Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 221/Ма2015/0297

 

ЭХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Н, нэхэмжлэгчийнитгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, хариуцагч БГД Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 216 дугаар шийдвэртэй, ЭХХК-ийн нэхэмжлэлтэй, БГД Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Э, Ж.С нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ЭХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Татварын улсын байцаагч нар маргаан бүхий актын удиртгал болон тогтоох хэсэгт падаан хий бичүүлэн гэж онцгойлон дурдаж үндэслэн, 2011 онд А ХХК-иас 008947296 тоот падаанаар 181,818.2 мянган төгрөг, 2012 онд 008947280 тоот падаанаар 191,496.2 мянган төгрөгийн падаан хий бичүүлэн авч Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн тодорхой зүйл, заалтыг зөрчсөн гэж нөхөн татвар, торгууль, алданги зэрэг нийт 57,426,400 төгрөгийн төлбөр ногдуулсан.

Иймд, БГД татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Э, Ж.С нарын 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 264093 тоот актыг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч БГД татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.С шүүхэд гаргасан тайлбартаа: ЭХХК-ийн 2011, 2012 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Улсын мөрдөн байцаах газрын 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 10/5-8018, Үндэсний татварын ерөнхий газрын 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 7/2652 тоот албан бичиг, хяналтшалгалт хийх удирдамжийн дагуу Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, анхан шатны баримт, татвар төлөгчтэй хийсэн ярилцлага, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, эрсдэл, хөндлөнгийн судалгааг үндэслэн хэсэгчилсэн шалгалтыг хийсэн болно.

Татварын хяналт шалгалтаар 2011 онд Нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй А ХХК-ийн 008947296 тоот падаанаар 181,818,200.0 төгрөг, 2012 онд 008947280 тоот падаанаар 191,496,200.0 төгрөг нийт 373,314,400.0 төгрөгийн худалдан авалтын падааныг Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, хэсэгт тусгаж нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 худалдан авагч нь бэлтгэн нийлуүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан...нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй... гэж заасныг зөрчсөн гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 216 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.6, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ЭХХК-ийн БГД татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Э, Ж.С нарын 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 264093 дугаар актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 216 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт ... 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн (26/13)2903 дугаар Татварын хяналт шалгалт хийх томилолт-ын дагуу ... хяналт, шалгалт хийсэн гэжээ.

Татварын улсын байцаагч Ш.Э, Ж.С нар Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн30.1.3 ...татварын улсын байцаагчийн актыг ... татвар төлөгчид урьдчилан танилцуулах, зөвшөөрүүлэхийг албадах гэж заасныг зөрчиж 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр татварын байгууллага дээр очсон өдөр урьдчилан бэлдсэн актад, нотлох баримт гаргаж өгөх хугацаа өгөлгүй гарын үсэг зуруулсан.

Гэтэл удирдамж болон томилолт зэрэгт хяналт, шалгалт явуулах хугацаа хангалттай байсаар байтал өөрөөр хэлбэл дахиад хянан шалгах 14 хоног, амжихгүй бол сунгаж болно гэж томилолтод тусгасан байдаг, нотлох баримт бүрдүүлээд ирэх хугацаа олголгүй удирдамж, томилолт зэргийг танилцуулж, гарын үсэг зуруулж авна гэсэн журмыг зөрчсөн үйлдэл гаргасан. 29 дүгээр зүйлийн 29.1.8-т заасан үйлдлийг илт зөрчсөн.

Татварын ерөнхий хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд борлуулалтаас татвар авна гэж заасан болохоос худалдан авалтаас татвар авна гэсэн зүйл, заалт огт байхгүй. Мөн хяналт шалгалтын актыг үйлдэхдээ үндэслэл тодорхойгүй, ямар ажиллагаа хийгдэж, ямар нотлох баримтыг үндэслэсэн, түүнийгээ хэрхэн баримтжуулсан тодорхойгүй байдаг.

Шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт ЭХХК нь А ХХК-иас 2011 онд 008947296 дугаар нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар .... 2012 онд 008947280 дугаар нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар ... худалдан авалт хийсэн гэж харьяа татварын хэлтэстээ тайлагнасан байна гэжээ.

Энэ тухай урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл тус компанийн гаргасан гомдлыг хянан шийдвэрлэсэн шийдвэрт татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд заасан үүргээ биелүүсэн гэж дүгнэсэн байдаг. Хэрэв аж ахуй нэгж байгууллага нь бодит худалдан авалт хийгээгүй байж, хууль зөрчиж, эрсдэл хүлээж ийм үйлдэл хийх байсан уу?

Шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт гэрч А ХХК-ийн захирлын мэдүүлэгээс нэг талыг барьсан мэдүүлэгийг тусгасан байна.

Гэрч мэдүүлэхдээ ЭХХК болон захирал Ч.Эийг мэдэхгүй, танихгүй гэдэг. Өнөөдөр Монгол улсад 70.000 гаруй аж ахуй нэгж байгууллага ямар нэг байдлаар үйл ажиллагаа явуулдаг. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т заасныг зөрчиж нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Гэрч А ХХК-ийн захирал гэгч этгээд өөрийгөө авч гарсан мэдүүлэг өгсөн.

Шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт Нэхэмжлэгч нь...анхан шатны баримтуудыг гээгдүүлсэн гэж тайлбар хийсэн болно гэжээ.

Өөрт байхгүй, гээгдүүлсэн зүйлээ үнэн шударгаар гээгдүүлсэн талаар шүүх хуралдаан дээр мэдүүлсэн. Дээрхи дугаар бүхий Нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг эх хувиар шүүхэд БГД Татварын хэлтсийн архиваас хуулбарлан авсан хувийг гаргаж өгсөн. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4-т заасны дагуу нэхэмжлэгчийн үүргээ биелүүлж, шүүхэд үнэн зөв тайлбар гаргасан.

Шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт А ХХК нь өөрийн харьяа татварын хэлтэстээ ЭХХК-нд нэмэгдсэн өртгийн албан татвартай борлуулалт хийсэн эсэх талаар тайлагнаагүй байна гэжээ.

Гэтэл А ХХК өөрөө татвар нуун дарагдуулсан хэргээр Цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Татварын улсын байцаагчид А ХХК дээрхи борлуулалтыг хийгээгүй гэсэн нотлох баримтыг хяналт шалгалтын акт үйлдэхдээ мэдээгүй, мөн акт үйлдэхдээ цуглуулсан болон хавтаст хэрэгт А ХХК нь ЭХХК-нд борлуулалт хийгээгүй байна гэсэн ямар нэг нотлох баримт байхгүй.

Шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт нэхэмжлэгч нь худалдагч талтай бичгийн хэлбэрээр ямар нэгэн хэлцэл хийлгүй, банк, санхүүгийн байгууллагын төлбөр тооцооны боломжийг ашиглахгүйгээр их хэмжээний бэлэн мөнгөөр бараа материалыг барилгын материалын зах дээрээс худалдан авсан гэж татварын албанд гаргасан тайландаа тусгасан нь учир дутагдалтай байгааг тэмдэглэх нь зүйтэй юм гэжээ.

Монгол улсын нутаг дэвсгэрт бэлэн мөнгөөр барилгын материал худалдан авч болохгүй, худалдаалж болохгүй, бэлэн мөнгөөр худалдан авалт хийснээ татварын байгууллагад тайлагнаж болохгүй гэсэн хууль тогтоомжийн зүйл, заалтыг Монгол улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжуудаас хайгаад олсонгүй. Хуулиар хориглоогүй үйлдэл хийж, түүнийгээ Монгол Улсын Үндсэн хуулинд заасан иргэний үүргээ биелүүлж Татварын байгууллагад тайлагнасны төлөө ЭХХК-нд хяналт шалгалтын актыг үйлдсэн.

Дээрхээс дүгнэн үзвэл захиргааны хүчин төгөлдөр акт гэдэг нь материаллаг эрх зүйн үндэслэл бүхий, процессын эрх зүйн журмын дагуу үйлдсэн баримт бичгийг хэлнэ гэснийг баримтлаагүй, өөрийн үзэмжээр тэгсэн байх, ингэсэн байх, хувийн хар дэвтэртээ тэмдэглэж авсан мэтээр шүүхэд тайлбар өгч, шүүх түүнийг үндэслэлтэй гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл болсон.

Иймд Татварын улсын байцаагч нь хуульд заасан үндэслэлгүйгээр, хууль зөрчсөн эсэх нь тогтоогдоогүй үндэслэлээр үндэслэж хяналт шалгалтын акт үйлдэж, төлбөр ногдуулж хууль зөрчиж, иргэний эрх, ашиг сонирхолд ноцтойгоор халдсан хяналт шалгалтын актанд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийжхэргийг зөв шийдвэрлэжээ.

Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т ... энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн ... нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцохоор, харин 14.3-т ... нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй гэж заасан байна.

Нэхэмжлэгч ЭХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд бараахудалдан авсан мэтээр тайлагнасан байх боловч А ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгагдаагүй, гэрч Б.А А ХХК нь ус цэвэршүүлэх, агаар цэвэршүүлэх тоног төхөөрөмжийн худалдаа, засвар үйлчилгээ эрхэлдэг, барилгын материал зардаггүй, ЭХХК-тай ямар нэгэн худалдан авалт, борлуулалт хийгээгүй гэж мэдүүлсэн[1], худалдагч тал болох А ХХК нь цэвэр усны үйлдвэрлэл, худалдаа-ны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нь баримтаар тогтоогдож байгаа зэргээс үзэхэд 008947296, 008947280 дугаарын падаануудаар худалдан авалт бодитоор хийгдсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т нэгдсэн дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаан гэж борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, тэдгээрийн нэгжийн болон нийт үнэ, түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг тусгасан, татварын албанаас олгосон нэгдсэн дугаар бүхий нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бичгийг ойлгоно гэж, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т татвар төлөгч нь дараах үүрэг хүлээнэ:, 18.1.1-т татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, 18.1.3-т анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах гэж заасан байна.

Хавтаст хэрэгт 181818182 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг бараа, 191496182 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг бараа гэж тэмдэглэгдсэн нэхэмжлэгч талын худалдан авалт хийсэн гэх нэмэгдсэн өртгийн албан татварын падаан авагдсан байхаас гадна бараа материал худалдсан гэх дугааргүй зарлагын баримт, кассын зарлагын ордер[2] зэрэг баримтууд нь дээр дурдсан хуулийн шаардлагыг хангахгүй байна. Иймд хариуцагч нарын дээр дурдсан хуулиудын холбогдох заалтуудыг баримтлан худалдан авалтыг баримтаар нотлогдоогүй, бодитой биш гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв байна.

Нэхэмжлэгчийн бодит худалдан авалт хийсэн гэдэг нь санхүүгийн баримт, хариуцагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдохгүй байх тул хариуцагч татварын улсын байцаагч нарын ...падаануудыг хий бичүүлэн авч нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа хэсэгт тусган нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг бууруулсан, анхан шатны нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах үүргээ зөрчсөн гэж үзэж акт тогтоосон нь үндэслэл бүхий байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 216 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 
 
 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 103 дугаар тал