Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2018/ШЦТ/347

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг хөтлөн,

улсын яллагч Н.Анхбаяр,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Очирваань,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Б.Бэд холбогдох 00 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1983 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр, Архангай аймгийн Өлзийт сумд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Т овогт Б.Б

 

           Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өглөө 17 цагийн үед  Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Буянт-Ухаа 2 хорооллын 1015-р байрны баруун замд 00улсын дугаартай “Тоёото приус” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө”, “16.1 5.30 тэмдгээр тэмдэглэгдсэн хорооллын доторхи хөдөлгөөнд явган зорчигч давуу эрхтэй зорчих боловч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад учруулахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч 5 настай О.Мыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч, хохирогч нараас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгүүд:

Шүүгдэгч Б.Бээс: “... 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гэрээсээ гараад хороолол дотор зөвшөөрөгдөх хурдтай явж байсан. Замын баруун гар талаар машинууд тавьчихсан байсан бөгөөд хоёр машины голоор гэнэт хүүхэд гараад ирсэн. Би буугаад бие нь яаж байна гэр нь хаана байдаг вэ гээд асуутал үг гэж хэлж чадахгүй байсан. Хүүхдийг аваад өрхийн эмнэлэг ортол өрхийн эмнэлэг хаасан байсан учир гэмтлийн эмнэлэг рүү авч явсан гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нгаас: “...2018 оны 04 дүгээр сарын 30-ний өглөө би ажилдаа явсан байсан. Манай нөхөр эмнэлэгт хэвтэж байнаа хүнд эргэлтээр хоол цай хүргэж өгөх гээд явсан хойгуур уг осол гарсан байсан. Танихгүй дугаараас нэг хүн залгасан би аваагүй. Дахин залгахад авахад танай хүүхэд машин ирээд мөргөчихлөө. Би хүүхдийг тань аваад гэмтлийн эмнэлэг рүү явж байна гэж хэлээд удалгүй дахин залгаж гурвалжингийн гүүрний зам түгжрэлтэй байна. Хүүхдээ ирж ав гэж хэлэхэд би их гайхсан. Гэмтлийн эмнэлэг дээр нөхөр бид хоёр очиход Б.Б эмнэлэгт хүргэж ирсэнд та нар баярла гэж хэлсэн. Хохиролд 1.235.610 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд мөн цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хууль ёсны төлөөлөгч Д.Нгийн: “...2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 17 цаг өнгөрч байхад  дугаарын утаснаас нэг эрэгтэй хүн залгаад таны хүүхэд чинь намайг ирээд мөргөчихлөө гэж хэлсэн...юу болсон бэ гэж тодруулж асуухад танай хүүхэд миний машиныг ирээд мөргөсөн хөл нь гэмтсэн одоо гэмтлийн эмнэлэг рүү хүүхдийг аваад явж байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 27-30-р хуудас/

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 12-17 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, /хх-ийн 25 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 5695 дугаартай дүгнэлт, /хх-ийн 42-р хуудас/

2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 333 дугаартай Замын цагдаагийн албаны шинжээчийн  дүгнэлт /хх- ийн 58-р хуудас/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд:

Яллагдагч Б.Бийн: “...Би 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 17:50 минутын орчимд хувийн Т.Приус-20 маркийн 00улсын дугаарын машиныг жолоодон гэрээсээ гараад Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Буянт-Ухаа-2 хорооллын 1015 дугаар байрын баруун талын замаар хойноосоо урагшаа чиглэлтэй явж байтал замын баруун талаар машинууд тавьчихсан байсан. Гэтэл урд зам дээр  2 хүүхэд хөөцөлдөж явж байсан. Тэгээд тэр 2 хүүхдийг өнгөрөөгөөд цаашаа хөдлөөд өөдөөс ирж явсан машинтай зөрөхөөр хөдөлсөн. Тэгтэл замын баруун талд зогсож байсан машины голоос эрэгтэй хүүхэд баруунаас зүүн тийш гүйж орж ирээд машины баруун урд толь хавьцаа мөргөөд унасан. Тэгэнгүүт би тэр дороо машинаа зогсоогоод уугаад хүүхдийг тэврээд машиндаа өвөр дээрээ аваад суусан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64-65 дугаар хуудас/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 70 дугаар хуудас/,

-Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 68 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, шүүх эмнэлгийн болон техникийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээчид гаргасан байх тул үнэн зөвд тооцож, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Бийн гэм буруутай эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.  

 

Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өглөө 17 цагийн үед  Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Буянт-Ухаа 2 хорооллын 1015-р байрны баруун замд 00улсын дугаартай “Тоёото приус” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө”, “16.1 5.30 тэмдгээр тэмдэглэгдсэн хорооллын доторхи хөдөлгөөнд явган зорчигч давуу эрхтэй зорчих боловч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад учруулахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч 5 настай О.Мыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хууль ёсны төлөөлөгч Д.Нгийн мэдүүлэг /хх-ийн 27-30-р хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 12-17 дугаар хуудас/, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, /хх-ийн 25 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 5695 дугаартай  

  1. О.Мын биед баруун шилбэний шаант ясны зөрөөтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-р хуудас/

Замын цагдаагийн албаны 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 333 дугаартай шинжээчийн  дүгнэлт

  1. Тoyota Prius маркийн 00улсын дугаартай автомашины жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө”..., “16.1. 5.30 тэмдгээр тэмдэглэгдсэн хорооллын доторхи хөдөлгөөнд явган зорчигч явган хүний зам буюу зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих боловч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад учруулахыг хориглоно”....гэсэн заалтыг тус тус зөрчсөн үндэслэлтэй байна.
  2. Явган зорчигч О.Мөнхсондор /5 настай/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
  3. Жолооч Б.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтыг зөрчсний улмаас зам тээврийн осол үйлдэгдсэн болно. /хх- ийн 58 дугаар хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

    Прокуророос шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан, хуулийн зүйл, хэсэг  тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Бийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

    Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь  мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлэгийн туслалцаа үзүүлсэн, үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

            Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, бусад байдал

Дээрх зам тээврийн осол хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хохиролд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н нь насанд хүрээгүй хохирогч О.Мын эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардал болон эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж олох байсан орлого, хөдөлмөрийн хөлс, бусад зардал зэрэг нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт тус тус тооцогдох юм.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн эмчилгээний зардал болон эрүүл мэндэд учруулсан хохиролд 1.172.000 төгрөгийг / шүүгдэгчээс 290.000 төгрөг, даатгалаас 882.000 төгрөг/ төлж барагдуулсан байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н нь 1.235.610 төгрөгийн эмчилгээний зардалтай холбоотой баримтыг гаргасан тул тус хохирлыг шүүгдэгч Б.Бээс тус хохирлыг гаргуулах нь зүйтэй байна.

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт “цаашид гарах эмчилгээний зардал болон гэм хорын хохирол нэхэмжилж байна...” гэж мэдүүлсэн бөгөөд шүүхээс тус эмчилгээний зардал, гэм хорын хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэгт хураагдсан Б.Бийн №259983 дугаартай жолоодох эрхийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн ерөнхий газрын Иргэдэд үйлчлэх төвд хүргүүлэх нь зүйтэй байна.

 

       Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

          ТОГТООХ нь:

 

1. Т овогт Б.Бийг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу  500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Бийн хөрөнгө, цалин хөлс,  бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Энэ хэрэгт хураагдсан Б.Бийн 00 дугаартай жолоодох эрхийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн ерөнхий газрын Иргэдэд үйлчлэх төвд хүргүүлсүгэй.

 

            6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

            7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Бээс 1.235.610 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нд олгосугай.

 

8.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н нь бага насны хохирогч О.Мын цаашид гарах эмчилгээний зардал, гэм хорын хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

 

10.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Б.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ТУЯАТ