Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 59

 

                                                 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Алдар даргалж,

 

Улсын яллагч: Ц.Сүхбат,

Нарийн бичгийн дарга: Б.Батбаяр,

Шүүгдэгч Д.Амгалан, түүний өмгөөлөгч Г.Намуун     /үнэмлэхийн дугаар 1969/ нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дүгээр зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар Д.Амгаланд сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201625021237 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан социологич мэргэжилтэй, хувиараа орчуулга хийдэг, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Баруун Ард Аюушийн 70-15 тоотод оршин суух, регистрийн дугаар ХЗ83112219, Монгол овогт Давжаевын Амгалан.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Д.Амгалан нь 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах МУБИС-ийн байранд “Энх Гүнтэн” ХХК-ны тамга, тэмдэг бүхий гэрээг ашиг олох зорилгоор хуурамчаар үйлдэж ашигласан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Амгалан  мэдүүлэхдээ: Хэрэг бүртгэлтийн шатанд тодорхой мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.

Хохирогч Г.Саранчимэг /хх-ийн 12/, гэрч Б.Жаргал /хх-ийн 13/, сэжигтэн Д.Амгалан /хх-ийн 27-28/ нарын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2889 дугаартай дүгнэлт, Д.Амгалангийн урьд ял шийтгэгдэж байсан талаарх лавлагаа /хх-ийн 29/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Амгалан нь 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын Боловсролын Их сургуулийн байранд орчуулгын тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагаа явуулдаг “Энх Гүнтэн” ХХК-ны тамга, тэмдэг бүхий гэрээг ашиг олох зорилгоор хуурамчаар үйлдэж ашигласан гэмт хэрэгт үйлдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч Г.Саранчимэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2016.04.11-ний өдөр манай компанид “Амгалан гэдэг хүн байдаг уу, гэрээ хийж орчуулгын материал аваад хугацаандаа өгөхгүй утсаа салгаад алга болчихлоо” гэсэн. Би “манайд ажиллахаа больсон, ямар гэрээ байгуулсан юм бэ? Харъя” гэхэд Очирсүх гэрээгээ над руу е-мэйлээр явуулсан юм. Тэгээд манай компаний зөвшөөрөлгүй орчуулгын ажил хийж байгааг мэдсэн. Тухайн Очирсүхийн явуулсан гэрээ нь өнгөт тамгатай хоосон бланк байсан. Харин А.Нэргүй, Жаргал нартай хийсэн гэрээг скайнардаж надруу явуулсныг үзэхэд уг гэрээний тамга нь хар цагаан байсан. Ингээд Амгалан өөрөө файлаар хадгалж байсан гэрээний тамгатай загварыг хар цагаан хэвлэгчээр хэвлэж МУБИС-ын ажилтан, Жаргал, Нэргүй нартай хуурамчаар гэрээ байгуулсаныг мэдсэн юм. Очирсүх нь Жаргал, Нэргүй нартай хамт ажилладаг хүн юм билээ. Амгаланг манайд ажиллаж байхад нь гэрээний тамгатай цаас нэг салбараас нөгөө салбарлуу өгч явуулж байсан. Түүнд зориулж гэрээний загвар өгсөн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 12/,

 

Гэрч Б.Жаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “... Би 2016 оны 1 сарын 20-ны өдөр зарын дагуу 88598777 гэсэн дугаарт залгаж орчуулгын ажил хийлгэхээр холбогдож 3 хуудас орос хэл дээрх материалыг түүний “amka amgalan” гэсэн и-мэйл хаягаар явуулсан. Тухайн орчуулгын төлбөрийг 5007201896 дугаартай Б.Хонгорзулын дансруу шилжүүлсэн. Тэгээд миний орчуулгыг явуулахгүй байж байгаад 3 хоногийн дараа явуулсан. Тэрнээс хойш 3 сарын 18-ны өдөр Амгалан нь манай ажил дээр өөрийн биеэр ирж орчуулгын гэрээ байгуулан Орос хэл дээрх ном өгсөн. Гэрээнд 18-ны өдрөөс 3 сарын 31-ний өдөр хүртэл гэж заасан. Урьдчилгаа төлбөрийг 3 сарын 24-ний өдөр 50,000 төгрөг бэлнээр өгсөн. Гэрээний хугацаа дуусах үед Амгалан нь “орчуулгаа дуусчихлаа 80,000 төгрөг явуулчих” гэсэн. 4 сарын 8-ны өдөр тэр мөнгийг нь Б.Хонгорзулын дансанд шилжүүлсэн. Нийт 130,000 төгрөг төлсөн. Тэрнээс хойш худлаа ярьсаар байгаад өнөөдрийг хүрсэн. Хамгийн сүүлд 5 сарын 4-ний өдөр “номыг чинь ажил дээр чинь аваачиж өгнөө” гэсэн мессеж ирсэн. Би тамга дараагүй гарын үсэг зурсан. Амгалан тамга дараагүй. Хар тамгатай хэвлэгдсэн гэрээ байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 13/,

Сэжигтэн Д.Амгалан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “…Би интернэт дээр “орос, англи хэлний орчуулга хийнэ” гээд зар тавьж хувиараа амьжиргаагаа залгуулдаг юм. Тэгтэл 2016.03.18-ны өдөр 99001941 гэсэн дугаараас надруу залгаад “ном орчуулуулах гэсэн юм” гэж залгасан. Энэ зарын дагуу өмнө нь надаар орчуулга хийлгэж байсан Жаргал гэх эмэгтэй надаар “орос хэлнээс ном орчуулуулъя” гээд би очиж уулзаад номыг нь хараад үнэ ханшаа тохиролцсон. Тэр нь нийт 250.000 төгрөгөнд орчуулга хийхээр тохиролцоод тэр өдрөө бэлнээр урьдчилгаа гэж 50.000 төгрөг авсан. Тэгээд дараа нь эхнэрийн дансаар 80.000 төгрөг шилжүүлж авсан. Тэгээд орчуулгаа эхэлсэн байсан ба 200 орчим хуудастай ном байсан орчуулгаа дуусаагүй байсан гэрээгээ цуцлая гээд ажлаа буцаасан. Би номыг нь Гангантөгс байцаагчаар дамжуулаад буцаагаад өгсөн. Мөнгийг нь өгч амжаагүй байгаа. Тэгээд Жаргал нь их юм орчуулуулж байгаа юм чинь гэрээ хийе гэсэн санал тавиад байхаар нь өмнө нь надад файлаар байсан “Энх Гүнтэн”  ХХК-ын тэмдэгийг интернэтрүү ороод өөрийнхөө цахим хаяг дээр файлаар хадгалсан байсан гэрээний загвар дээр зүйл заалт гэрээний утгыг нь өөрчлөөд хэвлээд хар цагаанаар 2 хувь гаргаад гэрээ хийж гарын үсэг зуруулсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 27-28/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016.05.04-ний өдрийн ¹2889 дугаар дүгнэлтэд: “…Шинжилгээнд ирүүлсэн 1-2 гэж дугаарласан “Орчуулгын ажил гүйцэтгэх гэрээ №1” түүн дээрх улаан өнгөтэй тэмдэгний дардас, 3-4 гэж дугаарласан А-4 хэмжээтэй 2 хуудас цаасан дээр дарж ирүүлсэн тэмдэгний харьцуулах загварууд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Орчуулгын ажил гүйцэтгэх гэрээ №01” гэх баримтан дээрх шинжилж буй тэмдэгний дардасууд нь харьцуулах загварт ирүүлсэн тэмдэгний дардасуудтай хэмжээгээр тохирохгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн “Орчуулгын ажил гүйцэтгэх гэрээ №01” гэх баримтан дээрх шинжилж буй тэмдэгний дардасуудыг хувилах төхөөрөмж ашиглан олшруулж өнгөт хэвлэгчээр хэвлэсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн “Орчуулагчийн ажил гүйцэтгэх гэрээ №01” гэх баримтыг хувилах төхөөрөмж ашиглан олшруулж өнгөт хэвлэгчээр хэвлэсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн “Орчуулгын ажил гүйцэтгэх гэрээ №01” гэх баримтан дээрх шинжилж буй тэмдэгний дардасуудыг харьцуулах загварт ирүүлсэн тэмдэгний дардаснаас хувилж, хэвлэсэн байна...” гэх дүгнэлт /хх-ийн 16-17/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд, шүүгдэгчээсүйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож тогтоогдож байх тул Д.Амгаланг хуурамч баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй гэсэн хүсэлт зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

 

Шүүгдэгч Д.Амгалан нь гэрч Б.Жаргалтай орчуулгын ажил гүйцэтгэх гэрээг “Энх Гүнтэн” ХХК-ны тамга, тэмдэг бүхий хуулбар баримтыг ашиглан 250.000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан гэх бөгөөд урьдчилгаанд 130.000 төгрөг авч энэ мөнгөн дүнгийн хэмжээнд орчуулгын ажлыг гүйцэтгэсэний гадна Б.Жаргалыг иргэний нэхэмжлэгчээр тогтоох шаардлагагүй байсан гэсэн улсын яллагчийн тайлбар үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл гэрч Б.Жаргал хэрэг бүртгэлтийн шатанд шүүгдэгч Д.Амгалангаас хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд гагцхүү орчуулгын ажилтай холбоотой тайлбар өгсөнийг тэмдэглэвэл зохино.

 

Шүүхэд хэрэг хянагдах шатанд хохирогч Г.Саранчимэг нь гомдол саналгүй, хохирол төлбөргүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “…шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно…” гэсэн заалтыг баримталсан бөгөөд хохирогчийн санал хүсэлт нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрэх агуулгыг илэрхийлсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Д.Амгаланд холбогдох хэргийг дээрх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

            Шүүгдэгч Д.Амгалан нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно. Харин эд мөрийн баримтаар ирүүлсэн орчуулгын ажил гүйцэтгэх гэрээг хэрэгт хавсаргахаар тогтов.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 бугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 293, 294, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Шүүгдэгч Монгол овогт Давжаевын Амгаланг хуурамч баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Прокуророос шүүгдэгч Д.Амгаланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Шүүгдэгч Д.Амгалан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

4.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 хуудас орчуулгын ажил гүйцэтгэх гэрээг хэрэгт хавсаргасугай.

 

5. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Амгаланд урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.АЛДАР