Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 1495

 

 

 

 

   2020         08           13                                  2020/ШЦТ/1495

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, С.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

          Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

          Иргэдийн төлөөлөгч Б.Бямбаням,

          Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,

          Шинжээч эмч Г.Ханхүү,

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Мөнхболд,

          Шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Байгалмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

          Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуроос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мд холбогдох эрүүгийн 2006 00000 1539 дугаар хэргийг 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Батнасан овогтой М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 16-17 цагийн үед Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Шар хадны эцсийн автобусны буудлын орчим байрлах Хаан банкны АТМ-ын ойролцоо Г.Сэргэлэнгийн нүүрэн тус газар халдсаны улмаас дагзаараа газарт унаж. биед нь гавал тархины гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулснаас гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлэгдэж байгаад 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: “...Би хаан банкны АТМ-ны ард илүү гарсан хайсан дээр  бид нар суудаг юм. Би согтуу байсан юм. Миний дэргэд дүлий жомбого сууж байтал талийгаач Сэргэлэн ирээд бид 2 загнасан юм. Тэгэхээр нь Сэргэлэн чи яв гээд хэлээд тамхи татаж байгаад унтраах гээд тонгойсон чинь ирээд миний цээж рүү өшиглөсөн. Би хэсэг хугацаанд эвгүй болж байгаад босоод Сэргэлэнг очоод алгадсан юм. Тэгээд сэрээх гээд татаж үзээд байж байтал хүмүүс Сэргэлэнгийн авгай нь ирж байна гэхээр нь би айгаад автобусны буудлын дундуур ороод зогсчихсон юм...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Мөнхболд мэдүүлэхдээ: “...Хэргийн талаар 6 дугаар сарын 3-нд Баянхонгор аймаг эхнэртэйгээ явсан байсан. 6 дугаар сарын 5-ны билүү 6-ны өдөр Ээж над руу залгаад аав чинь ийм болчихлоо гэж хэлээд мэдсэн хуулийн дагуу шийдэж өгнө үү нэхэмжлэх зүйлгүй...” гэв.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-8/, Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-9-13/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-14-16/, хохирогч С.Мөнхболдын мэдүүлэг /хх-19-24/, гэрч Д.Сосорбарамын мэдүүлэг /хх-28-31/, гэрч Б.Оргилболдын мэдүүлэг /хх-32-33/, гэрч С.Нацагмаагийн мэдүүлэг /хх-34-36/, гэрч Б.Сүрэнцэцэгийн мэдүүлэг /хх-37-39/, гэрч О.оюунжаргалын мэдүүлэг /хх-45-47/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1282 дугаартай дүгнэлт /хх-49-55/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3540 дугаартай “...1.Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч Г.Сэргэлэнгийн гэх гарын 10 хурууны хумсанд биологийн гаралтай ул мөр илрээгүй...” гэх дүгнэлт /хх-70-71/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6985 дугаартай дүгнэлт /хх-76/, шүүх сэтгэц эмгэг судлалын 679 дугаартай дүгнэлт /хх-80-81/, шинжээч Г.Ханхүүгийн мэдүүлэг /хх-158-159/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Батнасан овогтой М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 16-17 цагийн үед Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Шар хад”-ны эцсийн автобусны буудлын орчим байрлах Хаан банкны АТМ-ын ойролцоо Г.Сэргэлэнгийн нүүрэн тус газар халдсаны улмаас дагзаараа газарт унаж. биед нь гавал тархины гэмтэл бүхий хүнд хохирол учруулснаас гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлэгдэж байгаад 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр нас барсан болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл              /хх-8/,

 

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /9-13/

 

