Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
Хэргийн индекс | 183/2017/01850/И |
Дугаар | 1775 |
Огноо | 2017-08-24 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 1775
2017 оны 08 сарын 24 өдөр | Дугаар 183/ШШ2017/01775 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ... дүүргийн ... дугаар хороо, .... тоотод оршин суух Б.Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... дүүргийн ... дугаар хороо, ....тоотод оршин суух А.Б-д холбогдох
гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Ариунжаргал, хариуцагч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цээрүүгүндүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Миний бие А.Б-тай 2002 оноос дунд сургуульд байхдаа бие биенээ таньдаг байсан бөгөөд 2012 оноос үерхэж байгаад 2015 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүү Б.Т төрсөн. Бид энэ хугацаанд хамт амьдарч байгаагүй. Би өөрийн аавын гэртээ хүүтэйгээ хамт амьдардаг. А.Б ээж, төрсөн дүү, ээжийнх нь хамтран амьдрагч нартайгаа хамт амьдардаг. Намайг хадам тал маань одоог хүртэл гуйгаагүй бид өөр өөрсдийн төрсөн гэртээ амьдардаг. А.Б нь надад огт итгэдэггүй байнга л ямар ч шалтгаангүй хардаж, миний үйлдлийг хянадаг. Би нялх хүүхэдтэй болохоор гэрээсээ гардаггүй. Өвөө маань ч бие муутай тул би дэргэд нь байдаг. Ийм байхад л намайг хардаж, дарамталж, зовоож байдаг. 2017 оны 01 сард А.Б нь нэг эмэгтэйтэй танилцаж эхнэрээсээ салсан гэж хэлээд дотно харьцаанд орсон байсан бөгөөд тухайн үед нь би хүүхдээ бодоод уучилсан. Дахин өөр эмэгтэйтэй дотно харьцаанд орсон байсан. Энэ байдлаас болж бидний хооронд хөндий хүйтэн байдал бий болсон учир нь би эхний удаа уучилсан боловч дахин энэ байдал давтагдсан тул дахин хамт амьдрах ямар ч боломжгүй болсон. А.Б нь надад урьд нь согтуудаа танайд орж хэлэх юм байна гэж олон удаа манай гэрийнхэнд агсам тавих гэж орох гэдэг боловч би оруулж байгаагүй. Гэтэл 2017 оны 5 сарын 31-ний өдөр нь А.Б нь намайг гэрээсээ гарах гэж байхад хүүг маань тэврээд зугтаасан тул би араас нь гүйж гэрт нь орж аргадаж байж тайвшруулж байгаад хүүгээ авсан. Гэтэл орой нь манай гэрийн гадаа ирж хаалга балбаж, иртэй зүйлээр гэрийн үүдийг сийчээд байсан. Над руу мессеж бичиж би хаалгыг чинь эвдүүлээд орно. Хутгатай байгаа. Хүүгээсээ бусдыг нь ална шүү гэсэн тул цагдаа дуудаж бариулсан. Дараа нь цагдаагаас гарчихаад чамайг алнаа чи надаас алхам ч холдож чадахгүй гэсэн мессеж явуулж байсан. Энэ байдлаас болж манай гэрийнхэн бүгд дарамттай, айдастай байгаа тул бид цаашид хамт амьдрах ямар ч боломжгүй. Миний болон манай гэр бүлийн амь нас, эрүүл мэндэд аюултай байдал бий болоод байгаа тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийг маань миний асрамжинд үлдээж, хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч А.Б шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бүх зүйлийг хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр хар багаасаа бие биенээ мэддэг байсан. 2012 оноос үерхэж байгаад 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүүтэй болсон. Төрснөөс хойш нэхэмжлэгч бид 2 дотно харилцаанд орохоо больчихсон. Миний бие хүлээцтэй байж чадаагүйн улмаас 2017 оны 01 дүгээр сард өөр хүнтэй учирсан нь бол үнэн. Гэхдээ тэр хүнтэй хайр дурлал үүсгээд явсан зүйл байхгүй. Бүх зүйлээ эхнэр, хүүхдэдээ гэдэг байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэгийг хуулийн дагуу өгөөд хурдан шийдвэрлүүлмээр байна. Дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Б.Б , хариуцагч А.Б нар 2012 оноос үерхэж байгаад 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүү Б.Т төрсөн болох нь зохигчдын тайлбар болон гэрлэлтийн лавлагаа, хүүхдийн төрсөний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.
Гэрлэгчид нь хамтран амьдарч байгаагүй бөгөөд хариуцагч А.Б нь өөр эмэгтэйтэй гэр бүлээс гадуурх харилцаа тогтоосны улмаас гэрлэгчдийн хооронд таарамжгүй байдал үүссэн нь гэрлэлтээ цуцлуулах гол шалтгаан болжээ.
Дээрхи шалтгааныг болон гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгааг харгалзан шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.
Насанд хүрээгүй хүүхдийн асрамжийн асуудлыг шийдэхдээ зохигчдын тайлбар зэргийг харгалзан хүү Б.Т-ийг эх Б.Б ын асрамжинд үлдээсэн бөгөөд гэрлэлт цуцлагдсан ч эцэг нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг хэвээр үргэлжилдэг тул хүү Б.Т-ийг эцэг А.Б нь тэжээн тэтгэх үүрэгтэй тул хүүхдийн тэтгэлэг тогтоох үндэслэлтэй байна.
Харин хүүхдийн хүмүүжил, эрүүл өсч торниход эцгийн халамж анхаарал зайлшгүй шаардлагатай тул нэхэмжлэгч нь хүүхдийг эцэгтэй нь байнга уулзуулах боломжоор хангах үүрэгтэй болно.
Гэрлэгчид дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцож хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасныг баримтлан ... овогт Б.Б, ... овогт А.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Б.Т-ийг эх Б.Б-ын асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүү Б.Т-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг А.Б нь тэжээн тэтгэсүгэй.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 100.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 100.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч А.Б-гаас нэг жилийн хугацаанд төлвөл зохих хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 31.233 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүү Б.Т-ийг эцэг А.Б-тай тогтмол уулзуулж байхыг эх Б.Б д даалгасугай.
6. Гэрлэгчид дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
7.Гэр Бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах С.Баянжаргалд даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР