Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 21

 

Т.Адъяасүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  Ерөнхий шүүгч Т.Бямбажав даргалж, шүүгч Н.Насанжаргал,  Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны  өдрийн 139/ШШ2017/00308 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч  Т.Адъяасүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч  “Дундговь-Ус” орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт хариуцагдах ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг  хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Адъяасүрэн, хариуцагчийн төлөөлөгч Ч.Баярбат, нарийн бичгийн дарга Г.Нямаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Т.Адъяасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие Дундговь аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн авто зам, барилга угсралтын ангийг 2013 онд төгссөн. ‘’Дундговь-Ус’’ ОНАҮГазрын халуун усны галчаар 2015 оны 10 сарын 01-ний тушаалаар томилогдон ажилд орсон. 2017 оны 05 сарын 01-ний өдрөөс эхлэн ээлжийн амралтаа эдлээд ажилдаа орох гэсэн чинь ‘’Дундговь-Ус’’ орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын Ерөнхий инженер Ч.Баярбат ажиллуулахгүй гэсэн. Гэтэл 2017 оны 06 сарын 07-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа ав гэж дуудсан. Миний бие ажиллах хугацаандаа алдаа дутагдал, зөрчил гаргаж байгаагүй. Тэгээд 2017 оны 06 сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн тушаал гарсан байсан. Тухайн үед ажлаас халах тушаалыг өгөөгүй. Намайг хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж үзэж байгаа учир ‘’Дундговь-Ус’’ орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын даргын 2017 оны 06 сарын 02-ны өдрийн Б/36 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэв.

            Хариуцагчийн төлөөлөгч Д.Ганбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Адъяасүрэн нь анх 2015 оны 10 сарын 01-ний өдөр галчийн орон тоонд ажилд орж хөдөлмөрийн гэрээ байгуулан улирлын чанартай ажиллуулж байсан. Тухайн жилийн галлагааны болон хөдөлмөрийн гэрээний хугацаа 2016 оны 04 сарын 31-ний өдөр дууссан боловч Т.Адъяасүрэнг зуны засварын 3 усан сангийн барилга шинээр барих ажилд үргэлжлүүлэн ажиллуулаад 2016 оны 10 сарын 01-нд галчаар гэрээ байгуулан ажиллуулсан. Галч Т.Адъяасүрэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ 2017 оны 04 сарын 31-ний өдөр дууссан боловч ээлжийн амралтыг олгож, амралтыг дууссаны дараа 06 сарын 02-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг үндэслэн ажлаас чөлөөлөх тушаал гаргаж, уг тушаалаа өөрт нь гардуулж өгсөн. Энэ гаргасан тушаал шийдвэрээ үндэслэлтэй гэж үзэж байна. Манай байгууллагын хувьд энэ онд хөрөнгө санхүүгийн байдлаас хамааран усан сангийн барилга шинэчлэх ажил хийгдэхгүй, зуны сар ажиллуулах боломжгүй байсан учир гэрээт галч нарыг ажлаас чөлөөлсөн. Т.Адъяасүрэнд 10 сард зууханд галчаар авна гэж хэлж байсан. Манай байгууллага өвөл 2 зуухны 12 галч ажилладаг ба зуны сард чөлөөлж, галлагаа эхлэхээр 10 сарын 01-нээс галчаар гэрээ байгуулан ажиллуулдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Анхан шатны шүүх:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Шинэ шавь овогт Туяагийн Адъяасүрэн /ЗА90110419/-г ‘’Дундговь-Ус’’ орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын зуухны галчийн ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар  ‘’Дундговь-Ус’’ орон нутгийн өмчит үйлдвэрийн газраас ажилгүй байсан хугацааны олговор 1296099 /нэг сая хоёр зуун ерэн зургаан мянга ерэн ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Адъяасүрэнд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар ‘’Дундговь-Ус’’ орон нутгийн өмчит үйлдвэрийн газраас улсын тэмдэгтийн хураамж 105856 /нэг зуун таван мянга найман зуун тавин зургаа/ төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Ганбаатар давж заалдах гомдолдоо: Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 сарын 16-ны өдрийн 139/ШШ2017/00308 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд: Т.Адъяасүрэн нь анх 2015 оны 10 сарын 01-ний өдөр галчийн орон тоонд ажилд орж хөдөлмөрийн гэрээ байгуулан улирлын чанартай ажиллуулж байсан. Тухайн жилийн галлагааны болон хөдөлмөрийн гэрээний хугацаа 2016 оны 04 сарын 31-ний өдөр дууссан. Т.Адъяасүрэнг зуны засварын 3 усан сангийн барилга шинээр барих ажилд үргэлжлүүлэн ажиллуулсан. Т.Адъяасүрэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ 2017 оны 4 сарын 31-ний өдөр дуусч, ээлжийн амралтыг нь олгож, амралтыг дууссаны дараа 6 сарын 2-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж, тушаалыг гардуулж өгсөн.  Т.Адъяасүрэнг  улирлын чанартай ажилд хугацаатай гэрээ  байгуулж ажиллуулсан ба Т.Адъяасүрэнгийн хөдөлмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3-т заасны дагуу “ Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч, цаашид сунгагдахгүй болсон” гэсэн үндэслэлээр дуусгавар болсон.