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-14-16/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Мөнхболдын “...2020 оны 06 дугаар сарын 10-ны үдээс өмнө ээж аавын биеийг муу байна гэж хэлсэн. Тэгээд үдээс хойш утсаар ярихад ээж аавыг дүүргийн эмнэлэгт үзүүлж байна гэж хэлсэн. Гэмтлийн эмнэлэгт очиж ээжтэй уулзахад аавыг хагалгаанд оруулах, оруулахгүй байхаар талаар хэлж байсан. Ингээд 2020 оны 06 дугаар сарын 11-ний өглөө аавыг тархниы хагалгаанд оруулсан ба улмаар хагалгаанд орсноос хойш бие нь сайжрахгүй байсаар байгаад 2020 оны 06 дугаар сарын 13-ны өглөөний 09 цаг 15 минутад нас барсан. Би гомдолтой байна...” /хх-19-24/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Сосорбарамын “...Шар хадны эцэст байрлах хаан банкны АТМ-ын ертөнцийн зүгээр баруун талд очиход манай нөхөр Г.Сэргэлэн нь биеийн хэсэг нь эгц дээшээ харсан толгойн ар дагз хэсгээр явган хүний цементэн нийтийн талбай дээр уначихсан байдалтай хэвтэж байсан. Тухайн үед манай нөхрийн амнаас нь архи согтууруулах ундааны зүйл үнэртсэн, дээд уруулын дотор тал нь язарч цус гарсан, өмдөндөө шээчихсэн байдалтай байсан..." /хх-28-31/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Оргилболдын “...Тухайн үед М Сэргэлэнг гараа атгаж байгаад нүүрний хэсэг рүү гараараа нэг удаа л цохьсон юм. Сэргэлэнг цохиулаад газар унасаны дараа ерөөсөө ухаангүй байгаад байсан юм....” /хх-32-33/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Нацагмаагийн “...Тухайн үед Мгийн сууж байсан газарт Сэргэлэн очиж яваа харагдсан. Тэгтэл нэг харахад М Сэргэлэнг цохиод газарт унагаачихсан. Тэр үед Сэргэлэн яг ар дагзаараа унаад нүүр болон биеийн хэсэг нь дээшээ харчихсан хэвтэж байсан...” /хх-34-36/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Сүрэнцэцэгийн: “...М Сэргэлэнг босож ирээд нүүрний шанаа хэсэг рүү аль шанаа гэдгийг мэдэхгүй, гараараа цохитол Сэргэлэн цементэн дээр ар дагзаараа уначихсан...” /хх-37-39/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Оюунжаргалын “...Сосорбарам эгч бид хоёрыг Шар хадны эцэс дээр хаан банкны хажууд очиход талийгаач Г.Сэргэлэн ах биеийн хэсэг нь чанх дээшээ харсан, амнаас нь бага зэрэг цус гарсан байдалтай хэвтэж байсан...” /хх-45-47/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1282 дугаартай дүгнэлт /хх-49-55/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3540 дугаартай “...1.Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч Г.Сэргэлэнгийн гэх гарын 10 хурууны хумсанд биологийн гаралтай ул мөр илрээгүй...” /хх-70-71/ гэх дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6985 дугаартай “...1. Б.М-н биед гэмтэл тогтоогдсонгүй” /хх-76/ гэх дүгнэлт,

 

 Шүүх сэтгэц эмгэг судлалын 679 дугаартай дүгнэлт /хх-80-81/,

 

Шинжээч Г.Ханхүүгийн: “...талийгаач Г.Сэргэлэнгийн цогцосонд учирсан гавал тархины гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх хүнд гэмтэл байна. Дээрх гэмтэл нь унах үед үүсэх боломжтой...” /хх-158-159/ гэх мэдүүлэг зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

 

Иймд шүүгдэгч М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 16-17 цагийн үед Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Шар хадны эцсийн автобусны буудлын орчим байрлах Хаан банкны АТМ-ын ойролцоо Г.Сэргэлэнгийн нүүрэн тус газар цохисоны улмаас дагзаараа газарт унаж. биед нь гавал тархины гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулснаас гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлэгдэж байгаад 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр нас барсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүгдэгч Б.Мгаас нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Мг үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн нас өндөр хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Мг 7 /долоон/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

          Шүүгдэгч Б.М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цагдан хоригдсон 61 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Мг 7 /долоон/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

         

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт тус тус зааснаар, Б.Мд оногдуулсан 7 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мгийн цагдан хоригдсон 61 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

          5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

          6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА

 

                                                    ШҮҮГЧ                                   Ч.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                    ШҮҮГЧ                                   С.ӨСӨХБАЯР