоох, шүүх хянан шийдвэрлэхээр журамласан байх тул дүүргийн Сонгуулийн хороо нь нэр дэвшигч нараас гаргасан “зөрчлийн талаарх” гомдлыг хүлээн авч, шийдвэрлэх эрхгүй юм.

Түүнчлэн Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “...сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон” гэж сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг” ойлгоно гэж тодорхойлсноос үзвэл сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн этгээдэд Сонгуулийн тухай хуульд заасан захиргааны хариуцлагыг шүүхээс хүлээлгэсэн, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх хууль зүйн агуулгатай байна.  

Хариуцагчийн “орон нутгийн сонгуульд шүүхийн шийдвэр гарсан байхыг хуулиар тусгайлан зохицуулаагүй” гэх гомдол хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Сонгуулийн тухай хуулийн нийтлэг зохицуулалтыг тусгай зохицуулалтад уялдуулан хэрэглэх нь хуульд нийцэх юм.

Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчийг Сонгуулийн тухай хуулийн 131.2, 131.3-т заасны дагуу “нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах” нь шүүхийн шийдвэрт үндэслэх, харин орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийн хувьд мөн хуулийн 159.2, 159.3-т заасны дагуу “хасах”-д “шүүхийн шийдвэр гарсан байхыг шаардахгүй” гэж тайлбарлах нь Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн арван дөрөвдүгээр зүйлийн 1-д заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн зарчимд нийцэхгүй.

Хариуцагчийн “шүүх зөрчил гаргасан тухай дуу дүрсний бичлэг, үйл баримтыг үнэлээгүй” тухай гомдлын хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар шүүх хэрэгт хамааралтай нотлох баримтыг үнэлэх үүрэгтэй болохоос хэрэгт хамааралгүй нотлох баримтыг үнэлэх чиг үүрэггүй.

Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүхэд харьяалагдах нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ. Энэ тохиолдолд Сонгуулийн тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар сонгуулийн зөрчлийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэх тул энэхүү үйл баримтад хамаарах нотлох баримтыг захиргааны хэргийн шүүх үнэлэх чиг үүрэггүй тул дээрх гомдол үндэслэлгүй.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн 972 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2017/0041 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

    

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                  М.БАТСУУРЬ  

ШҮҮГЧ                                                                                           П.СОЁЛ-ЭРДЭНЭ