139/ШШ2017/00308 дугаар шүүхийн шийдвэр нь  хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болох үндэслэл нь гэрээг үргэлжлүүлэхгүй гэдгээ ажилтанд мэдэгдээгүй учир үндэслэлгүй байна гэж үзсэн байна. Гэрээний хугацаа дуусч  цаашид сунгагдах боломжгүй болж дуусгавар болсон.  Мөн манай байгууллага нь  ажилтантай байгуулдаг хөдөлмөрийн гэрээ болон  хөдөлмөрийн дотоод журамдаа хөдөлмөрийн гэрээнд хугацаа заасан тохиолдолд  уг хугацааны дагуу дуусгавар болж байгаа тохиолдолд мэдэгдэх хуудас өгөх үүрэг хүлээдэггүй. Мөн мэдэгдэх тохиолдол нь Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 37.1.8 хөдөлмөрийн гэрээг ажилтны буюу ажил олгогчийн санаачилгаар цуцалсан үед Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөх тохиолдолд ажилтанд мэдэгдэх үүрэгтэй.

Зуны улиралд галлагаа зогсож өөр ажил байхгүйгээс гэрээг цуцалсан. Галчийг зуны 3 сар ажиллуулах тухай хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд тусгагдаагүй, орон даяар галчийг 10 сарын 01-ний өдрөөс дараа оны 04 сарын 31-ний өдөр хүртэл ажиллуулдаг. Анхан шатны шүүх нь галч зун ажилладаггүй байхад галчийн цалингаар хохирол тооцсон нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх нь байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээний агуулга, байгууллагын эрх ашгийг зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Мөн “... нэхэмжлэлийг 2017 оны 06 сарын 27-ны өдөр анхан шатны шүүх хүлээн авч 2017 оны 06 сарын 20-ны өдөр 139/2017/00272/И индекстэй иргэний хэрэг үүсгэв” гэж бичсэн нь  алдаатай байна. Үүнийг зөвтгөнө гэж найдаж байна. Т.Адъяасүрэнгийн  нэхэмжилсэн галчийн 3 сарын цалинг хариуцахгүй, ажилд эгүүлэн авч ажиллуулах боломжгүй байх тул  анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, Т.Адъяасүрэнг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч ‘’Дундговь-Ус’’ орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын даргын 2017 оны 06 сарын 02-ны өдрийн Б/36 тоот тушаалыг хүчингүй болгож, тус байгууллагын галчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах шаардлага гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Ажил олгогчоос галч Т.Адъяасүрэнтэй 2015.10.01, 2016.10.01-ний өдөр тус тус байгуулсан хөдөлмөрийн гэрээнүүд / хэргийн 18,21 дүгээр хуудас/ хэрэгт цугларчээ.

Тус гэрээнүүдийг 6 болон 7 сарын хугацаатай байгуулсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.15-д ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг ”байнгын ажлын байр” гэж томъёолжээ.

Ажил олгогчийн төлөөлөгчөөс Т.Адъяасүрэнгийн ажлын байр болох галчийн ажлыг улирлын чанартай ажил бөгөөд зөвхөн галлагаа шаардлагатай хугацаагаар ажиллуулахаар гэрээ байгуулдаг гэх агуулга бүхий тайлбар гаргасан байна.

Т.Адъяасүрэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан “галч”-ийн ажлын байр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.15-д заасан байнгын ажлын байр бөгөөд энэ ажлын байранд уг хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д  зааснаар хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар хуульчилсан байна.  Гэтэл ажил олгогч уг хуулийн заалтыг зөрчиж, ажилтантай хугацаатай гэрээ байгуулжээ.

Мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т улирлын шинжтэй ажил, үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагын үндсэн ажилтны ажиллагаагүй хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг цалин хөлсний доод хэмжээгээр тооцож ажил олгогч төлнө гэж зохицуулсан бөгөөд ажил олгогч дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлэлгүй ажилтны эрхийг ноцтой зөрчсөн байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь зөв боловч хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болоход гэрээг үргэлжлүүлэхгүй гэдгээ ажилтан Т.Адъяасүрэнд мэдэгдсэн нь тогтоогдоогүй нь ажилтныг ажилд эгүүлэн тогтоох үндэслэл болж байгаа мэт дүгнэсэн нь буруу байна. Харин ажилтны дундаж цалин хөлсийг анхан шатны шүүх зөв тодорхойлсон гэж үзнэ.

Иймд ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоож буй анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийг давж заалдах шатны шүүх дээрх байдлаар залруулан дүгнэж байгаа бөгөөд ийнхүү дүгнэсэн нь шийдэлд нөлөөлөхгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 16-ны  өдрийн 139/ШШ2017/00308 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хариуцагчийн төлөөлөгчөөс гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 105856 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Т.БЯМБАЖАВ

                                            ШҮҮГЧИД                              Н.НАСАНЖАРГАЛ

                                                                                                 Ц.ОТГОНЦЭЦЭГ