Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1088

 

2021         10           21                                 2021/ШЦТ/1088

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

улсын яллагч К.Чимгээ,

шүүгдэгч Т.С, түүний өмгөөлөгч Ц.Мандал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.С-д холбогдох эрүүгийн 2106 00000 1709 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 12-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

            .....

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Т.С нь 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 12 цаг 34 минутад Баянзүрх дүүргийн .... ХХК-ийн ажлын өрөөнд хууль бусаар нэвтэрч Dell брэндийн Core I-5 загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлан авч 960.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ..

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянцээл орчимд амрахаар зочид буудал хайж явсан. Нөүтбүүк хулгайлсан гэх газар 2 жилийн өмнө зочид буудал байдаг байсан бөгөөд хаалгыг нь татаж ороход хүн байхгүй байсан тул нөүтбүүкийг нь авсан. Уг нөүтбүүкийг хажуу талд нь үйл ажиллагаа явуулдаг авто сургууль руу орж 60.000 төгрөгөөр зарсан” гэв.

Эрүүгийн 2106 00000 1709 дугаартай хэргээс:

Хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хувийн ажилтай гадуур явж байсан чинь манай компанийн ажилтан О над руу залгаад зөөврийн компьютер алга болсон байна гэж хэлэхээр нь би О-д хяналтын камераа шалгаад үз гэхэд оффисын дунд өрөө рүү үл таних хүн орж ирээд аваад гарч байна гэсэн. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагын 102 дугаарт дуудлага өгсөн юм. Тухайн компьютерыг би ажилдаа ашиглахаар 2019 оны 6 сард хувь хүнээс 1.200.000 төгрөгөөр авч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…хяналтын камер шүүж үзэхэд хар саравчтай малгай, цагаан хувцастай хүн гаднаас орж ирээд аваад гарсан байхаар нь захирал цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,

Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн Сансарын Баянцээлийн орчим явж байхад цагаан өнгийн яактай, хар өмдтэй нэг залуу ирээд манай нэг найз сэтгэцийн өвчтэй, буудалд хонуулах гэсэн юм. Гэтэл надад мөнгө байдаггүй, би гэрээсээ нөүтбүүкээ аваад гараад ирсэн. Ломбардад тавих гэтэл дэлгэцийн голоороо зураастай гээд авахгүй байна 100.000 төгрөгөөр авчихаач гэхээр нь би надад 60.000 төгрөг байгаа гэж хэлтэл за за тэгвэл 60.000 төгрөгөөр авчих гэхээр нь авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн БЗД2-21-658 дугаартай үнэлгээний тайлангаар алдагдсан эд зүйлийг 960,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

  Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 67 дугаар хуудас/,

Шүүгдэгч Т.С-гийн ял шийтгэсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Т.С-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.С нь 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 12 цаг 34 минутад Баянзүрх дүүргийн .... ХХК-ийн ажлын өрөөнд хууль бусаар нэвтэрч Dell брэндийн Core I-5 загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлан авч 960.000 төгрөгийн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 Хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хувийн ажилтай гадуур явж байсан чинь манай компанийн ажилтан О над руу залгаад зөөврийн компьютер алга болсон байна гэж хэлэхээр нь би О-д хяналтын камераа шалгаад үз гэхэд оффисын дунд өрөө рүү үл таних хүн орж ирээд аваад гарч байна гэсэн. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагын 102 дугаарт дуудлага өгсөн юм. Тухайн компьютерыг би ажилдаа ашиглахаар 2019 оны 6 сард хувь хүнээс 1.200.000 төгрөгөөр авч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…хяналтын камер шүүж үзэхэд хар саравчтай малгай, цагаан хувцастай хүн гаднаас орж ирээд аваад гарсан байхаар нь захирал цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,

Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн Сансарын Баянцээлийн орчим явж байхад цагаан өнгийн яактай, хар өмдтэй нэг залуу ирээд манай нэг найз сэтгэцийн өвчтэй, буудалд хонуулах гэсэн юм. Гэтэл надад мөнгө байдаггүй, би гэрээсээ нөүтбүүкээ аваад гараад ирсэн. Ломбардад тавих гэтэл дэлгэцийн голоороо зураастай гээд авахгүй байна 100.000 төгрөгөөр авчихаач гэхээр нь би надад 60.000 төгрөг байгаа гэж хэлтэл за за тэгвэл 60.000 төгрөгөөр авчих гэхээр нь авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,

  Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 67 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.С-гийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгөд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдож байна.

Шүүгдэгч Т.С-гийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, өмчлөх эрхийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхэд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Т.С-гийн бусдын эд хөрөнгийг хулгайлан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.С нь үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлан авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь  зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд шүүгдэгч Т.С нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг биет байдлаар хохирогч Б.Э-нд эргүүлэн төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Т.С-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас Т.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Т.С-г үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Т.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч Т.С-гийн цагдан хоригдсон 61 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцуулах саналтай байна” гэх,

Шүүгдэгч Т.С-гийн өмгөөлөгч Ц.Мандал эрүүгийн хариуцлагын саналдаа: “Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлт, саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүгдэгч Т.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж зааснаар шүүгдэгчийн удаа дараа ял шийтгүүлсэн атлаа дахин гэмт хэрэг үйлдэж буй хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С-гийн цагдан хоригдсон 61 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган хадгалах нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Э гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.С-г үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Т.С-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Т.С-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Т.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С-гийн цагдан хоригдсон 61 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-ийг хэрэгт хавсарган хадгалсугай.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.С нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Эрдэнэбулган гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Т.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                   Х.САНЖИДМАА